Байгуулагдаад арав дахь жилийнхээ хөдөлмөр алдрыг тэмдэглэж байгаа Авирмэдийн Амартүвшин захиралтай “Жи Эс Дорнын хөгжил” компанийн “EKO BLOCK” барилгын хийт, шохойн блокны үйлдвэрийн нэг өдөртэй танилцлаа.
Өглөө эрт “EKO BLOCK” барилгын хийт, шохойн блокны үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг сурвалжлахаар харуул хамгаалалттай хаалгаар бичиг баримтаа шалгуулан нэвтэрч орвол “Дорнын хөгжил” гэсэн блокоор урласан бичээс угтав. Уг үйлдвэр барилгын материалын салбарт хүн, байгальд ээлтэй, дэлхийн жишигт нийцсэн, сүүлийн үеийн технологи бүхий бүрэн автомат, хог хаягдалгүй хийт хөнгөн бетон блокны үйлдвэрийг 2014 онд ашиглалтад оруулж, 2016 онд MNS EN771-4:2016 стандартыг ханган амжилттай ажиллаж байгаа юм. Үйлдвэрийн захиргааны барилга орох хаалганы зүүн талд байрлах ба түүнээс цааш том том барилгууд үргэлжлэх нь хөнгөн бетон блокны үйлдвэр аж. Эко үйлдвэрийн ажил үүрийн таван жингээр эхэлдэг аж. Ард түмний “Атар” талхыг үйлдвэрлэж түгээх процесс шиг л юм. Таван цагт үйлдвэрийн хамгийн эхний цехийн ажил эхэлнэ. Тээрэмдэж бэлдсэн элс, хайрганы зутанг автомат зуурагчаар хольж хоносон байх бөгөөд түүхий эдийн гол бүтээгдэхүүний орц найрлагыг тохируулан цутгаж, хэвлэх дамжлага руу ороход бэлэн болгох аж. Төмөр дугуйт том том хэвнүүд рейлс зам дээр эгнэн зогсох бөгөөд өглөө 07:00 цаг гэхэд бүх хэвийг дүүргэсэн байх ёстой. Дүүрсэн хэвнүүдээ автоматаар халуун саун маягийн хөөлгөх дамжлага өрөөнд оруулж хоёр цаг болгодог юм байна.
Хөөлгөх саун маягийн халуун өрөөнд зогсож байгаа дугуйт хэвнүүдийн зуурмагийг харж байхад яг л хөөлгөгч хийсэн талхны хөрөнгө аятай зарим нь амсраа даван хальсан байх нь сонин. Хөөлгөх төхөөрөмжөөс гарсан бэлдцийг өргөгч кранаар зөөвөрлөн зам сольж хөндлөн болон уртааш тухайн өдрөө үйлдвэрлэхээр төлөвлөсөн блокныхоо хэмжээгээр зүсэлтэд оруулах аж. Дамжлага бүрийг хянах, автомат техникүүдийг удирдах нэгээс хоёр оператор дэргэд нь сууж алдаа, осол гарахаас сэргийлнэ. Зүсэж нэг хэмжээнд оруулсан блокуудаа дараагийн дамжлага руу оруулахаар мөн л өргөгч кранаар зам сэлгэнэ.
Энэ дамжлага нь өндөр даралтын халуун уураар хатаах бөөрөнхий долоон ширхэг ёмкост маягийн төхөөрөмж байх аж. Төхөөрөмжийн урт нь 27 метр. Намайг дагуулан үйлдвэрийн дамжлага үйл ажиллагааг тайлбарлаж явсан “EKO BLOCK” барилгын хийт, шохойн блокны үйлдвэрийн захирал А.Амартүвшин “Энэ төхөөрөмжийг БНХАУ-аас оруулж ирээд үйлдвэрийнхээ байранд хүргэх гэж Улаанбаатар хотын зүүнээс баруун зах хүртэл нэвт туулах шаардлагатай болсон. Монголын түүхэнд ийм урт ачаа Улаанбаатарыг нэвт гарсан түүх байхгүй. Тэр шөнө эдгээр төхөөрөмжийг нэвтрүүлэхийн тулд 32 цагдаа хамгаалалтад гарсан байдаг. Цагдаа нар хүнд даацын 16 метрийн урттай машинуудын хойно, урд нь хамгаалахаас гадна зүүн, баруун талд нь бас давхар хамгаалж явлаа” хэмээн сонирхуулан ярив. Мэдэхгүй хүн бол хараад үнэхээр гайхаж мэгдмээр урт эд юм. Халуун уур савссан төхөөрөмжөөс барилгын хийц төрхөө олсон блокнууд гарч ирэхийг харахад шинэхэн талх ч юм уу эсвэл хүүхэд дөнгөж төрж байгаатай зүйрлэж болмоор юм. А.Амартүвшин захирал бид хоёр дөнгөж “төрсөн” блокнууд дээр алгаараа дарж, гарынхаа хээг үлдээгээд авлаа. Миний гарын хээтэй блок ямархан жаргалтайгаар айлын туурганд мөнхөрч үлдэх бол гэж бодоход сонин. Эндээс сүүлчийн дамжлага буюу байгалийн хатаалтад гарахын өмнө хэмжилт хийж бүх блок стандарт хэмжээнд байгаа эсэхийг шалгаад гадна талбайд модон тавцан дээр хураах аж. “EKO BLOCK” барилгын хийт, шохойн блокны үйлдвэрийг ашиглалтад орохоос өмнө хэмжээний хүлцэж болох алдаа таван мм байсан бол үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын чанарын стандарт өөрчлөгдөж, хүлцэж болох алдааны хэмжээ хоёр мм болсон гэнэ. Сүүлд үйлдвэрийн захиргааны байшингийн өмнө А.Амартүвшин захирал өөрийн гараар барьсан гэх загварын ханануудыг харж байхад дэвтрийн цаасны дайны ч зөрүү харагдаагүй. Дамжлага бүрд ажлын хувцсаар жигдэрсэн инженер техникийн ажилчид хөдөлмөр аюулгүй байдлын дүрмийн дагуу хамгаалалтын дуулга, ажлын бээлий өмсөн ажиллаж байна. Үйлдвэрийн байрны урд талд Шанхайн технологиор барьсан уурын зуух ажиллаж байна. Уурын зууханд гал дүрэлзэн цагт найман тонн уур үйлдвэрлэж байх аж. Хуучин гэр хорооллуудын дунд байсан уурын зуух шиг хар утаа баагиулах бүү хэл цагаан утаа, бүр гал түлж байгаа гэж мэдэгдэх утааны өчүүхэн сүүдэр ч харагдсангүй. Уурын зууханд усан шүүлтүүр суурилуулсан тул маш сайн шүүнэ. Гарсан үнс нурам бүтээгдэхүүн болох тул уурын зуух жинхэнэ эко стандартын төгс жишээ болох аж. Ийм уурын зуухнуудыг олноор нь байгуулаад гэр хорооллын дахин төлөвлөлтдөө оруулчихвал гэж бодож л явлаа. Үйлдвэрээ зүгээр ч нэг эко гэж нэрлээгүй юм байна. Үйлдвэрээс барилгын материал гарахаас хог хаягдал гэж үзээд өгье ч хүрз шороо алга. Утаа, хог, хаягдал үйлдвэрлэдэггүй 100 хувь эко. Энд А.Амартүвшин захирлын хэлсэн “Байгаль ухаж элс хайргаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд манайх цэвэр байгалийн түүхий эдээр хийсэн эко гэж ярих нь утгагүй. Цэвэр эко гэдэг чинь хог хаягдлыг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлнэ” хэмээн учирласныг онцлохдоо таатай байна. Эко үйлдвэрийг 2013 онд ашиглалтад оруулжээ. Үйлдвэрийнхээ шавыг тавьсан тухай А.Амартүвшин захирал “Хамгийн ойрхон объект нь тэнд харагдаж байгаа цахилгааны модон шон. Эзгүй цэлийсэн хоосонд нүх малтаад сууж байснаасаа өвлийн гурван сар амраад ажлын наймхан сарын дараа үйлдвэр 80 мянган куб метр хөнгөн хийт шохойн блок үйлдвэрлэж байлаа. Бизнес хийхэд цаг хугацааг зөв ашиглах, маш нарийн бодож дүгнэлтээ логик үндэслэлтэйгээр долоо хэмжиж нэг огтлох зарчмаар гаргах ёстой. Үүнийхээ дагуу маш хурдтайгаар ажилласан” гэж хуучлаад “Тухайн жил манайх барилгын салбарын блокны хэрэглээний 50 хувийг хангаж байхад “МАК” блок хойтон жил нь ашиглалтад ороод зах зээл дүүрчихсэн. БНХАУ-ын Эрээн хотод байсан хөнгөн блокны гурван үйлдвэр дампуурч хаалгаа барихдаа захирал нь “Манай ажилчдыг ядаж ажилд аваач” гэж гуйж билээ. Эрээнээс оруулж ирдэг үеийн ханшаас блокны үнэ ам.доллараар тооцоход даруй 40 хувь буурсан байсан” гэж ярих нь бизнесийн ертөнцөд мөрөө гаргаж чадсан л эрхэм юм даа гэсэн бодол төрүүлж байв. Одоо үйлдвэр хүчин чадлынхаа гуравны нэг хувиар л ажиллаж байна. Гуравны нэг хувиар ажиллаж байхдаа л хоногт 600-700 метр куб, жилд 200 мянган метр куб D600 маркийн хөнгөн хийт эко блок үйлдвэрлэн зах зээлийн 30 хувийг дангаар хангана. Эко блок нь хөнгөн, бат бөх, дулаан хадгалах чадвар сайн, шатдаггүй, даац сайтай бөгөөд дурын хэмжээгээр үйлдвэрлэж болох ба архитектур дизайны хувьд барилгын хийцэд тааруулж дурын хэмжээгээр хөрөөдөж, ховил, догол булан гаргаж болдог давуу шинж чанарыг нь тоочоод баршгүй. Барилга барихад 200 гаруй нэр төрлийн материал ордог бөгөөд барилга гүйцэтгэлийн 80 хувийг блок дангаар эзэлдэг бөгөөд нийт өртгийнх нь ердөө тавхан хувь л оногддог. Улсдаа МАК блокны үйлдвэрийн дараа орох хоёр дахь том блокны үйлдвэр нийт дөрвөн га талбайд найман мянган метр квадрат газрыг үйлдвэрлэлийн зориулалттай барилга, байгууламж, хоёр га газрыг 27 см зузаантайгаар М350 маркийн бетоноор цутган байгуулжээ. Үйлдвэрийн байрнаас зайдуу ажилчдын цайны газар ажиллах ба бусад албан газрыг бодвол үдийн цайны цагийн хуваарь нь ондоо. Үйлдвэрийн технологийг хариуцдаг гадаад ажилчдын байрны урд жижиг хэмжээний хүлэмж байх ба намрын сүүл сар хүртэл эндээс хоолныхоо ногоог аваад иддэг гэнэ. Ажилчдын цайны газраас гарч үйлдвэрийн удирдлага байрлах захиргааны байрыг зорилоо. Хоёр давхар байрны нэгдүгээр давхарт нягтлан бодох бүртгэлийн баг байрлажээ. Тохилог дулаахан өрөөнд хоёр, хоёроороо суух аж. Дээд давхарт захирлын өрөөнд орж, үйлдвэрийн сүүлийн үеийн мэдээллүүдтэй танилцсанаар аялал өндөрлөв. Улаанбаатар хотыг тойрон сүндэрлэх дөрвөн их хайрхны нэг Сонгинохайрхан уулын ар шил дээр босоод арван жилийн нүүрийг үзэж буй “Жи эс дорнын хөгжил” компанийн “EKO BLOCK” барилгын хийт, шохойн блокны үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг сурвалжилсан аялал үүрийн таван жингээр эхэлж их үд голлож байхад өндөрлөлөө.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна