Л.Алтангэрэл: Монгол чулуун ванныг тайрч, догол гаргаж болдгоороо давуу талтай


 “Монгол ванн констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Алтангэрэлтэй ярилцлаа.

 

-Танай компанийг өмнө нь өөр нэртэй байсан гэж сонссон. Компанийн нэрийн түүхээс яриагаа эхэлье?

-Бид компаниа анх 2011 оны зургадугаар сард “Гантиг ванн констракшн” нэртэйгээр байгуулж байсан. Монголд оруулж ирж буй импортын төмөр, хуванцар, акрил гэх мэт ваннаас өөр, байгалийн чулууг нунтаглаж, зуурч цутгадаг учраас тухайн үед ингэж нэрлэж байсан юм. Гэтэл хэрэглэгчид маань компанийн нэрээр бус “Монгол ванн уу”, “Гантиг ванн гэж танайх уу эсвэл өөр газар уу” гэх мэтээр асууж, ханддаг болсон. Хэрэглэгчид маань ерөнхийдөө төөрөлдөх хандлага ажиглагдсан учраас бид компанийн нэрээ 2015 онд “Монгол ванн констракшн” болгон өөрчилсөн түүхтэй.            

-“Монгол ванн” бусад ваннаас юугаараа ялгарах вэ. Онцлог, давуу тал нь юу вэ?

-Шахмал чулуун ванн гэдгээрээ онцлогтой. Бүтээгдэхүүний гол орц дүүргэгч материал нь байгалийн чулуу учир бат бөх, эдэлгээ сайтай, хүний биед сөрөг нөлөөгүй. Чулуун ванн зузаан цутгагддаг учраас усны дулаанаа удаан хадгалдаг. Бусад ваннтай харьцуулахад 20-30 минутаар илүү усны дулаанаа барьдаг. Ингэж усны дулаанаа удаан хадгалдаг учраас усанд мөн хэмнэлттэй. Төмрийн хольцтой ваннууд хэрэглээний явцад шарлаж, зэвэрч, паалан нь ховхрох эрсдэл өндөртэй байдаг. Харин чулуун ванн хэрэглэх явцад ийм асуудал гарахгүй. Гэхдээ буруу хэрэглээ буюу крантаас байнга ус дусах, зэвтэй ус гарах зэргээс үүдэж шарлах магадлалтай.

Бас нэг давуу тал нь хэмжээний хувьд  ямар ч барилга, орон сууцанд тохирдог.  Жишээлбэл, тухайн нэг байранд нэг метр 70 см хэмжээтэй ванн байрлуулахаар тооцоолсон боловч ямар нэгэн байдлаар см-ийн зөрүү гарч, ийм хэмжээтэй ванн багтахгүй эсвэл бүр жижигдэх ч тохиолдол гардаг. Ийм тохиолдолд манай ванныг тайрч богиносгох, догол хананд ч хэмжээний дагуу зүсэж тааруулах бүрэн боломжтой. Энэ бол хамгийн том давуу тал. Шахмал чулуун ванн учраас тайрахад ямар ч асуудал гарахгүй.

-Хэдэн загвар төрлийн ванн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг вэ. Тэдгээрээс түгээмэл хэрэглэдэг, хэлбэр хийцийн хувьд ч юм уу онцлох ямар загвар байна вэ?

-Манайх 1-2 метрийн урттай 23 төрлийн ванн үйлдвэрлэдэг.  Хамгийн борлуулалт өндөртэй нь нэг метр 70 см-ийн урттай энгийн ванн. Мөн ховор захиалагддаг боловч тансаг хэрэглээнд зориулж өрөөний голд тавих зориулалттай хөлтэй ванн, хоёр хүн зэрэг орох боломжтой 1200:2000 хэмжээтэй том ваннууд маань манай онцлох бүтээгдэхүүн болдог.

-Бүтээгдэхүүний орц буюу чулуугаа хаанаас яаж авдаг вэ?     

-Төв аймгийн Эрдэнэ сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын чулууны үйлдвэрээс авдаг. Анх бид ванн хийхэд тохиромжтой чулуу Монголд байдгийг мэдээгүй. Солонгос технологийг нэвтрүүлсэн гэдэг утгаараа тэндээс чулуу, будаг, цавуу зэрэг бүх материалаа оруулж ирдэг байсан. Чулуу өөрөө овор ихтэй, хүнд учраас тээврийн зардал өндөр, тээвэрлэлтийн явцад чийг авах зэрэг эрсдэл тухайн үед гардаг байсан. Харин одоо чулуугаа дотоодоосоо авдаг болсноор олон давуу тал бий болж байна.

-Үйлдвэрийн хүчин чадал ямар вэ. Ямар хугацаанд хэдэн ванн үйлдвэрлэдэг вэ?

-Бид гэрээ байгуулсан барилгын компани болон салбар хоёр дэлгүүртээ орж ирсэн захиалгын дагуу ваннаа үйлдвэрлэдэг. Өдөрт дунджаар 30 орчим, сард 800-900 орчим ванн үйлдвэрлэж байна.

-Хэрэглэгч, захиалагчид бүтээг­дэхүүн, үйлчилгээг чанар­жуулах, сайжруулах тухайд ямар санал, зөвлөмж өгдөг вэ?

-Бид эхний жилүүдэд хүргэлт, угсралтын үйлчилгээ үзүүлдэггүйгээс болж, хэрэглэгчид өөрсдөө тээвэрлэж, суурилуулахад хүндрэл гардаг байсан. Барилгын компаниудын тухайд ванн дээр зогсож, бусад заслын ажлаа хийх, тэгэх явцдаа пааланг нь зурах зэрэг эрсдэл гаргадаг. Тиймээс бид энэ мэт эрсдэлийг багасгах, үйлчилгээгээ илүү сайжруулах зорилгоор хүргэлт, угсралтын үйлчилгээг нэвтрүүлсэн. Энэ бол хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж шийдвэрлэсэн шийдэл. Үйлдвэрлэл нь үйлчилгээтэйгээ хослох ёстой гэж үзсэн. Харилцагч байгууллагуудад гэрээний урамшуулал болгож хүргэлт, суурилуулалтын үйлчилгээг үнэгүй хийж өгч, үйлдвэрийн баталгаа гаргадаг.

-Танай ваннуудын нэг чимэг, онцлох загвар бол яах аргагүй өнгөт ванн. Хэрэглэгчид ийм төрлийн ванн хэр зэрэг сонирхдог вэ?

-Өнгөт ванн хийхэд шат дамжлага ихтэй, цаг хугацаа их зарцуулдаг учраас хэрэглэгчид тусгайлан захиалга өгсөн тохиолдолд л үйлдвэрлэдэг. Манай ваннууд үндсэн болон завсрын өнгө, судалтай, саатай зэрэг өнгөний өргөн сонголттой.

-“Монгол ванн”-ы хэрэглээний дундаж насжилт хэдэн жил вэ?

-Хамгийн багадаа арав болон түүнээс ч дээш жил ямар ч асуудалгүй хэрэглэх бүрэн боломжтой. Манай анхны захиалагчид одоо хүртэл ваннаа хэрэглээд л байж байна. Ванны насжилт тухайн айлын хэрэглээ зөв, буруу байхаас ихээхэн шалтгаалдаг. Ямар нэгэн байдлаар гэмтэл гарсан, буруу хэрэглээнээс болж шарлах, өнгө нь хувирах зэрэг асуудал үүссэн тохиолдолд бид засвар үйлчилгээ үзүүлдэг. Энэ бол дотоодын үйлдвэрийн давуу тал шүү дээ.

Манай үйлдвэр бүрэн автомат биш учраас бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад алдаа гарах тохиолдол бий. Гэхдээ тухайн алдаа үйлдвэрийн хашаанаас гарах ёсгүй гэдгийг ажилчдадаа захиж хэлдэг. Тухайн алдаагаа засаж, бүтээгдэхүүнээ сайжруулаад хэрэглэгчдэд хүргэх ёстой.

-Уншигчдад хэрэгтэй мэдээл­лийн нэг бол үнэ ханш. “Монгол ванн” дунджаар хэдээс хэдэн төгрөгийн үнэтэй байдаг вэ?

-Захиалгын тоо, хэмжээнээс хамаарч бүтээгдэхүүний үнэ, төлбөрийн нөхцөл, урамшууллын уян хатан бодлого барьдаг. Ер нь хамгийн боломжит, бодит үнэ тогтоохыг хүсдэг. Хүмүүсийн түгээмэл захиалдаг  1.50-1.70 см-тэй ванн 450-550 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Энэ бол НӨАТ багтсан үнэ. Хэрэв хэрэглэгчид ванны урд нүүр буюу хаалт хэсгийг нь авахгүй гэвэл үндсэн үнээс 110 мянган төгрөг хасагддаг. Ванн маань нүүр буюу хаалттайгаа хамт гардаг учир өнгө үзэмжтэй. Худалдан авагч ванны нүүр хийх гэж цаг алдаж, плита, цемент зэрэг зүйл худалдан авч, нэмэлт зардал гаргах шаардлагагүй. Түүнчлэн ванны нүүрийг авч хэрэглэж болдог тул сантехникийн аливаа хүндрэл гарсан үед давуу талтай.

-Та бүхний цаашдын зорилго, зорилт юу байна вэ. Ямар алсын хараатай ажиллаж байна вэ?

-Монголын зах зээл хязгаарлагдмал. Манайхтай ижил төстэй бүтээгдэхүүн гаднаас оруулж ирдэг хувь хүн, компани олон бий. Тэд бас ажиллаж, амьдарч байна шүү дээ. Тиймээс бид энэ төрлийн зах зээлийг эзэлнэ, экспортод гаргана гэх мэт хэтийдсэн зорилго тавьдаггүй. Хамгийн гол нь чанартай, баталгаатай бүтээгдэхүүн нийлүүлж, удаан хугацаанд тогтвортой ажиллах нь зүйтэй гэж үздэг. Барилгын салбарт жилд 15-20 мянган орон сууц ашиглалтад орж байна. Үүний 60-70 хувь нь стандарт орон сууц, үлдсэн хувь нь тансаг зэрэглэлийнх байдаг. Стандарт орон сууц барьж буй компаниуд манай ванныг түлхүү авдаг учраас энэ хамтын ажиллагаагаа удаан хугацаагаар тогтмол хадгалах нь бидний туйлын зорилго. Мөн ажилчдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой ажиллуулах, тэднийг дэмжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Үйлдвэрлэл эрхлэхэд ялангуяа барилгын материалын салбарт хүний нөөцийн хүртээмж хамгийн хүнд асуудал байдаг. Ажлын байрны зарын дагуу арван хүн утсаар холбогдож, тэдний гурав нь ирж уулзахад нэг нь л үлдэж байна. Гэхдээ тэр үлдсэн нэг хүн нь тогтвортой ажиллах уу, үгүй юу гэдэг баталгаагүй. Барилгын салбар гэлтгүй бүх салбар ажиллах хүчний хомстолтой байдаг юм билээ. Залуучууд гадагшаа явж өндөр цалинтай ажил хийхийг илүүд үздэг болжээ. Тиймээс үйлдвэрлэл, шинжлэх ухаан, боловсрол гээд бүх салбараа хөгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд алсын хараатай, тогтвортой, уялдаа холбоотой ажиллах нь зүйтэй гэж үздэг.

-Нэг талаас ажилчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг, дэмжлэгийг байгуул­лага бий болгох ёстой. Танай компанийн хувьд энэ талд ямар зарчим баримталдаг вэ?

-Залуучуудын хамгийн гол тулгамдсан хэрэгцээ шаадлага бол байр, машин. Уг нь энэ бол амьдралын гол зорилго биш үндсэн хэрэгцээ. Гэтэл залуучууд үндсэн хэрэгцээгээ эх орон­доо хангаж чадахгүй байгаа учраас гаднын улс орныг зорьж байгаа юм. Тиймээс бид ажилчдынхаа энэ үндсэн хэрэгцээг хангах зорилго тавьж, гурваас дээш жил ажилласан ажилтнаа орон сууцанд хамруулах, авто машинтай болоход нь тодорхой дэмжлэг үзүүлж байна. Мөн сул орон тоо гарсан үед эхний ээлжид ажилчдынхаа гэр бүл, эргэн тойрон дахь ажилгүй хүнийг авах зарчим баримталдаг. Нэг өрхөөс хоёр хүн ажил хийхэд санхүүгийн хувьд сайжирна, бие биеийнхээ ажлыг ойлгож, дэмждэг болно.

-Танай хамт олон өнгөрсөн хугацаанд салбартаа ямар амжилт гаргав?

-Манай хамт олон “Монголын маркетинг менежментийн хүрээлэн”-гээс хоёр жил тутам зохион байгуулдаг “Гранд экспо” шалгаруулалтад 2015 оны “Барилгын материалын топ үйлдвэрлэгч”, 2017 онд “Үйлдвэрийн салбарын Гран-при” шагналыг тус тус хүртсэн. Мөн БХБЯ, Барилгын хөгжлийн төв болон “Мишээл экспо”-гоос жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар барилга” үзэсгэлэн­гээс 2016 оны барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч болж байсан туршлагатай. 


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №018/24549/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 20 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 23 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 23 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 23 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр