Долоон буудал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулна


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн 14, 15-р хорооны нутаг дэвсгэр Долоон буудал орчимд шинээр гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганхүү хэлэлцүүлсэн юм.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2023 он хүртэлх хөгжлийн чиг хандлагад Улаанбаатар хотыг найман бүс, 47 нэгж хороолол болгон хөгжүүлэхээр тусгасан байдаг. Хойд бүсийн Сэлбэ дэд төв есдүгээр нэгж хороололд хамаарна. Тус дэд төвийг нийслэлийн хүн амын хэт төвлөрлийг сааруулах, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах зорилгоор байгуулсан.

Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр авто зам, дулаан, цахилгаан, холбоо, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, үерийн хамгаалалтын далан, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг хийсэн юм. Харин өдгөө Долоон буудал орчмын 162 га талбайг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн байршил болгохоор санал орууллаа. Дээрх байршилд 2082 нэгж талбар хамрагдаж байгаа юм.

Зөвлөлийн гишүүд мэдээллийг ил тод болгож, иргэд хохирох, залиланд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй гэдгийг хэлж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил, хэмжээ, хил зааг, зориулалтыг тогтоох асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр боллоо.

Дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ

2023 оны зуны их засварын хугацаанд өргөтгөл, шинэчлэл хийх болон татах дулааны гол шугам сүлжээний ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн хүчин чадал 2318 Гкал/цаг боловч өнөөдрийн байдлаар 31.8 хувийн хэтрэлттэй буюу 1085 Гкал/цаг-аар илүү ачаалалтай ажиллаж байна. Харин Улаанбаатар хотын түгээх сүлжээнд нийт 370 км урт дулааны гол шугам, даралт өргөх 10 насос станц, 15 магистраль шугам, дулааны 1380 худаг ашигладаг. Өнөөдрийн байдлаар дулааны гол шугам сүлжээний 20.4 хувь буюу 75.5 км шугамын ашиглалтын хугацаа дууссан. Мөн гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэн солиход урьдчилсан тооцоогоор 403 тэрбум төгрөг шаардлагатай.

2023 оны зуны их, урсгал засварын хугацаанд Дэлхийн банк болон Европын сэргээн босголт хөгжлийн банк, улс, нийслэл, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр нийт 28.1 км дулааны гол шугам сүлжээг засварлаж, өргөтгөн шинэчилнэ. Тодруулбал, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн хөрөнгөөр 750 метр хос шугамыг хэсэгчлэн солих юм. Мөн улсын төсвөөр 7.4 км хос дулааны шугам сүлжээг шинээр татах, нийслэлийн хөрөнгөөр 3.4 км хос шугамыг өргөтгөн шинэчлэх ажлыг 2018 оноос хийж байгаа бөгөөд энэ онд 2.5 км хос дулааны шугамын угсралт хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.

Дээрх шугам сүлжээний барилга угсралтын ажлыг тавдугаар сарын 15-наас эхлэн наймдугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд гүйцэтгэхээр төлөвлөжээ. Ажлын талбайд өртсөн явган хүний зам, дугуйн зам, мод, бут, сөөг зэрэг ногоон байгууламжийг тавдугаар сарын 10-ны дотор зөөж шилжүүлэх шаардлагатайг хэлж байв. Шугам сүлжээг шинээр барьж, өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулж, түлшний хэрэглээ, яндангийн тоог бууруулах, шинээр барьсан барилга, байгууламжийг төвлөрсөн дулааны эрчим хүчээр хангах, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах боломж бүрдэнэ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дулааны шугам сүлжээний засвар хийгээд үргэлжлэх хугацааны тухай мэдээллийг иргэдэд тухай бүр өгч, тэдний саналыг тусгаж байх хэрэгтэйг хэлж байлаа.  

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дулааны шугам сүлжээний засвар болон өргөтгөл, шинэчлэлийн ажилд шаардлагатай дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэнэ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх тээврийн хэрэгслийн зогсоолын үйл ажиллагааг төлөвлөх, барьж байгуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах болон нэгдсэн удирдлагын системд холбох ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Тус Ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

Сүүлийн 10 жилд хүн амын тоо 1.2 дахин, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн. Судалгаагаар Их тойруу дотор 344 байршилд 15,181 тээврийн хэрэгслийн зогсоол байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд удаан хугацаагаар байршиж буй 28 тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлжээ. Түүнчлэн Их, Бага тойруу доторх нийтийн эзэмшлийн зогсоолд зөвшөөрөлгүй хашлага, хаалт хийсэн байршилд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албатай хамтран албан бичиг хүргүүлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд автомат хаалтын судалгааг нэгтгэн, холбогдох шийдвэрийг гаргуулахаар ажиллаж байгаа. Мөн тээврийн хэрэгслийн зөвшөөрөлтэй зогсоолуудыг нэгдсэн системд холбоход шаардлагатай мэдээллийг боловсруулж, авто зогсоолын менежментийг сайжруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах бэлтгэл ажлыг хийж буй.

Хотын дарга зогсоолын стандартыг мөрдүүлж ажиллах хэрэгтэйг онцолж байв. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийн зогсоол ажиллуулах, төлбөр авах үйл ажиллагааны журмын төслийг эцэслэн боловсруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайд төлбөртэй зогсоол ажиллуулах боломжтой байршлыг судалж, санал боловсруулан танилцуулахыг үүрэг болгов. Мөн нийтийн эзэмшлийн 48 байршилд байгаа 1918 зогсоолын менежмент, засвар, арчлалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар хувийн хэвшилд хариуцуулан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо.

Барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд иргэд хяналт тавих боломж бүрдлээ

Хот байгуулалтын цахим систем болон хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй болгосон талаар Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулав.

Хот байгуулалт, хөгжлийн газар нь байгууллагын үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ. Тодруулбал, хот төлөвлөлт, барилга байгууламжийн зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй болгох, хот төлөвлөлтийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “eBarilga” нийслэлийн хот байгуулалтын цахим системийг өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Энэ нь Хот байгуулалт, хөгжлийн газрын бүх албан хаагч холбогдон ажиллах Дотоод удирдлагын систем, нийслэлийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний мэдээлэл болон барилгын зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нээлттэй харуулах Геопортал, иргэн, хуулийн этгээдээс хандан цаасан болон цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, түүний шийдвэрлэлтийн явцыг хянах, хот төлөвлөлт, барилгажилттай холбоотой зөрчил, гомдол мэдээлэх боломжийг бүрдүүлсэн Гар утасны аппликэйшнээс бүрдэх веб, аппликэйшн хосолсон цахим систем юм.

Тус “eBarilga” гар утасны аппликэйшн ашиглан

  • Иргэн, хуулийн этгээд өөрийн өргөдөл, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг хянах
  • Барилга, байгууламжийн зөвшөөрлийн хугацааны мэдээлэл, мэдэгдлийг харах
  • Хот төлөвлөлт, барилгын зөвшөөрөлтэй холбоотой зөрчлийг мэдээлэх
  • Хот байгуулалт, төлөвлөлтийн төсөл, хөтөлбөрийн мэдээллийг шуурхай авах, өөрийн санал, хүсэлтээ илгээх боломжтой.

Мөн “eBarilga” цахим систем ашиглалтад орсноор дараах давуу талууд бий болжээ.

  • Барилга, байгууламжийн зөвшөөрөл, зөрчилтэй холбоотой 2022 онд 1900 гаруй өргөдөл, хүсэлт, гомдол тус газарт ирснээс олонх нь барилгын зөвшөөрлийн мэдээлэл шалгуулах хүсэлт байжээ. Уг системийг ашигласнаар эдгээр өргөдөл, хүсэлт 30-40 хувиар буурах, мөн шийдвэрлэлтийн хугацаа багасах боломжтой.
  • Өмнө нь зөвхөн цахимаар илгээсэн хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг иргэн харах, хянах боломжтой байсан бол өдгөө Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан ирүүлсэн цаасан суурьтай хүсэлтийн шийдвэрлэлтийг ч геопортал, гар утасны аппликэйшн ашиглан хянах боломжийг бүрдүүлжээ.
  • Иргэд өөрийн амьдарч буй орчны цаашдын төлөвлөлтийг харах, хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих, санал өгч, оролцох боломжтой боллоо.

Түүнчлэн хот төлөвлөлтийн асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн хурлыг байгууллагын цахим хуудас болон youtube хуудсаар шууд дамжуулж байна. Ингэснээр иргэд тухайн хурлаар хэлэлцэж буй асуудал, мэдээллийг ил тод хүлээн авч, барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдлээ. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх ажлуудтай холбоотойгоор шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээр болов.

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форумаар 14 Санамж бичиг байгууллаа

“Улаанбаатар-Олон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум 2023” дөрөвдүгээр сарын 20-нд болсон. “Шинэ сэргэлт-Улаанбаатар” уриатай тус форумын үр дүн, гарсан санал, дүгнэлтийг НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлтсийн дарга Д.Алтангэрэл танилцуулав.

Форумд нийт 800 орчим хүн оролцсон бөгөөд төрийн байгууллагын төлөөлөл 12, дотоодын хувийн хэвшил 56, гадаадын байгууллагуудын төлөөлөгч 32 хувийг эзэлжээ. Форумын хүрээнд зургаан үндсэн арга хэмжээ зохион байгуулж, 10 илтгэл, таван төслийн танилцуулга, хоёр хэлэлцүүлэг хийсэн. Мөн найман шинэ санаа, старт ап, технологийн салбарын 22, хөрөнгө оруулалт татах шаардлагатай 23 төслийг танилцуулсан юм. Түүнчлэн форумын үеэр 14 Санамж бичиг, нэг батламж, хоёр гэрээ байгуулсан.

Зөвлөлийн гишүүд форумыг олон улсын жишигт нийцүүлэн, сайтар зохион байгуулсныг онцлоод, энэ үеэр байгуулсан гэрээ, Санамж бичгийн хэрэгжилтэд сайтар анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байлаа.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Хотын дарга Санамж бичиг, гэрээний хэрэгжилтэд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрч ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн форумаас гарсан санал, дүгнэлтийг Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулах Ажлын хэсэгт хүргүүлж ажиллахыг даалгалаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр