Одоогоос 14 жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын дүгнэлтээр ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн хоёр давхар барилгыг нураах шийдвэр гарч байлаа. Үүнээс хойш Түлэнхийн төвийн шинэ байрны барилгын ажлыг эхлүүлэх гэж дөрвөн жил дуншсан. Улмаар 2013 оны намар арайхийн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлсэн ч 10 жил царцсан түүхтэй. Түлэнхийн төвийн хуучин барилгыг 1957 онд ашиглалтад оруулсан байдаг. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төв нь анх 1960 оны арванхоёрдугаар сарын 9-нд УНТЭ-т “Бэртэгсдийг эмчлэх тасаг” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Улмаар эмнэлэг болж өргөжин, 10-аад хоногийн өмнө нээлтээ хийсэн төвийн барилгын суурин дээр 1976 онд үйл ажиллагаагаа явуулсан юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй барилгыг 1991 онд ашиглалтад оруулсан бөгөөд Түлэнхийн төв нь хуучин бууриа сахиж үлдсэн түүхтэй. Мэргэжлийн хяналтын газрынхны дүгнэлт гарснаас хойших 10 гаруй жилийн хугацаанд “Мөнгөн гүүр” эмнэлэг болон ГССҮТ-ийн өрөөсөн “бөөрөнд” үйл ажиллагаа явуулсаар 2022 онтой золгосон байдаг. Улмаар Түлэнхийн төвийн барилгын “А” блок өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас ашиглалтад орж, тус эмнэлгийнхэн бууриндаа буцаж ирснээр хагас жилийг ардаа үджээ. Тэгвэл хагас жилийн хугацаанд “В” блокийн засвар, дотоод тохижилт, угсралтын ажил бүрэн дуусаж, 10 хоногийн өмнө албан ёсоор нээлтээ хийв. Уг нь барилгыг 2018 онд ашиглалтад оруулахаар анх тохиролцсон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болж удаан хугацаанд ажил нь царцсан бөгөөд 2017 онд Монгол Улсын Засгийн газар Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сантай хэлэлцээр хийснээр Түлэнхийн төвийн барилгын ажил эхэлсэн байна. Улсын хэмжээнд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх тус төв нь түлэнхий, гэмтэл согогийн яаралтай болон хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний есөн тасаг бүхий нийт 250 ортой, үндсэн “А”, “В” блокоос бүрдсэн долоон давхар эмнэлэг юм. Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сан хоорондын хэлэлцээрийн дагуу найман сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2017 онд нийслэлийн Сүхбаатар дүүрэгт түлэгдэлт, хөлдөлт, нөхөн сэргээх мэс заслын төрөлжсөн нарийн мэргэжлийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, олон улсын чанар стандартад бүрэн нийцүүлэх, орчин үеийн оношилгоо эмчилгээний багаж тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон, ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төвийн барилгын цогцолбор барьж, ашиглалтад оруулах шийдвэр гарсан аж. Уг нь энэ барилга гурван блокоос бүрдэх ёстой. Гэвч барилгын ажил царцсан байх үед моорог байрлах ёстой “С” блокийн газраа бусдад хууль бусаар “дээрэмдүүлж” өдгөө тус талбай дээр 16 давхар орон сууц сүндэрлэжээ.
Шинэ Түлэнхийн төв жилд 40 мянган хүн хүлээн авах чадалтай
Түлэнхийн төв жилдээ яаралтай тусламжаар 35000-40000 үйлчлүүлэгч хүлээн авах, амбулаториор 15000-20000 үйлчлүүлэгчид тусламж үзүүлэх, 6000-7000 үйлчлүүлэгчийг хэвтүүлэн эмчлэх, 2500-3000 мэс засал эмчилгээ хийх хүчин чадалтай. Ташрамд дурдахад, сүүлийн арван жилийн хугацаанд осол, гэмтлийн яаралтай тусламж 80-150 мянган тохиолдол болж хоёр дахин, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 10-18 мянган тохиолдол болж 1.4 дахин, мэс засал 7058-12853 болж 1.8 дахин, Амбулаторийн үзлэг 19392-100903 болж тав дахин нэмэгджээ. Тиймээс Түлэнхийн төвийн шинэ эмнэлгийн барилга бүрэн ашиглалтад орсноор гэмтэл согогийн яаралтай тусламж үйлчилгээг 24 цагийн турш харьяалал харгалзахгүй үзүүлж, гэмтлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг 25-30 хувиар нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн хүлээгдэл, чирэгдэл ч энэ хэмжээгээр буурах нэн чухал ач холбогдолтойг тус эмнэлгийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Ц.Нарантунгалаг онцоллоо. Түлэнхийн төвийн шинэ барилгын нээлтэд оролцсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголд эхэлсэн төсөл олон ч дуусгасан ажил цөөн байсаар ирсэн. Энэ байдалд дүгнэлт хийж, улсын төсөв шинэ хөрөнгө оруулалтыг тэвчиж, өмнө эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах зорилт дэвшүүлж, дутсан санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Цаашид эхэлсэн төслүүд төсвийн 2-3 жилд бүтэн дуусдаг байх санхүүгийн тогтолцоонд шилжинэ. Энэ бодлогын хүрээнд 2021-2023 онд эрүүл мэндийн салбарт сүүлийн 10 жилтэй тэнцэхүйц хөрөнгө оруулалт хийсэн” хэмээн онцолсон байдаг. Монгол Улсад жилд 6100 гаруй хүн түлэгдлийн шалтгаантай осол гэмтэлд өртөж байгаагийн 54 хувь нь нас барж байна. Тэгвэл уг тохиолдлын гуравны нэгийг 0-4 насны хүүхэд эзэлдэг гэх сэтгэл эмзэглүүлэм статистик бий. Монгол Улсад сүүлийн таван жилийн дунджаар 702 мянган осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдэж, тэдгээрийн 31 мянгыг түлэгдэлт эзэлдэг бөгөөд 74.5 хувь нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авсан байна. Мөн нийт түлэгдлийн тохиолдлын 75-80 хувийг бага насны хүүхэд эзэлж байгаа нь бидний анхаарч үзэх асуудлын нэг болоод байгаа юм. Харин ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 110 мянга гаруй хүн үйлчлүүлснээс 20-25 хувь нь түлэгдэл болон бусад халдвар, могойд хатгуулсан, нохойд хазуулсан шарх шархлаанууд эзэлж байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа юм.
Түлэнхийн төвийн эмч нарын ажил одоо л эхэлж байна
Эмнэлгийн үүдээр ороход уйлах хүүхдийн чимээ сонсогдож, ёолсон, догонцсон хүнтэй хаа нэг тааралдана. Төсөөлснөөс харьцангуй ачаалал багатай үе таарах шиг болов. Түлэнхийн төв, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасаг, Мэс засал, мэдээгүйжүүлгийн тасаг, Амбулаторийн нэгдсэн тасаг болон шинээр Спортын гэмтлийн төв, Ясны эмгэг хавдрын тасаг, Нөхөн сэргээх мэс заслын тасаг, Сэргээн засах эмчилгээний тасагтайгаар үйл ажиллагаа явуулна. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны нэмэлт санхүүжилтээр эмчилгээ, оношилгооны стандарт шаардлагад нийцсэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг иж бүрэн суурилуулсан төдийгүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэж чадавхжуулж, хүний нөөцийг бэлтгэн ажиллаж буй гэнэ. Одоогоор тус эмнэлэг 130 хүний орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа юм. Түлэнхийн төвийн “А” блок таван давхар бол “В” нь долоон давхар барилгаас бүрдэнэ. Гэхдээ “В” блокийг албан ёсоор нээсэн ч үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байлаа. Учир нь, эмнэлгийн давхар бүрээс арчдас авч шинжилгээнд явуулсан гэнэ. Энэ сардаа багтаан эмнэлэг бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй аж. Эмнэлгийн бүтцийг товчхон дурдвал зоорийн буюу В1 давхарт гал тогооноос эхлээд шаардлагатай тасгууд байх бол нэгдүгээр давхрыг амбулатори, яаралтай тусламжийн тасаг эзэлнэ. Харин хоёрдугаар давхар тэр чигээрээ мэс заслын тасаг. Харин гуравдугаар давхраас дээш дээр дурдсан ангилал тус бүрээрээ хэвтэн эмчлүүлэгсэд, мэргэжлийн эмч, сувилагч, ажилчид байрладаг. Зургадугаар давхарт ажилчид болон хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоглоомын өрөөг байгуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд тоглоомын өрөөтэй цор ганц эмнэлэг болж байгаа юм. Хүүхдүүд гэмтэл, түлэгдлийн зэргээсээ шалтгаалан эмнэлэгт хэвтэх хугацаа харилцан адилгүй. Өвчин нь эдгэрч, илааршиж эхэлсэн хүүхдүүд эмнэлэгт уйддаг тул тоглоомын өрөө зайлшгүй байх шаардлагатайг онцлов. Шинээр ашиглалтад орсон Түлэнхийн төвийн барилгын өрөө, тасалгаанууд том зайтай бөгөөд цонхнууд нь цэлгэр. Орчин үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж суурилсан гээд давуу тал олон. Хэрвээ давхрууд болон тасалгаанаас авсан шинжилгээний хариу нааштай гарвал ирэх долоо хоногтоо багтаад “В” блок руу өвчтөнүүд болон шаардлагатай тасгуудаа нүүлгэн шилжүүлэхэд бэлэн гэдгийг эмнэлгийнхэн ярилаа. Эмнэлэг бол хүсэж очих газар биш. Гэхдээ санамсар болгоомжгүй байдал, бусдын хайхрамжгүйгээс болж түлэгдсэн, хазуулсан, хатгуулсан, гэмтсэн иргэд ГССҮТ-д бөөгнөрөхгүй, тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломж нээлттэй болов. Эмнэлэгт нарийн мэргэжлийн эмч нар олон байгаа ч сувилагч, асрагчдын орон тоо хангалттай бус байгаа аж. Тиймээс яг өнөөдрийн байдлаар сувилагч, асрагч нар багагүй ачаалалтай ажиллаж буйг Ц.Нарантунгалаг эмч онцоллоо. Цалин хүрэлцээтэй бус, хүнд нөхцөлд ажилладаг зэрэг нь шинэ залуу боловсон хүчнийг шантрахад хүргэдэг байна. Тэрбээр ярихдаа “Хүний нөөцийн асуудал хэцүү байна. Ямар ч бэлтгэлгүй том талбай руу нүүгээд ордог. Хүндээ хүрч үйлчилж чадахгүй бол хэцүү. Зун болохоор хүмүүс амраад явдаг. Хүний нөөцийн дутагдалд орсноос болж нэг сувилагч, асрагчийн ажил нэмэгдэж байна л гэсэн үг. Цэвэрлэгээ, үйлчилгээг маш сайн хийх ёстой. Тиймээс асрагчийн тоог нэмэхгүй бол ачаалал улам нэмэгдэж байна. Хүний амь нас хариуцан ажилладаг бидний хувьд энэ л том асуудал. Бусдаар том, шинэ байрандаа хэзээ л бол хэзээ нүүгээд ороход бэлэн байна” гэв. “А” блокийг ашиглалтад орсны дараа зөвхөн түлэнхийгээ эмчилдэг байсан бол саяхнаас нохойд хазуулах, могойд хатгуулах, гэмтлээс үүдсэн бохирдолтой шархийг эмчлэх зэргээр эмч нарын ачаалал нэмэгдсэн байна. Ингээд хоногт 25-30 хүн амбулаториор үйлчлүүлдэг байсан бол сүүлийн үед энэ тоо хоёр дахин нэмэгдэж 50-60 болжээ. Эмнэлгийн ачааллын талаар Ц.Нарантунгалаг эмч ярихдаа “Шөнө харьцангуй тайван хонодог байсан бол одоо байдал өөрчлөгдсөн. Сургууль, цэцэрлэг амарсан учраас хүүхдийн түлэгдэлт эрс нэмэгддэг бичигдээгүй хуультай. Мөн могойд хатгуулах, нохойд хазуулах гэх мэтээр ачаалал нэмэгддэг улирал. Бидний хувьд ачааллын оргил үе одоо л эхэлж байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд нохойд хазуулсан тохиолдол маш олон гарлаа. “В” блоктоо эмчлүүлэгсдээ хүлээж авч эхлээгүй учраас орныхоо багтаамжаас хамаарч хэвтэгсдээ авч байна. Нэн түрүүнд яаралтай хэвтэх шаардлагатай хүмүүсээ авч байгаа. Сэхээний тасагт л гэхэд маш хүнд хүмүүс ирж байна. Сэхээний 10 орноос зургаад нь хүн хэвтэж байх жишээний” гэв. Тэрбээр манай сониноор дамжуулж нийт иргэдэд зөвлөмж, анхааруулга хүргүүлснийг уламжилъя. “Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед бага насны хүүхдийг сургуулийн ах, эгч нь харж хандах тохиолдол элбэг. Үүнээс шалтгаалж гэр ахуйн түлэгдэлт эрс нэмэгдэнэ. Хоёрдугаарт, зугаалгын улирал эхэлсэн. Үүнээс шалтгаалж хорхог, боодогтоо түлэгдэх тохиолдол нэмэгддэг. Өвс, ногоотой газраар явахдаа могойд хатгуулах, гол усанд живэх, нохойд хазуулах гэх мэт аваар осол олноор гардаг улирал эхэлж байна. Мөн хөгшчүүл яргуй цэцгийн дэлбээг хөл дээрээ тавьж химийн түлэгдэлтэд өртөх нь нэмэгдлээ. Тиймээс дор бүрнээ анхаарал болгоомжтой, аливаад хянуур байхыг танай сониноор дамжуулан иргэддээ зөвлөе” гэв. Тус эмнэлэгт зургадугаар сарын дунд хэсэг, долдугаар сард ачаалал оргил үедээ хүрдэг байна. Тиймээс хэт их хүний нөөцийн дутагдалд орохгүйн тулд эмч нарынхаа амралтыг хойшлуулаад байгаагаа ч учирлалаа.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна