Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгээс

unen
5 цагийн өмнө

Г.Очирбат
/Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МАН-ын дарга асан/ 

Монголчууд бид уул овоо тайх өнө эртний уламжлалтай билээ.  Бүүр дээр үеэс тахисаар ирсэн Богдхан уул, Отгонтэнгэр уул, Хан Хэнтий уулын тайлга, тахилгатай холбоо бүхий баримтууд Монгол улсын түүхийн төв архивт хадгалагдан байдаг бөгөөд тэдгээрийн заримаас уншигчиддаа толилуулъя. 
  *          *          *         
Олноо өргөгдсөн зургадугаар он, улаан луу жилийн зуны дунд сарын арван есний гараг, гал гахай өдрийн луу цагт: Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаан Би бээр зарлигаар Ван сайдыг гаргаж Отгонтэнгэр уулын тэнгэр тахин тайх учир нь, Би сэтгэвээс, эрт цагаас эдүгээ дор хүртэл эрхэм их тэнгэрийн тус эрдэм маш гайхамшигтай бөгөөд баруун хязгаарт сүр жавхлант түмний газар хүртэл бадруулж, шар шашныг сахин, басхүү амьтныг туслахын тухайд дөрвөн улирлыг зүй бээр тэгшлэн тэтгэж ивээсний ач тусаар олон монголчууд амгалан жаргаланг эдэлсээр бөгөөд эдүгээ ялангуяа тусгайлан тулгар төр байгуулж бусдын боолоос гаран гагцхүү шар шашнаа эрхэмлэн бадруулж бүхий энэ цагт эрхэм тэнгэрийн ивээн хамгаалж туслан тэтгэхүйеэ  дор ихэд итгэмжлэн даатгахын тулд тухайлан Ван сайдыг гаргаж хүж, торго илгээн, тахил тавилгыг бэлтгэн ном уншуулж илэрхийеэ тайх ёслолыг явуулвай. Эрхэм их тэнгэр нөхөр сэлт бүгдээр баясан хүлээн авч арван зүг дор түмэн түмний газраа огт алгасалгүй харж сахин, ил далдын элдэв харшлах дайсан хийгээд догшин хор тэргүүтнийг цөм түргэнээ устгаж, шашин төрийг өнө удаан тунгалаг бат дэлгэрүүлэн оршуулж, басхүү түмэн бодис шимийг өчүүхэн төдий солигдуулалгүй хотол төгс бээр гүйцэлдүүлж олон монголчуудыг  хэзээ ямагт буян чуулганыг хураалган амгалан жаргалан лугаа төгсхөн тэтгэсээр ахуйг тухайлан даатгаж чин үнэнхүүгээс тайлгавай, анхааран хүлээн авч, үргэлжид өршөөн тэтгэхийг айлдан айлд !     
  *          *          *      
Богд хааны зарлигаар олноо өргөгдсөний наймдугаар оны зуны дунд сарын хорин гуравны даваа гараг, шарагчин тахиа өдрийн туулай цагт Отгонтэнгэр уулыг уламжлал есоор тайсан байна. Уг тайлгад Богд хаан тайлгын бичиг, хүж, торгыг хамтаар хайрцагт агуулж илгээсэн байх бөгөөд тайлгын ёслолд Улиастайн сайд Чүлтэм бэйлийг Богдын зарлигаар томилон оролцуулжээ. 
Олноо өргөгдсөний арван нэгдүгээр оны зуны дунд сарын арван есний цог учрал бүрдсэн эрхэм сайн өдрийг сонгон тохиолдуулж, “Шашин төрийг хослон баригч наран гэрэлт Богд хаан бээр зарлигаар сайдыг гаргаж Отгонтэнгэр уулын тэнгэр тахин тайх учир, Би сэтгэвээс, эрт цагаас эдүгээ дор хүртэл Эрхэм их тэнгэрийн тус эрдэм маш гайхамшигтай бөгөөд баруун хязгаарт сүр жавхланг түмний газар хүртэл бадруулж, шар шашныг сахин, басхүү амьтныг  туслахын тухайд дөрвөн улирлыг зүй бээр тэгшлэн тэтгэж ивээсний ач тусаар олон монголчууд амгалан жаргаланг эдэлсээр бөгөөд ...” гэх мэтээр Богдын тайлгын эл бичгийн агуулга нь олноо өргөгдсөний зургадугаар онд Отгонтэнгэр уулын тэнгэр тайх тайлгад Богд хаанаас илгээсэн тайлгын бичигтэй үг үсэг зөрөхгүй яг нийлж байгаа учраас дахин давтаж энд сийрүүлэн бичих шаардлагагүй болов уу. 
  *          *          *   
Нийслэл хүрээний Эрдэнэ шанздубын яамны бичиг 

Монгол ардын Засгийн газрын Дотоод яамнаа хуудсаар өргөн мэдүүлэх учир, эдүгээ Дотоод яамнаас энэ жил зуны цаг шажныг тэтгэгч Богд хаан Хайрхан уул, Хан Хэнтий, Отгонтэнгэр, Отгонхайрхан, Дарьганга дахь Дарь  овоо эдгээр дөрвөн уулыг энэ зуны цаг удаа дараа тайлгах өдөр, цагийг эртхэнээс сонгон үзүүлж мэдүүлэн ирүүлэхээр тушаасныг дагаж манай газраас харьяат зурхайчин нарт уламжлан өдөр цагийг сонгон үзүүлбээс: 
Шажныг тэтгэгч Богд хаан Хайрхан уулыг энэ жил таван сарын шинийн дөрөвнийг тасраад шинийн найман нь ням гариг, төмөр хонь, энэ өдрийн могой буюу бичин цагт,
Хан Хэнтий, Отгонхайрхан хоёр уулыг мөн сарын шинийн дөрөвнийг тасраад арван гурван нь  баасан гариг, гал хулгана, энэ өдрийн морь буюу бичин цагт,
Дарьганга дахь Дарь овоог зургаан сарын шинийн гурван нь пүрэв гариг гал бичин энэ өдрийн луу буюу хонин цагт тус тус тайваас сайн хэмээсэн тул үүнийг Монгол ардын Загийн газрын Дотоод яамнаа хуудсаар өргөн мэдүүлээд гүйцэтгэн шийтгүүлье, үүний тул өргөв. 
Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он гурван сарын хорин долоон.    

1922 оны таван сарын 2-ноор өндөрлөсөн Монгол ардын засгийн Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны бичигт:
“Отгонтэнгэр уулын тайлгын тухай хэрэглэл зүйлийн тоо угаас асар үлэмжгүй мэт тул өөрчлөн хэлэлцэх зүйлгүй, гагцхүү  Улиастайн сайдыг гаргаж тайлахыг /тахихыг/ зогсоож ойр нутаг тохиолдох хошууны ван гүнгээс төлөөлөн томилж, Ачитын хүрээний дэд  ламыг тэргүүлүүлэн бүгд арван хоёр ламыг бүрэн зэнсэг тахил тавилга хэрэгсэл зүйлийн хамтаар гаргуулж ном уншуулах ба таван яамны дотроос түшмэл нэг хүнд сангаас гаргах зүйлийг авахуулан өртөө улаагаар илгээж хамт нийлж нүд үзэж тайлах ба тэдний суух асар майхан, шүүс хүнс, уналга  ачлага зүйлийг зохих газраас гаргуулан нийлүүлгэж тус аймгийн дотроо тэгшитгэн шийтгүүлж нэг мөр болгон дагаж явуулсугай” гэжээ. 
1897 онд Самади багш Жалханз хутагт Дамдинбазар бээр Отгонтэнгэр уулыг тахисан гэсэн баримт бий. А.Лхасүрэн хэмээх эрдэмт нэгэн лам /энэ лам бол Жалханз хутагтын шанзаваар олон жил ажилласан хүн/ 1928 онд туурвисан “Цагаан лянхын баглаа сайн чуулганы хаалгыг нээгч” нэртэй Дамдинбазар хутагтын он дарааллын намтарчилсан бүтээлдээ: ”Гал тахиа жил /1897/, гэгээн 24 настай. Жалханз хутагтад амрах тухлах цаг, нар байсангүй. Хүрээндээ домын дамжаа нээсний дараа Их хүрээ зорьж Богдын дэргэд шадарлав. Намар нь Богдын өлмий бататгахад зориулж Дамсэрээ /тангарагийн бугийг/ дарав. Өвөл нь Богд эзэн “Отгонтэнгэрийг тахих хэрэгтэй” гэсэн ёсоор тэр даруй Их хүрээнээс яаравчлан улаагаар, морин өртөө дамжин явсаар Отгонтэнгэрийг тахиж, тэндээс өөрийн хүрээнд буцаж ирлээ” гэж бичжээ. 
  *          *          *     
 
Тайлбар хэдэн үг: Халхын гурван том уулыг эрт дээр үеэс албан ёсоор тогтмол тайн тахидаг байжээ. Манжийн хааны зарлигаар 1778 оноос Богд хан хайрхан, 1779 оноос Отгонтэнгэр, 1818 оноос Хан Хэнтий уулыг тус тус тахиж, эдгээр уулын тайлга тахилгад Манжийн хаанаас тусгай хүжийн зүйл тогтмол ирүүлж, заримдаа бие төлөөлөгч илгээж байсан ажээ. 
Отгонтэнгэр уулын тайлга тахилгын тухай архивын дээрх баримтууд бол Богд хаант Монголын үе болон Ардын засгийн эхний хоёр жилд холбогдох юм. Эндээс ажиглахад, Отгонтэнгэр уулыг тайн тахих сар, өдөр, цагийн сайныг сонгон урьдаас товлон тогтоож, холбогдох аймаг, хошуудын эрх баригчдад энэ тухай заавар, тушаал өгдөг байжээ. Богд хаант Монгол улсын үед төр шашны тэргүүн VIII Жавзандамба хутагт бээр Отгонтэнгэрийн тахилгад тайлгын бичиг, торго, хүжийг тусгай хайрцагт хийж илгээхийн хамт, уг уулын тайлга тахилгад тэргүүлэн оролцох сайд, түшмэлийг зарлигаар томилдог байжээ. 
Отгонтэнгэр уулыг тайх тухай Богдын зарлиг болон төрийн дээд байгууллагын баримт бичгүүдэд бөх барилдах, морь уралдах, наадам зохион байгуулах талаар тусгайлан заасан зүйл тааралдахгуй байгаагийн дээр харин тайлгын ном унших эрдэм мэдлэг, мяндаг тушаалтай сайн лам нар оролцуулахыг онцгойлон зааварлаж байсан байна. Энэ нь учиртай байж болох юм. Энд тахиж буй уулынхаа тэнгэрт залбирал үйлдэн, төр улсаа, хотол олноо сайн сайхан байлгахыг даатгаж аргадан гуйх нь чухал зүйл болохоос, тахилгад оролцогсдын зугаа цэнгэл биш байсан хэрэг буй заа. Бодоход уул, овооны тахилгыг ёс төртэй, төвшин цэмцгэр, нарийн дэгтэй үйлдвээс тахиж буй төр түмэндээ ч, тахиулж байгаа сүрлэг сайхан хайрхан уул, хангай дэлхийдээ ч өлзийтэй байж болох юм. 
Нийтлүүлж байгаа эл баримт бичгүүдэд Отгонтэнгэр зэрэг төрийн бусад тахилгат уулсыг тайхад анхаарч хэрэглүүштэй ёс журмын холбогдол бүхий чухал санаа буй нь эргэлзээгүй билээ. 

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/  


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө