​ Э.Оюунтунгалаг: Хүүхдээ сонсоогүй байж тэдний амьдрах нийгмийг бүтээж чадахгүй


Цахим орчинд  “Намайг сонс” гэсэн уриалга хүн бүрийн анхаарлыг татаж эхэллээ. Хүүхдийн төлөө зөв зүйтэй энэхүү хөдөлгөөнийг хэн санаачилсан юм бол хэмээн сонирхож сэтгүүлчийн эрэл хийсээр эзнийг нь олж уулзлаа. Хүүхдэдээ цаг гаргах нь байтугай сонсохыг хүсдэггүй нийгмийг өөрчлөх хүч болох “Намайг сонс” хөдөлгөөнийг өрнүүлсэн Э.Оюунтунгалагтай ярилцсан юм.  Хүмүүс “Бяцхан мисс”-ийн Тунгаа гэдэг нэрээр сайн мэднэ.  Хүүхдийн хөгжлийн төлөө гэсэн сэтгэлээр байгуулсан “Бяцхан мисс” олон улсын байгууллага нь  20 жилийн түүхтэй. Монгол хүүхдүүдийг  зэрэглэл өндөртэй хүүхдийн урлаг, загварын шоу, бяцхан миссийн тэмцээнд 2015 оноос оролцуулж эхэлжээ.

-Монгол хүүхдэд ээлгүй улс гэсэн шүүмжлэл Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр өрнөлөө. Хүүхдийн хөгжлийн талаар олон ажил санаачилж хэрэгжүүлсэн хүний хувьд энэ шүүмжтэй санал нийлэх үү?
-Манайх хүүхдэд ээлгүй улс гэдэгтэй санал нийлнэ. Монголчууд цөөхүүлээ ард түмэн. 1300000 хүүхдэдээ ээлгүй хандаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, халамжийн 20 гаруй мянган хүүхэд байдаг. Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан хөтөлбөр боловсруулж, халамж олгох  нь зөв. Өгөх ёстой л зүйл. Бид халамжаа л тойрч яриад хөгжлийг нь орхигдуулдаг гэмтэй. Манай улс бүх нийтийн боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлдэг давуу талтай. Боловсролыг тусгайлан хариуцсан яам байна. Харин хүүхдийн хөгжлийн газар цөөхөн учраас энэ чиглэлд төрийн бус байгууллага байгуулсан. Багш мэргэжилтэй учраас хүүхдийн хөгжилд илүүтэй анхаардаг. Дэлхий даяарчлагдлаа. Бид дэлхийн хараатай монгол иргэнийг бэлтгэх үе иржээ. Хоцрох бус хөл нийлүүлмээр байна. Ингэхийн тулд хүүхэд хөгжлийн олон улсын хөтөлбөр, гарц гаргалгааг судалж үзлээ. Загварын салбарт үйл ажиллагаа явуулдаг учраас миссийн тэмцээн, гоо зүйн гарцыг олж харсан. Миссийг хүмүүс дуулж бүжиглэдэг, хувцас сольж өмсдөг гэж өрөөсгөл ойлгодог. Тийм биш үү. Манайд одоо л нэвтэрч байгаа сайн дурын ажил буюу олон нийтийг зөв зүйлд уриалан дууддаг нийгмийн үйлсэд хүүхэд багаасаа оролцох ёстой. Үүнээс л өөрийгөө, бусдыг, дэлхийг хайрладаг алсын хараатай иргэд төлөвшдөг. Хүүхдийн төлөө гэсэн хувь хүн, дүрэм журам, төсөл, төсвийг дурдвал барагдашгүй. Ярьдаг хүн олон ч хүүхдэд зориулж яг юу хийсэн нь тодорхойгүй. Хөрсөн дээрээ буугаад хэрэгжиж байгаа скүүл полице зэрэг цөөхөн ажлыг хувийн байгууллагууд санаачилсан. Монголд хөрсөндөө буусан үндэсний хөтөлбөр үгүйлэгдэж байна. Скаутын холбоо, Манлайлагч залуучууд зэрэг нь гаднын байгууллагын салбар хөтөлбөр шүү дээ. 


-Үндэсний хөтөлбөртэй болохын тулд хүүхдээ сонсохыг уриалжээ. “Намайг сонс” уриалга цахим ертөнцөд  эрчимтэй өрнөж байна. Хүүхдийн төлөө гэсэн уриалгуудаас таны санаачилсан хөдөлгөөний ялгарах онцлог нь юу вэ?
 -Ковидын хөл хориогоор монголчууд “Бид хоригдмооргүй байна” гэж хашхирч байсан атлаа чив чимээгүй гэртээ түгжигдэх хүүхдүүдийн дуу хоолойг хэн ч сонсдоггүй. Хүүхдээ сонсож байж л ирээдүйг харна. Би отгон охиноо 37 настайдаа төрүүлсэн. Бидний дунд 37 жилийн нийгмийн хөгжлийн зөрүү байдаг. Ухаалаг утас, техникийг хүүхэд эцэг, эхээсээ илүү мэдэж байна. Одоо цагт бид өнгөрсөн түүхээрээ л бахархдаг. Өнөөдрийн бахархал алга. Монгол хүүхдүүдэд  үндэсний бахархал байна уу. Хүүхдүүдийнхээ хүсэл тэмүүллийг сонсож, ертөнцийг нь ойлгоогүй байж 30 жилийн дараах нийгмийг нь бүтээнэ гэвэл үлгэр. Монгол Улсын Засгийн газар  18 жилийн дараа хүүхдийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 108 байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтад очоод манай улсад Хүүхдийн зөвлөл байдгийг мэдлээ. Өмнө нь хэдэн дарга нарын цуглуулга, төсөл шийддэг газар байжээ. Хүүхдийн хөгжлийн чиглэлээр 20 жил үйл ажиллагаа явуулахдаа тэр зөвлөлийн тухай сонсоогүй. Уулзалт зургаан цаг үргэлжилж,  Ерөнхий сайд хүн бүрийн саналыг сонсож бичиж, тэмдэглэж авсан. Би “Намайг сонс, биднийг сонс, тэднийг сонс” гэсэн уриатай хүүхдээ сонсъё гэдэг санал дэвшүүлсэн. Бид хүүхдийн анхдугаар чуулганыг энэ онд зохион байгуулахаар товлолоо. Улаанбаатар хот, 21 аймгийн хүүхдүүд дуу хоолойгоо төр засагтаа сонсгоно.

 
-Намайг, биднийг, тэднийг сонс хөдөлгөөнийг хэрхэн өрнүүлж байна вэ?
-“Намайг сонс” хөдөлгөөнөө манлайлал талдаа өрнүүлж байна. Манлайлал гэхээр онц сурдагтаа биш хамтдаа хэрхэн хөгжиж, бүтээж болдгийг ухаарч мэдэхэд оршино. Харанхуй орц, гудамж, тоглоомын талбайгүй орчноо хүүхэд мэдэж байгаа. Гэтэл томчууд тэднээс юу хүсэж байгааг нь асуудаггүй. Хүүхдэдээ  “Намайг сонс” гэсэн боломжийг нь олгоод үг, үзэл бодлыг нь яриулцгаая. Тэдэнд анги хамт олон, найз нөхөд байгаа учраас “#Биднийг сонс” гэдэг уриалга гаргасан. Хамтын хүслийг нь сонсъё.  Харин “#Тэднийг сонс” бол хүчирхийлэл дунд, хариуцлагагүй эцэг, эхийн гарт чимээгүй нуугдаж байгаа хүүхдүүдийг сонсох зорилготой хөдөлгөөн. Энэ хүрээнд -16 үндэсний хөдөлгөөнийг өрнүүлсэн. Хүүхдүүд идэвхтэй оролцдог. 


-Эцэг, эх нь хүүхдийнхээ анхны, тууштай сонсогч байгаасай гэтэл завгүйгээрээ шалтаглаж, тэдэнд цаг зарцуулж чаддаггүй. Үр дагавар, хор уршгийг нь нийгэм, төр засагт тохоод байх шиг санагддаг. Та хэрхэн тайлбарлах вэ?
-Гэр бүл бол нийгмийн анхан шатны нэгж. Эцэг, эх нь  үгийг нь сонсдог, хүлээж авдаг хүүхэд өөртөө итгэлтэй, зөв хүн болно. Ээж, аав нь ярилцдаггүй бол хүүхэд өөрийг нь сонсох хэн нэгнийг хайдаг. Энэ бол аюул. Дэлгэцийн хамааралтай болж, цахим орчинд гэмт хэрэгтэнтэй уулзах эрсдэлтэй. Ажиглаад байхад монголчууд  бага балчир үед нь сайн харилцдаг. Цэцэрлэгт хүргэх, цуг явах, эрхлүүлэх зэргээр хамтдаа байж хүүхэдтэйгээ ажилладаг. Дунд ангид орсны дараа биеэ даасан гээд хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулдаг. Зарим нь зөнд орхих нь ч бий. Гэтэл хүүхдээс том хүн болж байгаа завсрын орон зай буюу өсвөр нас хамгийн чухал үе нь байдаг. Найзаа сонгох, анхны үерхэл, шохоорхол, мэргэжлээ сонгох, хүн хоорондын харилцаа, хэнийг дуурайхаа шийддэг эгзэгтэй үе. Би ууган хүүгээ их залуудаа төрүүлсэн учраас үгийг нь сонсоогүйдээ харамсдаг. Алдаагаа давтахгүйн тулд бага хүүхдүүдээ сонсдог болсон. Хүүхдийнхээ найз, шавь нартайгаа ярилцах дуртай.  


-Хүүхэд гэмт хэргийн золиос болсон жишээг бид өдөр болгон уншдаг атлаа хариу үзүүлдэггүй, өөр зуураа яриад л орхидог. Та хар бараан үйл явдалд  шүүмжлэлтэй ханддаг уу?
-Сүүлийн үед хүчирхийлэл ихэссэн биш ил болж байна. Баримттай ярья. Миний хүү дүүргийн  Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хүүхэд хамгааллын мэргэжилтэн байлаа.  Гурван сард 16 хүчингийн хэргийн шүүх хуралд гэрчээр орсон. Гэмт этгүүдийн хоёр нь төрсөн эцэг,  зургаа нь хойт аав бас ураг төрөл нь байна. Хүчингийн хэрэг ойроос гардаг.  Миний хүү ийм аймаар хэргийн гэрч өмгөөлөгчөөр суудаг байв. Эмзэглэж, сэтгэлээр унаад өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан.  Хөгжлийн газрын ажилтан хүчингийн хэргийн гэрчээр суугаад байна гэдэг эмзэглэл. Гэтэл бидний жишээ татдаг барууны оронд хүчиндэх нь байтугай ширүүн дуугарвал эцэг, эх байх эрхийг нь хасаад хүүхдийг нь хамгаалах төвд шилжүүлдэг. Эрхээ хасуулахгүй нь тулд тэд хариуцлагатай ээж, аав байна. Монголд гэмт хэргийн золиос болсон хүүхдийн ээж, аав хариуцлагагүй загнадаг. 


-Хүүхдийн төлөө гэж дүр эсгэж, ярьдаг ч ажил хэрэг болгодоггүй. Үүний нэг жишээ Хүүхдийн төлөө фондын захиран зарцуулалтын тухай иргэд цахим орчинд маргасан. Хүүхдийн байгууллагуудын уулзалтын үеэр энэ тухай ярьсан уу. Ер нь Хүүхдийн төлөө фондод хэчнээн төгрөг цугларсан юм бол?
-Ковидын үеэр Хүүхдийн төлөө фондод есөн тэрбум төгрөг цуглуулсан нь хэвээрээ байгаа юм билээ. Ард түмний хандив учраас би ч ажиглаж байгаа. Хүүхдийн зөвлөлийнхөн хэрхэн зарцуулах гарц шийдлээ хайж байгаа гэсэн. Үнэндээ есөн тэрбум бол бага мөнгө. 500 сая төгрөгийн эмчилгээнд орох 20 хүүхдийн зардал. Тиймээс Хүүхдийн төлөө фондын мөнгийг үрэх биш үржүүлэх хэрэгтэй. Сүхбаатарын талбайд хүүхдийнхээ эмчилгээний зардалд хандив хүссэн хүний тоо өдөр бүр нэмэгдэж байна. Яагаад  монгол хүүхэд эмчилгээний зардлаа гуйх хүртэл доройтов. Эрүүл мэндийн даатгалын мөнгийг банкинд хадгалдаг. Бизнесийн хүн учраас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд сар бүр хэдэн төгрөг хураадгийг баримжаалж үзсэн. Иргэнд зориулах ёстой мөнгөний хүүгээр дарга нар тоглолт хийж байна. Үндсэн мөнгө нь л байгаад байдаг банкны хүүг нь зувшдаг сэтгэлгүй үйлдэл ажиглагддаг. Тэр хүүгээр нь монгол хүүхдүүдийн шаардлагатай эмчилгээний зардлыг гаргах боломжтой. Би 1970 оны хүн. Бидний үед Анастасия Филатова монгол хүүхдүүдийн төлөө их зүйл хийжээ. Түүний бүтээн байгуулалтууд 1980 оноос зогссон.  Өөрөөр хэлбэл, орчин үед 1980 оны тогтолцоогоор ажиллаж байна. Улаанбаатар хотыг 600 мянган хүнд тохируулж төлөвлөсөн бол одоо сая гаруй иргэн амьдардаг. Нэг ангид 30 хүүхэд сурах ёстой бол одоо жаруулаа сууж байна. Хүн ам нь өсөөд байхад хөгжлөө орхигдуулсан. Улсынхаа хөгжлийг тав, арван жилээр төлөвлөж чаддаг байж. Одоо цахим ертөнц хөгжиж, мэдээллийг хаанаас  ч авдаг болоод байхад сургууль, цэцэрлэг нэмж барихгүй байгаа нь сэтгэлгүйн шинж.  Улсын, хувийн сургуулийн ялгаатай байдлаас хүүхэд бүр тэгш гараанаас эхэлж чадахгүй байна. 156 сая төгрөгний төлбөртэй сургуульд англи хэлийг эх хэл шигээ заалгасан хүүхдийг англи хэлний тестээр гадаадын их дээд сургууль руу явуулахыг тэгш гараа гэх үү. Баянхошууны сургуульд англи хэлний багш хүрэлцээгүй байгаа нь тэгш гараа мөн үү. Дээр нь багш нарыг үгүйсгэдэг болсон. Би багш мэргэжилтэй. Саяхан багш нарын уулзалтад оролцлоо. Цалин мөнгөндөө сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь багшийг үл хүндэтгэсэн эцэг, эх, нийгмийн дайралт, сурагчдын хандлагаас үүдэж ажлаасаа халшрах болжээ. Багш хүн мөнгө, эд баялгаар биш урмаар тэтгэгдэг.  Бидний үед орой дээрх одыг нь түүнэ гэдэг шиг онц сурлагатнууд багш мэргэжлийг эзэмшдэг байсан. Тэр хэрээр нэр хүндтэй ч байж. 


-Хүүхдийн төлөө ажиллахад мэргэжил тань нөлөөлжээ? 
-Хүүхдийн сэтгэл зүйг мэддэггүй, ертөнцийг нь нээж чаддаггүй хүн мянга яриад үр дүнд хүрдэггүй. Хүүхэд бол нийгмийн хөгжлийн бүтэц.  Хүүхэдгүй нийгэм байхгүй.  Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд маш эмгэнэлтэй дүр зургийг олж харлаа. Хүүхдийн төлөө гэж ярьсан дуучид баярын үйл ажиллагаанд оролцсоныхоо хариуд шагналын мөнгө авч байна. Сонсоод, баярлаад зогсож байгаа хүүхдүүдэд зориулаад яагаад хоёрхон дуу төлбөргүй дуулж чаддаггүй юм бэ. Тийм сэтгэлгүй дуучинд хоёр сая төгрөг өгснөөс 50 хүүхдэд бэлэг өгвөл жинхэнэ баяр болно доо. Урлагийнхан хүүхдэд зориулж дуу хийлээ гэдэг нь мөн чанартаа бизнес. Хүүхдийн төлөө хэлэх, хийх, ажиллах, амлах гэдэг нь зөрүүтэй зүйл болжээ. 


-Таныг “Бяцхан мисс”-ийн Тунгаа гэдэг. Бас  олон улсын зэрэглэлтэй шүүгч гэж сонссон. Та ажлынхаа жишиг, онцлогоос хуваалцана уу? 
-Би  “Best kids model of the universe,  “Teen star international”, “The best model of the universe”, “Luxury brand model award”, “Little miss mister universe”, “Little miss kister eurasia africa”, “Miss teen International” гэсэн олон тэмцээний эрхийг эзэмшдэг. Монгол хүүхдүүд гаднын тэмцээнд амжилттай оролцдог нь өөрийн гэсэн өв соёл, уламжлалтай холбоотой. Анх тэмцээнд оролцож байхад биднийг мэддэггүй байсан бол одоо монгол дээлийг биширдэг. Монгол хүүхдүүд хүчирхэг өрсөлдөгчид болсон. Манай байгууллага “Дэлхийд данслагдах монгол топуудыг бид бэлтгэнэ” гэсэн уриатай. Монгол өв, түүх, хүүхдүүдийнхээ чадамжийг дэлхийд таниулж байгаа нь миний ажлын жишиг юм. Хүүхэдтэй ажиллаж, тэдний ертөнцөд амьдардаг учраас гоё бүхнийг бодож мөрөөддөг. Манай төвд зургаан настай хүүхэд орж ирэхэд би “Энэ охин 10 жилийн дараа ямар байх бол” гэж боддог. Ирээдүйг түрүүлж  харах дуртай. Монголдоо олон улсын стандартыг хангасан хүүхдийн соёл, амралтын зуслантай болж, дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулахыг мөрөөддөг. Зорилгодоо хүрэхээр хичээж байна. Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж гадаад харилцаагаа тэлж байгаа. 

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/


0
angry
6
care
2
haha
9
liked
4
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22