Гурван сая гаруйхан хүн амтай Монголын нийгэм аливаа шинэ содон зүйлийг хүлээж авахдаа соргог. Тэр тусмаа цахим ертөнц хөгжиж, мэдээллийн орон зайд хүмүүсийн амьдрал ил тод нээлттэй болсон өнөө цагт. Эрэлт хэрэглээ байхад ханган нийлүүлэгч нь байдаг энгийн дүрмээр цахим орон зайг ашиглан үзэл бодлоо илэрхийлэх нэг хэсэг байхад, хувийн бизнесээ цэцэглүүлээд авах нь ч бий. Хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь цахим ертөнцийг хөдөлгөөнд оруулж, нийгмийг талцуулсан маргаанд дуудаж чаддаг хүн ч олон болсон. Ийм хүмүүсийг нөлөөлөгч гэж нэрлэдэг. Тэдний нэг Япон улсын иргэн Томоко Ибукуротой бага нас, бизнесийн хэтийн төлөвлөгөөнийх нь тухай энгүүн яриа өрнүүлснээ сийрүүллээ.
-Та Монголын нийгэмд сонирхолтой дүр төрх. Энэ сонирхолтой хүн хэрхэн бүтсэн бол?
-Хүнийг бүтээдэггүй. Би япон хүн болж төрсөн. 18 нас хүртлээ нутагтаа сурч боловсорсон, суурь нь тэнд тавигдсан гэж хэлж болно. Суурь тавигдсанаас цааш хүн компьютерын программ шиг цаг, минут тутамд шинэчлэл хийгээд явдаг болохоос өөр төрлийн хүн бүтээгдэхгүй япон хүнээрээ л байна.
-Миний залууд “Сүзүран” гэдэг Японы олон ангит кино гардаг байлаа. Амар амгалан, нам гүм, тосгоны ахуй, амьдрал гээд татагдахгүй байхын аргагүй. Таныг Японы тийм нам гүм тосгонд төрсөн байгаасай гэж ярилцахаар ирэх замдаа бодож байлаа?
-Би Японы Миязаки хотод төрж, өссөн. Гурван мянга гаруйхан хүн амтай хөдөөгийн буйдхан жижиг хот. Хүн амын олонх нь газар тариалан эрхэлдэг, далайн эргийн жижигхэн хот. Энэ жижигхэн хотын бараг бүх хүн бие, биеэ танихаас гадна амьдрал ахуйгаа хүртэл мэддэг. Ийм жижиг хотод давуу болон сул талтай. Бүгд шахам бие, биеэ таньдаг учраас хүүхдүүдээ хамтраад өсгөж хүмүүжүүлнэ. Нэг нь эзгүй үед хүүхдүүдээ танил айлдаа орхидог. Би сайн ба муу талтай гэж хэлсэн. Муу тал нь мөн л бие биенийхээ амьдралыг мэддэг учраас хувийн амьдралд нь хутгалдах гээд байдаг нь таалагддаггүй. Хувь хүний орон зай өгөхгүй, гаднын хүнд ширүүн ийм л хот.
-Мань мэт нь өглөө босоод л авто замын түгжрэл бөглөрлөөс эхлээд бухимдах ч юм мундахгүй юм даа. Таны төрсөн гэр хотоос хол уу?
-Миязаки хотын айлууд нэгээс олон унаа тэрэгтэй байдаг. Мэдээж том хот орохын тулд унаа тэрэг хэрэг болно. Сонсъё гээд ч айхавтар чих дөжрөм чимээ гарахгүй нам гүм. Манайх хотын төвөөс 20 километр зайтай. Сонирхуулахад, манай хот хүнээсээ олон сармагчинтай, зэрлэг гахай ихтэй.
-Аав, ээжийнхээ тухай яриач. Ямар мэргэжилтэй, хаана ажилладаг, уг гарал нь аль нутгийн хүмүүс вэ?
-Ээж Миязаки нутгийнх. Харин аав маань өөр нутгаас ирсэн. Манай нутагт байдаг нисэхийн сургуульд суралцахаар ирсэн юм билээ. Аав нутгийн ганц царайлаг бүсгүйг панаалдаад суусан гэдэг. Сургуулиа төгсөөд л тэр нутагт үлдсэн. Аав нисэхийн хүн болохоор манайх Япон даяар хэд, хэд нүүсэн ч эргээд л нутагтаа ирсэн. Ээж цэцэрлэгийн багш. Гэхдээ аавтай гэр бүл болоод ажил хийж үзээгүй, гэрийн эзэгтэй болчихсон.
-Таны нийгэмд танил болсон хошин, шооч мэдрэмж аав, ээжийн тань хэнээс удамшсан бэ?
-Аав, ээж хоёрын хэн нь ч шооч биш. Би багадаа ээжээсээ маш их айдаг хүүхэд байлаа. Ээж ширүүн зантай, хэцүү ааштай хүн байсан. Дүү бид хоёр ээжийг л инээлгэх гэж оролддог, инээлгэвэл аз жаргалтай болно. Ийм өрөвдмөөр бага насыг туулсан /инээв/.
-Монголд нэг нутаг усныхан буюу танай жижиг хотын хэмжээний хүн амтай нэг сум, суурин хамаатан садан шахуу байх нь элбэг. Японд ямар байдаг бол. Жишээ нь, танайхан тосгондоо хамаатан садан олонтой өнөр, өтгөн үү?
-Би эхээс хоёулахнаа. Тосгоны ганц сэхээтэн айлын хүүхдүүд. Манай тосгонд ойрын хамаатан, садан гэхээр хүн байдаггүй, холын хамаатнууд л бий. Ээжийн ээж манайхтай ойрхон амьдардаг хөгшин байлаа. Хэдийгээр хамаатан садан биш ч биесээ сайн мэддэг болохоор үр хүүхдүүдээ хэн нь ч хамаагүй харж ханддаг гэж дээр хэлсэн дээ.
-Тосгоны хүүхдүүд нийлээд ч юм уу гол усанд тоглох, уул хаданд гарах зэргээр тоглож наадах үе байна биз дээ. Бага насны сонирхолтой сайхан дурсамжуудаасаа хуваалцана уу?
-Хавар цаг. Манай тосгоныхон ууланд гарч шинэхэн ургасан ногооны соёо, мөөг түүдэг. Шинэ ногооны амтлаг, чихэрлэг шүүсийг араандаа уусган шимэх хэчнээн гоё гэж санана. Дүү бид хоёр эмээтэйгээ ууланд гардаг байсан.
-Загас жараахай барих уу?
-Тосгоны хүүхдүүд гол дээр их тоглоно. Загас жараахай эргүүлж, гох дэгээ тавьж барих хэдий ч буцаагаад тавьчихдаг. Далайн эргийн тосгоныхон голын загасыг тоож идэхгүй шүү дээ. Бидний тоглодог гэх үү эсвэл нэг талдаа сонирхол гэмээр ч юм уу нэг дурладаг зүйл байлаа. Өдөржин өвдгөө татсан голын усаар туучиж чулуу хайна. Олсон чулуу нэг бүрээ алхаар тогшин хагалж үзэх бөгөөд мэдэхгүй хүн харах аваас ямар нэгэн зан үйл, үйлдээд байгаа мэт харагдаж магадгүй. Мэдээж чулуу болгоныг хагалж үзэхгүй. Элсэн ширхгүүд нэгдэн нэг бүхэл үүсгэчихсэн гэмээр цайвардуу саарал өнгийн чулуунуудыг сонгодог. Ийм чулууны дотор эрт галавын үеийн хорхой, шавж, ялаа, шумуул гэх мэт чулуужсан олдвор байна.
-Сонирхолтой юм аа. Палеонтологийн шинжлэх ухааны академи зэрэг газар ховор, сонин шавжны олдвор олж өгдөг юм уу, эсвэл бусдад зарж борлуулдаг юм уу?
-Тэр палентлогийн газартай ямар ч хамаагүй ээ. Бид л хоорондоо олсон зүйлсээ сонирхуулж, хааяа наймаа панз үсэргэнэ. 100 чулуу хагалахад 10 ширхэг олдвор олдох юм чинь. Элбэг олдвор. Монголд ч тийм олдвор элбэг бий, хайгаад үзвэл. 100 чулуу хагалахад 10 биш юмаа гэхэд чамгүй олдвор гарах байх шүү.
-Дотроо шавжтай чулуу гаднаас нь харахад мэдэгддэг болов уу. Бүр сонирхож үзмээр санагдаад хорхой хүрчихлээ?
-Элсэн ширхэг шиг хэрнээ цайвар саарал гэж хэлсэн дээ. Бид яагаад ч юм хараад мэддэг болчихсон. Чулуугаа барьж байгаад цохихоор бүгтхэн чимээ гаргаад яг тэр шавжтай хэсгээрээ хагарна.
Бизнесийн эхний 10 жилийн багц төлөвлөгөө
-Хүүхэд насныхаа сонирхолтой сайхан дурсамж хүүрнэсэнд баярлалаа. Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд таны эрхэлдэг бизнес, амжилт, ирээдүйн талаар ярих уу?
-Бололгүй яах вэ. Мэддэг, чаддаг юмаа ярих сайхан шүү дээ.
-Томокогийн “Михачи” зөгийн балны компани Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг гэж сонссон?
-“Михачи” компанийн зөгийн балны үйлдвэр, зөгийн аж ахуй Сэлэнгэ аймагт төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. Хотод компанийн оффист, бичиг хэрэг, маркетингаа хийдэг.
-Нийгэмд нэлээд сонирхолтой дүр төрх гэж би танд хэлсэн. Та од мөн үү?
-Нийгэм намайг яаж харж байгааг би мэдэхгүй. Саяхан “21000” телевизийн шоунд оролцсон. Тэр шоунд гаргаж байгаа зан ааш бол би. Хэн нэгнийг дуурайдаггүй. Од... од гэхээр миний бодлоор олны танил бөгөөд хүн бүр түүнтэй уулзаж эсвэл холоос ч болов барааг нь харахсан гэж хүсдэг хүмүүсийг хэлэх байх. Би од биш. Харин олны танил гэвэл үнэнд илүү ойртоно. Олны танил болох нь миний бизнес төлөвлөгөөний нэг хэсэг шүү дээ. Олны анхаарал татах үйл хөдөлгөөн, үг яриа бүгд төлөвлөгөө.
-Төлөвлөгөө гэснээс “Михачи” компани зөгийн балны аж ахуй, үйлдвэрлэлээс гадна юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-2025 он гэхэд БНХАУ руу тогтмол экспорт хийдэг компани болно гэсэн зорилт, бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байна. Улс хооронд эхний шатны гэрээ хийж экспортолж болдог бараа таваарын жагсаалтад зөгийн балыг оруулах шаардлагатай. Энэ ажлын хүрээнд компанийн зүгээс хил гааль, яам тамгын газруудтай хамтран ажиллаж байна. Ажил бүтэмжтэй болбол хойтон жилээс экспорт хийж эхлэх бөгөөд 2025 оноос үйл ажиллагаагаа тогтмолжуулна. Компани энэ зорилгын төлөө л ажиллаж байна. 2018 оноос энэ зорилтын төлөө үйлдвэр, зөгийчдөө бэлтгэсэн. Амжилттай бүтвэл 2025 онд болох компанийн 10 жилийн ойд барих бэлэг болох бөгөөд миний бизнесийн эхний багц төлөвлөгөө дуусах юм.
-Монголын зөгийчид жилдээ хэдэн тонн бал бэлтгэдэг юм бэ. “Михачи” компанийн үйлдвэрлэсэн зөгийн бал хэдэн хувийг нь эзэлж байна вэ?
-Монголын зөгийчид миний барагцаалж байгаагаар жилд 150 тонн орчим зөгийн бал үйлдвэрлэж байгаагаас “Михачи” компани тавны нэг буюу 30 тонн бал үйлдвэрлэдэг. Зөгийн балны зах зээл Монголд жижиг. Тийм ч учраас бид БНХАУ руу экспорт хийх оролдлого эхлүүлсэн. Ингэвэл зөгийчид олширно. Энэ нь байгаль экологид ч эерэг үр дагавартайг надаар хэлүүлэлтгүй бүгд мэднэ.
-Та Монгол орон даяар явж үзсэн байх, зөгий үржүүлэх боломжтой болон боломжгүй газар нутаг гэсэн ялгамж байдаг уу?
-Монгол орны сэрүүн өндөрлөг газар буюу Хэнтий, Хангай, Хөвсгөлийн нуруу орчмоор зөгийн аж ахуй эрхлэх боломжгүй. Харин Сэлэнгэ, Халх голын нам дор газар л үржүүлэх боломжтой юм билээ. Энэ газруудад зөгийн аж ахуйн уламжлалтай. Судалгаа сайн хийсэн.
-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Зорсон үйлс тань бүтэмжтэй байх болтугай.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №016/24547/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна