Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.
-Манай улс ковидын цар тахлын дараах эдийн засгаа сэргээхдээ мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлсэн. Дэлхийн Төв банкууд бодлогын хүүгээ сулруулах болоогүй гэж үзэж байх шиг байна. Ойрын үед нөхцөл байдал сайжирна гэж үзэхэд эрт байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Төв банкны үндсэн зорилт бол инфляцыг тогтвортой байлгах. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал өөр байна. Коронавируст цар тахлын хүндрэл ихэнх Төв банкны зорилтод том сорилт үүсгэсэн. Инфляцыг 2-3 хувьд барих зорилготой ажилладаг Төв банкуудын инфляц 9-10 хувьд хүрч, гурав дахин өссөн. Манай инфляц ч зорилтоосоо хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн үед, 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн дэлхий нийтэд инфляц буурах хандлага ажиглагдаж байна. Гэхдээ инфляцын буурах хурд Төв банкуудын хүлээлтээс удаан байгаа. Ийм нөхцөлд Төв банкуудын инфляц тогтворжуулах тал руу чиглэсэн мөнгөний бодлого тодорхой түвшинд хатуу төлөв байдалтай үргэлжлэхээс өөр аргагүй байна.
Хэдийгээр дэлхийн санхүүгийн зах зээлийн жишиг хүүг тогтоодог Холбооны нөөцийн банкны суурь хүү өсөж байгаа ч зарим улс орон бодлогын хүүгээ бага зэрэг бууруулах тохиолдлууд ажиглагдсан. Гэхдээ бодлогын хүү буурах нь мөнгөний бодлого зөөлөрлөө гэсэн үг биш. Зарим Төв банк инфляцын бууралттай уялдуулан ирээдүйн инфляцын хүлээлтийг бууруулах төсөөллөөр ийм арга хэмжээ авч, мөнгөний бодлого хэт хатуу төлөвт удаан үргэлжлэхээс сэргийлж байгаа болов уу гэж харж болно.
-Дэлхий нийтийг хамарсан инфляцад үзүүлж байгаа гол хүчин зүйлс юу байна вэ?
-Цар тахлын дараа олон улсын харилцаанд үүссэн асуудалтай холбоотойгоор АНУ-ын доллар дэлхийн бараг бүх валютын эсрэг чангарсан. Бусад валют ам.долларын эсрэг суларна гэдэг бол тухайн улс орнуудын дотоод зах зээлд гаднаас худалдан авдаг бараа бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаан болдог. Үүнийг бид импортын инфляцын нөлөө буюу ханшийн нөлөө гэдэг. Ковидын дараа бизнес сэргэж, хөдөлмөрийн зах зээл сайжирсан. Хөдөлмөрийн зах зээл сэргэхээр хэрэглээнд зарцуулагдах орлого сайжирч байгаа юм. Энэ нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөөтэй боловч нөгөө талдаа цалин бизнесийн нэг том үйл ажиллагааны зардал болж байдаг. Тиймээс дэлхий нийтээр зардлын инфляц дахин үүсэх вий гэж болгоомжилж байгаа юм. Цар тахлын үед үүссэн тээвэр логистик, нийлүүлэлтийн доголдол багассан ч өмнөх үеийн түвшинд хараахан очоогүй, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн үнэд нөлөөлсөн хэвээр байна. Түүнчлэн Орос, Украины асуудлыг дагасан нийлүүлэлтийн доголдлоос сэргийлэхийн тулд улс орнууд их хэмжээний бараа, материалын нөөцтэй байх шаардлагатай тулгарсан. Энэ нь бизнес эрхлэгч, ААН-үүдийн эргэлтийн хөрөнгийг царцааж, илүүдэл зардлыг бий болгодог. Эдгээр нь инфляц хөшүүн байхад нөлөөлж байна.
-Манай улсын эдийн засаг хэвийн түвшинд хүрч, өнгөрсөн онд 4.8 хувийн өсөлтийг үзүүлсэн. Инфляц ч 16 хувиас 12 руу орж буулаа. Үүнд бодлогын шийдвэр хэр нөлөөлсөн гэж үзэж байна вэ?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлийн үед буюу 2020 онд Монгол Улсын эдийн засаг 4.6 хувь болж унасан. Цар тахал багасах үед, 2021 онд аажмаар сэргэж 1.6, 2022 онд 4.8 хувийн өсөлттэй гарлаа. Эдийн засгийн 2022 оны 4.8 хувийн өсөлт бол Төв банк, Засгийн газрын бодлогын үр дүн гэж харж байгаа.
Яагаад гэвэл, 2022 онд олон улсад үүссэн геополитикийн асуудал бүрэн шийдэгдээгүй, гадаад орчин тийм ч таатай биш байсан. Худалдааны том түнш, экспортын 80-90 хувийн худалдан авагч тал болох Хятадын зах зээл нээгдээгүй, логистикийн хүндрэл бүрэн шийдэгдээгүй. Монгол Улс 2021 оны хоёрдугаар улирлаас эхлээд 2022 оны эхний гурван улирал дуустал нүүрсний экспортын орлогогүй байсан.
Үндсэндээ гадаад эдийн засгийн орчноос дотоод эдийн засгийн өсөлтийг тэтгэх эерэг нөлөө бараг байхгүй үед хэрэгжсэн бодлогын үр дүн юм. Уул уурхайн салбарт тасалдсан орлого дотоодын санхүүгийн зах зээлд эх үүсвэрийн дутагдлыг бий болгож байсан.
Гэвч цар тахал дэгдэхийн өмнө 2018-2020 онд гадаад валютын тодорхой нөөц хуримтлуулж чадсан байсан. Энэ нөөцийг “Ковид-19” цар тахлын дэгдэлт, түүнтэй залган үргэлжилсэн олон улсын харилцааны хүндрэлийн үед ашиглаж, дотоод эдийн засгаа дэмжих бодлогын орон зайг бий болгож өгсөн.
Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтран бодлого хэрэгжүүлсэн. Тухайлбал, Төв банкнаас репо санхүүжилт, ипотекийн зээлийг хэрэгжүүлж, арилжааны банкуудын өөрийнх нь эх үүсвэрийг дайчилж эдийн засгийн эргэлтэд оруулсан. Үүнийг Засгийн газраас хүүний татаасаар хөшүүрэгдэж өгсөн. Бодлого сайн хэрэгжсэн гэдгийг уул уурхайн салбар уналттай байхад эдийн засгийн өсөлт 4.8 хувьд хүрсэн нь харуулсан. 2021 онд зээлийн өсөлт 2020 оны 3.4 хувийн уналтаас 9.7 хувь, 2022 онд 19 хувь болж өссөнийг харж болно. 2022 он гарснаар эдийн засгийн өсөлтийн эерэг үр дүн уул уурхайн бус салбарт ажиглагдаж эхэлсэн.
-Манай хамгийн том нийлүүлэгч зах зээл бол Хятад улс. Хятадын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн салбар сэргэсэн, манай түүхий эдийн экспорт нэмэгдэх боломжтой гэсэн найдлага төрж байгаа. Урд хөршийн эдийн засгийн сэргэлтийг Төв банк хэрхэн харж байгаа вэ. Энэ боломжийг ашиглах тал дээр ямар бодлого хэрэгжүүлж болох вэ?
-Дэлхийд нэг, хоёрт орох БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2022 оны эхнээс дахин сэргэж, тус улс цар тахлын бодлогоо зөөлрүүллээ. Энэ алхам Монголын төдийгүй дэлхийн эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байна. Манай эрдэс бүтээгдэхүүний зах зээлд ч эерэг нөлөө үүсгэж, хүлээлт бий болгосон. Хятадын эдийн засаг гадаадын хөрөнгө оруулалтад тулгуурласан хөгжлийн загвараас илүү дотоод эдийн засгийн чадавхад суурилсан хөгжлийн загвар руу шилжиж байгаа. Энэ бол бидний бодлогодоо анзаарах ёстой зүйл. Нөгөө талаар бид аливаа төрлийн бүтээгдэхүүнийхээ эрэлтийг хангахын тулд энэ том хэмжээний зах зээлтэй бизнесийн маш сайн харилцаатай байх ёстой. Нүүрс, төмрийн хүдэр, зэс гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүнээс гадна мах, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн болон бусад бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээл, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ рүү нэвтрүүлж чадвал дэлхийн зах зээлтэй холбогдож чадна гэсэн үг. Үүний үр дүнд бизнесийн сайн харилцаагаа өргөжүүлэх ёстой.
-Энд чанарын асуудал хөндөгдөж магадгүй. Одоо экспортод гаргаж буй бүтээгдэхүүний тоо, чанарт ямар ахиц гаргах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Бидний хамгийн түрүүнд харах бүтээгдэхүүн бол ноолуур. Дэлхийд өрсөлдөж чадахуйц чанар, хэмжээгээрээ ч том салбар. Бид өнөөдөр 300 сая ам.долларын ноолуурыг харьцангуй түүхийгээр нь экспортолж байна. Нэмүү өртөг шингээгээд нэгээс хоёр шат ахиулахад л энэ салбарын орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой. Тиймээс төр засгаас, санхүүгийн сектороос тасралтгүй дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, сайжруулах ёстой.
