Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК- ийн гүйцэтгэх захирал, эдийн засагч Л.НАРАНБААТАРТАЙ ярилцлаа.
-Түүхий эдийн нөөцийн асуудлаар хотод ирсэн гэв үү. Энэ талаараа мэдээлэл өгөөч?
-Манай “Цемент шохой” ТӨХК хэрэглээний нүүрсээ Тавантолгойн нүүрсний бүлэг ордоос татдаг. Үйлдвэрийн хэрэгцээний нүүрсний асуудлаар хэлцэл хийх гэж ирлээ. Бид Чулуунцар болон Шохойн үйлдвэрт ашиглах нүүрсний худалдан авалтаа Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хоёр ч удаа тендер зарласан юм. Гэвч үнийн өсөлтөөс шалтгаалж компаниуд манай тендерт ороогүй. Нүүрсний үнэ бидний төсөөлж байснаас хоёр дахин нэмэгдлээ. Гэсэн хэдий ч гол үйлдвэрлэгч “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-аас үнийн санал авч, стратегийн чухал хэлцлүүд хийж байна. Ямартай ч одоо худалдан авч байгаагаас хоёр дахин бага үнээр, дундын зуучлагчгүй шууд худалдан авах боломж бүрдсэн.
-Нүүрсний үнийн өсөлт цемент үйлдвэрлэлд илт нөлөө үзүүлж байна уу, эрсдэл ямар түвшинд байгаа бол?
-Нүүрс, түүхий эдийн үнийн өсөлт 2023 онд бидний төсөөлж байснаас хурдтай өслөө. Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард нэг тонн нүүрсийг 44 мянган төгрөгөөр авч байсан бол энэ оны нэгдүгээр сард 55 мянга, дөрөвдүгээр сарын 1-нээс 110 мянга болж, үнэ хоёр дахин огцом нэмэгдсэн. Түүнчлэн цементийн найрлагад ордог гөлтгөнийг бид 2022 онд 120-130 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол одоо 230-250 мянган төгрөг болсон. Мөн тээврийн зардал ч дагаад нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс шалтгаалж ихээхэн сорилттой тулгарч байна. Гэсэн ч манай удирдлагын баг тохирох менежментүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь, бид 2023 онд цементийн үнээ өсгөхгүй, нэг үнийн бодлого баримтална гэдгээ харилцагч нартаа хариуцлагатайгаар мэдэгдье.
-Барилгын улирал эхэллээ. Салбарынхан Хөтөлийн цементийг харж байгаа байх. Хаврын барилгажилтад “Цемент шохой” ТӨХК үүргээ хэр зэрэг биелүүлэх бол?
-“Цемент шохой” ТӨХК үйлдвэрийн төлөвлөгөөт засвар, үйлчилгээгээ цаг хугацаанд нь хийж, цементээ дөрөвдүгээр сараас үйлдвэрлэж эхэлсэн. Манайх вагон болон автомашинд ачсан цементээ НӨАТ орсон дүнгээр задгайг нь 330, савтайг нь 385 мянган төгрөгөөр борлуулж байна. Энэ жил бид 405 мянган тонн цемент үйлдвэрлэж, борлуулахаар төлөвлөснөөс 40 орчим хувийг нь бүс нутгийн бүтээн байгуулалтад, 30 гаруй хувийг төрөөс хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт, үлдсэнийг нь барилгын салбарын ААНБ болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд борлуулахаар төлөвлөж байгаа.
Урьдчилсан байдлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймагт цементийн хэрэглээ эрс нэмэгдэх төлөвтэй. Ялангуяа Дархан-Уул, Орхон аймагт бүтээн байгуулалт өрнөж, цементийн хэрэглээ тус бүр 80 мянган тоннд хүрэхийг аймгийн Засаг дарга нар уламжилсан. Мөн бид Дархан-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын II шугамын цементийг тасралтгүй нийлүүлэх зорилго тавин ажиллаж буй. Энэ мэтчилэн Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээний “Хот, хөдөөгийн сэргэлт”-тэй уялдуулан төрөөс хэрэгжүүлж буй бодлого, төсөл, хөтөлбөрийг аль болох дэмжин ажиллаж байна.
-Танайд саяхан аудит орсон, ТӨБЗГ-аас ч шалгалт очсон. Сайн ажилласан, ажиллаагүй, санхүүгийн зөрчилтэй, зөрчилгүй гэх мэт мэдээллүүд гараад байсан. Үйлдвэрийн удирдлагаас энэ асуултад хариулт авч нийгэмд нэг ойлголт өгөх ёстой болов уу гэж бодож байна?
-Ний нуугүй хэлэхэд, хэрүүл, заргаас залхаж байна. Ажилд хамгийн их садаа болж байгаа зүйл бол энэ. Би үнэхээр буруу зүйл хийсэн бол танд ярилцлага өгөөд сууж байхгүй. Өөр газар л байж таарна. Одоо гол зорилгодоо төвлөрмөөр байна. Энэ хэрүүл тэмцлээс болж “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийг хөвүүлэн баяжуулахад хэрэглэх технологийн шохойн бүтээгдэхүүн нийлүүлдэг Шохойн үйлдвэрийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын ажил удаашрах нь.
Манай Шохойн үйлдвэр хоцрогдсон, хуучны технологитой, 40 жил хөрөнгө оруулалт хийгдээгүй, гурван босоо яндантай, дан ганц Хөтөлийг биш ойролцоох таван сумыг өдөр бүр, цаг тутамд хорт утаагаар утдаг ийм үйлдвэр. Хүчин чадлыг нь хоёр дахин нэмж, утаагүй, хэвтээ зуух бүхий шинэ үйлдвэр барихад эдийн засгийн урьдчилсан тооцооллоор 66 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” түүхий эдээр тасрахгүй, Хөтөл болон ойролцоох таван сум утаагүй болж, жилд 12 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах тооцоо гарсан. Ийм л чухал төсөл юм.
-Шохойн үйлдвэр гэснээс үйлдвэр хувьд шилжсэн он жилүүдтэй давхцаад Хөтөлийн шохойн ордын нөөц алдагдсан. Лиценз нь хувийн хэвшилд шилжсэн гэсэн мэдээлэл бий. Шохойн ордын нөөц, нөөцийн хулгайг тойрсон асуудал ямар шатанд явна вэ?
-Өндөр агууламжтай шохойн 18 жилийн нөөцтэй “Хөтөл-1” ордын баруун талын хэсгийг үйлдвэр хувьд шилжсэний дараа буюу 2015 онд түгээмэл тархацтай орд газрын лиценз хэлбэрээр СОВА гэх компанид хууль бусаар өгчихсөн байдаг. Тиймээс манай үйлдвэрийн 820 ажилчин, Хөтөлийн 10 мянган иргэн, сэлэнгэчүүд Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Баялагтаа эзэн Монгол” байх уриалгад нэгдэж, хууль бусаар алдагдсан орд газраа эргүүлэн авахаар зорьсон. Орд газраа эргүүлэн авч чадвал энэ нь ард түмний өмч, хөтөлчүүд, цаашлаад эрдэнэтчүүдийн амь амьдралын баталгаа, эрх ашиг хангагдана. Ийм учраас СОВА-д алдсан лиценз хамрах хүрээ ихтэй, маш том асуудал болчихоод байгаа юм.
-Энэ яригдаж байгаа лиценз нь “Хөтөл-1” ордын салшгүй хэсэг мөн гэдгийг нотлох баримт бий юү?
-Манай архиваас Новосибирск дэх “Северный проект цемент” институтэд 1981 онд хийсэн “Хөтөл-1” ордыг ашиглах төлөвлөгөө гэсэн чухал материал бий. Энэ төлөвлөгөөнд СОВА компанийн аваад байгаа талбайд өрөмдлөг хийж, хайгуулын цооног тавьж, нөөц бодсон, уурхайн бүтэн төлөвлөлт хавсраатай байна. Ийм чухал нотлох баримтаа бариад явахад бид лицензээ эргүүлэн авч чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржид албан бичиг хүргүүлсэн. Аймгийн ИТХ-аар сонсох үйл ажиллагаа явуулсны дараа хариу өгнө гэдгээ илэрхийлсэн. Ямартай ч СОВА ХХК манайд хандан “Бид энэ талбайг цуцлуулах хүсэлтээ аймгийн Засаг даргад илгээсэн” гэсэн албан бичиг хүргүүлсэн. Тэгэхээр алдагдсан орд газраа эргүүлэн авах тэмцэлд ахиц гарч байна. Одоо гагцхүү Сэлэнгэ аймгийн Засаг даргын шийдвэрээс бүх зүйл хамаарч байна.
-Шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийхдээ “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн мэдээж хэрэг тодорхой болзол тавьж байгаа байх. Тэр нь юу вэ?
-Шохойн үйлдвэрийн төсөлд “Эрдэнэт үйлдвэр”-тэй цэвэр хамтрагч, бизнесийн харилцаа үүсгэхээр Г.Ёндон захиралтай эхний хэлцлээ хийсэн. Үйлдвэрийн ТЭЗҮ ирэх зургадугаар сард дуусна. Тэр үед хөрөнгө оруулалтын тооцоо эцсийн байдлаар гарна. Бид өнгөрсөн хугацаанд зүгээр суусангүй. ОХУ-ын мэргэжилтнүүдийн тооцоолж үлдээсэн нөөцийг шинэчлэхээр “Хөтөл-1” орд дээр орчин үеийн гурван хэмжээст загвараар дахин тооцоолол хийсэн. Мөн олборлосон шохойн чулууны чанар, гарцыг хөөж, хүдрийн биетийг дахин загварчиллаа. Одоо бидэнд алдагдсан лицензээ эргүүлэн авч, орд газрынхаа нөөцийг дахин нарийн тооцоолж, судалгаагаа эцэслэх ажил үлдсэн.
-Стратегийн чухал үйлдвэрүүдийн хамтын бизнес харилцаа, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд, салбарын яам, Засгийн газар хэрхэн хүлээн авч байгаа вэ. Бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан уу?
-ЗГХЭГ-ын даргад ерөнхий концепцоо танилцуулсан. Шохойн үйлдвэрээс гадна цемент болон чулуунцрын үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэг сая тоннд хүргэх, дахин нэг хуурай аргын үйлдвэрийн шугам барих, тээрэм, вагон зүтгүүр гэх мэт дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх, “Хөтөл энержи дулаан”-ы үйлдвэрийг шинэчлэх зэрэг томоохон төсөлд нийт 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Үүний 66 тэрбумыг нь шохойн үйлдвэр барихад зарцуулах бол бусад төслийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Энэ концепцын дагуу бид алсын хараагаа шинэчилж, Барилгын материал үйлдвэрлэлийн төв болно гэж тодорхойлсон. Ирээдүйд манай бүтээгдэхүүн зөвхөн цемент, шохойгоор хязгаарлагдахгүй. Шохойн оролцоотой импортыг орлох барилгын материал үйлдвэрлэх нь манай алсын хараа байх юм. Зорилтын тухайд төр, хувийн хэвшил, ард түмний тэгш оролцоотой Хөрөнгийн биржэд бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компани болох.
-Нээлттэй хувьцаат компани болох ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Цемент шохой” ТӨХК-ийн ирээдүйг цаашид олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компанийн зарчмаар авч явах концепцоо эрх бүхий байгууллагуудад танилцуулсан. Судалгаагаа илүү чамбайруулахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд ч нэлээдгүй олон ТЭЗҮ хийгдэх ёстой. Саяхан бид хэвтээ зуух бүхий Шохойн үйлдвэрийн хагас үйлдвэрлэлийн туршилтаа амжилттай хийж, бүтээгдэхүүнээ “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн. Үр дүн нь сайн гарсан, үйлдвэрлэлд тохирч байна гэсэн хариу ирүүлсэн. Энэ мэт цаг хугацаа, эрдэм мэдлэг боловсрол, ноу-хау, туршлага, хөрөнгө шаардсан олон ажил хийж байна.
Бид 2023 онд Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй ХК болох зорилт тавьсан. Бизнесийн зарчмын дагуу Хөрөнгийн биржид хувьцаагаа борлуулна гэсэн үг. Тодруулбал, Засгийн газар 30, ард иргэд 30, хувийн хөрөнгө оруулагчид 30 хувийг эзэмших ийм концепц юм. Нэг хөрөнгө оруулагч таван хувиас илүү хувь эзэмшихгүй. Үлдсэн 10 хувь нь ажилчдад ногдох “Алтан хувьцаа” байх юм. Нийт 90 хувийг эзэмших хөрөнгө оруулагчид манай ажилчдын 10 хувийн хувьцаагаар гагнагдана гэсэн үг. Үүнийг бид “Алтан гурвалжин”-гийн зарчим гэж нэрлэж байгаа юм.
-Та “Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод нэг жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд үйлдвэрт ямар ахиц дэвшил гарав?
-Нэг жил гаруйн хугацаанд хийсэн ажлаа товчхон дүгнэвэл, хувьд шилжсэн 2015-2022 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд компани 124.5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол төрийн өмчид шилжсэн нэг жил хүрэхгүй хугацаанд, 40 жилийн түүхэндээ анх удаа 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Ингэхдээ 403.3 мянган тонн цемент, 51.6 мянган тонн шохой үйлдвэрлэж, үүнээсээ 100.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан.
Тоног төхөөрөмжийн шинэчлэлийн тухайд, уул уурхайдаа 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрсдийн хөрөнгөөр хийлээ. Мөн цалингийн фондоо 10 тэрбумаар нэмэгдүүлж, 21 тэрбум төгрөгт хүргэж, ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмсэн. 2022 онд улс, орон нутгийн төсөвт нийт 30.9 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлж, олон жил хуримтлагдсан НДШ-ийн өрнөөс чөлөөлөгдсөн.
-Энэ жил танай компанийн 40 жилийн ой тохиож байгаа. Ямар ажлууд хийхээр төлөвлөв?
-Өнгөрсөн гуравдугаар сард Хөтөл хотод 575 айлын орон сууцны хороолол барих төслийн шав тавих ёслол болсон. Энэ төслийг Сайхан сумын ЗДТГ-аас санаачилж, “Андын зам констракшн” ХХК гүйцэтгэх бол манай “Цемент шохой” ТӨХК дэмжигчээр оролцоно. 40 жилийн ой тохиож буй энэ жил хамгийн багадаа 40 орон сууц худалдан авахад дэмжлэг үзүүлэх хүсэлтээ ТУЗ-д албан бичгээр хүргүүлсэн. Тодруулбал, үйлдвэрт олон жил, үр бүтээлтэй ажилласан, цаашид ажиллах 40 ажилтны орон сууцны урьдчилгаа төлбөрийг тодорхой нөхцөлөөр компани хариуцах ажлыг эхлүүлсэн. Мөн хүний нөөцийн бодлогодоо анхаарч, Дархан-Уул аймгийн политехникийн коллеж болон мөн аймгийн ШУТИС-тай мэргэжилтэй, дипломтой ажилтан бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Компанийн зүгээс ажилчдаа тэтгэлгээр буюу компанийн зардлаар сургаж, ИТА нарынхаа ур чадварыг дээшлүүлэхээр зорьж байгаа гэх мэт 40 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажил, үйл ажиллагаа, төслийг хэрэгжүүлнэ.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (3)