Салбар бүрд бүтээн байгуулалт өрнүүлсэн “БАГАНАТ ӨРГӨӨ”


Монголын ууган барилгын компаниудын нэг нь яах аргагүй “Баганат өргөө”.  25 жилийн түүхтэй тус компани барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төсөв, гадаад, дотоод худалдаа зэрэг барилгын салбарын үйл ажиллагааг тогтмол эрхлэн өдгөөг хүрчээ. Жилийн хугацаанд 5-6 төслийг нэгэн зэрэг гүйцэтгэж, 1-2 бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд хүлээлгэн өгдөг гэж байгаа. Мэргэшсэн 40 гаруй инженер, 100 гаруй ажилтантайгаар өнөөдөр үйл ажиллагаа явуулж байна. Бид “Бүтээн байгуулалт” буландаа “Баганат өргөө”-гийн сүндэрлүүлж буй “Баганат хороолол”-ыг онцолж байгаа юм.

 

Спортоос барилгын инженер

 

Энэ компанийг Монгол Улсын зөвлөх инженер, тэргүүлэх төсөвчин О.Батсайханаас салгаж ойлгох аргагүй юм. Өсвөр насандаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж, 1960-аад оны шилдгүүдийн нэг Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр, Лу.Энхбаяр, улсын хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ, олимпын зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэр тэргүүтэнтэй Октябрийн районд аралцаж явсан нэгэн. 1964 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн тэрбээр 1976 онд гэр бүлээрээ Улаанбаатар хот руу нүүж ирсэн байна. Баянгол дүүргийн 47 дугаар дунд сургуулийг төгссөн тэрбээр чөлөөт бөхөөр Ло.Энхбаярт даруулсаар байгаад районоосоо гарч чаддаггүй байснаа дурсан ярилаа. О.Батсайхан зөвхөн тамирчин байсангүй. Спортод элэгтэй нэгэн бөгөөд сагсан бөмбөгийн дээд лигт “Баганат өргөө” багийг зургаан жил ивээн тэтгэж, энэ спортын хөгжилд багагүй хувь нэмэр оруулсан түүхтэй. Аравдугаар ангиа төгсдөг жилдээ хөлдөө гэмтэл авснаар Ленинградын Цэргийн барилга, инженерийн дээд сургуульд элсэн орж, 1987 онд төгсчээ. Тус сургуульд суралцаж байхдаа ч чөлөөт бөхийн спортоо орхилгүй ОХУ-д зохион байгуулсан тэмцээнд дөрвөн ч удаа түрүүлсэн байгаа юм. Тэр Ленинградад газар доорх барилга байгууламж, иргэний ба үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр төгссөн байна. Төгсөөд эх орондоо ирсэн даруйдаа Барилгын цэргийн 022 дугаар ангид хуваарь авчээ. Ингээд оёдлын үйлдвэрийн таван корпус барилгад унгарчуудтай хамтран ажилласнаар ажлын гараагаа эхлүүлж, өдгөө 41 дэх жилдээ энэ салбарт хүчин зүтгэж яваа нэгэн. 1997 онд орон тооны цомхотголоор халагдсан нь түүнийг барилгын компаниа байгуулах эхлэлийг тавьсан гэдэг.  Цомхотголоор барилгын цэргийн 073 дугаар ангид хуваарь авсан ч очоогүй ба хувийн компани байгуулах замыг сонгожээ. Барилгын цэрэгт ажиллах хугацаандаа практик дээр бүхнийг сурсан тэрбээр ярихдаа “Барилгын цэрэгт ажилласнаар 1980, 1990 оны Монгол Улсын үйлдвэржилт, бүтээн байгуулалтад оролцсон. Үүгээрээ одоо хүртэл бахархаж явдаг. Тухайлбал, “Талх чихэр” хувьцаат компани, Оёдлын үйлдвэрийн нэгдэл, Цэргийн оёдлын үйлдвэр, Гурилын үйлдвэр, Арьс ширний үйлдвэр, Гутлын үйлдвэр, Эсгий, эсгийн гутлын үйлдвэр, Сүүний үйлдвэр зэрэг газрын бүтээн байгуулалтад гар бие оролцож явснаараа өнөөдөр ч бахархдаг. Үйлдвэрийн барилга бол бүх зүйлийн эхлэл юм. Эргээд бодоход Улаанбаатар хотод барьсан обьектуудад гар хүрээгүй нь тун цөөхөн юм билээ. Нэг ёсондоо бүтээн байгуулалтын 80, 90 хувьд нь оролцсон байна шүү дээ. Энэ бол бахархал юм. Барилгын салбартай төдийгүй цэргийн салбарт ч гавьяагаа байгуулсан юм байна. Би чинь бэлтгэл хурандаа цолтой хүн шүү дээ. Энэ бүхнээ бодохоор сэтгэл өег байдаг” гэв.

 

25 жилийн түүхтэй, 200-гаад бүтээн байгуулалттай “Баганат өргөө”

 

Өнөөгийн “Баганат өргөө”-гийн үүсэл 1991 оноос эхтэй. Тодруулбал, О.Батсайхан тухайн үед нөхдийн хамт “Тэс” УҮГ-ыг байгуулан ажиллаж, улмаар 1998 оны есдүгээр сард хувийн “Баганат өргөө”-гөө үүсгэн байгуулсан түүхтэй. Долоон жилийн хугацаанд аж ахуйн тооцоон дээр ажилласан түүнд хувийн компани байгуулах нь хөнгөн ажил байжээ. Анхны ажил өдгөөгийн Гурвалжингийн гүүрний зүүн доод хэсэгт байрлах Асфальтан заводын конторын барилгыг барьж байсан гэнэ. Мөн Бакула Ренбүүчигийн “Мөргөлийн сүм”, “Говь”-ийн их засварын ажил, үүрэн телефоны “Скайтел” компанийн төв оффис, салбар станцуудын барилга, дизелийн өрөө, Засгийн газрын II байр, ГССҮТ-ийн өргөтгөл Японы ЭСЯ-ны барилга, Бөхийн өргөө, “Нархажид” сүм  гэх мэтээр дурдвал тэдний хийсэн, бүтээсэн, гар бие оролцсон ажлыг тоолж барахгүй. О.Батсайхан захирлаас хийсэн бүтээн байгуулалтынх нь талаар асуухад “120 хүрээд л тоогоо алдсан. Одоо бараг 200 дөхсөн байх. Ер нь бол тасралтгүй л үйл ажиллагаа явууллаа. Сүүлийн үеийн шилэн барилгуудаас өмнөх бүтээн байгуулалтад бараг бүгдэд нь гар бие оролцжээ. Эхлээд бид боловсролын байгууллага, дараа нь орон сууны барилга барьсаар өдийг хүрлээ. Манайд мэргэшсэн хүмүүс хувийн компаниа байгуулаад явсан. 25 жилийн үр дүнгээ товчхон дүгнэхэд нийгмийн бүхий л салбарын барилгын бүтээн байгуулалтад оролцсон байна” гэв. Зөвхөн бариад зогсохгүй урсгал засвар үйлчилгээг хийдгээрээ онцлогтой. Зөвхөн байшин барилга барихгүй сагсан бөмбөг, авто спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, хөрөнгө оруулалт хийж явсан юм. Түүний удирдаж буй “Баганат өргөө” компани нь 2005, 2010, 2013, 2014, 2020 онд барилгын салбарын “ТОП 10” байгууллагын нэгээр шалгарч байжээ.

 

Бидний онцолсон бүтээн байгуулалт буюу “Баганат хороолол”

 

“Баганат өргөө” компанийн   2013 онд эхлүүлсэн томоохон ажил бол нийслэлийн Засаг даргын 2013 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/535 дугаар захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл” хэрэгжүүлэгчээр шалгаран батламж авч Баянзүрх дүүргийн VIII, XVI хорооны нутаг дэвсгэр, ҮБХИС-ийн орчим сүндэрлэж буй “Баганат хороолол” юм. Уг бүтээн байгуулалт нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 51.3 га газрыг хамарснаас 30.3 га газрыг шинээр төлөвлөн орон сууц, үйлчилгээний барилга байгууламж барихаар төлөвлөсөн. Нийтдээ 80 гаруй блок барилга, 1500 хүүхдийн ахлах сургуулийн цогцолбор, 240 хүүхдийн багтаамжтай гурван цэцэрлэг, зургаан км I-III зэрэглэлийн авто зам, төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэртэй 240 000 м2 бүхий 4500 айлын орон сууц, 42 000 м2 худалдаа үйлчилгээний барилга байгууламжтай байхаар ерөнхий төлөвлөгөөг нь баталжээ. “Баганат хороолол” -ын гадна инженерийн шугам сүлжээг орчин үеийн дэвшилтэт технологийн дагуу нэгдсэн хонгилын системээр шийдсэн байдаг. Нэвтрэх суваг нь гадна дулааны нэг, хоёрдугаар хэлхээ, цэвэр усны шугам, цахилгаан, холбооны кабелиудыг багтаасан 3х3 метр огтлол бүхий хэмжээтэй Монгол Улсын анхны газар доорх шинэ бүтээн байгуулалтын барилга байгууламж ажээ. Хоёр км урттай туннелд дулаан хангамж, халуун хүйтэн ус, цахилгаан хангамж, холбоо дохиолол, бохир, цэвэр ус зэргээр бүгдийг багтааснаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, асуудал гарахад газар ухах шаардлагагүй гэсэн үг. 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж буй уг төслийн хүрээнд одоогийн байдлаар 240 хүүхдийн ортой нэг цэцэрлэг, оршин суугчдын салхилах орчин болон хүүхдийн тоглоомын талбай бүхий 144 айлын 16 давхар таван блок, 40 айлын таван давхар хоёр блок барилга, 35 айлын таван давхар дөрвөн блок барилга, 98 айлын 16 давхар гурван блок, 77 айлын 12 давхар нэг блок барилга, нийт 15 блок 1200 гаруй айлын орон сууцыг ашиглалтад өгчээ. Мөн 140 автомашины дулаан гараашийг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийсэн байна. 

Тус компанийн хэрэгжүүлсэн төсөл нь “Цахим хувьсгалд хамтдаа” уриан дор зохион байгуулсан “Барилга Экспо-2020” олон улсын үзэсгэлэнгийн “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч”-ээр, 2022 онд Монголын архитекторуудын эвлэлийн “Оны шилдэг бүтээн байгуулалт”-ын шагнал хүртсэн байх юм. Тэгвэл тэд баталсан ерөнхий төлөвлөгөөний дагуу энэ оны гурав болон дөрөвдүгээр улиралд багтаан үйлчилгээтэй 16 давхар долоон блок орон сууц, 12 давхар үйлчилгээтэй гурван блок нийт 950 орчим айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлжээ. Мөн 1500 суудалтай ерөнхий боловсролын  сургуулийн газар чөлөөлөлтийг бүрэн хийсэн байна. Төслийн хүрээнд 236 иргэнтэй хоёр, 209 иргэнтэй гурван талт гэрээ хийжээ. Мөн 185 өрх газраа чөлөөлж өгсөн аж. “Баганат өргөө” компани төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахын тулд санхүүжилтийг дотоодын банкны бизнес зээлээр хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Худалдаа хөгжлийн банк, “Голомт”, “Хас” банктай хамтран ажилласан гэнэ. Төр засгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтээ хэд хэдэн удаа өгсөн ч үр дүнд хүрээгүй тухай О.Батсайхан захирал ийн ярилаа.

 “Миний хамгийн том зорилго Монголдоо хамгийн том хороолол бүтээн байгуулах. Энэ маань талаар болсонгүй. Хэдий тийм ч надад ажлаа зогсоож, иргэдийг хохироох эрх алга. Мөнгө нь байсан бол жилд 1000 айлыг байранд оруулахаар байна. Гэвч санхүүгийн бэрхшээлээс үүдэн 500-700 айлын байр л ашиглалтад өгч байгаа юм” гэв.

 “Баганат өргөө” компанийн баримталдаг зарчмын талаар асуухад О.Батсайхан захирал “Би барилгын инженер хүн. Ашгийн хойноос явж үзээгүй. Барилгын салбарт дуртай нь орж болохгүй. Мэргэжлийн хүмүүс нь энэ салбараа улам хөгжүүлээсэй гэж боддог. Энэ салбар бол нэг удаадаа мөнгө олох хэрэгсэл биш юм. Манай компанийн онцлог бол чанарыг л эрхэмлэнэ. Чадварлаг хамт олныг бүрдүүлэх, бүтээлч санаа, оновчтой шийдлийг үргэлж дэмжих, ажилтны мэргэжлийн ур чадвар, гүйцэтгэлтэй зохицон ажил эрхлэх, албан тушаал, хариуцлагын шатлалд  хөгжих эрхийг хангах нь манай зорилго юм. Мөн бид зорилтот бүлэг рүү хандаж, тэдэнд хямд үнэтэй, чанартай, стандартаа барьсан орон сууц нийлүүлэхийг эрхэмлэдэг. Энэ бол миний, бидний, манай компанийн давуу тал, баримталдаг зарчим” гэв. Тэрбээр цааш ярихдаа “Нас залуу байна. Цаашдаа зогсохгүй. Үргэлжлүүлээд ажиллана. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж юу вэ гэдгийг жинхэнэ утгаар нь харуулахыг хүсэж байгаа юм. Хүнийхээ төлөө миний сэтгэл хэзээ ч дундрахгүй. Энэ сэтгэлээрээ өнөөдрийг хүртэл ажиллалаа. Бүтээн байгуулалтаа өндөр түвшинд хийнэ” хэмээв. 25 жил гэдэг бага хугацаа биш. Энэ хооронд бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн, барилгын салбарын ууган байгууллагын нэг “Баганат өргөө”-гийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №015/24546/


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.121.148
2023/04/25
1
1
Баганат Өргөө мөнгө угаадаг хууль бус зөрчилтэй зүйл зөндөө хийдэг юм байна
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 17 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 20 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 20 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 21 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 21 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 22 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 22 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 22 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 22 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 22 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 22 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 22 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 22 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 22 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 22 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 22 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 23 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 23 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 23 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 23 цагийн өмнө