Сайншандаас Алтанширээт хүртэл засмал замаар давхисаар очив. Засмал замыг саяхан барьсан нь илт ч цөлжилтийн улмаас элсэнд дарагдаж, замын чанарт сөргөөр нөлөөлж байгаа бололтой. “Цөлжилт их явагдаж байна аа. Засмал замаа байнга цэвэрлэдэг үү” гэхэд биднийг авч яваа мэргэжилтэн “Энд цөлжилт их явагдана. Тиймээс манайх Зам арчлалтын компанитай гэрээ байгуулж ажилладаг. Саяхан та нарыг ирэхээс өмнө замаа цэвэрлүүлсэн. Өвдөг хүрсэн шороо татсан байлаа шүү дээ” хэмээн учирлав.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” барих бүтээн байгуулалтын ажлын явц гэхээр оффисын болон ажилчдын хэдэн кэмп, машин, механзим бүхий тал газар байх гэсэн миний төсөөлөл эндүүрэл байлаа.
Үйлдвэрийн талбайд төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг дэд бүтцийн ажлыг бүрэн барьж дуусгажээ. Эдүгээ захиргааны байр, агуулах, засварын цех, гал командын байр, анхны тусламжийн төв эмнэлэг, лаборатори, угтах байр, ус хангамжийн систем, талбайн зэрэг барилга байгууламжуудын бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Ажилчдын орон сууцны эхний ээлж ашиглалтад оржээ
Сайншандад “Газрын тосны үйлдвэрийн хотхон” сүндэрлэж байна. Тус компанийн ажилчдын орон сууцны хотхоны нэгдүгээр блок ашиглалтад орж, гадаад, дотоодын мэргэжилтнүүд шинэ байрандаа төвхнөөд амжжээ. Үйлдвэр барих хугацаанд ирж ажиллах гадаад, дотоодын инженер, техникийн ажилтнуудыг түрээсээр байрлуулахад жилд 170 орчим тэрбум төгрөгийн зардал гарах байв. Харин Газрын тосны үйлдвэрийн хотхоныг 65 тэрбум төгрөгөөр барих тооцоолол гаргажээ. Газрын тосны үйлдвэрийн хотхон нь 549 айлын орон сууц, оффис, үйлчилгээний төв, ажилчид хооллох танхим, сургууль цэцэрлэг зэргээс бүрдэнэ. Гэхдээ ажилчдын орон сууцны хотхоны бусад блокийн барилгын ажил түр зогссон. Учир нь Хөгжлийн банкны асуудлаас болоод санхүүжилт түр царцаад байгаа аж. Санхүүжилтээ шийдвэл орон сууцны барилгын ажлыг шуурхайлахаа компанийнхан ярьсан юм. Үйлдвэр байгуулж, мэргэжилтнүүд нутаг буцахад бүтээн байгуулалт Монголдоо үлдэнэ гэж тус компанийнхан үзэж байна.
Цар тахлын халдварт өвчин дэлхий даяар тархсан хэцүү цаг болох 2021 онд Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлын эхлүүлж байсан. Тус компанийнхан коронавирусийн халдварын горимыг чанд сахиж, тасралтгүй ажилласныг өнөөдрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт илэрхийлнэ. Газрын тосны үйлдвэр барих төслийн дөрвөн багцаас бүрдэж байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн “JMC Projects India” ажиллаж байна. Одоогийн байдлаар үйлдвэрийн талбайд “Жэй Эм Си Прожекст Индиа” компанийн 178, туслан гүйцэтгэгч Монголын компаниудын 387, нийт 570 орчим хүн, 166 машин техниктэйгээр ажиллаж байна. Обьектуудын барилга угсралтын ажлын явц 70 гаруй хувьтай байгаа гэнэ.
Энэтхэгийн халуун орны цаг уурт дассан мэргэжилтнүүд Алтанширээтэд -35 хэмийн идэр есийн хүйтэнд ажлаа эхлүүлж байсан бол эдүгээ Монголын эрс тэс уур амьсгалд дасан зохицож, өлчиржжээ.
Газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлыг эхлүүллээ
Төслийн хоёр, гуравдугаар багц болох инженер техникийн байгууламж болон газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлыг өнгөрсөн баасан гарагт эхлүүллээ. Үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах 530 км газрын тос дамжуулах энэ хоолойг Дорнод аймгийн Матад сумын газрын тосны талбайгаас Дорноговь аймгийн Алтанширээ сум дахь үйлдвэрийн талбай хүртэл барина. 2025 онд ашиглалтад орох энэ бүтээн байгуулалт Монгол Улсад газрын тосыг хол замд тээвэрлэх анхны магистрал шугам хоолой болох юм. Газрын тос дамжуулах хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани шалгаран ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд тус компани ажлын нарийвчилсан зураг, түүхий тосны шинжилгээ, суурь судалгааны ажлууд, технологийн зам зэрэг дэд бүтцийн ажлаа дуусгажээ. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор жилд 1.5 сая тонн газрын тос гаргах хүчин чадалтай.
Дээрх дэд бүтэц, шугам угсралтын ажлыг эхлүүснээр дотоодын компаниуд оролцож, түр болон улирлын шинжтэй ажлын байр нэмэгдэх боломжтой юм. Өнгөрсөн хугацаанд нефтийн үйлдвэр барих суурь дэд бүтцийн ажилд дотоодын 50 гаруй компани оролцож, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангаж иржээ.
Д.Алтанцэцэг: 2026 оноос газрын тос үйлдвэрлэнэ
Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Газрын тос дамжуулах хоолойн угсралтын ажил хэдий хугацаанд үргэлжлэх бол. Энэ хоолой ашиглалтад орсноор ямар ач холбогдолтой вэ?
-Өнөөдөр үйлдвэрийн үндсэн технологийн ажил болон үйлдвэрийг бүх төрлийн эрчим хүчээр болон дулааны цахилгаан станцаар хангах хоёр, гуравдугаар багц ажил зэрэг эхэлж байна.
Хоёрдугаар багц ажлын хүрээнд атмосфер ба вакум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн байгууламжууд, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг байгууламж барина.
Гуравдугаар багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай Дулааны цахилгаан станц барина. Дулааны цахилгаан станцын багц ажил 28 сар үргэлжлэх ёстой. Үйлдвэрийн инженер, технологийн бүхий л байгууламж барих ажил 32 сар хүртэл үргэлжилдэг. Үйлдвэрийг ашиглалтад хүлээж авахад зүгшрүүлэх хугацаа байдаг. Энэ хугацааг нийлүүлбэл бид 2026 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлнэ гэсэн тооцоотой ажиллаж байна.
Газрын тос буюу түүхий тосыг тээвэрлэдэг хоёр арга байдаг. Далай тэнгистэй улс орон усан онгоцоор тээвэрлэдэг. Эх газартай манай улс шиг орнууд дамжуулах хоолойгоор тээвэрлэдэг. Дамжуулах хоолойгоор тээвэрлэх нь хамгийн үр ашигтай, эрчим хүчний зарцуулалт хамгийн бага. Газар доогуур байрлах учир байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь бага.
-Газрын тосны үйлдвэр эдийн засгийн ямар үр ашигтай вэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймгийн аж үйлдвэрийн цөм болох юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын эдийн засагт шинэ тулгуур багана бий болно. Аж үйлдвэрийн шинэ салбарууд бий болж төрөлжинө. Үйлдвэрийг дагасан ажлын байр бий болно. Газрын тосны үйлдвэрт 1000 гаруй хүн ажиллана. Манай эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг нүүрс, зэсний салбартай дүйцэхүйц орлогыг газрын тосны салбар гүйцэтгэх юм.
-Төслийн санхүүжилт хэвийн үргэлжилж байна уу?
-Төслийн санхүүжилт хэвийн үргэлжилж байна. БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа. Энэ санхүүжилт ямар ч саадгүй үргэлжилж байна.
-Төслийн хүрээнд хэчнээн ажлын байр бий болж байна вэ?
-Өнгөрсөн онд манай нэгдүгээр багц ажлын хүрээнд 350 орчим монгол ажилчин, 280 энэтхэг мэргэжилтэн ажилласан.
-Газрын тосны үйлдвэр нарийн мэргэжил шаарддаг. Үйлдвэрт ажиллах хүний нөөцөө хэрхэн бэлтгэж байна вэ?
-Хүний нөөцөө бэлтгэхэд анхаарч ажиллаж байна. Манайд газрын тосны чиглэлээр суралцаж ирсэн оюутнууд бий. ШУТИС-тай хамтраад Газрын тосны инженерчлэлийн бакалаврын анги нээсэн. Энэ ангид жил бүр урт, дунд, богино хугацаанд 90-ээд хүн бэлтгэнэ. Эхний ээлжийн хүүхдүүд өнгөрсөн жилээс суралцаж байна. Энэ бол манай үйлдвэрт ажиллах инженерүүдийг бэлтгэх тусгай хөтөлбөр юм. Түүнээс гадна боловсон хүчин бэлтгэхэд БНЭУ-ын Засгийн газар маш их дэмжлэг үзүүлдэг. Жил бүр 40-50 инженерийг гурван сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр сургаж байна. Энэ төслийг барьж байгуулахаас эхлээд боловсон хүчин бэлтгэж, инженерүүдийг сургах гээд бүхий л талаар Энэтхэгийн Засгийн газар дэмжлэг, туслалцаа үзүүлж байна гэв.
Шатахууны үнэ манай улсын эдийн засгийн эмзэг сэдэв. Импортлогчид ханшаа нэмлээ, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлдөг. Түүх сөхвөл, 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүсээс Монгол Улсын Богд хааны төлөөний хүнээр дамжуулан Америкаас суудлын автомашин захиалсан байдаг юм. Машиныг хөлөөр нь Хүрээний зүг хөдөлгөхөөс хоёр долоо хоногийн өмнө Хаалганаас хэрэгцээт шатахууныг урьдчилан тэмээн хөсгөөр гаргаж, цахилгаан шуудангийн төвийн ойролцоо цэг бүрд 10 галлон /40 орчим литр/ бензин байрлуулжээ. Энэ цагаас эхлэн монголчууд шатахууны гачланд орсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, 111 жилийн турш монголчууд шатахууны хараат байдалд байгаа гэсэн үг.
Тэгвэл нефтийн үйлдвэртэй болсноор юун түрүүнд түлш шатахууны импортын хамаарлаас гарна. Ингэснээр шатахууны үнийг төр, засаг бие даан зохицуулах боломжтой. Шатахууны үнийн өсөлтийг дагаж бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг байдал үгүй болж, иргэдийн амьжиргаа дээшилнэ. Шатахууны импортод жил бүр зарцуулдаг валют Монголдоо үлдэнэ. Ингэснээр валютын ханш тогтворжиход тодорхой хэмжээгээр нөлөөлөх юм. Тиймээс бид нефтийн үйлдвэртэй болох “Монгол мөрөөдөл” тээсээр ирсэн. Харин Монгол Улс газрын тосны үйлдвэртэй болох уу гэсэн олны итгэл өнгөрсөн хугацаанд алдарч байлаа. Учир нь, 1990-ээд оноос ярьсан нефтийн үйлдвэр барих байршил нь хэдэнтээ өөрчлөгдсөн. Зөвхөн 2011 оноос Газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэр зургаан удаа гарсан байдаг. Тиймээс Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн зургаа дахь удаагийн оролдлого бүтэх эсэхэд эргэлзэж байсан нь аргагүй.
Харин өнөөдөр Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэртэй болох хөгжлийн жим ойртсоор байгааг Улаанбаатар хотоос 470 км-т байрлах Алтанширээт дэх бүтээн байгуулалт харуулж байна.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №017/24548/
Сэтгэгдэл (1)