Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын улс төрийн бодлогын шинэчлэлтэй салшгүй холбоотой

unen
6 цагийн өмнө

МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны 30 жилийн ойг тохиолдуулан эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр 1994-2011 онд ажилласан УИХ-ын гишүүн асан (2000-2004), ШУА, Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх доктор (PhD), профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Алтайг “Эмэгтэйчүүд” буландаа урьж ярилцлаа.

 

-Монголын эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хөгжил дэвшил, шийдвэрлэх түвшин дэх оролцоог нэмэгдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсээр яваа СДМЭХ үүсэн байгуулагдсаны тэгш ойн босгон дээр тантай ярилцаж байгаадаа баяртай байна. Одоогоос 30 жилийн өмнө та энэ байгууллагыг “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэйгээр байгуулагдахад анхны тэргүүнээр нь ажилласан. Тухайн үед эмэгтэйчүүдийн байгууллагын үндэс суурийг хэрхэн тавьж байсан бэ?

-1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Монголын иргэний нийгэм, гишүүдэд үйлчилдэг ажил мэргэжил, сонирхлоор нэгдсэн төрийн бус байгууллагууд бий болсон. Түүнд эмэгтэйчүүдийн байгууллага ч хамаарна. Миний бие 1988-1991 онд Москвагийн Нийгмийн ухааны академийн аспирантурд суралцаж XX зууны улс төрийн түүхийн асуудлаар доктор (PhD)-ын зэрэг хамгаалаад УИХ-ын Судалгааны төвд Улс төр, эрх зүйн салбарын эрхлэгчээр ажиллаж байсан цаг үе. Тухайн үед “Шинэ үе” жигүүрийг үзэл бодлоороо нэгдсэн намын журмын нөхөдтэйгөө байгуулж, МАХН орчин цагийн үзэл баримтлал бүхий парламентын  улс төрийн нам болон шинэчлэгдэх шаардлагатай гэж үзэж байв. 

1992 оны эхээр намын Бага хурлын гишүүнээр сонгогдсоноор нам, улс төрийн ажлын замнал маань эхэлсэн. 1994 оны зургадугаар сард намын  залуу гишүүн, дэмжигчдийн чуулган болж, түүнд эмэгтэйчүүдийн төлөөллөөс цөөнгүй ирсэн байв. Энэ үед эмэгтэйчүүдийн идэвх оролцоог дэмжих зорилгоор намын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог байгуулах бодол төрж, санал санаачилгаа намын Бага хурлын гишүүн “Их Өргөө” компанийн захирал Д.Арвин, намын Удирдах зөвлөлийн албаны улс төрийн ажилтан Ч.Үржмаа, Дорнодын залуу багш Ж.Болормаа, Улаанбаатар хотын намын хорооны улс төрийн ажилтан П.Анхтуяа нарт хэлэхэд дэмжин, санал нэгдсэн. 

Энэ тухайгаа намын удирдлагад танилцуулахад бидний санаачилгыг бүрэн дэмжсэний үндсэн дээр 1994 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр 21 аймаг, нийслэлийн дүүргээс 70 гаруй эмэгтэй төлөөлөгчийг сонгон Анхдугаар зөвлөгөөнөө хийснээр “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн нэртэй байгууллага бий болсон түүхтэй.

-Мэргэжил, туршлага, үзэл бодол өөр хүмүүсийг нэг бодлогоор зангидан залуурдах ажил анхандаа амаргүй байсан нь лавтай. Тиймээс тулхтай, мэдлэг боловсролтой гишүүдээр хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг өргөжүүлж тэндээсээ гар нийлж ажиллах эмэгтэйчүүдээ сонгосон болов уу?

-Тухайн үед намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Даш-Ёндон зохион байгуулалтын асуудлыг удирдаж намайг тэргүүнээр нь санал болгоход төлөөлөгчид дэмжсэн. Санал солилцсоны дараа гүйцэтгэх захирлаар МАН-ын Удирдах зөвлөлийн албаны улс төрийн ажилтан Ч.Үржмаа болон тэргүүлэгчдэд УИХ-ын гишүүн Т.Ганди, Улаанбаатар хотын намын хорооны улс төрийн ажилтан П.Анхтуяа, “Үнэн” сонины сурвалжлагч С.Хишигсүрэн, “Энхжин” компанийн захирал Я.Урансайхан, “Уяхан замбуутив” сэтгүүлийн эрхлэгч С.Оюунчимэг, нийслэлийн ЗДТГ-ын санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Долоонжин нарыг сонгон баталсан. Ийнхүү УИХ, намын аппарат, нийслэлийн ЗДТГ, хэвлэл мэдээллийн болон бизнесийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүд гар нийлж хамтран ажиллахаар болсон.

-“Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөнийхөө зорилгыг анх хэрхэн тодорхойлж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ямар ажил зохион байгуулж байв?

-Холбооны үйл ажиллагаа нь нэгд, намын эгнээг залуу эмэгтэйчүүдээр өргөжүүлэх, тэднийг улс төрд бэлтгэх, намын улс төрийн кампанит ажилд хамтран ажиллах, хоёрт, иргэний нийгмийн төлөвшилд эмэгтэйчүүдийн оролцоо санаачилгыг дэмжих, гуравт, ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн нөхцөлд Монголын нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурийг дээшлүүлэхэд чиглэсэн. Миний хувьд МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр 16 жил, намын Бага хурлын гишүүнээр таван удаа, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 10 гаруй жил сонгогдон ажилласан байдаг. 

-МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага нийгмийн хөгжил хөдөлгөөнтэй зэрэгцэн өөрчлөлт шинэчлэлт хийж ирсэн нь бат бөх суурь тогтох үндэс болсон. Та тэдгээр шинэчлэлийг эхлүүлэхдээ эмээж байв уу?

-Огтхон ч үгүй. Судлаач хүний хувьд МАН-ыг орчин цагийн парламентын нам болгон шинэчлэх, Монгол орны модернизацын асуудлаар доктор Б.Энхмандах, Д.Ганхуяг, Ц.Ганбат нарын нэгэн адил өгүүлэл бичиж “Үнэн” сонинд нийтлүүлж байв. Тиймдээ ч 1992 оны Үндсэн хуульд заасан хүмүүнлэг иргэний нийгмийг цогцлоон төлөвшүүлэхэд хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүд оролцоо, санаачилгатай байх нь чухал гэсэн итгэл үнэмшилтэй байсан юм. Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал нь МАН-ын үзэл баримтлал, улс төрийн бодлогын шинэчлэлтэй салшгүй холбоотойгоор хөгжиж ирсэн.

-Таныг тэргүүлэх хугацаанд эмэгтэйчүүдийн байгууллага хэд хэдэн удаа нэрээ солихдоо бүрэлдэхүүнд нь  ч тодорхой шинэчлэл явагдаж байсан байх. Хөгжлийн энэ урсгалд холбооныхоо үндсийг батжуулахын тулд үнэ цэнээ хэрхэн тодорхойлсон бэ?

-Тийм ээ. 1998 оны тавдугаар сард болсон эмэгтэйчүүдийн байгууллагын II чуулганаар Монголын Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо (МАСЭХ), 2010 оны аравдугаар сард зохион байгуулсан IV чуулганаар Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо (НАМЭХ), 2023 онд Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон шинэчлэгдсэн. Ардчилсан социализм, нийгмийн ардчилал нь угтаа социал демократ үзлийн шинэчлэлийн илэрхийлэл бөгөөд эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн гурван үнэт зүйлсийг эрхэмлэдэг. Тиймээс ч эмэгтэйчүүд бидэнд ойлгомжтой, нийгмийн дэвшилд хөтлөх чухал үзэл баримтлал хэвээр байна. Улс төрийг хүмүүнлэг, шударга, ёс зүйтэй болгоход эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо чухал гэсэн үзэл бодол иргэд сонгогчдод ч бас байна.

 

Нийгмийн томоохон сорилтод Эмэгтэйчүүдийн холбоо анхаарал хандуулж, бодлогоо хэрэгжүүлэх нь чухал

-Эмэгтэйчүүдийг ээж, эхнэр гэх нийгэмд тогтсон харах өнцгийг өөрчлөхийн тулд ямар зоригтой алхмуудыг тухайн үед хийсэн бэ?

-Монголчууд эрт цагаас нүүдлийн соёл иргэншлийг цогцлоон амьдарч арга билгийн ухааныг дээдэлж ирсэн ард түмэн. Эзэн хаант төрийг барих ухаанд эх хүний амьдралын түшиг, хатад охидын цэц мэргэн санааг хүндлэн сонсож,  ахуй соёлын өвөрмөц онцлогоос үүдсэн эрэгтэй, эмэгтэй хүн харилцан бие биенээ хүндлэн нөхөж, арга билгийг хослуулж ирсэн уламжлалтай. Бүр XIII зуунд Монголд ирж байсан гаднын худалдаачид, шашны зүтгэлтнүүд монгол эмэгтэй эрчүүдийн нэгэн адил амьдралын бүхий л талын үйл хэрэгт оролцоотой байдгийг онцлон анзаарсан байдаг. 

Монголын эмэгтэйчүүд өнөөдөр боловсрол мэдлэгээр дутахааргүй аливаа хариуцлагатай ажлыг сайн гүйцэтгэж байна. Эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээ гэлтгүй хууль шүүхийн байгууллага, бизнесийн салбарт хүч сорьж эдийн засгийн эрх мэдлээ бага боловч бэхжүүлж байна.

 Гэхдээ уламжлалт хэвшмэл сэтгэлгээнд суурилсан хандлага бат бөх байсаар байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ядуурал, нийгмийн тэгш бус байдал буурахгүй, зарим талаар нэмэгдэж байгаа нь шилжилтийн үеийн томоохон сорилт, нийгэмд дундаж давхарга төлөвшөөгүй байгаатай холбоотой. Энэ талд зүүний социал демократ үзэлтэй улс төрийн нам, эмэгтэйчүүдийн холбоо онцгой анхаарч улс төрийн бодлогоо хэрэгжүүлэх нь чухал. Улс орон хөгжихийн хэрээр Монголын эрэгтэйчүүд, залуучууд, хөвгүүдийн жендэрийн уламжлалт хандлага алхам алхмаар өөрчлөгдөн нийгмийн тэгш шударга аж байдлыг эрхэмлэн эмэгтэйчүүд, охид, бүсгүйчүүдэд хандах эерэг үзэл ирээдүйд төлөвшинө гэдэгт итгэдэг.

-Аливаа ажил эхэндээ голдуухан шүүмжлэл дагуулдаг. Эмэгтэйчүүд эрх тэгш байдлын талаар ярьж, нийгмийн шат шатны үйл ажиллагаанд оролцоод ирэхээр дургүйцэх бүлэг байсан нь дамжиггүй. Тэдний эргэлзээг арилгахад ямар бодлого барьж ажилласан бэ?

-Анхлан намын дэргэд эмэгтэйчүүдийн ТББ бий болоход эмэгтэйчүүд, намын журмын нөхөд, хамт олон, хувь хүмүүсийн шүүмжлэлийг сонсож байсангүй. Харин ч улс төрийн намын дэмжлэг туслалцааг мэдэрч, хожим олон улсын байгууллага, сантай хамтран олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Өмнөх асуултад нэмэлт болгон жендэрийн ойлголтын талаар цухас дурдъя. “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөн байгуулагдсаны дараа жил 1995 оны намар НҮБ-ын ивээл дор Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурал, эмэгтэйчүүдийн ТББ-ын чуулган Бээжинд болж, Д.Алтай, Ч.Үржмаа, Я.Урансайхан, Ц.Долоонжин, С.Оюунчимэг бид тавуул оролцож байлаа. Эл бага хурлаас Бээжингийн “Үйл ажиллагааны хөтөлбөр” батлагдаж улс орнуудын Засгийн газар, парламентад улс орондоо хэрэгжүүлэхийг даалгасан. 

1996 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газар “Эмэгтэйчүүд-Нийгмийн хөгжил” үндэсний чуулган зохион байгуулж, Монгол Улсын “Эмэгтэйчүүдийн аж байдлын үндэсний хөтөлбөр”-ийг Бээжингийн тунхаглалын үзэл санааны дагуу боловсруулж баталсан. Бээжингийн тунхаглалд эмэгтэйчүүдийн эдийн засаг, улс төрийн эрх мэдлийг бэхжүүлэх, нийгэмд гүйцэтгэх үүрэг, байр суурийг дээшлүүлэх олон зорилт, арга хэмжээг тодорхойлсон. Энэ үеэс “Эмэгтэйчүүд-Хөгжил” ухагдахуун  “Жендэр-Хөгжил” гэсэн дэлхий нийтийн ойлголтоор баяжсан юм. 2000 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцсон төр, засгийн удирдагчид 2015 он хүртэл хэрэгжүүлэх “Мянганы тунхаглал”-ыг баталж үндсэн найман зорилтыг онцлон, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх асуудлыг гурав дахь тусгай зорилт болгон дэвшүүлсэн. 

2005 онд УИХ-аас баталсан Монгол Улсын “Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” тогтоолын хавсралтад “Хүйсийн тэгш байдлыг дэмжин хөгжүүлж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх” гэдэг  гурав дахь зорилтод “Үндэсний парламентад нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2012 онд 30, 2015 онд 35 хувь байна” гэж заасан. Ийнхүү Монгол Улс дэлхийн улс түмний өмнө дээрх зорилтыг биелүүлэх үүрэг даалгавар авсан. Намайг УИХ-д сонгогдон ажиллаж байхад 2002 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж 2015 он хүртэл таван үе шаттай хэрэгжүүлэх зорилтыг үйл ажиллагаа, үр дүнтэй нь хамт дэвшүүлэн баталсан. Жендэр гэдэг олон улсын ойлголтыг сурталчлан ойлгуулах зорилгоор манай холбоо 2005 онд “Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн агуулгаар дугуй ширээний цуврал ярилцлагыг Германы Ф.Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр дөрвөн удаа зохион байгуулж байв.


 Д.Алтай: Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр улс төр илүү хүмүүнлэг, ёс зүйтэй болно

 Үүнд орон нутгийн идэвхтэн сонгуультан, анхан ба дунд шатны намын удирдлага, шийдвэр гаргах түвшинд ажилладаг эрэгтэй дарга нар, судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцдог байв. Үүнээс хойш 20 орчим жилийн дараа 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн 30 хувийн квот баталгаажсан нь улстөрч эрчүүдийн хандлагад ахиц гарсныг гэрчилж буй явдал юм.

-“Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөл­гөө­нөөс эхлээд Нийг­мийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо бол­тол хүрээгээ тэлсэн том байгуул­лагыг үндэсний хэмжээнд хөгжүүлэхдээ гол нь юунд анхаарал хандуулсан бэ?

-Холбоог бүтэц, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх ажлаас эхэлсэн. МАН-ын аймаг, дунд, анхан шатны байгууллагатай хамтран байгууллагын зорилгыг тайлбарлан сурталчлах, залуу эмэгтэйчүүдийг татах, эмэгтэйчүүдийн мэдлэг боловсролыг хөгжүүлэх сурталчилгаа хийсэн. Улс төрийн намын эмэгтэйчүүдийн байгууллагын хувьд дөрвөн жил тутам болдог УИХ ба орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуульд намаас нэр дэвшигчдийг дэмжин ажиллах багт орж намын дэргэдэх залуучуудын холбоотой хамтран 1996 оноос хойших бүх шатны сонгуульд идэвхтэн сонгуультнуудаа оролцуулж, тэд ч улс төрд аажмаар суралцаж эхэлсэн.

1996 оны сонгуульд МАН парламентад 25 гишүүнтэй хүчтэй сөрөг хүчин болсон. Энэ үеэс Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Эмэгтэйчүүд төсөл хэрхэн бичиж хамрагдах вэ”, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Эрүүл мэнд-Эрүүл ахуй”, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Агаарын бохирдол-Эрүүл мэнд”, НҮБ-ын ДОХ-той тэмцэх Үндэсний сан, “Глобал” сангийн ДОХ, бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцэхэд оюутан залуусыг сургагч багшааар бэлтгэх “Залуус” зэрэг олон төслийг хэрэгжүүлж Монголд иргэний нийгэм төлөвшүүлэх, иргэд эмэгтэйчүүд, оюутан залуусын мэдлэг оролцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байлаа.

2000 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болж Засгийн газраа байгуулсан. Парламентад есөн эмэгтэй сонгогдсоноос найм нь МАН, нэг нь Иргэний зориг намын төлөөлөл байв. Энэ парламент Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг сурталчилгаа, лобби нөлөөллийн ажлын үр дүнд батлуулж чадсан. Миний хувьд Боловсролын багц хуулийг батлан гаргахад биечлэн оролцож, УИХ-ын гишүүний болон төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрэм боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллан 2003 оны нэгдүгээр сард өргөн барьсан. Харамсалтай нь энэ хууль гурван парламент дамжин 2008-2012 оны үед батлагдсан. УИХ шинээр бүрэлдэх тутам бүтцэд Ёс зүйн дэд хороо байгуулагдаж, Монгол Улсад ардчилсан засаглал, парламентын ардчиллыг хөгжүүлэхэд бага боловч хувь нэмрээ оруулсан гэж боддог.

2000 оноос ХБНГУ-ын Ф.Эбер­тийн сантай намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах болсноор үндэсний хэмжээний ТББ болон бэхжихэд чухал дэмжлэг болсон. Идэвхтэн сонгуультан, манлайлагч эмэг­тэйчүүдийг бэлтгэн чадавхжуулах сургалтыг орон даяар бүсчлэн зохиож эхэн үед “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөний сонгуультан л хамрагддаг байсан бол 2003 оноос Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран олон төрлийн ажлыг хийсэн. 

Идэвхтэн сонгуультан, манлайлагч эмэгтэйчүүдийг бэлтгэн чадавхжуулах сургалтыг орон даяар бүсчлэн зохиох, Германы улстөрч эмэгтэйчүүдийн оролцоотой зуны сургууль, Удирдлагын академид захиалгат нэг сар, 14 хоногийн түргэвчилсэн сургалтаар эмэгтэй нэр дэвшигч, манлайлагч, сонгуулийн менежерийг бэлтгэх, 10 гаруй гарын авлага ном товхимол, судалгааны дүн шинжилгээ бүхий ном, жендэрийн тэгш байдлын ойлголт тайлбар бүхий эрэгтэй удирдах ажилтанд зориулсан ширээний эвхмэл календарь, “Сонгууль ба эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний форум зэрэг олон төрлийн ажлыг хийсэн. 

2002 оны зургадугаар сард болсон МАСЭХ-ны III чуулган  холбоог үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах шинэ Удирдах зөвлөлийг өргөжүүлэн сонгож, 1998 оноос 3-4 дэд тэргүүнийг тодорхой асуудал хамрах хүрээгээр сонгох болсноор гадаад, дотоодод болдог өргөн хүрээний үйл ажиллагаанд хүртээмжтэй оролцох боломж бүрдсэн. 2007 онд холбоо манлайлагч эмэгтэйчүүдийг төлөвшүүлэх зорилгоор “Хатагтай” клуб байгуулан үндэсний, гадаад орны нэртэй улстөрч эмэгтэйчүүдийн тухай танилцуулах болсон юм.

 

Намын дүрмийн квот нь эмэгтэйчүүд улс төрийн ажлын туршлага эзэмших, хүлээн зөвшөөрөгдөхөд чухал хөшүүрэг болсон 

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд та хэрхэн анхаарч ирсэн бэ?

-Улс төрийн намын дотоод амьдралд холбооны идэвхтэн сонгуультнууд оролцоо үүрэгтэй байх, байр сууриа илэрхийлэх боломжийг нээхийн тулд намын дотоод бүтцэд квот оруулах зорилгоос эхэлсэн. Өмнө нь эмэгтэйчүүд улс төрийн намын гүйцэтгэх ажилд илүү оролцоотой байсан бол квотын үр дүнгээр намын бүх шатны удирдах байгууллагад сонгогдох эрхээр хангагдах нөхцөл бүрдэхээр байв. 2005 онд болсон МАН-ын XXIV Их хуралд манай холбооноос “Намын бүх шатны сонгогдох байгууллагын бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн заалтыг санал болгож намын дүрэмд батлуулсан. 

Гэвч энэ заалт бодитой  хэрэгжихгүй байсан тул 2007 онд намын XXV Их хурлын өмнө“25 хувь” лобби бүлэг байгуулан намын Ёс зүйн хороонд бүртгүүлж,“Тэгш эрх” сониныг хэвлүүлэн тарааж байв. МАН-ын Удирдах зөвлөл, намын Бага хурлын гишүүд, Их хурлын төлөөлөгчдийн дунд ухуулга-нөлөөллийн кампанит ажил өрнүүлсэн. Ингээд “Санал хураалтыг энэ шаардлагад нийцүүлэн зохион байгуулна” гэсэн тодотголыг дүрэмд нэмж оруулсан юм. Үүний үр дүнд их хурлаас сонгогдох намын Бага хурал, Удирдах зөвлөл, Хяналтын хороонд эмэгтэйчүүдийн байгууллагаас санал болгосон эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэв.

Дүрмийн квот нь эмэгтэйчүүд намын дотоод амьдралд идэвхтэй оролцон намын хамт олонд танигдах, улс төрийн ажлын туршлага эзэмших, нам дотроо хүлээн зөвшөөрөгдөхөд чухал хөшүүрэг болсон.

2005 оны дөрөвдүгээр сард УИХ-д суудалтай дөрвөн нам - МАН, АН, Иргэний зориг нам, “Эх орон” намын эмэгтэйчүүдийн холбоод хамтран АНУ-ын Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Улс төр ба засаглалд эмэгтэйчүүдийн түншлэл” форум зохион байгуулж “Их тэнгэрийн тунхаглал”-ыг батлав. Тунхаглалд улс төрийн дөрвөн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнүүд хамтран гарын үсэг зурсан нь намуудын удирдлагад чухал даалгавар болон ногдсон. Уг тунхаглалд эмэгтэйчүүдийн  квотыг УИХ-ын Сонгуулийн хуульд тусгах зорилтыг онцлон заасан.

 УИХ-д суудалтай улс төрийн намуудын эмэгтэйчүүдийн холбоодтой хамтран 2005 онд УИХ-ын сонгуулийн хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэсэн заалтыг оруулсан боловч багагүй сорилттой тулгарсан. 2007 оны арванхоёрдугаар сард уг заалтыг эрэгтэйчүүд давамгайлсан УИХ хассан. СДМЭХ-ны идэвх чармайлт, МАН-ын удирдлагын манлайлал, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр жендэрийн тэгш төлөөллийг хангах 30 хувийн заалт сонгуулийн хуульд 18 жилийн дараа 2023 онд дахин амилсан.

-Хөгжил ярихад зайлшгүй шаардагдах зүйл нь гадаад харилцаа байдаг. Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр 16 жил ажиллахдаа та энэ чиглэлд ямар бодлого баримтлан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бол?

-1999 онд МАН Социнтерний ажиглагч гишүүн болж 2000 оны дөрөвдүгээр сараас жил бүр зохиогддог Социнтерний эмэгтэйчүүдийн товчооны хуралд оролцож эхэлсэн. Холбооны тэргүүн доктор Д.Алтай 2001, 2007, 2009 онд Монголын эмэгтэйчүүдийн ажил амьдралын тэнцвэр, эдийн засгийн хямрал ба эмэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сэдвээр гурван удаа илтгэл тавьсан.

Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн. Тухайлбал, 2000 оноос ХБНГУ-ын Ф.Эбертийн сантай хамтран улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоонд дэмжлэг үзүүлэх дунд хугацааны төслийг хэрэгжүүлж эхлэв. 2001 оноос “10 жилийн дараах Монголын эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо” урт хугацааны төслийг үргэлжлүүлэв. 2001-2004 оны эхний шатанд “Эмэгтэйчүүд улс төрд”, “Эмэгтэйчүүд улс төр лүү” бичил хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. 

Удирдлагын академид нэг болон гурван сарын сургалт, идэвхтэн сонгуультны бүсчилсэн зөвлөгөөн, судалгааны ном гаргах, намын дүрэмд эмэгтэйчүүдийг дэмжих квот оруулах лобби сурталчилгааны ажил, сургалт явуулсан нь чухал ач холбогдолтой байв.

 Урт хугацааны төслийг 2005-2008, 2009-2010 онд үргэлжлүүлж Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квот оруулах, нэр дэвшигч эмэгтэйчүүдийг сургах, эрэгтэй удирдагчдад нөлөөлөх үйл ажиллагаа, “Сонгууль ба эмэгтэйчүүдийн оролцоо” үндэсний чуулган хийх зэрэг асуудалд төвлөрсөн юм.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд 1998 онд Япон, 1999 онд БНАСАУ, 2000 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын эмэгтэйчүүдийн байгууллагатай, 2001 оноос ХБНГУ-ын Ф.Эбертийн сан, ГСДН, 2006 оноос Шведийн СДН, ИБУИНХУ-ын Хөдөлмөрийн нам, 2005 оноос АНУ-ын БНОУХ, Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан зэрэгтэй харилцаа холбоо тогтоож, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, харилцан айлчлал хийх, туршлага судлах, форум, чуулган зохион байгуулах зэрэг өргөн хүрээний ажлыг хийж гүйцэтгэжээ.

 


Намын дэргэдэх Эмэгтэйчүүдийн холбоо 2011 он гэхэд гадаад дотоодод нэр хүндтэй ТББ болж төлөвшсөн

 

-Социал демократ эмэг­тэйчүүдийн холбооны замнал бол Монголын мянга мянган эмэгтэйчүүдийн түүх юм. Өдгөө 100 орчим мянган гишүүнтэй энэ том хамт олон удахгүй 30 жилийн алдаа оноогоо хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх бодлого, чиглэлээ тодорхойлно. Энэ их үйлсэд нь дайх үг танд бий юү? 

-МАН-ын дэргэдэх эмэг­тэйчүүдийн холбоо нь 2011 он гэхэд 21 аймаг, нийслэлийн бүх дүүрэгт салбар зөвлөлтэй,  60 гаруй мянган идэвхтэн сонгуультантай, цомхон ажлын албатай (Гүйцэтгэх захирал, улс төрийн ажилтан, нарийн бичиг, төслийн зохицуулагч) боловч улс төрийн нам, иргэний нийгэм, орон нутгийн   холбоог бүрэн хамаарсан, гадаад дотоодод нэр хүндтэй үндэсний хэмжээний эмэгтэйчүүдийн ТББ болж төлөвшсөн. 1994 онд байгуулсан “Эмэгтэйчүүд-Хөгжил” хөдөлгөөнөөс 1998 онд МАСЭХ, 2010 онд НАМЭХ нэртэй болж өргөжин хөгжсөн энэ байгууллагын түүх нь миний амьдралын 16 жилийн хөдөлмөр, санаачилга, зүтгэлтэй салшгүй холбоотой сайхан дурсамж үлдээсэн. Хамт олон, бүх насны эмэгтэйчүүд, эрэгтэй намын журмын нөхөд  ба удирдлага, намын дэргэдэх Залуучууд, Оюутан, Ахмадын холбоодтой гар нийлэн хамтран ажиллах арвин туршлага хуримтлуулсан он жилүүд байлаа.

2012 оноос ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд ажилд ормогц байгуулагдсан Төв Зүүн Европ судлалын Монголын холбооны гүйцэтгэх захирал, 2017 оноос тэргүүнээр нь ажиллаж, Төв Зүүн Европ судлалын Олон улсын зөвлөлийн Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2021 онд сонгогдон олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцон илтгэл тавьсан хэвээр явна.

2011 оны зургадугаар сарын ээлжит бус чуулганаар төрийн захиргааны байгууллагад шилжин ажиллах болсон тул эмэгтэйчүүдийн холбооны ажлаа хүлээлгэн өгсөн. Тэр цагаас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Д.Сарангэрэл, Х.Булгантуяа нар энэ байгууллагыг нэр төртэйгөөр залгамжлан удирдаж, сайн уламжлалыг үргэлжлүүлж шинийг санаачлан авч яваад сэтгэл хангалуун байдаг.

Гэхдээ нийгэмд хүчтэй дундаж давхарга төлөвшиж чадаагүй, баян ядуугийн ялгаа, тэгш бус байдал арилахгүй байгаагийн улмаас эмэгтэйчүүдийн амь­жиргаа  доройтох, хүүхдийн эрх зөрчигдөх олон сорилт шийдлээ хүлээсээр л байна. УИХ, Засгийн газарт эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэхийн хэрээр нийгмийн асуудал алхам алхмаар шийдвэрлэгдэж, улс төр илүү хүмүүнлэг, шударга, ёс зүйтэй болох байх гэсэн нийгмийн хүлээлт хэвээр байна. Эдгээр зорилт, тулгамдаж буй сорилтыг ирэх 30 жилд манай Эмэгтэйчүүдийн холбоо улс төрийн намтайгаа хамтран амжилттай шийдвэрлээсэй гэж түүхч судлаач, нийгмийн зүтгэлтний  хувьд хэлмээр байна.

Эцэст нь, 30 жилийн турш биднийг дэмжин үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн МАН-ын удирдлага, намын Удирдах зөвлөл, намын Бага хурал, орон нутаг дахь намын дунд, доод шатны байгууллага, журмын нөхөд, холбооны олон зуун мянган идэвхтэн сонгуультан эмэгтэйчүүд бүсгүйчүүд, гадаад дотоодын сан, олон улсын байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн ТББ, хувь хүмүүст гүн талархал илэрхийлье.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 1 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 4 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 6 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 6 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 6 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 6 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 6 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 7 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 7 цагийн өмнө