Голланд бяслагны монгол ЖОР


"Бөхөг"-ийн голыг бараадан явж урагш эргэн "Чулуут"-ын хөндий өгсөж "Их булаг", ар өвөр "Оргиоч" -ыг хормойдон давхисаар алсаас бараа нь харагдах "Сүжигт" хайрханы баруугаар "Лигийн ухаа"-г давж ирсэн зам хөндлөн гарч, холоос социалист нийгмийн үеийн бригадын төв шиг харагдаад байсан айлд давхиж хүрлээ. Хашаандаа хэдэн хүглэгэр улиастай намхавтар дээвэртэй тоосгон байшин байх бөгөөд эндээс голланд бяслагны технологийг Монголчлон нутагшуулж дэлхийд гайхагдсан амтлаг бяслаг гардаг байх нь.
Монгол дахь элчин сайдын яамдуудаар бяслагаа барьчихаад чөлөөтэй орж гардаг энэ эрийг дэлхийд алдартай "Bloomberg" телевизийн захирал төв оффисоосоо Монгол дахь салбар луугаа холбогдож "Та нар тэр Монголд байгаа гайхалтай амтлаг бяслаг үйлдвэрлэгчийг олж ярилцлага авахгүй юу хийгээд байгаа юм" гэж үүрэгдсэн гэхээр нэлээд сүржин, бардам нөхөр байх юм төсөөлж, жаахан жийрхэж очсон минь үнэн.

 
Богино ханцуйтай цагаан цамц өмсөж, эрүү малгай духдуулсан буурал толгойтой хөнгөхөн хөгшин намайг угтан авсан нь У. Төмөрхуяг гуай байв. Голланд бяслагийн технологийг өөрчилж янз бүрийн нэмэлт бодис, өнгө оруулагчгүйгээр зөвхөн исгэгч, хурга тугалын ходоодны фермент оруулж өөрийнхөө "Нууц" технологиор “Хустай гоуда” брэндийн бяслаг гаргаж чадсан сүйхээтэй эр. Бид хоёрын яриа их л амархан өрнөчихсөн.

Түүх ингэж эхэлжээ.

Төв аймгийн Алтанбулаг суманд НҮБ-ын дэмжлэгтэйгээр Голландын хөрөнгө оруулалттай Мон-94/303 төсөл гурван жилийн хугацаатай хэрэгжиж эхэлсэн нь 1994 он. Төслийг гардан хэрэгжүүлэгчээр нь Уртнасангын Төмөрхуяг гэж дөч гаруйхан насны эр сонгогдов.
У. Төмөрхуяг захирал "Бяслаг" нэртэй хоршоо байгуулж голланд мастерын заавраар бяслаг үйлдвэрлэж эхэллээ. Энэ хооронд тэрээр голланд сургагчаасаа нууцлан зогсоо зайгүй эрэл хайгуул хийж байж. Яагаад Монгол бэлчээрийн малын сүүгээр элдэв будагч бодис, найрлаггүйгээр ийм бяслаг хийж болохгүй гэж гэсэн бодол мань эрийг бараг нойргүй хонуулж байсан гэдэг. Оролдлого сайт оройд нь гэдэг үгтэй дээ.
1998онд төсөл хэрэгжиж дууслаа гэж үзээд НҮБ, Голланд улсын хөрөнгө оруулагч хоёр хоршоог Монголын талд шилжүүлж өгөх болж л дээ. Энэ үед "Бяслаг"хоршоог булаалдах талууд өчнөөн гараад ирсэн гэнэ. Байгаль орчны яам манай өмч гээд байдаг,
Хустайн дархан цаазат газрын захиргаа , Алтанбулаг сум ч манай өмч гэж. Ингээд яах учраа олохоо байчихаад талууд хуралджээ.
За хоршоо мэдээж өмч. Голландын хөрөнгө оруулалттай, НҮБ-ын дэмжлэгтэй өмч учраас шийдэлд хүрэх хэрэгтэй болно. Алтанбулагийн тамгын газарт таван хувьцаа, Хустайн дархан газрын захиргаанд таван хувьцаа өгчихлөө. За ингээд тэр үед нутаг бэлчээрээ тавьж өгсөн, гучин долоон малчин байна. Гучин долоон малчинд нэг нэг хувьцаа өгчихье гэж хувиарлав.
Тэр үед хоршоог байгуулан удирдаж, голланд технологийг эзэмшсэн У. Төмөрхуяг гуайд давуу эрхтэйгээр арван хувьцаа өгчээ.

Байгуулсан хоршоогоо ямар ч байсан удирдах эрхтэй үлдэж?

Тиймээ. Тавин нэгэн хувь нь миний мэдэлд ирж би хоршоог удирдах эрхтэйгээр үлдлээ.
"Та хоёр мянган он хүртэл хувьцаагаа зарахгүй, үрэхгүй хадгална. Даргаа сольж болно. Янз бүрийн асуудал гарвал та шийднэ, ажилчидаа солих нь эрх зүйн хувьд таны эрх." Ийм шийдвэртэйгээр НҮБ- ын талаас Монголд шилжсэн.
Хоршооны бүх гишүүдийн хурлаар энэ шийдвэр дэмжигдэж хоёр мянган он хүртэл халагдах эрх байхгүйгээр би томилогдлоо.
Тэгээд л ажил явж эхэллээ.
"Бяслаг" хоршоо сумын төв дээр үйлдвэрлэлээ явуулдаг байлаа. Гэтэл төвд ойртож сааль өгсөн айлуудын үнээ сувайраад байдаг. Дөч тавин үнээ тууж ирээд саасан айл дараа жил нь долоо наймхан тугалтай, үнээнүүд нь сувайрчихсан байдаг. Дээрээс нь Туул голын ус бохирдоод эхэллээ. Үгүй ээ, ерөөсөө ингээд сумын төв дээр энэ малыг нь хориод байж болохгүй байна, цаана нь малчин хохироод байна шүү дээ. Дагаад түүхий эд хомсдоно, бүтээгдэхүүн ч багасна гэсэн үг. Яахав энэ жил тэр айл тугалгүй байсан ч гэсэн нөгөө өөр нэг айл сүүгээ нийлүүлнэ гэж би бодож болох шүү дээ. Ийм л байдал ажиглагдаад болдоггүй. Тэгээд л бодлоо малчдын зуслан дээр нь ерөөсөө салбар байгуулъя гээд. За ингээд үзээд явчихлаа даа.
Хоёр мянган онд өөрийн хөрөнгө, банкны зээлээ нийлүүлээд малчдын зуслан нутаг "Лигийн ухаа"-д үйлдвэр барилаа даа.
"Бяслаг" хоршооны салбар болгоно гэж бодохгүй юу. Гэтэл нөгөө хоршоо чинь гишүүдтэй шүү дээ.

Хоршооны хурал

Ингээд хоршооны гишүүдийн хурал зарлалаа. Хурал дээр би хийсэн ажлаа танилцууллаа. "Ерэн мянган метр квадрат талбай авч байшин барилгаа барьчихлаа, ажилд оруулчихлаа. Банкнаас хорин хэдэн саяын зээл авчихсан, өөрөө унаж явсан машинаа зарчихсан, би хувиасаа гаргасан төчнөөн сая төгрөг байна. Одоо та нарын хувьцааны үнэ дээр нэмээд ингээд явъя аа" гээд ярихгүй юу. Хурал дээр хувьцаа эзэмшигчид сууж байгаа. Нөгөө Хустайн дархан цаазат газрын захиргаа, Алтанбулаг сумын захиргаа, тэгээд малчид. Хустайн захиргаа нэг юм яриад, сумын захиргаа нэг өөр юм яриад болдоггүй. Малчид нөгөөдүүлийг дагаж хоёр тийш ханараад "энэ Төмөрхуяг өөрийнхөө авсан зээлийг биднээр төлүүлэх гэлээ" гэсэн яриа гаргаад би банкны бичиг, элдэв баримтаа гаргаж үзүүлээд нэмэр болсонгүй шөнө дунд хүртэл хуралдаад "тэнд барьсан үйлдвэрээ өөрөө ав, өр зээлээ өөрөө төл, бидэнд Бяслаг хоршоо л хамаатай " гэсэн шийдвэртэйгээр тарлаа. Уг нь энэ үйлдвэр маань бүтээгдхүүнээ гаргаад эхэлчихсэн байгаа юм шүү дээ. Ингэж л " Лигийн ухаа ХХК" мэндэлсэн юм даа.

За компани ингэж мэндэлжээ. Одоо хоёулаа бяслагныхаа тухай ярианд оръё. Таны технологиор хийгдсэн хэдэн төрөл байна.

“Хустай гоуда” гэсэн анхны бяслаг байгаа. Энэ нь тослог өндөртэй, пицца, зууш болон хайлдаг төрлийн бүх хоолонд хэрэглэдэг. Дараагийнх нь гоньдны төрлийн ургамалтай. Энэ нь халуун ногоо иддэг хүмүүст тааламжтай, эрүүл мэндийн бяслаг. Үүнийг дэлхийд нэг их хийгээд байдаггүй юм. Голландаас энэ ургамлыг авчруулдаг. Мөн едам тослогыг нь багас­гасан бяслаг бий.

Өөр?

Рестора­нуу­дад зориулсан соусны бяслаг хийж үзлээ. Тусгай орчинд, удаан хугацаанд хатаадаг нунтаг бяслаг юм. Мөн хиаманд хийдэг бяслаг хийж байгаа.

Үнийн хувьд экспортын бяслагнаас хямд байж чадах уу?

Хямд байлгүй яахав. "Young" буюу нэг сартай бяслаг. Монголд л хямд байгаа байгаа болохоос жинхэнэ дэлхийн зах зээлийн үнэ нь болохоор маш үнэтэй. Тэгээд цаашаа сар сараар үнэ нэмэгдээд бүр зуун наян евро хүрдэг эд. Дэлхийн зах зээл дээр маш үнэтэй ч мань мэт нь үнээ нэмж чаддаггүй. Монголчуудын орчин ямар билээ, миний тавьж байгаа зорилго юу билээ. Японы нэг эрдэмтэн надад хэлж байсан байхгүй юу. Япон хүн бяслаг идэж суртлаа хорин жил зарцуулсан юм. Бяслаг идэж суртлаа хорин жил. За тэгэхээр би боддог байхгүй юу. Монгол хүн бяслаг идэж суртал хорин жил хэрэгтэй юм байна. Хямд байх ёстой юм байна гэж боддог хүн байхгүй юу. Мхн өөрийн бодлоор хямд байх ёстой юм байна. Тэгээд нөгөө талаар Монгол чинь нөгөө Сүүний орон шүү дээ. Сүү дэлхийн зах зээлээс хямд. Ингээд аль аль нөлөөллөөр бяслагийг үнийг нь гайгүй бариад байна.

Тэрээр ярианыхаа төгсгөлд "Ер нь миний амьдрал эрээнтэй бараантай, олзтой омогтой явсан. Өнөөдөр би дэлхийд нэртэй хүн. Ний нуугүй хэлэхэд. Ингээд унаж босдог нь бизнесийн зарчим. Энийг би бизнесийн зарчим гэж хэлнэ. Алмай байдал гаргавал зах зээлийн нийгэмд ойчих нь амархан гэж хэлэх гээд байгаа юм."гэж билээ.

Мань эрийн технологийг сонирхсон гадаад дотоодын компаниуд маш их үнэ хаядаг гэнэ. Гучин саяас эхлүүлээд Хятадын нэг компани 200саяыг хүртэл амлаж байсан байх юм. Бизнесийн салбарт орж унаж босож явсан энэ эрийн эх оронч үзэл, юуханд ч үл автах шуналгүй сэтгэл тархин дахь өөрийн технологийг харьд гаргачихгүй юмсан гэсэн бодолд хүлж орхиж. Юу ч гэмээр юм. Орчин үеийн бизнес хийдэг гэх хүмүүсийнхээр бол жаахан тэнэгдүү гэмээр амьдралын хэв маяг сонгосон өвгөжөөр эр "Одоо мань мэт машинаар бол карданаа татчихаад байна шүү дээ. Хэт их ашиг, их мөнгөний араас хөөцөлдөх сонирхол алга. Энэ хавийнхаа хэдэн малчдын амьжиргаанд нэмэр болоод сууж байвал барав" гэнэ. Төмөрхуяг гэдэг хүний тархин дахь "нууц" технологи " Сүжигт" хайрханы нууц болчихолгүй Монголд үлдээсэй.

Трамп Төмрөө

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин 


Голланд бяслагны монгол ЖОР
Голланд бяслагны монгол ЖОР
Голланд бяслагны монгол ЖОР
Голланд бяслагны монгол ЖОР
Голланд бяслагны монгол ЖОР
Голланд бяслагны монгол ЖОР

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 21 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө