Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төсөв батлахад анхаарч ажиллана

unen
6 цагийн өмнө

 

УИХ хуулийн хугацаандаа  багтаан ирэх оны улсын төсвийг баталсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс хориг тавилаа.  2025 оны төсөвт ийнхүү бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд тодорхой хэмжээний өөрчлөлт орохоор болж байгаа юм. Нөгөө талаас 2025 оны төсвийг анх удаа тодотгол хийх нөхцөлтэйгөөр эцэслэн  баталсан. Тэгвэл ийнхүү Ерөнхийлөгч хориг тавьснаар УИХ дахин хэлэлцэж, төсвийг алдалгүй болгосноор тодотгол хийхээргүй байдлаар баталж болох нөхцөл үүсэж байна. Ерөнхийлөгчийн хувьд төсөвт бүхэлд нь хориг тавихдаа алдааг эрт засах боломжийг нээж өгч байгаа төдийгүй УИХ, Засгийн газрыг дэмжиж буй үйлдэл бөгөөд улс төрийн нам, эвслүүд “Улсын төсвийн зардлыг бууруулна” гэсэн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэх, хууль дээдлэх зарчим баримтлахыг сануулсан үйлдэл гэдгийг Хэвлэлийн албанаас тододотгосон. Ерөнхийлөгчийн хоригт  “Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж, алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй. Олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байна. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрнээ нийцнэ” хэмээн тодотгосон. Ямартаа ч Сангийн яамны зүгээс төсвийн алдагдлыг хэрхэн бууруулах тухайд Б хувилбараа бэлдсэн бөгөөд хэлэлцүүлэгт оруулахад бэлэн гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдсэн юм. Энэ тухайд түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Ерөнхийлөгчийн зүгээс 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Сангийн сайдын хувьд  энэ тухайд ямар байр суурьтай байна вэ. Цаашид процесс хэрхэн өрнөх бол?

-Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. Засгийн газар 2024-2028 оны мөрийн хөтөлбөрөө баталсан. Дэд бүтцийн зардалд суурилж, жижиг зардлуудыг нэлээд танах замаар төсвөө боловсруулсан. Ирэх оны төсөв төсвийн тусгай шаардлагаа хангаж, хоёр хувийн алдагдалтай батлагдсан. Ковидын үед 8.4 хувьтай байсан алдагдлаа бол бууруулсан. Тэгэхээр төсвөө бүр алдагдалгүй болгоё гэвэл зардлаа нэлээд танаж таарна. Боловсролын шинэчлэл зэрэг хуулийн хүрээнд төсвийн зардал багагүй өссөн. Тэгэхээр уг хуулийн хүрээний зардлуудаа эргэж танана гэсэн үг. Соёлын яамны ваучер зэрэг бол төсөвт айхавтар жин дарахгүй. Хоригийн процессыг хуулийн дарааллаар нь харах хэрэгтэй. УИХ ойрын хугацаанд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж, УИХ хүлээж авах болов уу гэсэн таамаглалтай байна. Засгийн газрын хуралдаанаар ч мөн алдагдалгүй төсөв батлахад санал нэгдэж байгаа. Төсвийг алдагдалгүй батлах ёстой гэсэн саналыг хүлээн авч, тэвчих ёстой зарим зардлаа танах шаардлагатай болж байна. Алдагдалгүй төсөв батлахын тулд  холбогдох тооцооллыг хийж үзсэн. Ингэхэд нэлээдгүй үйл ажиллагааг танах шаардлага харагдаж байгаа юм. Энэ жилийн төсвийн зарлагын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа буюу зайлшгүй шаардлагатай төсөв байгаа. Тухайлбал, цалин тэтгэврийн нэмэгдэл, боловсролын салбарын хуулийн нэмэгдэл гэх мэт өсөж буй зардлуудыг эргэж харах нөхцөл үүснэ. Засгийн газрын үйл ажиллагаа талдаа зардлыг танах шаардлагатай байгаа бөгөөд УИХ ч мөн хүлээж аваад, хэлэлцэж, өөрчлөлт хийх байх. Тиймээс Засгийн газар Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, нааштай өөрчлөлтүүдийг хийхэд санаачилгатай ажиллана. Ирэх жилийн төсөв 5.3 их наядаар өсөлттэй байгаагаас 2.5 их наяд нь салбар салбарын хуульд оруулсан өөрчлөлтөөр шууд нэмэгдэж буй зардал гэсэн үг. Үүнийг ч бас эргэж харах, төсвийн нэг төгрөг болгоныг илүү үр дүнтэй болгохын тулд салбар салбарын амбицыг хөндөх болов уу гэж харж, тооцоолж байна.

