Цэцэрлэгийн барилга үнийн хөөсрөлөөс болж дөрвөн жил царцжээ


Өдрөөс өдөрт өнгөжин жавхаажиж, өргөжин тэлэх их хот. Хуучин нийгмийн үед баригдсан нэг загварын, нэг өнгийн, хоорондоо ялгарахын аргагүй хороолол, сургууль, цэцэрлэг, дэлгүүр үйлчилгээний газруудтай байсан үеэ бодвол сонирхолтой, содон архитектурын шийдэл бүхий барилгууд хотын өнгийг чимэн шил шилээ даран өндийн, сүндэрлэх болсон. Сүүлийн гуч гаруй жил хувь хийгээд хувьсгалын нэрээр барьсан гоёмсог, тансаг барилгуудын сүр хормойд, сүрэг даган гэлдрэх угжны дахлай хурга мэт он жилийн тоосонд дарагдаж дутуу, хагас барьсан барилгууд,  нэвсийж харагдах. Ямархан үүх түүхийг өөртөө нууж байдаг юм бол гэдэг нь сонирхол татна. Ийм барилгуудын нэг “Богд Ар” хорооллын дунд, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны нутагт баригдаж эхлээд дөрвөн оныг дамжаад буй 200 хүүхдийн ортой цэцэрлэгийг барьж дуусгадаггүй шалтгааныг олж мэдэхээр зүглэлээ. 

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2019 оны арванхоёрдугаар сард зарласан 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлын тендерт “Түмэн алт” компани оролцож ялжээ. 2020 оны хавар газрын маргаан нь шийдэгдээгүй, эзэмшигч нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар мөнгөө өгөөгүй гэдэг шалтгаанаар барилгаа нураагаагүйн улмаас намар болтол сунжирсан асуудал 2020 оны есдүгээр сарын 15-наас бүрэн шийдэгдэж компани газар шорооны ажилдаа оржээ. Аравдугаар сар гэхэд түр хойшилсон суурийн бетон цутгалтаа хийж, үл хөдлөхөө бүрэн барьж дуусгаад байтал дэлхий нийтийг хамарсан цар тахал дэлгэрч бүх зүйл хорио цээрийн дэглэмд шилжив. 

Цэцэрлэгийн барилга дээр хүрч очвол цоожтой хаалга, ба­рилгачидгүй барилга, ажил­­лаагүй техникүүд тосож авлаа. “Түмэн алт” компанийн ба­рил­гын инженер, төсөвчин гэж өөрийгөө танил­цуулсан Э.Хишиг­сүрэн­тэй цаг товлосон уулзал­таа хүлээх зуураа харьяа хорооны удирдлагатай уул­захаар шийдэн хороог хайж олов. 

 

Соёл иргэншлийн дунд хаягдсан сургууль, цэцэрлэггүй хороо

 

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо бидний нэрлэж занш­санаар Төмөр замд 24.5 га газар нутгийг хамран 2971 өрхийн 10300 хүн амьдран суудаг том хороо аж. Цэцэрлэгийн насны буюу хоёроос таван насны 847 хүүхэд, сургуулийн насны 900 гаруй хүүхэдтэй ч зориулсан нэг ч улсын цэцэрлэг байдаггүй юм байна. Хорооны барилгыг зорин очоод гаднах сандал дээр нарлаж суух хөгшидтэй сургууль цэцэрлэгийн талаар яриа өрнүүлбэл төмөр замын ажилчдын хүүхдэд зориулсан нэг цэцэрлэг, сургууль байх боловч харьяаны бус иргэний хүүхдийг авах тал дээр тийм ч таатай ханддаггүй гэж гомдоллож байна. Хорооны иргэдийн хувьд хүүхдээ сургууль, цэцэрлэгт хамруулах хүндрэлтэй асуудал гэнэ. Хорооны даргын өрөөг зорилоо. Баригдаж дуусдаггүй цэцэрлэгийн асуудлаар сурвалжийн хийж яваагаа дуулгавал хороон дарга Н.Мөнхтунгалаг уриалгахан хүлээж аваад: 

-Энэ цэцэрлэгийн байр 2021 онд ашиглалтад орох ёстой байна. Санхүүжилт, газрын маргаан гэх мэт янз бүрийн асуудлаас болоод өнөөг хүртэл ашиглалтад ороогүй. Хорооноос тендер авсан компаниа шахаж байна. Цэцэрлэг ашиглалтад орсноор манай хорооны 900 шахам хүүхдийн ядаж тал хувь нь цэцэрлэгтэй болох юм даа. Хэдийгээр нэг хүүхдэд оногдох зай талбай, амьсгалах агаар гэх мэт стандарт зөрчигдөх боловч шахаад ч болов оруулна даа гэж бодож сууна. Гурван мянга орчим өрх айлтайг улсын сургууль, цэцэрлэггүй хороон даргын аргаа барсан л бодол юм даа гэж ярив. 

 

Царцсан барилга дотор...

 

Намайг хороо хавиар эргэлдэн иргэдийн яриа, хөөрөө сонсож суух зуур барилгын инженер Э.Хишигсүрэн ирлээ. Барилгын цоожтой хаалга онгойж бид дотогш нэвтрэв. 2021 оны хавар хорио цээрийн дэглэм сулраад эхэлсэн барилгын ажил цутгалтаа дуусгаж, дүүргэлтээ хийжээ. 

Үүнээс хойш хил хаалттайн улмаас компани бараа материалын дутагдалд орж эхэлжээ. Хэдийгээр бараа материалын дутагдалтай байсан ч нөөц боломждоо түшиглээд цутгалтаа дуусгаж, дүүргэлтээ бүрэн хийсэн гэнэ. Ингээд ч зогсоогүй 2022 онд гадна инженерийн ажлууд, мөн гадна фасадынхаа ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэнэ. Гадна ажлын гүйцэтгэл бараг л дууссан мэт. Э.Хишигсүрэн инженер надад барилгын дотор хэсгийг танилцуулахаар болов. Дотоод засал чимэглэл хийсэн зүйл үнэндээ алга. Сантехникийн бүдүүн хоолойнууд энд тэндээс өнгийж, цахилгаан монтажны утаснууд сэрийж, сарайж үзэгдэнэ. 

“Түмэн алт” компани 2019 оны төсөв 2009 оны цалингийн, 2012 оны машин механизмын үнэлгээний тарифтай 2022 онд ажлаа эхлүүлжээ. Асуудал ингээд дууссангүй. Хил гааль хааснаас үүдэлтэй материалын хомстол үнийн хөөрөгдөл бий болгож ерөнхийдөө хоёр, гурав нугарсан үнээр материалаа татан авснаас болж төсвийн алдагдалд орсон байна. Анх барилгын төсөвт тусгасан нь 1.9 тэрбум төгрөг боловч ажиллах хүч, бараа материал, машин механизмын үнэлгээ хэд дахин өссөн дүнгээр ажиллаж байлаа. 2022 онд 88 дугаар тогтоол гарч барилгын шууд дөрвөн зардлаас барилгын материалын зардлыг шийдэж өгсөн нь барилгын явцад бага­гүй нэмэр болж. 88 дугаар тог­тоолын тухай Э.Хишигсүрэн: 

-“Уг тогтоолд туссан барилгын материалын үнэ тухайн оны дөрөвдүгээр сарын зах зээлийн ханш байсан ч оны сүүл рүү барилгын материал мөн л өсчихсөн. Үүнээс цалин­гийн зардал учир тоймоо алдтал өсөж барилгын туслах ажилтнаар өдрийн 100 мянган төгрөгөөр ажиллах хүн хаана ч байхгүй болсон. Гэтэл бид 2009 оны тарифаар үндсэн ажилтан өдрийн 20 мянган төгрөгөөр цалинжих төсөвтэй сууж байна. Ингээд алдагдал үүсэж байгаа юм” гэж халаглаад “Бид төсөвт байгаа мөнгөн дээрээ нэмэрлээд компанийн өмч хөрөнгөөс барьцаанд тавьж бараг тэрбум төгрөгийн зээл авахаас аргагүй байдалд хүрсэн. Авсан зээлээсээ 100 саяыг барилгадаа оруулж ажлаа гүйцэтгээд хөрөнгө оруулагч дээр очиход яг өмнөх 2019 оны тарифаар 50 сая төгрөгний гүйцэтгэл бичих жишээтэй. Компани алдагдлаа дийлэхээ байх хэмжээнд хүрч барьцаанд тавьсан эд хөрөнгөө ломбард болон банкны хүүнд алдаж эхлээд байгаа. Одоо барилгын салбарт зээл өгдөг банк ч гэж байхаа болилоо. Тэр тусмаа улсын төсвөөр хийж байгаа ажилд гэрээ барьцаалсан зээлд ёстой үгүй гэдэг хариу л өгдөг боллоо. Зээл авч чадахгүй, санхүүжилт нь хаанаа ч хүрэхээ больсон. 2023 онд зарласан яг манай барилга шиг 200 ортой хүүхдийн цэцэрлэг 4.2 тэрбум, 2021 оны тендерийн төсөв 3.8 тэрбум төгрөг байна. Гэтэл бид хоёр дахин бага өртөгтэй барилгыг ашиглалтад өгнө гэвэл үнэхээр худлаа болоод байгаа юм. Ер нь бол бид 200 хүүхдийн зориулалттай цэцэрлэгийг 80 хүртэл хувийн гүйцэтгэлд хүргэж чадсан юм чинь гээд зүтгэе гэвч дахин, дахин алдагдал үүрээд ажил хийх үнэхээр боломжгүй болоод байна” гэв. 

“Түмэн алт” компани захиа­лагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, БСШУЯ, БХБЯ-д хандаж 2021 оны цалин­гийн тарифаар 2021 оны нэгдүгээр сараас хойш хийсэн ажилд магадлал хийгээд өгөөч, аудит оруулаад, үнэхээр авсан зээлүүдээ барилгад оруулсан эсэхийг шалгаж тогтоогоод өгөөч гэдэг хүсэлт тавьжээ. 2021 оноос хойш хийсэн болон үлдсэн ажлууддаа өнөөдрийн мөрдөж байгаа цалингийн тарифаар үнэлээд магадлан хийгээд өгөөч. Шаардлага, хэрэгцээ нь хоолойд тулчихсан энэ барилгаа ашиглалтад оруулах тэр хөрөнгийг шийдээд өгвөл бидэнд өнөөдөр ажиллах хүн, хүч, нөөц боломж, бүрэн, дүүрэн байна. Манай компани олон ч сургууль, цэцэрлэг барьж ашиглалтад өгч байсан урьд нь нэг ч ийм асуудалд орж байгаагүй гэж хүсэлт тавьсан ч өнөө хэр дорвитой хариу, шийдвэр сонсоогүй л суугаа гэнэ.

2019 онд тендер авахдаа хэн цар тахал гарна гэж тооцоолох юм бэ. Захиалагч “Та нар тендерт орохдоо хийнэ, чадна гээд төсөл авсан биз дээ, дуусга” гэдэг дарамт, шахалт тавьдаг гэнэ, шахахаас ч арга үгүй биз. Хэрвээ цар тахал гараагүй бол 2019 онд авсан төслөө 2020 он гэхэд дуусгах боломжтой байсан биз. Хэрвээ тэгсэн бол мэдээж цалингийн тариф, бараа, материалын хомстол, үнийн хөөрөгдөлд өртөх­гүй. Хэрвээ, хэрвээ, хэрвээ. Өнгөрснийг өөрчлөх боломж­гүй гэхдээ засаад урагш­лах боломж үргэлж байдаг. 

Тэгсэн бол ингэсэн бол гэж дүгнэж шүүхээс илүүтэй сургамж авч урагшилж чадсан нь хождог. Э.Хишигсүрэнгийн “Манай компани 2020 онд цалингийн тарифын өсөлтийг даагаад ашиг олохгүй ч тэсээд өнгөрөх боломж үнэхээр байсан. Хэн ч тооцоолоогүй хүчин зүйлээс болоод энэ бүхэн боломжгүй боллоо. Гэрээний үнийн дүнд барилгыг хүлээлгэж өгөх үнэхээр боломжгүй. Авсан үнийн дүнгээс давуулж гүйцэтгэсэн ажлыг минь зөв үнэлж, дүгнээд магадлаад өгөөч гэдгээ яам, тамгын газарт бичгээр хүргүүлсэн байгаа” гэсэн үг зөв газраа зөв өнцгөөр хүрээсэй гэсэн миний бодолтой зэрэгцэн барилгын ажилтай танилцах явц өндөрлөв.

Барилгын 80 орчим хувийг нь хийж гүйцэтгэсэн цэцэрлэгийн барилгыг бушуухан ашиглалтад ороосой гэж хүсэн ёстой нүдээ ширгэтэл харуулдан, тойрон гороолохоо шахаж байгаа иргэд хашаанаас гарч ирэхэд тосоод зогсож байлаа. Тус хорооны иргэн 

Сүхээгийн Тунгалаг: 

“Манай хорооны нутаг дэвсгэрт цэцэрлэг байдаггүй. Манай хүүхдийг харьяаны дагуу гээд 164-р цэцэрлэгт хуваарилсан боловч нөгөө цэцэрлэг нь ачааллаа дийлэхгүй хоёр хуваагдаад нэг хэсэг нь зориулалтын бус буюу орон сууцны барилгыг цэцэрлэг болгон тохижуулсан байртай юм билээ. Өглөөд хүүхдээ хүргэж өгөх гээд очиход хоёр талынхаа цонхыг нэвт дэлгээд хаячихсан агаар сэлбэж байдаг л даа. Өнгөрсөн өвөл л гэхэд манай хүүхэд гурав, дөрвөн удаа хатгаа авсан. Энэ нь зориулалтын бус байрнаас боллоо гэж би дүгнэж байна. Хоолыг нь лав 164 дүгээр цэцэрлэгээс зөөж авчирдаг юм билээ. Манай хорооны иргэд шинээр барьж байгаа цэцэрлэгийг хурдан ашиглалтад ороосой л гэж хүлээж байна даа” гэв  

 

Иргэн Бумцэндийн Уранцэцэг:

“Дүүргээс манай хорооны хойно байх дөрөвдүгээр хорооны нутагт нэг айлын байрыг түрээсэлж цэцэрлэг байгуулж өгсөн. 164 дүгээр цэцэрлэгийн салбар юм гэсэн. Манай хорооны хүүхэд биш гэж авахдаа бас тийм ч уриалгахан биш. Хараад байхад манай хороо залуу гэр бүл олон, бага насны хүүхэд ихтэй хороо юм байна. Аль 2008 оноос ярьж эхэлсэн шинэ цэцэрлэгийн барилга 2020, 2021 онд овоо явж байгаад гэнэт зогссон. Санхүү­жилт байхгүй гэж сонссон, бу­шуу­хан санхүү, мөнгийг нь ший­дэж өгөөд цэцэрлэгээ бариулаасай л гэж бодож байна” хэмээв.

 

Зураг дээр: Зүүн гар талд хэсгийн ахлагч

Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны хэсгийн ахлагч 

“Хэсгийнхээ айл өрхийн байр байдлыг анзаарч байхад хүүхэд харна гэдэг том асуудал. Манай хэсэг залуу гэр бүл олонтой. Тэднээс харьяаны цэцэрлэг, сургуультай болох талаар дээш нь шат дамжлагуудад уламжилж өгөөч гэдэг хүсэлт маш их ирдэг. Манай хэсгийн газар дээр барьж байгаа цэцэрлэгийн барилга гурав, дөрвөн жил боллоо, ашиглалтад ордоггүй. Цоожтой хаалганы цаана хүүхдүүд харж хандах хүнгүй үлдсээр л байна. Харж хандах хүнгүй үлдсэнээр гарах эрсдэл ямар их билээ. Танай сониноор дамжуулаад хэсгийнхээ залуу айл, өрхүүдийн хүсэлтийг уламжилж буйдаа баяртай байна” гэсэн юм. 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


3
angry
0
care
0
haha
4
liked
2
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22