Уур амьсгалын өөрчлөлт буюу өнгөрсөнд тэмүүлэх ирээдүй


Дэлхийн дундаж температур 1880 оноос тасралтгүй нэмэгдсээр мөстлөгийн үеэс хойших хамгийн өндөр хэмд хүрснийг эрдэмтэд сануулсаар байгаа. Шинжлэх ухааны салбарынхан дэлхийн агаарын хэм 1880 оноос хойш дунджаар 1.2 температураар нэмэгдсэн. Дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл манай гараг дээрх хорхой шавжны 18, ургамал, зүлэгний 16, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох эрсдэлтэй гэх тооцооллыг эрдэмтэд гаргаад буй. Энэ бол улс орнуудад байгалийн гамшиг сүйрэл дагуулах гэж буйг хатуухан сануулж буй хэрэг юм.

Мозамбик, Малави, Зимбабвег 2019 онд дайрсан “Идай” хар салхи 2.2 тэрбум ам.долларын хохирол дагуулсан бол өнгөрсөн оны наймдугаар сард Пакистанд үерийн улмаас 30 тэрбум ам.долларын хохирол учирч, олон зуун хүний амь нас гамшгийн үеэр эрсэдсэн. Мөн Сомали улсад сүүлийн 40 жилд тохиогоогүй ган гачгийн улмаас 1.1 сая хүнийг нүүлгэн шилжүүлж, үр тариа хомстож, 6.7 сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн. Африк тив дэлхийн нийт хүнсний гуравны нэгийг хангадаг ч дэлхийн дулаарлаас шалтгаалан жил бүр 7-15 тэрбум ам.долларын алдагдал хүлээж буй. Бид хамтдаа дорвитой өөрчлөлт хийхгүй байх аваас 2050 онд энэ тоо 50 тэрбум ам.долларт хүрнэ. Түүнчлэн 2030 он гэхэд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй ядуу буурай улс орнуудын хохирлыг нөхөхийн тулд хамгийн багадаа жилд 290-580 тэрбум ам.доллар шаардлагатай тухай судалгаа ч хэдийн гарчээ.

Дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад ч анхаарлын тэмдэг дагуулж байгаа. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг арван орны нэгд багтдаг бөгөөд энэ нь газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгалаас шууд хамааралтай болохыг судлаачид онцолдог. Цаг агаарын эрс тэс уур амьсгал, хэт халалтаас шалтгаалан газрын доройтол, цөлжилт нэмэгдсэн нь монголчуудын хувьд хамгийн тулгамдсан асуудал болжээ. Одоогийн байдлаар манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь дунд болон хүчтэй цөлжилтөд өртсөн.

Мөн агаарын дундаж температур сүүлийн 80 гаруй жилд 2.25 хэмээр буюу дэлхийн дунджаас даруй 2.5 дахин нэмэгдэж, хур тунадасны хэмжээ жил бүр найман хувиар багасжээ. Аадар бороо, хүчтэй салхи, их цас, үер, ой хээрийн түймэр гэх мэт гамшигт үзэгдэл сүүлийн 20 жилд хоёр дахин нэмэгдсэн. Сүүлийн 30 жилд малын тоо толгой гурав дахин нэмэгдсэн нь бэлчээрийн даац хэтэрч, хөрсний доройтлыг бий болгосон юм. Хамгийн том баримт бол 1992-2020 он буюу сүүлийн 28 жилд нүүрсхүчлийн хийн агууламж 16.5 хувиар, метаны агууламж 8.8 хувиар тус тус нэмэгджээ.

Дэлхий дахиныг хамран хурдацтай явагдаж буй уур амьсгалын өөрчлөлт нь Монгол орны уур амьсгалын үндсэн үзүүлэлт болох агаарын хэм, хур тунадас болон цөлжилт, экосистемийн доройтлоор тод илэрч байгааг шинжлэх ухааны салбарынхан дуу нэгтэй хүлээн зөвшөөрлөө. Монгол орны нутагт жигд шахам тархан байрласан цаг уурын 47 өртөөний өгөгдлөөс үзвэл 1940 оноос хойш 64 жилийн дотор агаарын дундаж хэм Цельсийн 1.80 градусаар нэмэгдсэнээс өвөл 3.60, намар 1.30, зун 0.50 градусаар тус тус дулаарчээ. 

Түүнчлэн Монгол Улсын хэмжээнд 2004-2013 онд жилд дунджаар 3104 аюулт үзэгдэл, осол тохиолддог байсан бол 2013-2022 онд жилд дунджаар 4529 болж нэмэгджээ. Монгол Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 4321 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиосон. 

Өндөр хөгжилтэй орнууд өнгөрсөн 100 жилийн турш хүлэм­жийн хий ихээр ялгаруулсаар ирсний хохирлыг өнөөдөр дэлхий нийтээрээ хүртэж байна. Тиймээс дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар үндэсний төлөвлөгөөгөө гаргаж, таван жил тутам сайжруулах үүрэг хүлээгээд байгаа.

Үндэсний хэмжээний шинэ төлөвлөгөөнүүд нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 2010 оны түвшнээс дор хаяж 45 хувиар бууруулах ёстой бөгөөд улс орнууд төлөвлөгөөгөө аль хэдийн танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сэргээгдэх эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар тодорхой бодлого баримтлан ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, экологийн доройтлоос үүдэн байгаль орчинд ээлтэй ногоон хөгжил, тогтвортой хөгжлийг чухалчилж байгааг “дахин ухаарал” хэмээн нэрлэж байна. Энэхүү дахин ухаарал нь өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх ирээдүй юм. Бид ядаж 12 жилээр өнгөрсөн цаг руу ухарч байгаль экологийн нөхцөлөө 2010-2011 оны түвшинд хүргэх ёстой гэсэн үг. 

Монгол Улс хүлэмжийн хий бага ялгаруулдаг хэдий ч гараа хумхиад сууж болохгүй. Дэлхий нийтээрээ бий болгож байгаа хүлэмжийн хийн ялгарлаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орны тусгай бодлогыг хэрэгжүүлэх нь дэлхийн өмнө хүлээсэн бидний үүрэг юм. Нийт газар нутгийн ой мод бүхий талбай хэмжээ бага байдаг нь нүүрсхүчлийн хийг шингээх, мөнх цэвдгийг тогтоон барихад бидний оруулах хувь нэмэр чухал. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх бодлогыг бие даан хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ талаар хэрхэн ажиллаж буйг бид энэ дугаарын СЭДЭВ-ээр онцолж байна.

Д.Жаргалан

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22