-Алдагдалгүй төсөв батлахын  тулд  хэрхэн таналт хийх вэ?

-Нийтдээ 1.2 их наядын таналт хийж байж алдагдалгүй төсөв батлах боломжтой гэж харж байна. Хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж, хойшлуулах зэрэг байдлаар зардлуудаа танаж таарах байх. Цаашид төсвөө алдагдалгүй баталдаг болох ёстой.  Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтууд хойшилж, бүсчилсэн хөгжлийн хүрээнд бүсүүдэд хийх хөрөнгө оруулалтууд хумигдаж орж ирнэ гэсэн үг. Одоогоор бид төсвийн тоонууд дээр судалгаагаа хийчихсэн, бэлэн байна. 2025 оны төсвийн хүрээнд бид хувийн хэвшлээ асар их дэмжсэн. Нэг төгрөг болгон хувийн хэвшилд очих байдлаар тооцоолж хийсэн байсан. Хоригтой холбоотойгоор  хөрөнгө оруулалтууд маань тэр хэмжээгээр танагдана гэсэн үг. Цаашид томоохон хөрөнгө оруулалтуудыг төсвөөс санхүүжүүлэх асуудал хумигдаж, цаашид хийгдэх хөрөнгө оруулалтуудыг гадаадын зээл, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл рүү чиглэх шаардлага үүсэж байна. Ирэх жилийн төсөв 5.3 их наядаар өссөн. Үүнийг 1.7 их наяд нь хөрөнгө оруулалт, үлдсэн нь салбарын хуулиудад орсон өөрчлөлтийн хүрээнд шууд нэмэгдсэн зардал гэсэн үг. Эдгээрийг  л эргэж харна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, салбаруудын өсөх амбицуудыг дарах шаардлага үүсэж байна. Төсвийн захиран зарцуулах эрхийг 34 нэгж эдэлдэг. Зардлуудаа эрэмбэлээд, нарийвчилж харна.

-Төсвөөс яг хэчнээн их наядыг танах урьдчилсан тооцоолол байгаа вэ?

-Ийм нөхцөлд тогтсон үндсэн зарчим байдаг. Ер нь бол хөрөнгө оруулалтаасаа эхэлж танана. Шинээр хийх 1.7 их наядаа танаад, төрийн урсгал зардлаа хэмнэх асуудал руу орно. Нийт 2.1 их наяд орчим хэмнэлтийг үүсгэнэ. Алт, зэсийн үнийн хувьд тэнцвэржүүлсэн үнээрээ л авна. Төсөвт зэсийг 75000 ам.доллароор авсан. Дэлхийн зах зээл дээр 10.000 ам.доллар байна. Зөрүү нь 2500 ам.доллар байгаа.

-”Төсвийн байнгын хороо ажлаа муу хийлээ” гэдэг шүүмжлэл гарсан. Та энэ тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Засгийн газрын зүгээс УИХ-ын төсөв дээр ажилласан байдлын талаар ямар нэгэн санал, шүүмжлэл хэлмээргүй байна. УИХ хоригийг хэрхэн шийднэ, түүнд нийцүүлээд Засгийн газар холбогдох тохируулгыг хийх юм. УИХ-аар төсвөө тодотгох тогтоолын төслөө өмнө нь баталсан байсан хэдий ч Ерөнхийлөгчийн хориг орж ирж байна. Тэгэхээр хоригийг УИХ-аар эхлээд хэлэлцэнэ гэсэн үг. Өнгөрсөн наймдугаар сард төсвийн тодотгол хийсэн. Үндсэндээ бараг гурван төсвийг зэрэгцүүлж боох, бэлтгэх ажлууд өрнөсөн юм.

М.Жаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 7 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө