Монголбанк, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. Үүнтэй холбогдуулан Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа.
-Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх арга хэмжээг яагаад орон нутагт зохион байгуулах ёстой гэж үзсэн бэ?
-Үндэсний стратегийн зорилго, зорилтыг газар зүйн байрлал, хүн амын нягтрал, санхүүгийн зах зээлийн хэрэгцээ, шаардлага, санхүүгийн хөгжлийн түвшин зэргийг харгалзан уялдуулж гаргасан бодлогын дагуу тодорхойлж, хэрэгжүүлдэг. Энэ бол олон улсад мөрддөг жишиг. Тухайлбал, хөгжиж буй зарим улс орон санхүүгийн боловсролыг дээшлүүлэх стратегийн зорилгоо санхүүгийн зах зээлийг иргэдэд хүртээмжтэй болгох тал руу чиглүүлдэг. Мөн зарим нь хэрэглэгчдийг санхүүгийн шийдвэр гаргах чадвартай болгох, хувьсан өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн сорилттой тулгарахад хамгийн бага эрсдэл амсах шийдвэр гаргаж чаддаг болох чадамж руу чиглүүлж байдаг.
Олон улсын туршлагаас харахад, улс орнууд иргэдийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх стратегийг олон төрлийн тэргүүлэх чиглэлтэйгээ уялдуулан хэрэгжүүлдэг. Гэхдээ тодорхойлж гаргасан бүх стратегийг хэрэгжүүлэх нөөц боломж хязгаарлагдмал учраас эхний ээлжид хамгийн үр нөлөөтэй тэргүүлэх чиглэлээ барьж ажилладаг. Монгол Улс бол өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй. Иргэд маань 21 аймаг, 300 гаруй сууринд тархан суурьшсан. Орон нутгийн иргэд хот суурин газрын оршин суугчидтай харьцуулахад мэдээлэл авах, санхүүгийн мэдлэгээ тэлэх боломж хомс. Өөрт тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн сонгон худалдаж авах, үр хүүхдийнхээ боловсролд зориулах хөрөнгийг хэзээ, яаж бэлтгэх вэ, орон сууцтай болох, амьдралын чанараа нэмэгдүүлэхэд яах ёстой вэ, тэтгэврийн насанд хүрэхдээ өөрт зориулсан хуримтлалыг хэрхэн үүсгэсэн байх вэ гэх мэт ойлголтгүй байх нь түгээмэл. Малчдын хувьд ч санхүүгийн мэдлэг дулимаг учраас үндэсний тэргүүлэх чиглэлийн стратегид хөдөө, орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгох асуудлыг шингээж өгсөн.
-Орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дэмжих чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Эхний ээлжид бид орон нутгийн иргэдэд дутагдалтай байгаа, сайжруулах нэн шаардлагатай санхүүгийн мэдээллийн талаар судалгаа хийж, цаашлаад орон нутаг дахь төрийн болон төрийн бус байгууллагын сүлжээг ашиглан санхүүгийн мэдлэг олгох бодлогыг баримталж байна. Аймгийн ЗДТГ болон Монголбанкны салбар, хэлтсүүд, арилжааны банкуудын салбар, тооцооны төвүүд, төрийн болон төрийн бус байгууллагаар дамжуулан иргэд рүү чиглэсэн, санхүүгийн мэдлэг өгөх сургалтыг тогтмол зохион байгуулж, тухайн орон нутгийн захиргаа, холбогдох мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах юм. Мэдээж боловсрол олгож буй сургууль, МСҮТ, коллеж, их, дээд сургуулийн салбаруудад төрийн бодлогоор дамжуулан сургалтын хөтөлбөрт нь санхүүгийн мэдлэг олгох агуулга багтаах зэрэг ажлыг хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж харж байгаа.
-Энэ удаа Төв банк Өмнөговь аймгийг сонгосон байна. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлуудыг хийх вэ?
-Монголбанкны санхүүгийн мэдлэг олгох стратегийн хүрээнд дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар ахлуулсан баг бүрэлдэхүүн Өмнөговь аймагт өнгөрсөн тавдугаар сарын 22-25-нд ажилласан. Энэ үеэр орон нутгийн засаг захиргааны удирдлагуудын түвшинд “Санхүүгийн боловсрол-Орон нутгийн оролцоо” нээлттэй хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Монголбанк, Өмнөговь аймгийн ЗДТГ-тай хамтран орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг түгээх хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Өмнөговийг санхүүгийн боловсрол түгээн ажиллах жишиг аймаг болгох, орон нутаг дахь ерөнхий боловсролын 22 сургуулийн хөтөлбөрт “Бизнес судлал хичээл”-ийг багтааж, цахим болон танхимаар орох, түншлэл буюу байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх саналууд гарсныг ярилцлаа. Өмнөговь бол 73 мянган хүн амтай, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг голлон явуулдаг аймаг. Ээж, аав нь уул уурхайд ажилладаг хүүхдүүд бол асран хамгаалагчдаа ажилтай байх хоногуудад үндсэндээ ар гэрээ сахиж, өрх толгойлоод үлддэг юм байна. Тиймээс энэ хүүхдүүдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн арга хэмжээг хийх талаар ч ярьсан. Энэ удаа бид санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Даланзадгад болон аймгийн 15 сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, Насан туршийн боловсрол төвийн багш, төрийн байгууллагын ажилтан, албан хаагч нараас бүрдсэн 102 хүнийг сургагч багшаар бэлтгээд ирлээ.
-Орон нутаг руу чиглэсэн нөлөөллийн томоохон арга хэмжээ болон эхний ажлаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-Иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх тал дээр бодлогоор түүчээлсэн Өмнөговь аймгийн энэ санаачилга бусад аймагт сайн жишиг болно гэж найдаж байна. Цаашдаа санхүүгийн мэдлэгийг орон нутагт илүү хүртээмжтэй нэмэгдүүлэх загвар, жишиг ч гарах болов уу гэсэн хүлээлт бий. Мөн Өмнөговийн иргэд, олон нийтийн санхүүгийн мэдлэгийг тогтоох суурь судалгааг хийж, дунд хугацааны цогц арга хэмжээ боловсруулах боломж бүрдэж байна. Энэ загвараас бусад аймаг авч, орон нутгийн онцлогтоо тохируулан бодлого боловсруулж, хэрэгжүүлбэл үр дүнтэй байх юм.
Д.Жаргалан
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна