Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа

unen
6 цагийн өмнө

Монгол Улс орчин цагийн анхны Үндсэн хуулиа батлан мөрдөж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхэн 100 жилийн ойн баяр хэдхэн хоногийн дараа болно. Анхдугаар Үндсэн хуулийг 1924 онд Богд хааныг жанч халсны дараа баталж, Хэмжээт эрхт хаант засаглалаас Бүгд найрамдах үзэл санаанд тулгуурласан ардын нийгэм журмыг байгуулах замыг сонгон орсон юм. Анхдугаар Үндсэн хуулиар ард иргэдийн шүтэх, итгэх явдалд бүрнээ эрх чөлөө олгож, элдэв хэргийг шүүмжлэх, хэвлэх, нийтлэх эрхийг хүндэтгэн, эрдэм соёлд үнэ төлбөргүй боловсрох замыг нээсний зэрэгцээ ард түмэнд угсаа, шашин, эрэгтэй, эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлэхээр болсон нь Монгол Улсын түүхэнд урьд өмнө байгаагүй том ололт тул ач холбогдлын хувьд үнэлж баршгүй. 


Нийгмийн суурь гэрээ, үзэл санааны тунхгийг бид “Эцэг хууль” хэмээн хүндэтгэн нэрлэх нь бий. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш дөрвөн удаа Үндсэн хуулиа шинэчлэн баталсан байдаг. Бүгд найрамдах үзэл санаанд суурилсан хоёр дахь Үндсэн хуулийг улсын наймдугаар Их хурлаас 1940 оны зургадугаар сарын 30-нд баталсан. Энэ удаагийн Үндсэн хуулиар Улс нийгмийн бүх байгууллагыг удирдан чиглүүлэх үүргийг нам дангаар хүлээх болсноороо онцлогтой байлаа. Энэ удаагийн Үндсэн хууль социалист нийгмийг бүтээн байгуулах үндсийг тавих, нийгэм журмыг цогцлоох арга хэлбэрийг шинэ шатанд гаргах суурь нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байв. Үндсэн хуулийн гурав дахь өөрчлөлт буюу 1960 оны Үндсэн хууль социализмын материал техникийн баазыг барьж байгуулах үүрэгтэй байсан гэж үзжээ. Үндсэн хуулиа шинэчлэн баталснаар улс орныг хөдөө аж ахуйн орноос аж үйлдвэрийн орон болгох хувьсгал эрчимжсэн, хот байгуулалтын хөгжлийн онцлог үе эхэлсэн түүхтэй.  
Анхны Үндсэн хуулиас хойш батлагдсан гурван үндсэн хууль Бүгд найрамдах үзэлд суурилсан социалист чиг баримжаатай байсан гэж үздэг. Монгол Улс хөгжлийн нэг шатнаас нөгөө шат руу дэвшин орохдоо Үндсэн хуулиараа бэхжүүлж иржээ гэж судлаачид үздэг. Үүнийг бидний туулж ирсэн түүхэн замнал нотлон өгүүлдэг. 
Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоог сонгон авсны дараа төр, нийгэмтэй байгуулах гэрээгээ шинэчлэн батлах шаардлага тулгарсан юм. Ардын их хурал 430 гишүүнтэйгээр 76 хоногийн турш  хэлэлцэж, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг Б.Чимид голлон боловсруулжээ. Ардчилсан тодотголтой шинэ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэд хэдэн санал гарч, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь нийгэмд “Дордуулсан долоо” гэсэн гуншинтай явж ирлээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал үе, үеийн парламентчидын байнга ярьдаг сэдвийн нэг байдаг. Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын баг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй. Хамгийн сүүлд буюу 2019 оны зургадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан юм. 
Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан юм. Үндсэн хуульд оруулсан нэмэлт,  өөрчлөлт парламентын ардчиллыг төлөвшүүлж, засаглах эрхийг хангах, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой, Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах, Нутгийн удирдлагатай холбоотой гэсэн гол дөрвөн чиглэлтэй байлаа.
Монгол Улсын Их Хурал 2023 онд 64 дүгээр тогтоол баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэхээр тусгасан билээ. Уг тогтоолд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр улс орон даяар тэмдэглэж, Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн бусад арга хэмжээг зохион байгуулахаар тусгасан. 


Үндэстний ой санамж

Бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Үндсэн хуульт БНМАУ-ыг тунхаглан зарласан өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг ч энэ баярын ач холбогдлыг бүрэн ухамсарлаагүйгээс ч тэр үү төдийлөн ач холбогдол өгөлгүй явж иржээ.  Бид 1924 онд Азид анх удаагаа  Үндсэн хууль баталсан. Аливаа түүхэн үйл явдал он цаг алсрах тусам ач холбогдлыг нь ойшоон үнэлэх нь багасах явдал бий. Тийм ч учраас ард иргэдэд тэмдэглэлт үйл явдлаар сануулдаг. Үүнийг үндэстний ой санамж гэнэ. Улс орнууд аливаа тэмдэглэлт үйл явдал, ойн баяруудаа үндэстнийхээ ой санамжид бат суулгах олон арга хэлбэрийг ашиглаж ирсэн байдаг. Ойн баяр, тэмдэглэлт үйл явдалд зориулсан бэлгэдэл шүтээн бий болгох, нийтээр дагаж мөрдөх зан үйл, нийгмийг хамарсан фестиваль зохион байгуулах зэрэг арга хэлбэрүүд байдаг. Үүний нэг нь хоолны соёл. Дэлхий нийтээр мэдэх улс орнуудын баярын хоол, зоог гэж байдаг. АНУ-д тэмдэглэн өнгөрүүлдэг “Талархлын баяр”-ыг цацагт хяруулын махгүйгээр төсөөлөх аргагүй. Эсрэгээрээ цацагт хяруулын махгүйгээр “Талархлын баяр”-ыг төсөөлшгүй. Бид заавал холоос жишээ татах хэрэггүй л дээ. Бидэнд өөрсдийн ийм соёл уламжлал бий. Монголчуудын оюун санаанд үндэстний тусгаар байдлын ой санамж болдог Цагаан сар. Энэ баяраар монголчууд нийтээрээ бууз хэмээх хүндэтгэлийн идээг зооглон, тарган хонины ууц, үхрийн өвчүүгээр баярын ширээгээ чимдэг заншилтай. Цагаан сар буузыг сануулдаг бол бууз эргээд Цагаан сарыг сануулдаг. Энэ ой санамж нь бидний монгол хэмээх үндэстний өв соёл, зан заншлыг хойч үедээ уламжлан өртөөлж байдаг юм. Зуны өргөн дэлгэр цагт болдог бас нэгэн баяр бол Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ойн цэнгэл баяр наадам. Монголчууд энэ баяраар “Наадмын хуушуур зооглохгүй бол наадсан болдоггүй” гэж ярьдаг. Наадмын бас нэгэн зоог бол монголчуудын хүндэтгэлийн зоог болдог бүхэл махаар хийх “Хорхог” хэмээх битүү хоол байдаг.  
Христийн шашинтнууд Зул сарын баяраараа иддэг маш олон хоолны цэстэй байдаг л даа. Францад гэхэд л “Туулайн бөөрөөр хийсэн шанзтай цацагт хяруулын мах”, Италид анх Милан хотод үүссэн Паннеттоне амтат талхыг идэж тэмдэглэн өнгөрүүлдэг байх юм. Дээр дурдсан эдгээр хоол бүгд л ямар нэгэн уламжлалт баяр, тэмдэглэлт өдөр, ойн баярыг бэлгэддэг. Тэгвэл монголчууд бид яагаад Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улсаа тунхаглан зарласан өдрийг сануулах хоолны цэстэй байж болохгүй гэж. Яг ийм асуултын хариултыг ойн арга хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулж буй багийнхан өгчээ. Тэд тусгаар тогтнолын туг болсон Үндсэн хууль баталсан өдрөөрөө шинэ хоолны цэстэй болох уриалга гаргаж байгаа юм. Энэ нь Улс тунхаглан зарласан анхдугаар Үндсэн хуулийн ач холбогдлыг эргэн сануулахаас гадна мөн л үндэстний ой санамжийг бий болгох зорилго агуулж байгаа юм. Монголчууд биднийг маш олон баяр, тэмдэглэлт өдөртэй гэдэг. Гэвч яг үнэндээ баяр болгон нэг л форматаар явдаг нь харамсалтай. Зохион байгуулах багийн зүгээс энэ удаагийн ойн баярыг энгийн нэг арга хэмжээ болгон өнгөрүүлэхээс илүү хойшид даган мөрдөж, жилийн турш санаж, тэмдэглэлт өдрийг тэсэж ядан хүлээдэг өдөр болгон өөрчлөхөөр шийдсэн юм. Энэ баярыг гэр бүлийн баяр болгохын нэг ач холбогдол хоолны соёлоор дамжин заншина.   
Хоол гэдэг хүний анхдагч хэрэгцээ. Хүний энэ мэдрэмжид тулгуурласан зүйл ой санамжаас арилдаггүй. Тийм ч учраас хүний тархинд баяр баясгалангийн мэдрэмж төрүүлдэг биз. Энэ баяр баясгалангийн мэдрэмжээр дамжуулан үндэсний ой санамжид тусгаар үзэл санааны туг болсон Үндсэн хуулийн өдөр дархлагдах нь дамжиггүй юм.  


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө