Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэнэ

unen
7 цагийн өмнө

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Тэгвэл энэхүү түүхэн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар  УИХ-ын  Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхуртай ярилцлаа.

-Монгол Улс Үндсэн хуулиа баталсны 100  жилийн ойг  хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэж байна вэ?
-БНМАУ-ын Анхдугаар хурал 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд хуралдаж, Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан.  Энэ жил энэхүү түүхт үйл явдлын 100 жилийн ой тохиож байна. Ер нь бид Бүгд Найрамдах Улс тунхагласан баярын өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.9-д заасны дагуу нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэдэг. Гэхдээ түүхэн ойтой жилүүдэд илүү өндөр ач холбогдол өгч тэмдэглэж ирсэн. 

Өмнө нь  тухайлбал, 1994 онд Улсын Их Хурлын тогтоолоор Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 70 жилийн ойг, 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 80 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарч байсан.  Энэ удаад Улсын Их Хурлаас 2023 оны 64 дүгээр тогтоолоороо Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн Хуулиа баталсны 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэхээр тогтоосон. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаар ахлуулан ажиллаж байна. Мөн холбогдох төрийн байгууллагууд өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд оролцож байна.  
-Түүхт ойн хүрээнд ямар арга хэмжээг, хэрхэн зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?
-Ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн судалгааны болон танин мэдэхүйн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгох, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг нийтэд тайлбарлан таниулах, төрийн ёслол хүндэтгэлийн хүрээнд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зэрэг болон бусад арга хэмжээ зохион байгуулна. 

Нийтдээ 20 орчим багц ажлыг төлөвлөн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.  Тухайлбал, их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан “Анхдугаар Үндсэн хуулийн агуулга, мөн чанар, ач холбогдол”-ын талаар сургалт зохион байгуулах, Анхдугаар Үндсэн хуулийн холбогдолтой архивын баримтаар сэтгүүл гаргах зэргээр Үндсэн хуулийн ач холбогдол агуулга, үзэл санааг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр тодорхой ажлууд хийнэ.  Мөн “Эмэгтэй Парламентчдын чуулга уулзалт-III”-ыг зохион байгууллаа.
-Үндсэн хуулийг сурталчлан таниулах, ач холбогдлыг нь түгээн дэлгэрүүлэх нь эргээд ямар үр дүнтэй гэж та бүхэн үзэж байна вэ?
-Эрх зүйт төрийг төлөвшүүлэхэд хууль дээдлэх ёсыг хангах нь нэн тэргүүний зорилт. Ер нь нийгмийн амьдралын бүхий л хүрээнд хууль дээдлэх нь  ардчиллыг бэхжүүлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг бодитойгоор хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах үндэс болдог. 

Үндсэн хууль нь хууль зүйн дээд хүчин чадалтай баримт бичиг болохынхоо хувьд эдгээрийн үндэс суурь болж өгдөг.  Тиймээс Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмыг нийтээрээ таньж мэдсэнээр бидний нийтлэг эрхэм зорилго, үнэт юунд оршиж байгааг, төрт ёс, түүх соёлын уламжлал,  үндсэн эрх, чөлөөнийхөө талаар илүүтэй гүнзгий ойлгон мэдэх, улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хүсэл зоригоо илэрхийлэх, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх зэргээр хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, ардчилал, иргэний нийгмийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
-Иргэд, олон нийт бид Үндсэн хуулийн өдрийг хэрхэн ойлгож, хүлээж авах ёстой юм бэ. Энэ тухайд олон нийтэд чиглэсэн, хэчнээн төрлийн, ямар онцлох үйл явдал болох вэ?
-1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, хэмжээт Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халж, улс төрийн шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан. Ингэснээр туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд зарлаж, Үндсэн хуульт Бүгд найрамдах байгууллыг сонгосонд энэ өдрийн ач холбогдол оршиж байгаа. Тухайлбал, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, Азид анх удаа Монгол Улс хүйсийн тэгш эрхтэй байх зарчмыг Үндсэн хуульчилсан. Тийм учраас энэ өдрийг тэмдэглэх учир шалтгаан, агуулга өргөн. 

Миний хувьд энэ өдрийг Үндсэн хуульт Бүгд Найрамдах улс болсон түүхээ мэдэлцэн ярилцаж, алдаа оноо, ололт амжилтаа тунгаан, үр хүүхдэдээ, залуучууддаа түгээн таниулах, өөрсдийн үүх түүхээрээ бахархах өдөр гэж ойлгодог. 

Өмнө нь дурдсанчлан олон арга хэмжээ төлөвлөсний дотор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэд, хүүхэд, залууст тайлбарлан таниулах, сурталчлах чиглэлээр хэд хэдэн тодорохой ажлууд хийгдэж байна. 
-Үндсэн хуулийг батлалцсан хүмүүс, Үндсэн хууль судлаачдын дуу хоолойг нийгэм, олон нийтэд түгээх чиглэлээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах, батлах үйл хэрэгт хүчин зүтгэсэн төр нийгмийн нэрт зүтгэлтнүүд, тэдний алдар гавьяа, үйл хэргийг үр хойч бид үргэлж санан дурсаж явах учиртай. Энэ ч үүднээс Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүдийн ажлын дадлага туршлага, хүч бололцоог хууль тогтоох үйл ажиллагаанд ашиглах, эрдэмтэн, судлаачдаас Үндсэн хуулийн үзэл санаа, үнэ цэн, ололт амжилт, сорилтын талаар ярилцлага авах, баримтжуулж үлдээх, түгээн дэлгэрүүлэх тал дээр анхааран ажиллаж байна.  

Мөн “Үндсэн хуульт ёс: Өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан баярын хурал зохион байгуулахаас гадна Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан “Санан тунхаглах ирээдүй” сэдэвт гэрэл зураг, архивын материалын үзэсгэлэн,  Анхдугаар Үндсэн хуулийн холбогдолтой архивын баримтын сэтгүүлийг холбогдох байгууллагуудтай хамтран гаргана. 

 Х.Цацрал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24623/ 


0
angry
1
care
0
haha
3
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 5 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 5 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 5 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 5 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 6 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 6 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 6 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 6 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 7 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 7 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 7 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 7 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 7 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 7 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 7 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 7 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 8 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 8 цагийн өмнө