Сэтгүүлч, хоол зүйч О.Цацралтай ажил, амьдрал, хүсэл зорилгынх нь талаар ярилцлаа.
-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр удахгүй болох гэж байна. Таны хүүхэд насны хамгийн дурсамжтай үеэс яриагаа эхэлье?
-Хүний амьдрал яг л далайн давалгаа шиг байдаг. Амьдралын хүнд хэцүү, уналттай үед хамгийн их аз жаргалтай дурсамж оршиж байдаг юм билээ. Хэрэв яг одоо ийм үетэй нүүр тулсан хүн байвал битгий сэтгэлээр унаж, гутраарай гэдгийг зориуд энд онцолж хэлмээр байна. Би амьдралынхаа уналттай, хүнд хэцүү үеийг эргээд бодоход хамгийн дурсамж дүүрэн, жаргалтай үе шиг санадаг. Тэр тухайгаа эргэн дурсаж, уншигчидтайгаа хуваалцмаар санагдлаа. Манай гэр бүл Хөвсгөл аймгаас Дархан хот руу нүүж явахдаа осол аваарт орсон. Очоод хүссэн орон байраа авч чадаагүй. Хананд нь зузаан мөс тогтдог, хүйтэн жижиг өрөөнд амьдарч эхэлсэн. Аав маань хөлөө хугалаад ажлаа хийж чадахгүй болсон гээд олон бэрхшээлтэй нүүр тулсан. Ээж маань зарчимч, шударга хүн учраас ар өврийн хаалга ашиглаж, ажилд орохыг хүсээгүй. Тиймээс бид нэг хэсэг гачигдаж, махгүй, зөвхөн төмс, гурил, будаа л иддэг байлаа. Тэр үед бид бага байсан.../уйлав/
-Та цааш нь үргэлжлүүлэхийг хүсэж байна уу?
-Тийм ээ, залуучууд энэ түүхээс маань амьдралын утга учрыг ойлгоосой гэж хүсэж байна. Тэгээд би аав ээждээ дэм болохыг хүссэн учраас нэг өдөр хамаг хувцсаа үүргэвчинд хийгээд зах руу явсан. Очоод нэг эгчээс гуйж лангууных нь буланд хувцсаа тавиад уйгагүй хэдэн өдөр зогссоны эцэст хоёр даашинз зарсан. Тэгээд бөөн баяр махны тасаг руу очоод мөнгөөрөө мах авах гэсэн боловч хүрээгүй. Харин нохойн хоол гээд ялгачихсан байсан цувдай л авахад хүрэлцсэн. Тэрийгээ аваад гэртээ очиход тогны мөнгөө төлөөгүй гээд гэрэл таслачихсан, нөгөө хэд маань лаатай сууж байсан. Зууханд шатаж буй модны чимээ, ширээн дээрх лааны гэрэл, гал дээр буцалж буй хоол, халуун ам бүлээрээ инээлдэн яриа дэлгэж буй тэр агшин надад маш сайхан мэдрэмж төрүүлж, миний сэтгэлд тодоос тод дурсамж болон үлдсэн. Тэр үед би аав, ээждээ “Охин нь дэлхийн тайзан дээр зогсоно. Гадаадын том сургуульд сурна. Хүүхдүүдэд тусалдаг хүн болно” гээд л мөрөөдлөө ярьж байсан. Одоо би аав ээждээ хэлсэн амлалтандаа хүрч, мөрөөдлөө биелүүлж чадсан. Би багадаа тухайн үеийг мартахыг хүсдэг байсан ч одоо эргээд бодоход үгүй юм билээ, тэр бол хамгийн сайхан нандин үе. Идэх хоол, өмсөх хувцасгүй, орох оронгүй байх бол үүрдийнх биш зуурдынх юм шүү. Халуун ам бүлээрээ хамтдаа байх л хамгийн том аз жаргал гэдгийг ойлгосон. Бидний зовлон бэрхшээл дунд аз жаргал оршиж байдаг учраас бүх зүйлд талархаж амьдраарай. Би Америкт хэлний сургалтынхаа илтгэлийг “Дэлхийн хамгийн амттай оройн зоог” гэдэг сэдвээр тавьж байсан. Төрөлх биш хоёр дахь хэлээр ярьж байгаа болохоор учир дутагдалтай байсан ч хүний зүрх сэтгэлээс гарах үг ч бусдын зүрхэнд л хүрдэг юм билээ. Энэ түүхийг сонсоод багш нар маань их уйлсан.
-Аав, ээж тань ямар сургаал хэлж, юу гэж захидаг байсан бэ?
-Миний сайн сайхан, өдий зэрэгтээ яваагийн хамгийн том үндэс суурь бол миний гэр бүл, аав, ээж хоёр минь. Аав, ээж хоёр минь үр хүүхдийнхээ төлөө бүх зүйлээ зориулсан. Аав дасгалжуулагч, тамирчин байсан. Ээж маань багш мэргэжилтэй. Тэд сурсан мэдсэн бүхнээ олон мянган залууст харамгүй түгээсэн, ачтан билээ. Надад олон сайхан зан чанарыг суулгаж, зөв хүн болгож хүмүүжүүлсэн болохоор би хүний төлөө гэсэн сэтгэлтэй нэгэн болсон. Аав маань спортын хүн байсан. Тууштай, тэмцэгч байх зан чанарыг ааваасаа сурсан. Тулгарч буй саад бэрхшээл түр зуурынх учраас шантрахгүй байж эцсийг нь үзэх ёстой гэдэг ойлголт, зарчимтай болсон. Харин ээж “Хариу нэхэхгүйгээр өгч сур. Хүнд сайн санаж, тус дэм болж байвал тэр үйлдэл чинь эргээд чам дээр илүү их болж ирнэ” гэдэг байсан. Үнэхээр үнэн гэдгийг нь би одоо биеэрээ мэдэрч явна. Ажилд орохдоо “Цалин хэд вэ” гэхээс илүүтэй би тухайн байгууллагад юу хийж өгч чадах вэ гэж өөрөөсөө эхэлж асуудаг байсан. Хэрэв би хангалттай хэмжээнд ажиллаж чадвал байгууллага эргээд миний хүч хөдөлмөрийг бодитоор үнэлнэ шүү дээ.
-Таныг Америкт сурч байсныг мэдэх юм байна. Та хэдэн мэргэжил эзэмшсэн бэ?
-Таван мэргэжилтэй. Би эх орондоо хүнсний технологич, химич технологич, сэтгүүлч хөтлөгч гэсэн гурван мэргэжил эзэмшсэн. Би хүүхэд байхаасаа 20 жил радиогийн салбарт ажиллаж, хоолойгоороо хоолоо олж иддэг байлаа. Тэгээд би 2015 онд АНУ-д очиж, телевиз болон киноны продюсероор сурах хугацаандаа “International American University” сургуулийн 100 хувийн тэтгэлэг авч, магистрын зэргээ хамгаалсан.
-Эх орондоо ирснээсээ хойш ямар үүрэгт ажил амжуулж байна вэ?
-Эх орондоо ирээд хоёр жил болох хугацаанд хэд хэдэн ажлыг амжуулахын төлөө хичээж байна. Намайг буцаж ирэх үед радиогийн салбар маань бүтэц бүрэлдэхүүнээ шинэчилж байсан. Салбарынхан маань намайг халуун дотноор хүлээн авч, холбооныхоо тэргүүнээр сонгосон. Монголын ФМ Радионуудын холбооны гишүүд хамтдаа хичээж зүтгэн нэг ижил, тэгш гараанаас эхэлж, адилхан өрсөлдөх ёстой гэдэг зарчимд атгасан гар шиг нэгдэж, хөтөлбөрөөрөө өрсөлдөх боломжийг бүрдүүлээд байна.
“America university” сургуулийнхаа Монгол дахь төлөөлөгчөөр ажилладаг. Энэ хүрээнд би Америкт сурах хүсэл зорилготой залуучуудад яаж танилцуулга, ярилцлаганд бэлтгэх вэ, эсээ хэрхэн бичих вэ гэдэгт зөвлөж, тусладаг. Хилийн чинад дахь монголчуудын зөвлөл гэж бий. Түүний Америк тив болон Канадад амьдарч буй монголчуудыг хариуцсан дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байна. Энэ чиглэлд хийхийг хүсэж, төлөвлөсөн зүйл олон бий. Мөн СУИС-д сэтгүүлч хөтлөгчийн хөтлөх ур зүй гэдэг хичээл зааж, багшилж байна.
Би сэтгүүлч, хөтлөгч мэргэжилтэй, хэвлэл мэдээллийн байгууллагад 20 жил ажилласан. Энэ давуу талаа хүнсний технологич мэргэжилтэйгээ хэрхэн яаж хослуулж болох вэ, монголчуудын дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд юу хийж чадах вэ гэж их бодсон. Үүний эцэст соён гэгээрүүлэх бүтээлээр дамжуулж, хүмүүсийг амьдралын зөв хэвшилтэй болгохыг зорьж байна. Тиймээс “Амьдрал&Таашаал” нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж эхэлсэн. Мөн бидэнд итгэл хүлээлгэн ирсэн хүмүүст МУГЖ дуучин С.Наран эгчийн N-Point төвийн багш нартай хамтран дасгал хөдөлгөөн зааж, зөвлөгөө өгч байна.
-Гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаад ирсэн хүмүүс Улаанбаатар хотын зарим асуудалд нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Танд тийм сэтгэгдэл төрж байв уу?
-Хүн гадаадад байх хугацаандаа эх орныхоо үнэ цэнийг илүү их мэдэрдэг юм билээ. Надад ямар ч шүүмжлэх зүйл байгаагүй. Улаанбаатар хотын түгжрэл, утаа нь хүртэл сайхан санагддаг байлаа /инээв/. Харин хэсэг хугацааны дараа ажиллаж, хөдөлмөрлөх явцад төрийн байгууллагууд хэтэрхий олон шат дамжлагатай байгаад бухимдсан. Мөн ачааллыг тэнцвэржүүлэх, зохицуулалт хийх талд учир дутагдалтай санагдсан. Жишээлбэл, нэг цэгийн үйлчилгээний газар маш олон цонхтой байдаг ч хамгийн эрэлт ихтэй, иргэний бүртгэлтэй холбоотой үйлчилгээ нь хоёрхон цонхтой байдаг. Гэтэл бусад цонх нь ачаалал багатай, цагт ганц хоёрхон хүн хүлээн авч байх жишээтэй. Үүнд зохицуулалт хийх боломжтой санагдсан.
Би Америкт сурч байхдаа тухайн улс орны асуудлаа шийдсэн зарим шийдэл, сайн сайхан зүйлийг нь хараад түүнийг эх орондоо бий болгож, нэвтрүүлэх юмсан гэсэн бодол төрдөг. Би мэдсэн, сурсан зүйлээ бусадтай хуваалцахын төлөө явдаг. АНУ-д нас хамаарахгүй суралцах, тэтгэлэгт хамрагдах, хэл сурах, бусад улс орны соёлоос суралцах боломж байгааг залуучуудад ойлгуулахыг зорьж, үүнийгээ олон хүнд хүргэхийн тулд анх YouTube-ээр дамжуулж мэдээлж байсан.
-АНУ-д сурахаар төлөвлөж, бэлтгэлээ хангаж буй залуучууд юунд анхаарах ёстой вэ. Тэдэнд эхний ээлжид ямар зөвлөмж зөвлөгөө өгөх вэ?
-Боломжтой айлын хүүхэд л гадагшаа явж сурдаг гэсэн өрөөсгөл ойлголтыг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Хүн бүхэнд тэгш боломж бий. Би эгэл бор айлын хүүхэд. Хүсэл зорилгодоо хөтлөгдөн явж, мөрөөдлөө биелүүлсэн. Тиймээс гадагшаа явахаар төлөвлөж буй оюутан залуус их, бага гэхгүйгээр хуримтлал үүсгэх хэрэгтэй. Дараа нь сургуулиа зөв сонгох ёстой. АНУ маш олон их дээд сургуультай ч тэд бүгдээрээ сайн биш. Зарим сургууль нь нэг ч оюутангүй, багшгүй, зөвхөн виз хадгалдаг юм билээ. Намайг суралцахаар очсон тухайн үед их, дээд сургуулиудад гэнэтийн шалгалт хийж, сургууль нэртэй виз хадгалдаг газруудын захиралд хариуцлага тооцож, түүнд харьяатай байсан залуучуудын виз нь харласан. Ийм эрсдэл байдаг учраас сургуулиа зөв сонгох нь хамгийн чухал. Зарим сургууль эсээ бичих шаардлага тавьдаг. Ерөнхий боловсролын сургууль төгссөн сурагчид бол эсээгээ ирээдүй рүү чиглүүлж, хүсэл тэмүүлэлдээ суурилж, харин бакалавраас дээш зэрэг хамгаалах гэж буй залуучууд өнгөрсөн рүү чиглүүлж, хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ суурилж бичих ёстой.
-Сэтгүүлч, хөтлөгч мэргэжлээ хүнсний технологич мэргэжилтэйгээ хослуулж, хүмүүсийг амьдралын зөв хэвшилтэй болгохыг зорьж буй тухай та дурдсан. Зөв хоололт гэхээр мах идэх, идэхгүй байх тухай хөнддөг. Үүнд та хүн бүрийн хэрэгжүүлж, дагаж мөрдөх боломжтой ямар зөвлөгөө өгөх вэ?
-Аливаа зүйлийн хэмжээ хязгаарыг тохируулах нь хамгийн чухал. Сайн гээд хэтрүүлэн идэж, хортой гээд тас хориглож болохгүй. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, эрс тэс уур амьсгалтай учраас мах идэх нь илүү тохиромжтой ч зохист хэмжээгээр хэрэглэх нь зүйтэй. Долоо хоногт ядаж нэг өдөр махгүй хоол идэх, эсвэл өдөрт 200 грамм мах иддэг бол 150, 100 гэх мэтээр багасгах нь зүйтэй. Бас улаан өнгөтэй махаа цагаан өнгөтэйгөөр солих хэрэгтэй. Яагаад гэвэл, хонь, үхрийн мах удаан, харин цагаан өнгөтэй нь хурдан задардаг. Гэтэл бид шингэц удаан улаан махтай цуг цавуулаг өндөртэй гурил, будаа, хөрсний дор ургадаг хүнсний ногоо идэх нь зохимжгүй. Тиймээс улаан өнгөтэй мах идэж байвал хөрсөн дээр ургасан ногоог, цагаан өнгөтэй махыг хөрсөн доор ургадаг ногоотой хольж идэж болно. Хоолноос гадна хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлж, дасгал хөдөлгөөн хийж хэвших ёстойг мартаж болохгүй.
-Хүссэн биеэ олохын тулд усыг тогтмол уух ёстой гэдэг. Ер нь усыг ямар нэгэн зүйлээр баяжуулж уух уу эсвэл шууд дангаар нь уух нь илүү үр дүнтэй юу?
-Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Усыг хоолноос өмнө уух ёстой байдаг шүү. Хоол идэхдээ ус, цай гээд шингэн зүйл уухгүй байх нь зохимжтой. Зөв хооллодог хэвшилтэй болохоор зүтгэж буй шавь нарынхаа ерөнхий хандлагыг харахад ус уух их дургүй, хэвшил болгож чаддаггүй. Тиймээс ус уух дуршлыг нэмэгдүүлэхийн тулд хэрчим жүрж, хатаасан жимс зэргийг хийж болно. Ходоод тань хурдан цочирдоггүй бол лемонтой ус ууж болно. Энэ нь гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, цэвэрлэх дэм болдог.
-Сүүлийн асуултыг танд үлдээе. Уншигчдад юу хэлмээр байна вэ?
-Хүн хэнээс, хаанаас, юунаас үүссэн бэ гэдгээ мартаж үл болно. Тээж төрүүлсэн ээж, өсгөж хүмүүжүүлсэн аавыгаа ачилж, хайрладаг байх ёстой. Эргээд эцэг эхчүүд маань хүүхдээ ойлгож, хайрладаг байгаасай гэж хүсдэг. Миний нэг шавь “Хаягдмал хүүхэд” гэдэг эсээ бичсэн. Түүнийг сонсоход үнэхээр сэтгэл зүрх өвтгөм, яг л өнөөгийн нийгмийн дүр төрх байсан. Аав, ээж хоёр нь салаад, удалгүй ээж нь гадагшаа ажиллахаар явсан нь түүнд үнэхээр хүнд цохилт болсон юм билээ. Тэр шавь маань сэтгэл судлаач, сэтгэл зүйч мэргэжилтэй болоод өөр шигээ хаягдсан хүүхдүүдэд туслах зорилготой тухайгаа эсээндээ бичсэн байсан. Тиймээс үр хүүхэд нь аав, ээжийгээ хүндэлж хайрладаг, эцэг эх нь үр хүүхдээ хайрлаж, зөв хүн болгон хүмүүжүүлдэг байгаасай. Мөн би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг хандлагаар бус үргэлж нэгэндээ тусалж, дэмждэг байхыг л юу юунаас илүү хүсэж байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №021/24552/
Сэтгэгдэл (1)