М.Ганбаатар: Энэ онд 200 га талбайд цөлжилтийг сааруулах хамгааллын арга хэмжээ авна


 

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн талаар дэд сайд М.Ганбаатартай уулзаж ярилцлаа.  

 -Уур амьсгалын өөрчлөлт энэ зууны сэдэв, дэлхийн сэдэв болсон. Улс орон болгон үндэсний бодлого хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Манай БОАЖ-ын яам энэ тал дээр ямар бодлого хэрэгжүүлж байгаа бол гэсэн ерөнхий асуултаар ярилцлагаа эхлүүлье?

-Монгол орон байгалийн унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалж үлдсэн дэлхийн цөөн орны нэг боловч дэлхийн дулаарал, байгаль, цаг агаарын хувьсал өөрчлөлт болон хотжилт, үйлдвэржилт, хүн ам өсөлт зэргээс шалтгаалан байгаль орчин доройтох, байгалийн нөөц баялаг хомстох, хүрээлэн байгаа орчин бохирдох зэрэг сөрөг үр дагавар бий болж, зарим нутагт экосистемийн тэнцвэр алдагдаж эхэлсэн.  

Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.4 хэмээр дулаарч, хур тунадасны хэмжээ 7.3 орчим хувиар буурсан. Монгол Улсын хүлэмжийн хийн ялгаруулалтын үнэмлэхүй хувь хэмжээ бага боловч нэг хүнд, нэгж ДНБ үйлдвэрлэлд оногдож буй хувь хэмжээгээр дэлхийн дунджаас  давдаг. Түүнчлэн,  газар зүйн байрлал, аж ахуй эрхлэх арга, амьдралын хэв загвар зэргээс хамааран  уур амьсгалын өөрчлөлтөд  эмзэг улс үндэстний нэгд тооцогдож эхэлсэн. Тиймээс Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн нийтийн хүчин чармайлтыг тууштай дэмжиж, байгалийн анхдагч нөөцийг үр ашигтай зарцуулах, хаягдал, бохирдол багатай ногоон технологи нэвтрүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэх шаардлагатай тулгарч байгаа. 

Монгол орны нийт нутгийн экосистемийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой биологийн олон янз байдал, ой, усны сан, гол, мөрний урсац бүрэлдэх эх, газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, түүх, соёлын үнэт өв бүхий газар  нутгийг улсын тусгай хамгаалалтад авч, хойч үедээ өвлүүлэн тогтвортой хөгжлийн түшиц газар болгон хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй ажиллаж, нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбай бүхий 120 хэсэг газар нутаг тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамруулаад байна. Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээг өргөжүүлснээр гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 50 хувь, ойн сан бүхий газрын 40 хувь, 350 орчим зүйлийн ховор болон нэн ховор амьтан, ургамлыг хамгаалах боломж бүрдсэн. 

Цаашид байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, байгалийн анхдагч нөөцийн хамгааллыг үр дүнтэй хэрэгжүүлэн, зохистой ашиглалтыг төлөвшүүлж, байгальд зохицон амьдарч ирсэн соёл уламжлалдаа тулгуурлан доройтсон ой, хөрс, бэлчээрийг нөхөн сэргээж, байгалийн үр өгөөжийг нэмэгдүүлж, орчны бохирдлыг бууруулж, хаягдалгүй, ногоон эко бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжсэнээр байгаль орчны бодлогын зорилт хангагдаж, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэнэ. 

Уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр Монгол Улсад үүсэж байгаа байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн шат дараатай арга хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авч хэрэгжүүлж байна. Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагаврыг арилган хүндрэлийг даван туулахын зэрэгцээ Монгол Улсын хөгжлийг урт, дунд хугацаанд хязгаарлаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор УИХ-аас 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан.

Энэхүү бодлогод байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийг тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бодитой хувь нэмэр оруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, усны нөөцийг хамгаалж, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх “Хөх морь” төсөл, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийг аймаг, нийслэлд бүсчлэн байгуулах болон дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн ногоон хөгжлийн жишиг загвар бий болгох гэсэн дөрвөн зорилтыг холбогдох хөгжлийн төслүүдийн хамт хэрэгжүүлж эхлээд байна.

-Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад илэрхий явагдаж байгаа. Цөлжилт бол хамгийн том шинж тэмдэг нь. Цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлогын ажлуудаас нэрлэхгүй юу. Энэ тал дээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хамрах хүрээ, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-2021  оны  цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөн байна. Үүнийг 2010 онтой (газар нутгийн 77.8 хувь цөлжилтөд өртөж, үүнээс хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд 16.6 хувь) харьцуулахад бууралт ажиглагдаагүй, хүчтэй, нэн хүчтэй доройтолд өртсөн газрын хэмжээ нэмэгдсэн байна. Доройтолд нөлөөлж буй хүчин зүйлийг судлаачид 49 хувийг хүний болон малын тоо толгой, 51 хувийг байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй гэж тодорхойлсон байдаг. 

Цөлжилт, газрын доройтлын асуудал нь нэг улс, нэг аймгийн асуудал биш бүс нутаг, дэлхийн хэмжээнд хурцаар тавигдаж байгаа учраас НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцоос 2015 онд газрын доройтлыг тэглэх шинэ зорилтыг дэвшүүлж, манай улсад хөдөө аж ахуйн салбарт газрын доройтлыг бууруулах эдийн засгийн хөшүүргийг хэрэгжүүлэх зөвлөмжийг гаргасан. 

Монгол орны бэлчээрийн даац нь тухайн жилийн ган, зуншлагын байдлаас хамаарч ихээхэн хэлбэлздэг боловч хонин толгойд шилжүүлснээр 80 саяын даацтай гэж тооцсон байдаг. Сүүлийн жилүүдэд хонин толгойд шилжүүлснээр 110 сая орчим толгой малтай болоод байгаа нь бэлчээрийн даац байнга хэтэрч байгааг харуулж байна. 2022 оны байдлаар 71.1 сая мал тоолуулсан байна. 

Бэлчээрийн хэт ашиглалт, талхлагдал нь байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байгаагаас төрөл зүйл нь хомсдох, улмаар устахад хүргэж байна. Бэлчээр ашигласны төлбөрийн зохицуулалт одоогоор байхгүй байгаа бөгөөд “Малын тоо толгойн албан татварын тухай” хуулиар (2020 он) малын тоо толгойд татвар ногдуулж эхэлсэн нь малын тоог зохистой хэмжээнд барих хөшүүрэг болж, орон нутгийн төсөвт хувь нэмэр болж байгаа хэдий ч орон нутаг бэлчээрийг зохистой ашиглах, доройтсон бэлчээрийг нөхөн сэргээх чиглэлд дорвитой арга хэмжээ төлөвлөхгүй, өөрчлөлт хийж чадахгүй байна.  

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс жил бүр өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн тооцоолон гаргадаг бөгөөд 2022-2023 онд энэ өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 гаруй хувьд хэтэрч гарсан.  

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад малчдын оролцоог нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй малын гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг бий болгох, өргөжүүлэх, малчдын тогтвортой орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Байгальд ээлтэй малчин” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Цөлжилтийг сааруулахтай холбоотой хийгдэж буй ажлууд төсвийн хязгаарлагдмал байдлаас өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Тухайлбал улсын хэмжээнд жил бүр цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтын тав хүрэхгүй хувийг шийдвэрлэж байна. 2023 онд батлагдсан төсөв болон олон улсын төсөл, хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 200 орчим га талбайд цөлжилтийг сааруулах, хамгааллын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.       

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэл бүхий аймгуудын нутагт газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх,  элсний нүүлтийг сааруулах арга хэмжээг жил бүр 200 га талбайд  хэрэгжүүлэхээр туссан ч  нэн яаралтай арга хэмжээ авах шаардлагатай цөлжилт газрын доройтолд хүчтэй өртсөн 6 сая орчим га талбай байгаа нь жилд зарцуулах төсвийг нэмж, талбайн хэмжээг 2000 га хүртэл нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мөн малын тоо толгойд татварын орлогоос малыг аж ахуйн эргэлтэд оруулсны урамшууллыг эко системийн үйлчилгээний төлбөр хэлбэрээр татвар төлөгч малчдад олгох замаар малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх эдийн засгийн хөшүүргийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

-Төсөл хөтөлбөрүүд ярихаар Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр заавал хөндөгдөх ёстой болно. Цөлжилтийн эсрэг хийж буй энэ кампанит ажил өнгөрсөн жил эрчтэй эхэлсэн. Энэ оны байдлаар хөтөлбөрт ямар ахиц гараад байгаа вэ?

-“Тэрбум мод” үндэсний хөдөл­гөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөнд 27 үйл ажиллагаа, 154 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Байгаль орчин аялал жуулчлалын яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцүүлэн дэмжүүлж, Уур амьсгалын үндэсний хорооны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар “Тэрбум мод хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хэлэлцүүлж, батлуулсан. 

2022 оны байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буй аж ахуй нэгжүүд манлайлан Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, 21 аймаг, нийслэл нийт 680 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгж 608.5 сая, банк санхүүгийн байгууллагууд болон бусад аж ахуйн нэгжүүд нэгдэн 221.1 сая ширхэг буюу нийт 1.5 тэрбум ширхэг мод тарихаар амлалт өгөөд байна.

2021-2022 оны намар болон хаврын улиралд 21 аймаг, нийслэл 5.3 сая, уул уурхайн томоохон 21 аж ахуйн нэгжүүд 1.2 сая ширхэг, улсын төсвийн хөрөнгөөр 0.9 сая модыг тарьж улсын хэмжээнд нийт 7.4 сая ширхэг мод тарьсан байна. Мөн “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн санхүүжилтээр баруун 5 аймгийн 7 ойн ангийг анжис, модны нүх ухагч бүхий тракторын иж бүрдлээр хангах ажлыг зохион байгууллаа.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 сум дундын ойн анги тус бүрд 748 сая төгрөгөөр анжис, модны нүх ухагч бүхий 21 тракторын иж бүрдэл, 347 сая төгрөгөөр 120 м2 талбайтай, дуслын болон мананцар усалгааны систем бүхий 21 ширхэг хүлэмжийг нийлүүлээд байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөл­гөөний хүрээнд мод тарих, арчлан ургуулах чиглэлээр 1017 сургагч багш бэлтгэж, МУИС-д хоёрдогч бакалаврын зэрэг олгох “Ойн аж ахуй” хөтөлбөрийг шинээр нээж 2022-2023 оны хичээлийн жилд нийт 52 оюутан элсэн суралцаж байна. ХААИС, Батлан хамгаалахын яамтай хамтран давхардсан тоогоор 23,600 хүнд мод тарьж, ургуулах 40 цагийн сургалт, 120 хүнд сургагч багшийн сургалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран 54 хүнд сертификаттай, 51 хүнд сургагч багшийн сертификаттай сургалт, Хан-Уул дүүргийн 51 хүнд сертификаттай сургалт, нийт 23,876 хүнд сургалтыг цахим, танхим, практик хослуулж явуулсан. Цаашид ойн салбарт ойрын гурван жилд 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зайлшгүй шаардлагатай байна.

БОАЖ-ын сайдын санаачилгаар аймаг бүрийн утгах, үдэх хаалганы дагуу 10 га буюу түүнээс дээш талбайд ойн зурвас байгуулах талбайг шийдвэрлэн Ойн газарт шилжүүлэхийг аймгийн ЗДТГ-т мэдэгдэн ажиллаж байна.

-Байгаль орчны салбар бол эрдэмтэн, судлаачид олонтой. Тэдний тооцоолж байгаагаар Монгол Улс цөлжилтийн эсрэг ямар ямар ажлыг хэдэн жилийн хугацаанд хийж гүйцээж чадвал бүс нутгийн төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд өөрийн хувь нэмрийг оруулж чадах бол?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт 2030 он гэхэд “Хөрсний үржил шим, чийгийг хамгаалж, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэн, эвдрэлд орсон, доройтсон газрыг нөхөн сэргээж, аж ахуйн эргэлтэд оруулна.”, “Бүсийн ялгавартай, шатлан өсгөх зарчимд суурилсан газрын төлбөрийн системийг бий болгож, малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэн хязгаарлаж, бэлчээр ашиглалтын ачааллыг тэнцвэржүүлнэ.”, “Нүүдлийн уламжлалт өв соёлыг хадгалсан, экологид ээлтэй, органик мал аж ахуйг тогтвортой эрхлэх, хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, кластер, логистик, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлж, төлөвшүүлнэ” гэсэн бодлогын зорилтыг тодорхойлж, хэрэгжүүлж эхлээд байна. 

Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын хүрээнд цаашид бэлчээрийн одоогийн төлөв байдал, даацын хүрээнд малын тоо толгойг зохистой хэмжээнд барих, эрүүлжүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх асуудлыг эдийн засгийн аргаар зохицуулан бэлчээрийг нөхөн сэргээж, хэвийн байдлыг хадгалж, Монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах шаардлагатай байна. 

-Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад цөлжилтөд нөлөөлж байгаа гол хүчин зүйлээр уул уурхай, бэлчээрийн мал аж ахуй нэрлэгддэг. Гэтэл манай улсын хувьд уул уурхай нь эдийн засгийн гол ачааг үүрчихдэг. Нүүдлийн мал аж ахуй өөрөө уламжлагдаж ирсэн өв, соёл, нөгөө талдаа хүн амын гол хүнс. Ийм тохиолдолд уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай, уламжлалт мал аж ахуй гурвыг хэрхэн тэнцвэржүүлэх нь чухал гэж үздэг вэ?

Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа хэдий ч өнөөгийн байдлаар 30 орчим мян.га талбай эвдрэлд орж, үүнээс 8 мян.га талбай эзэнгүй орхигдсон байна. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу жил бүр 2 мянган га нийт 8 мянган га газарт нөхөн сэргээлт хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлахдаа нөхөн сэргээлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд томоохон талбайд аж ахуйн нэгжүүд хамтарч нөхөн сэргээлт хийхээр тусгаж 2020-2022 онд улсын хэмжээнд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд өртсөн нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна. 

-Байгаль орчны бодлогыг тодорхойлогч яам, салбарын мэргэжилтнүүдийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй хамгийн шинэлэг ажлуудаас нэрлэхгүй юу. Яагаад, юуны төлөө энэ бүгдийг хийж байна вэ гэдгийг ч онцлон дурдвал уншигчдад илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна?    

-Эх дэлхий, байгаль орчноо хайрлан, зохицон амьдарч ирсэн Монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор  Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол байгаль хамгаалах ажилд монгол хүн бүр хувь нэмэр оруулах хүсэл эрмэлзлийг бий болгосон хамгийн шинэлэг санаачлага болсон. 

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицон амьдрах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бол мод тарих юм. 

Мөн 2022 оны гуравдугаар сард зохион байгуулагдсан “Ногоон санхүүжилт-бүс нутгийн чуулган”-аар ногоон санхүүжилтийг дэмжих тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталж, Байгаль хамгааллын итгэлцлийн сан (БХИС) байгуулахаар тогтсон. БХИС нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг санхүүжилтэд төр, хувийн хэвшил, олон улсын хөгжлийн санхүүжилт зэрэг олон талын эх үүсвэрээс санхүүжилтийг татан төвлөрүүлж, төрийн оновчтой бодлогын хүрээнд зарцуулах үндсэн чиг үүрэг бүхий санхүүжилтийн механизм байх юм.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудын оролцоог шинэ шатанд гаргаж, тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих сан”-г Монголын банкны холбооны гишүүн байгууллагууд санаачлан байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, жилд 2-3 тэрбум төгрөгийн санхүүжилт тогтмол төвлөрүүлж байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулж байхаар тогтсон. 

Мөн яамнаас ногоон санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 оноос хэрэгжүүлж байгаа ногоон зээлийн хүүгийн хөнгөлөлтийг санхүүжүүлэх ажлын хүрээнд 2022 онд 420 гаруй иргэн, аж ахуйн нэгж 3-8 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, төсвөөс 1.1 тэрбум гаруй төгрөгийн зээлийн хүүгийн санхүүжилт олгосон энэхүү ажлыг 2023 онд үргэлжүүлэн хэрэгжүүлж байна. Энэхүү зээлд хамрагдсанаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага байгаль орчинд ээлтэй, ногоон тодотголтой бүтээгдэхүүнийг худалдан авахад хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авах боломж бүрддэг.

Д.Отгонжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/



1
angry
1
care
2
haha
7
liked
5
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22