Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа


 
Өвлийн эхэн сар шувтрах тийшээ хандаж байгаа ч өнөтэй дулаахан, хаа сайгүй налгар өдрүүд үргэлжилж байна. Харин улс төрд  сэрүү татуулсан олон үйл явдал өрнөв.  УИХ-ын 126 гишүүний намаржин хуралдаж, хэл ам, хэрүүл тэмцэлтэй баталсан 2025 оны улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа. Ерөнхийлөгч энэ удаад УИХ-ын эрхэм гишүүдээс “Алдагдалгүй төсөв батлах, хууль дээдлэх зарчмаа биелүүлэх” гэсэн хоёр том шаардлага тавьж, төсөвт хориг тавьснаа зарлав. Ерөнхийлөгч УИХ-ыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа ч нуусангүй. Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг  2025 оны төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь парламент ажлын 14 хоногийн дотор хэлэлцэнэ.  Гэхдээ УИХ олонхоороо буюу гуравны хоёр /66.6 хувь/ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж үзвэл төсөв хэрэгжинэ. Харин хүлээж авах нь зүйтэй гэж үзвэл 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах юм. Хэт үрэлгэн гэсэн шүүмжлэл дагуулаад байгаа 2025 оны төсөвт Монгол төрийн тэргүүн хориг тавьсныг олон нийт тааламжтайгаар хүлээж авлаа.

Тэгвэл Засгийн газрын тэргүүн яам агентлагуудаа эргэж, улс орны хэтэвч болсон Сангийн яам, Татварын ерөнхий газарт ажиллалаа. Ерөнхий сайдыг Сангийн сайд  сайхан мэдээтэй угтав. Тэрбээр “Одоогоос 16 жилийн өмнө төсвийн орлого 99.9 их наяд төгрөг байсан бол сүүлийн гурван жилд 110.4 их наяд төгрөг болж өссөн. Экспорт 78.4 тэрбум ам.доллар байсан бол 2022-2025 онд 63.3 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ 2021 онтой харьцуулахад  хоёр дахин өсөж 2025 онд 8.000 ам.долларт хүрэх тооцоолол гарсан. Өнгөрсөн хугацаанд өрийн удирдлагыг оновчтой зохион байгуулснаар гадаад өр төлбөрийн дарамт буурсан” гэж танилцуулсан юм. Харин Татварын ерөнхий газарт ажиллах үеэрээ  Ерөнхий сайд татварын реформ хийх ажлын бэлтгэл хангахыг үүрэг болгов. Татвараар төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллахаас илүүтэй татварын бааз суурийг өргөжүүлэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгох, хандлагын өөрчлөлт хийхэд татварын реформ чиглэх ёстойг онцолж байв. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь АН-ын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд орж,  Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаар мэдээлэл өглөө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард БНХАУ-д айлчлах үеэр Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Гэхдээ төсөл хэрэгжихэд том асуудал үүсээд байгааг тэрбээр нуусангүй.  Одоогоос 10 жилийн өмнө БНХАУ-ын төрийн өмчит “Чайна энержи” компанийн төлөөлөл Монгол Улсад ирж, санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурж, 2015 онд хөрөнгөө гарган төмөр замаа тавьсан байдаг. Харин манай тал гэрээнээсээ буцаж, олон жилийн дараа төмөр зам тавьсан ч Хятадын талын тавьсан төмөр замын царигтай зөрсөн.  Хятадууд  нарийн царигтай төмөр зам тавьсан бол Монголын тал өргөн царигтай төмөр зам тавьжээ. Тиймээс хятадууд  “Монгол Улс гэрээний үүргээ биелүүлээгүй,  эргэж буцсан шийдвэрээс болж, “Чайна энержи” компанийн алдагдсан боломж 2.7 тэрбум юань болсон. Төслийг цаашид хэрэгжүүлэхгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандана” гэж мэдэгдэж байгаа юм байна. Нөхцөл байдал хүндэрч эхэлсэн учраас Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтыг  976 тэрбум төгрөг буюу 280 сая ам.доллараар гүйцэтгэх,  Монголын тал хил доторх өртөг зардлаа хариуцахаас өөр аргагүй байдалд ороод байгааг Ерөнхий сайд намын бүлгүүдэд дуулгалаа.  
Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн үйл ажиллагаа,  Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2023 онд 599.6 мянган тонн зэсийн баяжмал, 35.1 сая тонн нүүрс олборлож, борлуулалтын орлого 14.9 их наяд, цэвэр ашиг 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Тус нэгдэл  улс болон орон нутгийн төсөвт 4.5 их наяд төгрөгийн татвар төлж, 3.6 тэрбум ам.долларыг Монгол банканд төвлөрүүлж, нийтдээ 500 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг төлж барагдуулжээ. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд 500 тэрбум төгрөгийг Хуримтлалын санд төвлөрүүлснээр 10.000 айл өрх орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлээд байгаа юм байна. Цаашид  "Ган үйлдвэрлэлийн цогцолбор", "Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор", "Нүүрс-химийн цогцолбор", "Жонш боловсруулах цогцолбор", "Кокс-химийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар бэлтгэлдээ ороод байна. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.


УИХ дээр Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж, энэ сарын 21-ний өдөр баталлаа. Цөмийн энергийн хууль батлагдсанаар атомын цахилгаан станц барих, түүнд зориулсан бүтээгдэхүүнийг экспортлох боломж бүрдэж байна. Франц улстай хийж буй Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж, түүхэнд үлдэх боломж бүрдэв. Тухайлбал, суурь АМНАТ таван хувь, тусгай АМНАТ таван хувь, өсөн нэмэгдэх АМНАТ есөн хувь нийтдээ 19 хувийн АМНАТ-тай байхаар хуульд зааж өгсөн. Энэ заалт орсноор газрын доорх баялгаасаа монголчууд хувь хүртэх эрх нээгдлээ гэж зарим улс төрчид ярьж байна. Гэхдээ Иргэний хөдөлгөөний нэр барьсан бас бус хүмүүс элдэв  үймээн дэгдээж, “Уранд хордсон бүргэдийн толгой халзардаг учраас Халзанбүргэдэй гэж энэ уулыг нэрлэсэн юм” гэдэг  цуурхалыг цахим орчинд сэвж, АМНАТ-ын хувь дээр  С.Ганбаатар тэргүүтэй улс төрчид маргаан дэгдээж байна. Мөн АН-ын бүлэг Сэлбэ дэд төв дээр барих 12 мянган айлын орон сууцны төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Ийнхүү том төслүүд жижиг хэрүүлд дарагдан гацаж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой “Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсголыг Төрийн ордонд зохион байгууллаа. Энэ үеэр Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Тус комисст дээрх асуудалтай холбоотойгоор сүүлийн таван жилийн дотор 200 орчим  гомдол, мэдээлэл иржээ. Эрүү шүүлт тулгадаг, хүнлэг бус харьцдаг ноцтой зөрчил цэргийн байгууллагад хэвийн үзэгдэл болж хувирсан гэдэг таагүй мэдээлэл энэ үеэр олны сэтгэлийг эмзэглүүлэв. Сүүлийн гурван жилийн дотор хугацаат цэргийн таван албан хаагч амь насаа алдаж,  30 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг ч ярьж байлаа. Сонсголд оролцохоор Цагдаагийн ерөнхий газрын дарга асан,генерал Ч.Амарболд хүрэлцэн ирсэн нь олны анхаарлыг татаж байлаа. Тэрбээр  2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг хүч хэрэглэн тараасан хэргээр ял сонссон юм. Ч.Амарболд генералын хувьд Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай зарлиг гаргаж, манай байгууллага албадан тараасан. Хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэснийхээ төлөө гэм буруутан болсондоо одоо ч гомдолтой явдаг гэдгээ ярьж байсан юм. 


Өнгөрөгч долоо хоногт автомашины улсын дугаарыг тойрсон маргаан цахим орчинд хүчтэй өрнөлөө. Хэрэв Улаанбаатар хотод машин унахыг хүсэж байвал улсын дугаар авахдаа юун түрүүнд Улаанбаатар хотод бүртгэлтэй иргэн байх ёстой, машин нь он залуу хийгээд зөв талдаа хүрдтэй, цахилгаан цэнэгээр ажилладаг, өөрийн зогсоолтой бол давуу тал болно гэсэн шийдвэр иргэдийг бухимдуулсаар байна. Энэ шийдвэрийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс нь автомашин нийлүүлэгчид буюу бидний хэлж заншсанаар ченжүүд. Тэд одоогийн байдлаар 37 мянган машин захиалсан. Ядаж энэ машинаа орж ирж зарагдаж дуустал шийдвэрээ цуцал гэсэн шаардлага тавьж байна.
Ченжүүдийнхээ эрх ашгийг хамгаалах уу, чихэлдсэн түгжрэлээ бууруулах арга хэмжээгээ эрт авах уу гэсэн асуулт хариулт нэхэж үлдэв.

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 8 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22