Мөн махны нийлүүлэлт байна. Энд хөдөө аж ахуйн салбарын бүтээмж маш чухал. Гэтэл яг өнөөдрийн байдлаар экспорт болон дотоодын хэрэгцээг бүрэн хангах тогтолцоо манай мал аж ахуйн салбарт үгүйлэгдэж байна. Ялангуяа махны салбар бүтээмж муутай, эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байна. Ер нь малчдын орлого, малын гаралтай түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах салбар, ХАА-н салбараас малчдад олгодог нийгмийн халамж гэсэн бүх зүйл хоорондоо уялдаатай байж энэ салбар эргэлтэд хүчтэй орно.
Тодорхой хэмжээний мах экспортлоход дотоодын зах зээлд хомстол үүсэх ийм нөхцөл байдал одоо ч харагдаж байна. Энэ нь эргээд дотоодын зах зээлд үнийн өсөлтийг бий болгож, инфляц руу хөтлөөд байгаа юм. Хөдөө аж ахуйн салбараа төр засаг, дотоод, гадаадын эх үүсвэрийн хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр бид үр дүн хаана байна гэдгээ үнэлж дүгнэх ёстой. Тэгж байж дараагийн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх нь үр дүнтэй болно.
-Олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 3.2 хувь гэж тооцсон байна. Бид энэ нөлөөллийг хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Дэлхийн эдийн засагт том байр суурь эзэлдэг нэг эдийн засаг доголдоход л бусад нь дагаад савладаг. 2023 оныг өөдрөгөөр төсөөлбөл хамгийн бага өсөлттэй, муу жил байх болов уу гэсэн нэгдсэн хүлээлт бий болсон байна. Хэрвээ энэ хүлээлтийн дагуу явбал 2024 он илүү эерэг чиглэл рүү явна. Хятадын эдийн засгийн өсөлт дунджаар тав орчим хувьтай байх болов уу гэсэн хүлээлт бий.
Энэ бол дэлхийн эдийн засагт том нөлөөлдөг зах зээл. 2023 онд дэлхийн эдийн засгийн дийлэнх хувийг Энэтхэг, Хятад гэх Азийн том бүс нутгууд бүрдүүлж, Европ, Америк гэсэн том эдийн засгууд нэг хувийн өсөлт ч үзүүлж чадахгүй төлөв байдал ажиглагдаж байна. Энэ нь нэг талдаа нааштай ч, нөгөө талдаа болгоомжлохуйц төлөв байдал гэсэн үг.
Монголын эдийн засагт хамааралтай хэд хэдэн суваг бий. Эхнийх нь дэлхийн зах зээлийн суурь хүү. Энэ хүү 2023, 2024 оны эхний хагаст харьцангуй өндөр түвшинд хадгалагдахаар хүлээгдэж байна. Ийм нөхцөлд манай гадаад санхүүжилтийн өртөг хувийн болон улсын салбарт өндөр байхаар харагдаж байна.
Мөн гадаад бондын санхүүжилт болон хувийн секторын зээлд анхаарал хандуулах хэрэгтэй. Түүнчлэн цар тахлын үеийн гадаад өрийн өсөлтийг дагасан хүндрэл Монгол Улсад төдийгүй дэлхий нийтээр бий болж магадгүй. Улс орнууд үүнд маш болгоомжтой хандаж байна. Тиймээс олон улсын шинжээч, байгууллагууд улс орнуудад цар тахлын хүндрэлийн дараа эдийн засаг нь сэргэж байгаа бол төсвийн тохируулгыг цаг алдалгүй хийх, төсвийг үр ашигтай байлгахад анхаарал хандуул гэсэн зөвлөмжийг өгч эхэлсэн.
-Таны ярианаас улс орнууд мөнгөний хатуу бодлогоо мөд сулруулах бодолгүй байхаар ойлгогдож байна?
-Инфляц бидний төсөөлснөөс буурсан. Энэ нь бодит бодлогын хүү бидний хүлээснээс харьцангуй өндөр байна гэсэн үг. Үүнд тодорхой хэмжээний тохируулга хийхийг үгүйсгэхгүй. Энэ бол хэдийгээр нэрлэсэн бодлогын хүү өөрчлөгдөж болох ч мөнгөний бодлогын бодитоор илэрхийлэгдэх хатуу төлөв байдал хадгалагдана гэсэн үг. Гэхдээ энэ нь инфляцын хүлээлт болон буурах хандлагатай уялдаж шийдэгдэнэ. 2023 оны хувьд, ялангуяа эхний 4-5 сарын байдлаар санаа зовоож байсан уул уурхайн салбарт өсөлт сайн гарсан.
Энэ бол 2021 оны дөрөвдүгээр сараас хойш 2022 оны 7-8 сар хүртэл ажиглагдаагүй таатай төлөв байдал юм. Валютын ханш, нөөцөд ч эерэг нөлөөтэй. Нөгөө талаар банк, санхүүгийн системд байгаа эх үүсвэрт таатай нөлөө үзүүлж байна. Сүүлийн үед Төв банк инфляцын нөхцөл байдалтай уялдуулан мөнгөний бодлого хатуурснаас үүсэн бий болох эдийн засгийн өсөлтийн сөрөг нөлөөг аль болох хамгийн бага байлгахыг зорьсон бодлогын шийдвэрүүд гаргаж байгаа.
Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн тогтвортой түвшнийг хадгалахын тулд уул уурхайн салбарт үүсэх савлагаа, нөлөөг харьцангуй бага байлгах хэрэгтэй. Юуны өмнө уул уурхайн бус салбар харьцангуй тогтвортой байх ёстой юм. Үүнийг бий болгохын тулд банк, санхүүгийн системээс эдийн засагт хийж буй санхүүжилтийг тогтвортой байх шаардлагатай.
Тогтвортой байхын тулд төсвийн бодлогоо сахилга баттай байлгах хэрэгтэй. Мөн эдийн засагт шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг банк, санхүүгийн систем хангаж чаддаг байх ёстой юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, банкууд эргэлтийн хөрөнгөө тавиад, харьцангуй богино хугацаатай зээлийн эх үүсвэр хүсэж байгаа аж ахуйн нэгж болон 3-5 жилийн хугацаатай эх үүсвэр шаардагддаг хөрөнгө оруулалтын зээлийн хугацаа, төлбөрийн нөхцөлийг эргэн харж, өөр тогтолцоо мөрддөг болмоор байгаа юм. Үүнд Төв банк нэлээд анхаарал хандуулж байна.
Түүнчлэн бид олон улсын санхүүгийн зах зээлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй нягт, итгэл хүлээсэн харилцаанд орох хэрэгтэй. Энэ алхмыг хийхийн тулд бодлого боловсруулагчид хариуцлагатай, эрүүл бодлого хэрэгжүүлэх ёстой. Сайн бодлого бол хөрөнгө оруулагчдын итгэлийг даах гол нөхцөл юм.
Эдийн засаг үндсэндээ ийм гол гол зүйлээс хамаарч байна. Олон улсын харилцааны нөхцөл байдал төвөгтэй болсон үед тэнцвэртэй, харилцан ашигтай олон улсын харилцаа хамгийн чухалд тооцогдож буй. Бид бол хоёр том хөрштэй, газар зүйн хувьд таатай биш байрлалд байдаг. Монголын эдийн засгийн дотоод амьдрал олон улсын харилцаанаас, гадаад зах зээлийн төлөв байдлаас болж хүчтэй савладаг болсныг бид сайн ойлгох нь чухал.
-Монголбанк эдийн засгийн өсөлтийг 2023 онд дөрвөн хувь гэж төсөөлсөн. Гэтэл олон улсын байгууллагууд таван хувь гэж өөдрөгөөр харж байна. Манайх гол эрсдэлээ хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд тэр гэж тодорхойлох боломжгүй нөхцөлд бодлого боловсруулагчид шийдвэр гаргаж яваа. Эдийн засагт үүссэн нэг эрсдэлийг шийдэхэд л дараагийн шинэ эрсдэл үүсдэг ийм нөхцөл байдал дунд дэлхий нийтээрээ явж байна. Энэ утгаараа бид хамгийн болгоомжтой төсөөллийг хийж байна. Төсөөлөл хийхдээ үүсэж мэдэх шинэ нөхцөл байдал, бидний хүлээлтээс давсан асуудал үүссэн үед хэрхэх вэ гэх зэргээр тооцон тодорхой хэмжээнд баталгаажуулан гаргаж байгаа. Жишээ нь, одоогийн байдлаар уул уурхайн бус салбар хүлээлтээс нэг орчим функтээр бага гарч магадгүй гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ уул уурхайн салбар нүүрсний экспортын гүйцэтгэл харьцангуй гайгүй байна. Нэгдүгээр улирлын тоо яаж гарахыг хүлээж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүнсний аюулгүй байдлыг сайжруулах санаачилгын хүрээнд хүнсний салбарт банкны системээс олгож байгаа зээлийг дурдах хэрэгтэй. Эдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг олон үйл явцыг нэгтгэн төсөөллөө шинэчлээд, ирэх сард болох Мөнгөний бодлогын хорооны хуралд танилцуулахаар бэлтгэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна