Улаанбаатар хамгийн олон крантай хот

unen
13 цагийн өмнө

-Бүтээн байгуулалтын нүргээн, барилгын салбарын сэргэлт-

Цар тахлын дараах эдийн засаг аажим аажмаар сэргэж байна. Барилгын салбар ковидын хоёр жилд үндсэндээ сул зогссон. Хил хаагдсантай холбоотойгоор барилгын материалын хомстол үүсэж, үнэ нь өссөн. Дагаад орон сууцны талбайн үнэ нэмэгдсэн. Иргэдийн худалдан авах чадвар суларсан, барилга, орон сууцны үнэ өссөн хоёр яг тэнцээд байгаа. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд ч нийгмийг хамарсан эрүүл мэнд, эдийн засгийн хүндрэл, хямралын улмаас хүндхэн цохилт амссан. Тиймээс салбарын аж ахуйн нэгжүүд санал гаргаснаар нийт 634 төсөл, арга хэмжээний 301.2 тэрбум төгрөгийн үнийн зөрүүгийн санхүүжилтийг Монгол Улсын 2023 оны улсын төсвийн тухай хуульд тусгуулж чадсан юм. Барилга, хот байгуулалтын яамны төсвийн багцад нийт 106 төсөл, арга хэмжээний барилгын материалын үнийн өсөлтийн магадлалын дүгнэлтээр баталгаажсан 40.2 тэрбум төгрөг тусгагдсанаас өнөөдрийн байдлаар 11.02 тэрбум төгрөгийн материалын үнийн зөрүүг олгоод байгаа аж. 

2023 оны улсын төсвийн тухай хуульд төсвийн сахилга бат хариуцлагыг сайжруулах, тэр дундаа барилгын салбарын аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах хэд хэдэн заалт туссан. Тухайлбал, улсын төсөвт тусгагдаж байгаа ямар нэг шинэ хөрөнгө оруулалт, тодорхой ажил үйлчилгээ, бүтээн байгуулалтын дуусгах хугацаа нь гурван жил дотроо байна гэж зааснаар барилга, бүтээн байгуулалтын ажил 5-10 жил үргэлжилдэг байдлыг халсан. Мөн бүтээн байгуулалтын ажлын төсвийг олон хувааж олгохыг хориглосон. 

Барилгын салбар болоод хувийн хэвшлийнхний эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн санхүүгийн жил эхэлснээс хойш, гэрээ нь байгуулагдаж ажил эхэлснээс хойш хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын санхүүжилтийг аливаа төсвийн тодотголоор хасахыг хориглосон юм. Ингэснээр цаашдаа бүтээн байгуулалтууд богино хугацаанд хийгддэг, хяналт, сахилга бат хариуцлага нь дээшилнэ гэж үзсэн. Барилгын материал, тээвэрлэлтийн зардлууд өсөх гэх мэт эрсдэлүүдийг хаах үүднээс тухайн барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөв нь тэр жилдээ л батлагдсан байна гэдэг зохицуулалтыг хуульд тусгасан. Төсвийн тухай хуульд туссан, барилгын салбарт хамаарах энэ шинэлэг заалтууд хэрэгжээд хагас жил болох гэж байна. Бүтээн байгуулалтын ажил эхлээд бүтэн улирал дүүрэх нь. 

Улаанбаатарт өндөр кранууд босож, өргөгч цамхгууд ажиллаж, бүтээн байгуулалтын их ажлын нүргээн эхлээд байна. 

Үүнтэй зэрэгцэн жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Barilga expo” үзэсгэлэн, яармаг өнгөрсөн сард боллоо. Шинэ орон сууц, үл хөдлөх хөрөнгө болон барилгын материал, техник технологиудыг танилцуулдаг уг үзэсгэлэн энэ жил үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, олон улсын барилгын компаниудыг хамруулсан “International fair” буюу олон улсын үзэсгэлэнгээр хүрээгээ тэлэв. Уг экспогийн сүүлийн хэсэг болох “Орон сууц, үл хөдлөх хөрөнгө”-ийн үзэсгэлэнд 120 орчим шинэ орон сууцны шилдэг төсөл, амины орон сууцны хотхон, хаус төслүүд гурван өдрийн туршид амжилттай танилцуулагдан энэ долоо хоногт өндөрлөлөө. Шинэ орон сууцны 2023 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нийт 67958 айлын 353 төсөл хэрэгжиж байгаагаас 55719 айлын 253 төсөл захиалга авч байгаа бөгөөд шинэ орон сууцны дундаж үнэ ам метр нь 3.7 сая төгрөг байна. 

Барилгын салбар бол эдийн засгийн нэг тулгуур багана. Энэ том салбарт сэргэлт ажиглагдаж эхэлсэн нь таатай мэдээ. Хил, гааль нээгдэж, экспорт, импортын урсгал цар тахлын өмнөх түвшинд хүрч, эдийн засгийн барометрүүд нэмэх зааж байна. Барилгын салбарын сэргэлттэй зэрэгцээд Засгийн газраас Гэр хорооллын сэргэлт хөтөлбөрийг эхлүүлэхээ зарлав. Шинэ сэргэлтийн зургаан бодлогын нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Хот ч тэр, хөдөө ч тэр барилгажилтгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Нийслэл хотын гэр хорооллыг барилгажуулах, орон сууцжуулах төсөл, хөтөлбөрүүд улам эрчимжих нь тодорхой болов.  

БХБЯ-наас гэр хороололд иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, амьдрах орчныг сайжруулах, хөрсний бохирдлыг багасгах зэрэг асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх зорилгоор хотын зарим дүүрэгт инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөн Зурагт, Сэлбэ, Дамбадаржаа, Баянхошуу зэрэг дэд төвийг барьж байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Ийнхүү дэд бүтцийн асуудлыг нь шийдсэнээр гэр хороололд амьдарч байгаа иргэд өөрсдийн амины орон сууцанд ая тухтай амьдрах нөхцөл бүрдэнэ. 

Үүнтэй уялдуулаад барилгын салбарын нэгдсэн мэдээллийн санд амины орон сууцны янз бүрийн төлөвлөлттэй зургийг зурж баталгаажуулан байршуулаад байгаа аж. Эндээс иргэд өөрийн эзэмшил газрын хэмжээнд тохирсон дуртай зургаа сонгон авч амины орон сууцаа барих боломжтой. Энэ нь нэгдүгээрт зураг хийлгэх зардлыг хэмнэнэ. Хоёрдугаарт, аюулгүй байдлыг нь бүрэн хангасан тооцоо хийж баталгаажуулсан сууц барих боломжийг бий болгож байгаа хэрэг юм. Тухайлбал, нэг айлын орон сууц гэсэн барилгын норм ба дүрэм боловсруулагдан мөрдөж эхэлжээ. 

Засгийн газраас ойрын таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын гэр хорооллын эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлогод нийцсэн 82 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Үүний зэрэгцээ ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж, улмаар дулаан алдагдалгүй ногоон орон сууцуудыг санхүүжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ногоон орон сууцаар хангах хүрээнд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хуримтлалын нэгдсэн сан байгуулан, орон сууцны санхүүжилтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй хөгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүй, тогтолцооны шинэчлэлийг хийхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллах санал тавиад байгаа юм билээ. 

Хууль эрх зүйн орчны шинэчлэл, бодлогын дэмжлэг барилгын салбарт эергээр нөлөөлөх нь дамжиггүй. Улс орны эдийн засгийн түүчээ, зүтгүүр болсон барилгын салбарт бүтээн байгуулалт өрнөж байна. Хэдэн жилийн өмнө Буянт-Ухаад буусан гадаадын зочин “Улаанбаатар эрчимтэй хөгжиж байгаа залуу хот байна. Маш олон кран байгааг хараад бахархлаа” хэмээн хэлсэн байдаг. Цаг үеийн хүндрэл, цар тахлын бэрхшээл саад ард хоцорсон хойно тун удахгүй Улаанбаатар дэлхийн хамгийн олон крантай хот болох биз ээ. Бурхан хүнийг бүтээсэн, барилгачид бусдыг нь барьж босгосон гэдэг байх аа.

Барилгын салбарын статистик

 

25  

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа барилгын 425 норм, дүрэм байна. Жил бүр норм, нормативын сангийн төлөвлөгөөг баталж, шинэчлэн мөрдүүлж байдаг. Өнгөрсөн жил 25 норм, дүрмийг шинэчлэн баталжээ. 

 

2002

Монгол Улсад барилга байгууламжийг газар хөдлөлтийн бүсэд төлөвлөх барилгын норм ба дүрмийг анх 2002 онд боловсруулсан бол өнгөрсөн онд шинэчлэн баталжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэг гэх мэт нэн тэргүүнд шаардлагатай нормуудыг шинэчлэн баталсан байна. 

 

Сургууль, цэцэрлэгийн барилгын спорт болон урлагийн заалыг түр хорогдох байрны зориулалттай төлөвлөхөөр зохицуулсан нь барилгын нормуудад орсон онцлох заалтуудын нэг.

1.49

Барилгын материалын үнийн зөрүү энэ жил өндөр гарсан байна. Өмнөх жилүүдэд барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан индекс 1.01-1.08 хувьтай байхад компаниуд эрсдэлээ даагаад явдаг байв. Гэтэл өнгөрсөн жил барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарсан индекс нь 1.49 хувьтай гарчээ.  

20

Барилгын гол түүхий эд болох арматур тонн нь 2.8 сая төгрөг байсан бол 2.6 сая төгрөг болж 200 мянган төгрөгөөр буураад байна. Өнгөрсөн хугацаанд барилгын материалын үнийн өсөлтөөс гадна тээврийн зардал маш их нэмэгджээ. 40 тоннын чингэлэг Улаанбаатарт таван сая төгрөгөөр ирдэг байсан бол 20 сая төгрөгт хүрч байв. Харин өнөөдөр тээврийн зардлын ханш буурч эхэлжээ.

  Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр