Г.Батбаатар: Нийслэлд 38 стандарт мөрдөж байна

unen
13 цагийн өмнө

Хотын стандарт, хяналтын газрын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Г.Батбаатартай ярилцлаа. 

 

-Монгол Улсын хэмжээнд барилгын салбарт мөрддөг 400 гаруй төрлийн стандарт байдаг гэж сонссон. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Стандарт гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичгийг хэлдэг.  Барилгын салбарыг салбарын хууль, барилгын норм ба дүрмээр зохицуулдаг. Стандарт нь түлхүү барилгын материалын салбарыг зохицуулна. Энэ нь Барилгын тухай хуульд зааснаар хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагаас батална гэсний дагуу сайдын тушаалаар баталдаг норм ба дүрэм бий. Энэ нь заавал мөрдөх, сонгож мөрдөх гэсэн хоёр төрөлтэй. Иргэдийн мэддэгээр улаан өнгөтэйг заавал мөрдөнө. Цэнхрийг сонгон мөрдөж болно. Нэг ёсондоо барилгыг стандарт гэхээсээ илүү норм ба дүрмийн дагуу барьдаг юм. Барилгын хөгжлийн төв нь барилгын норм, дүрмийг батлуулах, шинэчлэх, сурталчлах ажлыг хангуулдаг. 

-Танай байгууллага юу хийдэг юм бэ?

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинээр баталсан. Уг хуульд хот өөрөө стандарттай байна гэсэн заалт бий. Тиймээс Хотын стандарт, хяналтын газрыг байгуулсан. Үндсэн чиг үүрэг нь зам талбай, барилгаас эхлээд хоттой холбоотой бүхий л стандартыг гаргаж, батлуулж, түүнийг сурталчлан зохион байгуулах, баталсан стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байна. Нэг ёсондоо хэрэгжүүлдэг, бас мөрдүүлдэг тогтолцоотой байгууллага юм. 

-Тэгвэл хоёулаа Улаанбаатар хотод мөрдөж байгаа барилгын стандарт, аюулгүй байдлын талаар ярилцаж таарах нь ээ?

-Манай байгууллага эхний ээлжид 38 стандартыг НИТХ-ын тогтоолоор батлуулж, хэрэгжилтийг хангуулаад явж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард үлдсэн 14 стандартаа батлуулсан бөгөөд энэ нь ирэх аравдугаар сараас хэрэгжих юм. Байгуулагдсан цагаасаа хойш 50 гаруй стандарт батлуулсан гэж ойлгож болох нь ээ. Одоо мөрдөж байгаа 38 стандартыг нийслэлчүүдийн амьдрах орчныг сайжруулах, эрсдэлээс хамгаалах чиглэлээр баталсан. Үүнийг нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх шатны байгууллага, иргэн, аж ахуйн нэгж дагаж мөрдөх ёстой. 38-аас нь онцолбол иж бүрэн гудамжны стандарт байна. Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна талын талбай ямар байх стандартыг баталлаа. Мөн барилгын орчны аюулгүй байдалд тавих стандарт батлуулсан. Энэ мэтчилэн батлуулсан бүх стандартаа хэрэгжүүлээд, мөрдүүлээд явж байна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд 2023 онд нийслэлийн Засаг даргын А242 захирамжийг батлуулсан. Уг захирамжийн агуулга нь иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх тухай юм. Ингээд нийслэлийн есөн дүүрэгт ажлын дэд хэсэг байгуулан ажиллуулж байгаа. Батлуулсан 38 стандартаа мөрдүүлэхийн тулд 116 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Улмаар дүүрэг бүрд 40-80 ажлыг хувааж, хэрэгжихээр байна. Ажлын үр дүн эхний байдлаар гарсан. Тухайлбал, аж ахуйн нэгж, төр захиргааны байгууллагууд стандартын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон. Батлуулсан 38 стандартаа татаж авахад, хэрэглэхэд маш ойлгомжтойгоор сайтдаа байршуулсан. Хүссэн хүн бүр ороод харахад нээлттэй. 

-Нийслэлд барьж буй орон сууцнууд стандартын талаар иргэд ойлголттой байх шиг. Орон сууцны хороолол гэхэд барилга хоорондын зай, авто зогсоол, тоглоомын талбай гээд л бүгд өөрийн стандарттай байх. Үүний хэрэгжилт хэр байдаг юм бол?

-Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө алдагдсан байгаа шүү дээ. Энэ нь хуулийн зохицуулалттай холбоотой. Манайд эхлээд газраа олгодог. Ингэхээр Барилгын тухай хуулийн дагуу иргэн өөрийн эзэмшлийн бүсэд барилга барих нь чөлөөтэй. Суурь газар нь байгаа учраас барилгын зөвшөөрөл олгохоос өөр аргагүй. Энэ бол буруу. Эндээс нийслэлийн барилга, байгууламжтай холбоотой бүх маргаан гардаг. Иргэдээс ирж буй гомдлыг ангилахаар төлөвлөлттэй холбоотой нь түгээмэл ирж байна. Ирсэн гомдлын дагуу шалгалт хийхэд иргэд нь өөрсдөө мөрдөж байгаа хууль дүрмээ хэрэгжүүлдэггүй. Иргэн эзэмшил газраа барилгаа босгосны дараа араас нь холбогдох зөвшөөрлөө хөөцөлддөг. Иймэрхүү буруу шат дамжлага байгаа юм. 

-Барьж буй барилга дээр очиж хяналт, шалгалт хийхэд илэрдэг нийтлэг зөрчил юу байна вэ?

-Иргэдийн гомдлоор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Зай хоорондын зөрчлөөс эхлээд янз бүр бий. Манай газарт 11 чиглэлийн хяналт байна. Бүгд өөр өөрсдийн чиг үүргийн хүрээнд хариуцсан байцаагч нар хяналт, шалгалтаа явуулдаг. Хамгийн түгээмэл, ачаалалтай байгаа нь барилгын техникийн байцаагч нар. 

-Тэгвэл танайд ямар төрлийн санал, гомдол зонхилдог юм бэ?

-Янз бүр. Цэвэр, бохир ус, орон сууцны зай хооронд хэмжээ, цонх хааж барилга барьсан, барилгын материалтай холбоотой гэх мэтээр маш олон гомдол ирдэг. Энэ болгоныг аль болох шалгаж шийдвэрлэхийн төлөө ажиллана. Уг нь олон улсын жишгээр хяналт, шалгалт хийлгэхдээ төрийн байгууллагыг шууд авчирдаггүй. Манайд л ийм тогтолцоо бий болсон. Орон сууцны барилгатай холбоотой гомдол гарвал ашиглалтын үед эхлээд СӨХ хяналт тавих ёстой юм. СӨХ шийдвэрлэх боломжгүй болсон тохиолдолд л хяналтын байцаагч нар дуудлага өгөх шат дамжлагаар явах нь зөв. 

-Орон сууцтай холбоотой маргаан сүүлийн үед их гарах болсон. Захиалга өгөөд орж чаддаггүй. Нар харах гээд орон сууц автал цонхыг нь хаагаад байшин барилаа гэх мэт. Ийм асуудал, гомдлыг хэрхэн зохи­цуулж байна вэ?

-Зураг төсөл, барилгын ажлын зөвшөөрлөө авсан хэрнээ норм алдсан тохиолдол маш олон байна. Манайд ирдэг өргөдөл, гомдлын 40 хувийг ийм гомдол эзэлдэг. Яг таны асуултын дагуу иргэд ханддаг, асуудаг. Манай өмнө том барилга бариад нар үзэхээ болилоо гэж. Гэтэл энэ нь бас л норм дүрэмтэй. Нарны ээвэрлэлтийн норм гэж бий. Улаанбаатар хот 48 градусын өргөрөгт оршдог. Ингэхээр нар тухайн барилгад 2.5 цагаас дээш тусах ёстой гэсэн заалттай. Зургийн компаниуд программ дээр 2.5 цагаа тооцоолдог. Зураг төслийн дагуу нормоо хангаж байвал мянган гомдол гаргасан ч хэцүү. Иргэдийн дунд бүтэн өдөр нар үзнэ гэсэн ойлголт байдаг. Гэтэл шалгалтыг хийгээд нормыг иргэдэд тайлбарлахаар ойлгодоггүй. Төрийн байгууллагын хяналт, шалгалтын дүн эргээд чухал баримт болдог учраас маш хянуур хандах ёстой. Нэг обьект дээр хэдэн ч удаа очиж болзошгүй. Хүний өмч хөрөнгөтэй холбоотой гомдолд хөнгөн хандаж болохгүй. Хянах, шалгах үйл явц үргэлжлэх хугацаанд технологи өндөр хөгжсөн энэ цаг үед барилгын ажил гэрлийн хурдаар явж байна. Бидэнд шууд зогсоох эрх байхгүй. Хэрэг нээнэ. Зөрчилтэйг нь тогтоовол шүүх рүү албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргадаг. 

Шүүгчийн захирамж гарсан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухай ажиллагааг зогсоох арга хэмжээ авна. Тэгэхээр хэдийгээр хяналт, шалгалт удаашралтай байдаг ч яг л шат дамжлагаараа өрнөж байна. Үүнийг харин иргэд ойлгохыг хүсдэггүй. Нийслэлийн хэмжээнд барилгын техникийн есхөн байцаагч бий. Нэг дүүрэгт нэг л байцаагч гэсэн үг. Энэ бол маш хангалтгүй тоо юм. Энд нэг зүйлийг нэмээд хэлье. Иргэд орон сууж худалдаж авахдаа гоё ганган сурталчилгаанд автах хэрэггүй. Бүх мэдээлэл нээлттэй болсон учраас сайтар судал. www.egazar.gov.mn, www.ebarilga.gov.mn сайтаар нэвтэрч тухайн орон сууцны газар, барилга ямар хүний нэр дээр байгааг харах хэрэгтэй. Тухайн барилга зөвшөөрөлтэй юү, барилгынхаа дугаарыг авсан уу, улсын комисс ажилласан уу гэх мэт мэдээллийг харах боломжтой. Адаглаад барилгыг зураг төслийн дагуу зурсан уу гэдгийг заавал тодруулах ёстой. 

Хотын стандарт, хяналтын газрын сайтаар ороход улсын комиссын хуваарь гарсан байгаа. Тэр хуваарьт багтсан л бол таны авах гэж байгаа орон сууц ямар нэгэн байдлаар хүсэлт тавьсан гэсэн үг. Ийм мэдээллүүд ил байгаа. Иргэд нэгэнт барилгын зургийг уншиж чадахгүй учраас анхан шатны гурван мэдээллээ хардаг байх хэрэгтэй. Гэтэл манай иргэд тэгж чаддаггүй. Сошиалд байрлуулсан гоё зураг, чамин реклам хараад л захиалга өгдөг. Эцэст нь өнөөх барилга зөвшөөрөлгүй байж таараад өөрөө хохирогч болдог. Насаараа амьдрах гэж буй үл хөдлөх хөрөнгөө авах гэж байж наад захын судалгаа хийх хэрэгтэй шүү дээ. Адаглаад хуулийн этгээдийн бүртгэлийг нь шалгамаар байна. Одоо бүх зүйл шилэн болсон. Улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэл дээр орон сууцны захиалга авч байгаа компанийн нэрийг бичээд үзэхэд л нээлттэй харагдана. Тэнд хаагдсан, татан буугдсан, www.ebarilga.gov.mn сайтаар ороход ямар ч “А” даалгаваргүй, загвар зураггүй байвал тухайн барилгыг барих боломжгүй юм байна гэсэн ойлголт авч болно. 

-Тухайн барилгын чанартай, чанаргүй дээр яг яаж хяналт тавьдаг юм бэ?

-Бүгдийг нь хуулиар зохицуулж өгсөн. Захиалагч хүртэл өөрөө хариуцлагатай байх ёстой. Бүх барилгын баримт бичиг, зураг төсөл, техникийн нөхцөл зэргийг бүрдүүлж өгөх нь захиалагчийн үүрэг. Холбогдох зөвшөөрөл гарсны үндсэн дээр тухайн барилгыг барих нь гүйцэтгэгчийн үүрэг. Энэ барилга зураг төслийн дагуу явж байгаа эсэх нь зургийн компанийн үүрэг.  Дээрх гурван байгууллага барилгаа бүтэн хянах ёстой. Тэд хяналт тавьсны дараа дөрөв дэх буюу төрийн хяналтын байгууллага ажлаа хийнэ. Гэтэл шууд суурин дээр төрийн хяналтын байгууллага руу ханддаг. Ялангуяа улсын хөрөнгө оруулалтаар барьж буй барилга дээр ийм асуудал маш олон гарч байгаа юм. 

-Шатахуун түгээх станц, эмнэлэг, сургуулийн ойролцоо барилга барьж болохгүй гэсэн ойлголт байна. Үүнд ямар стандарт мөрддөг вэ?

-Мэдээж барилгын норм, дүрэм бий. Шатахуун түгээх станц нь онцгой объект учраас шинээр барих бол суурьшлын бүсээс буюу хатуу түлш түлдэг объектоос 50 метрийн зайтай байх ёстой. Харин нэгэнт барьсан ШТС-ын хажууд сүүлд нь очиж барилга бариад, эсвэл буудалласан хэрнээ гомдол гаргаад байж болохгүй юм. Товчхондоо бол ийм төрлийн гомдол гарвал тухайн орчин дээр нь очиж, хяналт хийсний дараа л асуудлыг шийдвэрлэнэ. Аливаа зүйл хоёр талтай учраас шууд нэг иргэний гомдлоор асуудалд хандаж болохгүй гэсэн үг. Улаанбаатар хотод шатахуун түгээх станцын нэг хүнд ногдох хэмжээ дээд цэгтээ хүрсэн. Үүнээс цааш шинээр баривал хэтэрсэн гэж үзнэ. 2020 оноос хойш хотын төв буюу сууршлын бүсэд ШТС барьсан тохиолдол бараг байхгүй. Нормоороо бол 1000 хүн тутамд нэг шатахуун түгээх станц байна гэсэн заалттай.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №019/24550/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр