Хемп хэт холын бус ногоон ирээдүй


Хүн төрөлхтний хамгийн эртний бөгөөд хамгийн хүчтэй сэтгэл хөдлөл бол айдас. Харин хамгийн эртний бөгөөд хамгийн хүчтэй айдас бол мэдэхгүйн айдас.
Х.П.Ловкрафт

Үхэлд хүргэдэг өвчнүүдийг эдгээж, урьдчилан сэргийлэх чадалтай, химийн найрлага бүхий эм, бэлдмэлүүдийг орлох, маш хурдан ургаж, цөлжилттэй тэмцэн эко системийг нөхөн төлжүүлдэг ургамал байдаг гэвэл та итгэх үү.
Каннабис гэхээр нийгэм мансууруулах бодисонд донтох эмгэг, түүнийг тойрсон гэмт хэрэг, далд эдийн засаг, хууль бус наймааны хар бараан түүхийг санадаг биз. Гэтэл дэлхий нийтийн ой санамж олсны ургамлын талаарх өнгөрсөн зууны энэ бараан дурсамжуудаас салж, шинэ хандлагаар мэдлэгт тулгуурласан шинэ бизнес, шинэ технологи, шинэ санаагаар баяжин аль хэдийнэ өөрчлөгджээ. Хүн төрөлхтөн каннабистай 12 мянган жилийн өмнөөс танилцаж цаас, олс, эм бэлдмэл хийн хэрэглэж байв. Энэ ургамлыг Өмнөд Сибирь, Монголоос гаралтай гэж үздэг. Каннабис гэдэг нь энэ төрлийн ургамлын ерөнхий нэршил бөгөөд цаг уурын нөхцөлөөс шалтгаалан сатива, индика, рудералис гэж гурван төрөлд хуваадаг. Монголд ургаж байгаа нь сатива төрөлд багтана. Каннабисын төрлийн ургамалд 110 гаруй нэгдэл байдаг ба үүнээс хоёр төрлийн молекулуудын нэгдлийг маш ихээр агуулж байдаг. Нэг дэх нь канабидиол буюу CBD, нөгөөх нь Тетрагидроканабинол буюу THC. 1971 онд баталж 1976 оноос хүчин төгөлдөр болсон НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцид THC орсон олсны төрлийн ургамлыг хориглож харин CBD агууламжтай олсны төрлийн ургамал нь мансууруулах шинж чанаргүй тул үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болохыг тусгайлан заасан. Энэ төрлийн ургамлын олон улсын ерөнхий нэршил нь хемп. 
Арваад жилийн өмнөөс хемпийн тариалалт, үүнийг тойрсон бизнес хөгжиж 50 мянга гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи бий болжээ. Европын холбоо, АНУ, Хятад, Франц, Чили тэргүүтэй дэлхийн 147 улсад хемпийн тариалалт болон үйлдвэрлэлийн хэрэглээ хүчээ авч буй жишээ бий. БНХАУ гэхэд л 196 мянган га талбайд хемп тариалж энэ зах зээлийн 30 хувийг дангаараа эзэлж байна. Энэ бол хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл болсон ногоон ирээдүйг цогцлоох био технологи, инновацид тулгуурласан төлөвлөгөө юм. Бид мэдлэгээс ахиад л хоцорчихоогүй байгаа.
Одоогоос арваад жилийн өмнө хемпийн ашигтай талуудын талаар олж сонссон минь ирээдүйн, эко ногоон бизнесийн эрэлд мордох аяллын  жимд оруулсан. Найзтайгаа нийлж “Hemp Mongolia”компани байгуулж  хамгийн эхэнд Монголд энэ талын үйлдвэрлэл явуулахад хууль эрх зүйн талаасаа боломжтой юу, хууль тогтоомж нь ямар байдаг юм бэ, энэ талын тариалалт, үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан түүх бий юу гэдгээс ажлаа эхлүүллээ. Хуулийн фирмтэй хамтарсан судалгаа үр дүнгээ өгч, гарц шийдлээ оллоо. Эх орондоо энэ талын үйлдвэрлэл явуулж болох юм байна. Тэгвэл Монголын 21 аймгийн 18-ынх нь нутаг дэвсгэрт зэрлэгээр ургаад байгаа хемпийн ашиглалт, тариалалт ямар түүхтэй юм бэ. Зэрлэгээр ургаж байгаа энэ ургамал ЗХУ гэж байх үед импортоор орж ирсэн үрийнх ч байна, унаган монгол сортынх ч байгаа юм. Анх дэлхийн хоёрдугаар дайны үед танкны татлагын олс хийх, бас бус зориулалтаар Монголд тарьж үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан юм билээ. Тухайн үед ЗХУ-ын тариалангийн бүс нутагт дайн болж байгаа учраас тариалах боломжгүй. Ингээд гол холбоотон байсан тайван бүс нутаг буюу Монголд хэсэгхэн газар тариалж ашигласан байдаг. Дараа нь 1985 онд Монгол Улсын Засгийн газраас, газар тариалангийн хүрээлэнд хандаж хемпийг тариалах ажлыг хивсний ар, олсон утас ээрэх, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах зорилгоор тариалах судалгаа хийлгэж тодорхой нутаг дэвсгэрт багахан га талбайд тариалж туршиж байсан нь амжилттай болсон ч нийгэм солигдох дүйвээнд өртөж дарагдсан ийм хоёр туршлага манай улсад бий. 
Ингээд гадаад зах зээлд яаж гарах вэ, дэлхий нийтийн чиг хандлага ямар байгаа вэ гэдгийг судлах ёстой болов. Барселоны их сургуультай хамтарсан судалгаа хийж, Европын холбооны улсуудаар явж, энэ чиглэлийн эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж, хурал зөв­лөгөөнүүдэд сууж, илтгэл, яриа сонсох гэх мэтчилэн идэвхийлэн ажиллав. Биднийг судалгаагаа эхлэх үед дэлхий дахинд олсны ургамлыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах зах зээл дөнгөж үүсээд байлаа. Европын холбооны улсуудад технологи, нөү хау нь хөгжөөгүй, цоо шинээр дөнгөж хөгжүүлэлтийн шатандаа яваа юм байна гэдгийг мэдэж билээ. 
1970-аад оны үед Рафаэль Мешулам гэдэг Израилийн эрдэмтэн каннабис буюу хемпийг хүний биед хүлээж авах мэдрэгчид байдаг юм байна гэдгийг нээв. Хүнийг төрөхөд л төв мэдрэлийн системийг тогтворжуулж байдаг тусдаа систем яс, арьс, цус болон дотор таван цул гэх мэт бүх эрхтэнд байдаг аж. Энэ тэнцвэржүүлэгч доголдож хүний төв мэдрэлийн системийн жигд ажиллагаа алдагдсанаар саажилт, хавдар, элдэв үрэвсэлт өвчнөөс эхлээд олон төрлийн өвчин гарах нөхцөл бүрддэг гэж үзсэн байгаа юм. Хавдар гэхэд л нэг гажигтай эс зогсолтгүй өсөх үйл явц. Төв мэдрэлийн системийг тэнцвэржүүлж байдаг энэ систем нь олсны ургамлыг хүлээж авах өдөөгчтэй байх нь. 
Чернобелийн цахилгаан станц дэлбэрснээс найман жилийн дараа хемпийг тус газарт тариалсан байдаг. Яагаад энэ ургамлыг тарих болов гэхээр хар тугалга, никель, кадми, хүнд метал, радио идэвхт химийн хорт бодисонд хордсон хөрсний бохирдлыг багасгахын тулд туршилт хийжээ. Үнэхээр хорт бодисууд багассан юм. Үүнтэй яг адилхан туршилтыг бид Испанид хийсэн. Үр дүн, ажиглалтын тайлан бий. Испани тариалангийн хоёр улиралтай тул бид эхний улиралд хэсэгхэн газарт хемп тариалж ургацаа хурааж авсан. Дараагийн улиралд нь тухайн хөрсөнд улаан буудай тариалахад дунджаас 52 хувь илүү ургац хураасан үр дүнтэй байв. Хемпийн үйлдвэрлэлийн зорилгоор тарьдаг сортыг маш шигүү тариалж, гурваас дөрвөн метр хүртэл ургадаг учраас газарт байх хог ургамлыг нарны гэрлээс хааж ургах нөхцөлгүй болгодог. Түүнчлэн хөрсний чийгшил ихсэж бичил организм үүссэн нөхцөл байдал ажиглагдсан. Ингэхээр тухайн хөрс чийгээ сайн хадгалан бичил организмын амьдрах таатай орчинг үүсгэснээр хөрсний ялзрал идэвхтэй явагдаж хөрс сэргээх маш үр дүнтэй технологи болсон байгаа юм. Монголын нөхцөлд, газар тариалангийн бүс нутагт, таваас зургаахан сантиметрийн хөрсний эмзэг давхаргыг сэргээх зорилгоор өнжсөн талбайд хемп тариалах боломжтой гэж бид үзэж байгаа юм. Газар тариалангийн бүсийн хөрс, бохирдуулагч химийн бодисоор хордсон байдаг. Үүний нэг нь  POPs бөгөөд шавьж устгах бодис зарим химийн бордоо, трактор, комбайн, автомашины утаанаас ялгарах, салхиар зөөвөрлөгдөх боломжтой байдаг. Ингэж хордсон хөрсөнд хемпийг тариалах нь үржил шимгүй ч хөрс голохгүй ургах давуу чанарыг нь ашиглах бөгөөд модноос дөрөв дахин илүү хүчилтөрөгч ялгаруулж, амьдарч буй хөрсөө азотоор бордон, POPs  зэрэг химийн хорт бодисыг цэвэрлэх ашигтай юм. Тариалан эрхлэгчид хөрсөнд азот их бол ургамал сайн ургадаг гэдгийг мэдэж байгаа. Хемпийг тариалсан хөрс азотын маш өндөр агууламжтай болдог нь эргээд энэ хөрсөнд ямар ч ургамал тариалах боломжтой болгодог. Дэлхийн цаг уурын өөрчлөлт, малын тоо толгойн хяналтгүй өсөлттэй холбоотойгоор Монгол орны газар нутгийн дийлэнх хэсэг нь цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний эсрэг бид хэрхэн тэмцэх вэ. Жил болгон цөөн тооны мод тарьсан нэртэй өдөр хоног аргацаах нь шийдэл мөн үү. Эсвэл модноос дөрөв дахин их хүчилтөрөгч ялгаруулж, амьдарч буй хөрсөндөө бичил орчин үүсгэж, байгалийн азотоор бордож үржил шимийг нь ихэсгэх хемпийг тариалж асар өндөр экспортын ашиг давхар олох боломжийг харсаар суугаад алдах уу гэдэг асуулт. Хяналтгүй өсөж байгаа малаа ашиг шимийг нь өндөржүүлэх, эрчимжүүлсэн аж ахуйн хэлбэрт оруулах нь зайлшгүй. Өнөөгийн монгол малчид мэдлэг мэдээлэл дутмагаас болдог юм уу, чанарт бус тоонд голлон анхаарсны хор уршгийг бид нийтээрээ хүртээд сууж байна. Байгалийн жамаараа нөхөн сэргэх процесс алдагдаж хүчин чадлаа дийлэхгүй болжээ. Социалист нийгмийн үед бодлогоор тоог бус чанарыг эрхэмлэж газар нутгийнхаа хүчин чадлыг тооцоолж, мал сүргийн тоо  толгойг нэг түвшинд бариад байсан нь бидэнд зүйл бүрийн ургамалтай баян тансаг нутгийг үлдээж чаджээ. Монгол оронд хемпийн тариалалтыг эрхэлснээр цөлжилтөөс сэргийлэх боломж бүрдэх бөгөөд малыг эрчимжүүлэх хэлбэрт оруулахад дөхөм болох юм. Хемпээр хийсэн малын тэжээлээр эрчимжүүлсэн аж ахуйн малыг тэжээснээр ашигт чанарыг дээшлүүлэх боломжтой. Технологийн өндөр хөгжилтэй орнууд АНУ-аас эхлээд эрчимжүүлсэн мал аж ахуйгаас эрдэнэ шишийн тэжээлийг халж хемпээр хийсэн тэжээлээр орлуулж эхлээд байгаа юм. Хемпийн үрийн тос, цэцгийн тос, гол иш, ишний хальс, үндэс зэргээр нийт 50 мянга гаруй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас өчүүхэн хэсгийг дурдахад ийм. Агаарын хөлгийг хөнгөн байлгах зорилгоор “Боинг”-ийн хошууг хемпээр хийж байгаа ба сум үл нэвтрэх хантааз гэх мэт технологийн өндөр шийдэл энэ ургамалтай холбогдон хөгжсөөр байна. Европын орнуудад хемпэн блокоор барьсан байшин тансаг хэрэглээ болж эхэлсэн. Бетонон блокноос агаар нэвтрүүлэх чанар харьцуулашгүй өндөр байгааг судалгаа харуулж байгаа юм. Хемпийн тариалалт, үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарт инновац болж үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжих боломж нээгдэнэ. Сав, баглаа, боодлын цаас үйлдвэрлэх боломж нээгдсэнээр бид пластик уутны хэрэглээнээс бүрэн сална. Цэвэр эко хувийн орон сууцнууд барина. Олсон утас, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эргэн сэргэх нөхцөл үүснэ. Гурил, гурилан бүтээгдэхүүн гаргаж авна. Эм, эмийн хэрэглээнээс зарим химийн орц найрлагатай бүтээгдэхүүнийг халах боломжтой. Татаж унадаг хүүхэд CBD агууламжтай эм ууснаар таталт нь зогсдог үр дүнтэй. Бид каннабис буюу хемпийн талаар нийгэмд тогтсон буруу ойлголт, сөрөг хандлагийг өөрчлөх, үйлдвэрлэлд нэвтрүүлж ашиг тусыг нь нийтээрээ хүртэх зорилго агуулж буй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж НҮБ-ын конвенцод тусгайлан заасан CBD агууламжтай хемп нь мансууруулах шинж чанаргүй бөгөөд тетрагидроканабинол буюу THC нь нэг хувиас доош байдаг нь олон улсын стандартад нийцдэг. Үүнээс лабораторийн аргаар мансууруулах бодис гарган авна гэхэд хэдэн арван сая ам.долларын тоног төхөөрөмж хэрэг болох ба бүтэн нэг тонн хемп боловсруулаад ч мансууруулах төрлийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжгүй гэдгийг нийгэмд тайлбарлах нь зүй. Монгол Улс хуульдаа НҮБ-ын конвенцоор зөвшөөрөгдсөн хемпийг нарийвчлан зааж оруулах нь бидний ажилд тус дэм болох ба ирээдүйн ногоон хөгжилд тулгуурласан био технологийн хүчирхэг эдийн засгийн шинэ бүтцийн нэг суурь болох боломжтойг анхааралдаа аваасай гэж хүснэ.

  
Мөнхбаярын Ням-Очир  
/Био технологийн “Canco Bio Tech” компанийн гүйцэтгэх захирал/

Эх сурвалж: Монголын үнэн сонин №020/24551/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр