Төрийн шагналт Д.Сэнгээ 1950-аад оны эхээр “Залуу зохиолчдын бүлгэм”-ийг санаачлан, удирдаж байв. Бүлгэмд цөөн бус залуус идэвхийлэн суралцаж үр дүн нь нэрт зохиолч Л.Түдэв, Б.Явуухулан, М.Ширчинсүрэн, Д.Мягмар, С.Дашдооров, Д.Маам, Ж.Чойжилсүрэн, Д.Содномдорж, Ж.Дашдондог зэргээр нэг үеийнхэн энэ бүлгэмээс төрсөн юм. Б.Явуухулан гуай ид хөдөлмөрлөж байх он жилүүддээ эх хүний элбэрэл хайр, халуун элгэн сэтгэлээ хэрхэн үрдээ зориулдаг болохыг дүрсэлсэн “Ээждээ” шүлгээ туурвиад удаагүй байх зуур нэгэн балчирхан хүү дорнын их яруу найрагчийн шүлгийг шимтэн уншиж байлаа. Бурхны орондоо залраад төсөрхөн удаагүй эх нь яахын аргагүй Алтанхуягийн ар өврөөс нь түшин түлхэж хүүгийн тархинаа “Ээждээ” шүлгийг сайхан дуу болгох хөг аяыг хайрласан байдаг.
“Анх удаа алхалж байгаа хүүгээ эх нь
Ар өврөөс нь дэмжихийг үзээд” гэх эрхэмсэг, элгэмсэг үгийг амилуулсан намуухан ноотнууд Г.Алтанхуягийн оюунд урсан цааш цааш өрнөн тэлэх нь булгийн тунгалагхан ундарга боргилон алс хэтийг зорих лугаа их зохиолчийн шүлэг дуу болон Монголын радиогоор “Эхийн тухай дуу” нэртэйгээр цацагдлаа. Шинэхэн дуугаа тухайн үед ХБДуС-д сурч байсан, дуучин Б.Гэрэлт-Одтой зохиогч хоолой хоршиж дуулсан нь төдхөн түмний дуртай дуу болж дорнын их яруу найрагчийн чихэнд хүрэв. Бүтээл нь аялгуут сайхан хөг аятай ханьсан дуу болон нийтэд түгэн дэлгэрэхийг анзааран Б.Явуухулан хөгжмийн зохиолчийг олж уулзах санаатай Хөгжим, бүжгийн дунд сургуульд хүрч очжээ. Эрсэн хүнээ ч олж. Тэгсэн тэр хөгжмийн зохиолч нь жижигхэн биетэй, шар толгойтой хүү гарч ирсэн нь Хөгжим, бүжгийн дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Г.Алтанхуяг байв. Гуч гаран насны их яруу найрагч Б.Явуухулан өөрөөс нь бараг 20 насаар дүү хүүтэй учран ийм билиг танхай авьяастан хажууханд нь өсөн торниж байгаад талархаж явсан байх. Түүний хойно Б.Явуухулан Г.Алтанхуягтай хамтран цөөнгүй бүтээл хийсэн байдаг. Г.Алтанхуягт тэдний уулзалт том шагнал болсон юм.
Тэр Хөгжим, бүжгийн дунд сургуульд элсэн сурахдаа алдарт морин хуурч Г.Жамьянгийн шавь болж үндэсний суу алдарт хөгжмийг бусдаас ялгарам сурсанд багш нь талархалтай хандах бөгөөд итгэлийг даасан хичээл зүтгэлтэй шавь нарын дотроос цойлон тасарч байгааг их хуурч ажигласан байв. Аав П.Гаадан нь морин хуур, уртын дуу, айрагны өлгий нутаг-Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, ээж Б.Дашдулам мөн аймгийн Дэлгэрхангайнх. Г.Алтанхуяг тэр зүгийн угшилтай болоод тэр үү ардын хөгжмийн суурь авьяас итгэл зүтгэлийг түүний олон уран бүтээлээс сонсож болно.
Бага залуу сурагч хүүгийн тархинд буцлах өч төчнөөн аясыг ноотолж буулгахад ажлын байр, байнгын төгөлдөр хуур шаардагдаад байлаа. Иймийн тул багшдаа “Хичээлийн бус цаг, тохиромжтой өдрүүдээр морин хуурын танхимд хичээллэх боломж гаргаж өгөх”-ийг хүсчээ. Их хуурч Г.Жамьян шавь нартаа төдий л зөвшөөрөөд байдаггүй морин хуурын танхимын түлхүүрээ онцгой авьяаслаг шавьдаа харамгүй өгч ирээдүйд тодрох гэрэл гэгээд нь чин сэтгэлээр тусалсан юм.
Тухайн цаг дор ах дүү социалист системийн орны залуучуудын билиг авьяасыг шалгасан олон уралдаан тэмцээн улс хооронд явагдаж түүнд бэлдэж оролцох их цараатай ажил сүр дуулиантай болдог байсан. Үүнд Улаанбаатарын “Анд нөхдийн ая дуу”, Болгарын улс төрийн дууны олон улсын наадам, Сочийн олон улсын эстрадын шилдэг бүтээл, дуучдын уралдаан, мөн Монгол, Зөвлөлтийн залуучууд оюутны фестиваль зэрэг мэргэжлийн болоод дуу хуурын баяр наадамд тэр цагийн залуучууд, оюутнууд идэвх үзүүлэн хүч түрэн оролцоно.
Ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан,
-Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Гаадангийн Алтанхуяг бол Монголын эстрад урлаг цаашилбал, Монголын рок попын шилдэг болсон олон арван дуу зохиосон юм. Цахилгаан хөгжмийн хэм хэмнэл, аккорд функц зүрх сэтгэлд тун ойр оршдог болохыг хэзээ ч хуучрахгүй хит бүтээлүүд нь бэлхнээ батлан харуулдаг... Ж.Бадраагийн шүлэг “Сайн байна уу, Сочи”, “Сэрүүн саран” зэрэг дууг нь тэртээ 1968 онд ЗХУ-ын Сочи хотод зохиогдсон олон улсын Эстрадын залуу дуучдын уралдаанд Монголын залуу дуучид Н.Гэрэлт-Од, Т.Рэнцэнханд нар дуулж, улс орныхоо нэрийг холын тайзнаа дуурсгасан удаатай. Зөвхөн нэр гараад зогссонгүй, Н.Гэрэлт-Од нь тус нэр хүндтэй олон улсын уралдааны тэргүүн гуравдугаар байрын шагнал хүртэж, хүрэл медаль энгэртээ зүүгээд ирсэн нь Монголын Эстрадын дуучдаас анх удаа олон улсын том шагнал хүртсэн явдал байлаа. Энэхүү том шагнал нь Алтанхуягийн дууны онцлог хэв найруулга, хүний дотоод сэтгэлийг эзэмдэх, урам зоригийг бадраах хэмнэлийг олж, дууныхаа найруулгад ашигладаг авьяас, дуучнаа олж бүтээлээ хүнд хүргэдэг торгон мэдрэмжээс хамаарсан нь ойлгомжтой гэж эстрад рок попын алдарт дуучин үнэлэн дүгнэсэн байна.
Энэ шагнал эдгээр дуучдын цаашдын уран бүтээлд нөлөөлөхүйц үйл явдал болсон байдаг. Шагнал шагналаас Москвагийн бичлэгийн “Мелодия” фирмийн пянзанд “Сочи-столица песни” нэртэй бичигдэж хэвлэгдсэн нь илүү том шагнал болсон ба нэр төрийн хэрэг болж эстрадын түүхнээ үлдсэн юм. Их наадам өндөрлөсний хойно Сочийн их наадмын ерөнхий шүүгч А.Пахмутова, түүний хань нэрт яруу найрагч Н.Добронраров, нэрт хөгжмийн зохиолч А.Хачатурян нар Г.Алтанхуягтай уулзаж Монголын хөгжмийн залуу зохиолчийн сод билэг авьяас мэргэжлийн өндөр түвшинд хүрсэнд шагшин баяр хүргэснийг Г.Алтанхуяг “Сурагч надад мартагдашгүй онцгой учрал, нэр төрийн хэрэг болон насан туршийн амьдралын дурсамж болж үлдсэн дээ” гэж өнөө хэр дурсах нь байдаг.
Тэрбээр 1963-1966 он, 11 дүгээр анги төгстөлөө “Борхын голын ус”, “Дуунд дуртай боловоо, би”, “Монгол бүсгүйн үзэсгэлэн”, “Эхийн тухай дуу”, “Алсаас дуулсан дуу”, “Их наадмын Сочи”, “Сэрүүн саран”, “Нэгдэлч түмнээ дуулъя”, “Шинэ жилдээ”, “Халхын сайхан хүүхнүүд”, “Өрхийн тэргүүн гэгдэх юмсан” дуугаараа бүрэн дунд сургууль төгсөгчийн үнэмлэхээ мялааж чадлаа. Ийнхүү дээрх бүтээлийн үр шим болж сурагч байхдаа Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүнээр элссэн явдал байв.
Саяхны нэг өдөр “Баян Монгол” чуулгын удирдаач, Төрийн шагналт Б.Нямдоржтой таарч төрийн өндөр дээд шагнал хүртсэнд нь талархлаа илэрхийлж, Г.Алтанхуягийн уран бүтээлээр сонинд бичих санаагаа дуулгасанд тэр тун тааламжтай,
-Миний төрийн шагнал гэж юу байх вэ дээ. Харин Алтанхуяг төрийн шагналыг нэг биш хоёр ч авсан байхад гайхах юмгүй шүү гэснээ бид хоёр 14-15 наснаасаа үерхэн, нөхөрлөлийн холбоос маань дуу, хөгжим байлаа. Алтанхуяг үеийнхнээсээ эрт тасран цойлсон хүн. Филармони анх байгуулагдаж тэнд намайг хөгжимчнөөр ажиллаж байхад Алтанхуяг зохиолын дуугаа бичүүлэхээр байнга ирнэ. Тэр зуур Алтанхуяг Монголын хөгжмийн бурхад С.Гончигсумлаа, Ц.Намсрайжав, Л.Мөрдорж нартай мөр мөрөө түшилцэн элэгсэг дотно яриа өрнүүлэн суухыг харахад бас л бахархалтай харагддаг байсан шүү. Би 1981 онд Ленинградын хөгжмийн дээд сургуулийг төгсөж ирээд түүний олон бүтээл дээр нь хамтарч ажилласан. Г.Алтанхуягийн эстрад, рок поп чиглэлээр хичнээн дуу зохиосныг мэдэхгүй юм, мэдэхийн ч аргагүй. Би 40 шахам зохиолын дуу, бүтээлийг “Баян Монгол” чуулгаар тоглуулж олон арга хэмжээнд оролцсон байна. Өдий насны өндөрлөгөөс тэр бүтээлээ эргэн харахад анд маань хөгжмийн урлагийн сэдэв бүрээр тухайлбал, дан хөгжмийн бүтээл, найрал дууны бүтээл, кино, жүжгийн хөгжмийн бүтээлээр маш олон арван дуу хийжээ. Алтанхуяг төрөлх сургуульдаа цөөнгүй жил багшилсан. Багшийнхаа урмыг хугалаагүй шавь нар цөөнгүй шүү. Олон шавь нь урлаг, соёлын гавьяатууд, тэр бүү хэл Ардын жүжигчин, Төрийн шагналтан төрснөөр нь түүний сурган хүмүүжүүлэх ажлын үр дүнг үнэлж болно гэж дурсан ярьсан юм.
Сонгодог хөгжмийн их ундарга
Соёлын яамны нэр дээр 1969 онд Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургууль /консерватори/-д сургах сайдын тушаал гарч сонгодог хөгжмийн өлгий хөгшин Европыг зорив.
Г.Алтанхуяг Софийн хөгжмийн дээд сургуулийн /консерватори/ хөгжмийн зохиолчийн /композитор/ ангид эрчимтэй суралцах зорилгоо хэрэгжүүлэх он жилүүдтэй нүүр тулан оюун билгийн ур ухааныг шалгасан хичээнгүй байх, төрөлхийн ур ухаан, авьяас билгээ дайчлан, композиторын ангийн дамжаа бүрд сурах мэдэхээ арвижуулснаар Монгол орон сонгодог хөгжмийн нэгэн том төлөөлөлтэй болох сайхан боломж бүрдсэн юм. Тэрбээр сүүлийн хэдэн жилийн сургалт, дадлагаа амжилттай дуусган эх орондоо буцахад Софи хотод амьдралын 11 жил хэдийнэ өнгөрсөн байв. Багш Д.Тыпков нь Монголын хөгжмийн зохиолчийн сурах эрмэлзэл, хичээл зүтгэл, сурах арга барил, хувийн зохион байгуулалт, бичлэгийн ур чадвар, онолын өндөр түвшинд хүрч буйг бишрэн Болгарын хөгжмийн дээд сургуульд сурах цаг дор Г.Алтанхуягийн боржигон монгол аялгуунд суурилсан сонгодог хэлбэртэй бүтээл туурвилд мэргэжлийн өндөр хэмжээнд дэмжин тусалсан юм. Г.Алтанхуяг ч энэ чиглэлийн бүтээл туурвих хойчийн өдрийн арга барилаа өөртөө баттай шингээж чадав.
Тэр дорвитой бүтээл болох “Хийл симфони оркестрт зориулсан концерт”, “Утсан хөгжмийн оркестрт зориулсан /камерный/ вариац“, “Симфони оркестр-найрал дуунд зориулсан зураглал” гэсэн том хэлбэрийн сонгодог хэлбэрийн бүтээлээ туурвисан он жил давхцав. Дипломын ажлаа амжилттай хамгаалсан нь тухайн жилийн багш, төгсөгчдөд үлгэр дуурайл болсон юм. Тэр Софийн консерваторийг онц дүнтэй төгслөө.
Ухаарал бол өсөн дэвжихийн ширгэшгүй ундарга. Сонгодог хөгжмийн их өргөөнд хөлөө гүн дүрсэн хөгжмийн зохиолчийн бүтээлүүд улам сонгодог шинж бүхий өргөн царааг илэрхийлэх болсон байв. Хэдийгээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн он жилүүд боловч төр, засгаас Г.Алтанхуягийг Урлагийн гавьяат зүтгэлтэн /1993 онд/ цолоор шагнасанд урам хайрлаж, цаашдын уран бүтээлд сайнаар нөлөөлөв.
2004 онд Голландын Амстердамын олон улсын хөгжмийн залуу зохиолчдын сонгодог бүтээлийн уралдаанд морин хуур, хөөмий, камерны оркестрт зориулсан “Манхны дууль” бүтээлээр тэргүүн байрт шалгарлаа. Харийн тэр оронд Алтанхуягийн гэхээсээ илүүтэй Монгол Улсын тал нутгийн аялгуу гэдгээрээ бүхнийг алмайруулсан юм.
“Монголын хөгжмийн зохиолчдын толь бичиг” /1962 он/, “Монголын хөгжмийн зохиолчид” /1970 он/ зэрэг судалгаа шинжилгээний номд Г.Алтанхуягийн уран бүтээлд харийнхан мэргэжлийн үнэлгээ өгч гадаадад хэвлэгдсэн явдал юм. Саяхан фэйсбүүкээр Монголын “Уруулын будаг” хамтлагийн дуулснаар “Дуунд дуртай боловоо, би” аянд нь ОХУ-ын залуус твист хийн хөөрөн бүжиж байхыг олж харав. Тэд 1960-аад оны АНУ-ын Чабби Чеккерийн “Твист эгэйн”, Эдита Пьехагийн “”Валентина твист”-ийн аянд бүжих лугаа итгэлтэй чин сэтгэлээсээ хөөрөх ажээ. Тэд Монгол орон, композитор Г.Алтанхуягийг төдий мэдэхгүй ч тун таашаалтай итгэл үнэмшилтэй бүжнэ. Ийнхүү Монголын нэрт хөгжмийн зохиолч Г.Алтанхуягийн уран бүтээл хүрээгээ тэлэн хилийн чанадад гарчээ.
Багшлах ажилд томилогдох нэг өдөр байхад өөрчлөгдөх өдөр байдаг ажээ. Монголын радио, телевизийн улсын хорооны /МРТУХ/ хөгжмийн редакцын ерөнхий редактороор ажилласан жилүүд эхэллээ. Энэ нь мэргэжлийн хүнд том ахиц дэвшил болов. МРТУХ-нд ажиллахдаа улстөржсөн олон аялгууг өөрчлөн шинэчилсэн нь өнөө хэр эгшиглэсээр байна. Орой бүр өсвөр насныхан сонсож нойрсдог “Боролдойн цаг” нэвтрүүлгийн хөгжмийг ерөнхий редактор өөрөө бүтээв.
Дэлхийгээ сүүдэр нь хучлаа
Тэнгэрээн одод нь чимлээ...
...Бүлтгэр хүү минь бүүвэй бүүвэй бүүвэй
гэх дууг өнөөгийн 30-40 настнууд үр хүүхдэдээ өртөөлөн дуулж тавтайхан нойрсуулан байна. Тухайн цагт Монгол оронд хүүхэлдэйн кино хийж чаддаггүй байсанд ЗХУ-ын нийслэл Москвагийн төв телевизэд хүүхэлдэйн дүрс бичлэгийг хийлгэж дууг нь түүний дэргэдэх хөгжмийн чуулга бичиж “Боролдойн цаг” нэвтрүүлгийн морьтон хүүгийн хөөрхөн дүр бүтжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс Монгол оронд тэрбум мод тарих амлалт өгснийг хөгжмийн хүчээр дэмжиж Д.Нямаагийн шүлэг “Танайд мод тарья” дуугаар тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг мялаасан нь түүний орчин үеийн бүтээлийн санд багтаж, түмэнд түгсээр цэцэрлэгч, тариаланчдад эрч хүч хайрлаж байна.
Халх голын ялалтын 50 жилд зориулан Соёлын яам, Батлан хамгаалах Яамны захиалгаар П.Бадарчийн цомнолоор “Монгол цэрэг” ротари, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилд зориулан, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюуны цомнолоор гурван бүлэгт, долоон үзэгдэлт “Өэлүн эх” дууриа бүтээв. Энэхүү том хэмжээний бүтээлийг дуурийн нэрт найруулагч Л.Эрдэнэбулган найруулж, Өэлүн эхийн дүрд Ардын жүжигчин Б. Жавзандулам дуулсан нь олны таашаал хүлээж Чингис хааны эхийн түүхэн дүрийг хөгжмийн хэлээр, тэр тусмаа дуурийн хэмжээнд мөнхөлж чадсан билээ.
“Г.Алтанхуягийн том хэмжээний, Монголд анхных гэгдэх “Симфони оркестр-төгөлдөр хуурт зориулсан хүүхдийн концерт”-оо туурвисан бол “Найрал дуучидтай-симфони оркестрт зориулсан” бүтээл бас л Монголд анхдагч болно. Мөн “Хийл, симфони найрал хөгжмийн концерт” /1978/, “Төгөлдөр хуур,симфони найрал хөгжмийн концерт” /1979/, “Эрдүү хийл, симфони найрал хөгжмийн концертино” /1980/, “Хос шударга хөгжим, симфони найрал хөгжмийн концерт” /1987/, “Чавхдаст хөгжмийн дөрвөл” /1978, 1985/, “Амьтны ертөнц” симфони нь эхэн үеийн сонгодог сэдвийн хувьд эгэл жирийн сэхээтэн хөгжмийн гол дүр байх бөгөөд гол дүрийнхээ дотоод сэтгэлийн сүр хүчийг магтан дуулж, үнэнхүү хүмүүнлэг нинжин сэтгэлийн аялгуу гэгдэхээр байдаг. Түүний дан хөгжмийн аль ч бүтээлд бичил аялбарыг үзэл санааныхаа цөм болгохдоо аялгуу нь өөдрөг эрч хүчээр арвин, асар тэмүүлэлт шинжтэйг сонсож болно. Мөн түүний бүтээлд монгол уламжлалд ховор тохиох догол хэмнэл чухал үүрэгтэй оролцдог нь бусдаас ялгаруулах нэгэн шижим болдог. Хөгжмийн яруу хэрэглүүрийн ийм өгүүлэмж түүний дээр дурдсан бүтээлд тод сонсогддог” гэж хөгжим судлаач, доктор, профессор Б.Батжаргал хөгжмийн зохиолчийн бүтээлд мэргэжлийн үнэлэлт дүгнэлт өгч байна.
Хөгжмийн зохиолчийн нас ахиж, амьдралын туршлага суух тусам түүний уран бүтээлийн цараа өргөжиж, дэлхийн сонгодог урлагийн төрлөөр хийсэн симфони оркестрт зориулсан олон романс, концертино, сонатино, увертюра, поэмо /найраглал/, вариац зэрэг бүтээлээр нь Монголын сонгодог урлаг нэн баяжсан байна. Түүний бичсэн романсуудын эхний зургааг “Зургаан романс” нэртэйгээр МХөЗХ хэвлүүлэн ном болгосны дээр дараагийн зургаан романсыг хэвлэлтэд хэдийнэ бэлтгэжээ. МХөЗХ-той хамтран 20 дуу багтаасан “Алсаас дуулсан дуу” цоморлиг нь хэвлэгдэж, тус бүр 30 дуутай “Дуунд дуртай болов оо, би”, “Унаган хайр” дууны түүвэр нь хэвлэлтэд бэлэн болсон байна.
Хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, Ардын жүжигчин П.Хаянхирваа Г.Алтанхуягийн романсын эхний хэвлэлтэд “...мөхөс миний редакторлохыг зүрхэлсэн “Г.Алтанхуягийн романсууд” хэмээх эл эмхтгэл монгол романс гэх хүчирхэг мөрний нэгэн их цутгалан болж, мэргэжлийн дуулаач, ирээдүй үеийнхний урын сангийн ундааслыг тайлах эгшиглэнт булаг, эрч чадварыг нь хангам оргилуур болоосой хэмээснийх буюу. Болгар улсын Софи хотын консерваторийг дүүргэсэн композитор Г.Алтанхуягт дуу ч бий, дуурь ч бий, хөгжмийн төгс бүтээлч бий, хөлгөн их магтуу ч бий. Ер хөгжмийн төрөл хэлбэрийн алинаар ч бичих бөлгөө.
ХХ зууны төгсгөл, XXI зууны эхэнд Г.Алтанхуяг сонгодог хэлбэрийн зохиол бүтээл зонхилон туурвих болж завсар хооронд драмын, мөн олон кинонд шинэ сэтгэлгээ, шинэ арга барилаар бичиглэсэн аялгуу нь чамбай бүтээлүүд болсныг нийтээр үнэлж байна. Улс төр нийгмийн өөрчлөлт Г.Алтанхуягийн уран бүтээлд зохих байр сууриа эзлэх болсныг түүний сүүлийн үед бичсэн олон бүтээл илэрхийлэх болно.
КОМПОЗИТОР Г.АЛТАНХУЯГИЙН ТУХАЙ
Г.Алтанхуягийн андууд, шавь нар нь хэдэн зуугаар яригдах ч мэргэжлийн андууд, үе мултарсан “найзууд” цөөнгүй. Нийтэд түгэн тархсанаараа хүүхэд насны нь бүтээл болох “Борхын голын ус”-аас эхтэй олон арван дууг нь радиогийн Алтан санд бичсэн хөгжмийн нэрт зохиолч Ардын жүжигчин Т.Чимиддоржтой олон жил хамтарч ажилласан уран бүтээлийн түүхэн замнал байна. Мөн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар хөгжмийн нэрт зохиолч Д.Лувсаншарав, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Ардын жүжигчин, хөгжим судлаач, удирдаач П.Хаянхирваа нартай насан туршийн анд явжээ. Тэд Г.Алтанхуягаас үе мултарсан ах байх ч, аль аль нь уран бүтээлийн нөхөрлөлдөө сэтгэл хангалуун үлдсэн юм. Хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав “Үеийнхэн дундаасаа нэлээд дээгүүр орох уран бүтээлчийн нэг гэж үнэлдэг” хэмээн чин сэтгэлийн үгээ хэлсэн байдаг.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Г.Отгон,
-Би хүүхдийн найрал дууны “Улаан бүч” хамтлагийн үеэс нэвтрүүлэг хөтөлдөг байв. Хөгжмийн зохиолч Алтанхуягийн “Бөмбөгөөр тоглох гоёхондоо”, “Манай багш тоо заасан”, “Таван тивийн найзууд”, “Хурга” гээд л дандаа түүний дуу явах. Алтанхуяг гэж өндөр нуруутай, царайлаг эр байгаадаа гэж дүрсэлдэг байлаа. Тэгсэн нэг өдөр “нөгөө Алтанхуяг чинь тэр зогсож байна” гээд харвал жижигхэн хүүхэд зогсож байхыг хараад гайхаж билээ.
1966 оны аравдугаар сарын 30. Г.Алтанхуяг дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд хэдхэн сар болсны дараа хөгжмийн зохиолч Ш.Эрдэнэбат түүнээс өөрийн уран бүтээлийн найруулгыг /клавер/ хийж радиод бичүүлэхийг хүссэн юм. Түүн дунд “Оньсыг нь тайлж эрдмийн үүдийг нээж өгч та...” гэж эхэлдэг “Багшийн алдар” дуу нь багтаж төгөлдөр хуурыг Г.Алтанхуяг, бөмбөрийг Ц.Баяндалай, гитарыг зохиогч миний бие, контрбассыг Д.Лхагвасүрэн, виврафоныг Д.Нацагдорж нар тоглож, ардын жүжигчин Л.Зангад гоцлон, ХБДС-ийн эмэгтэйчүүдийн дөрвөл хоршсоноор Монголын радиод бичүүлж дуу бүтэж билээ. Т.Чимиддорж гуай зөвхөн дууны аяыг 4-5 бадаг бичүүлж авсан нь өнөө хэр радио, ТВ-ээр эгшиглэсээр байна.
1969 онд Монгол, Зөвлөлтийн залуучууд, оюутны гуравдугаар их наадам ЗСБНУзбекУ-ын нийслэл Ташкент хотод болж Монголоос хөвгүүд, охид шалгаран хамтлагийн маань андууд дуучин Д.Цэцэгээ, Д.Аюурзана, Ш.Ганболд энэхүү бичвэрийг тэрлэгч миний бие зэргээр фестивальд оролцох болж Ардын жүжигчин П.Цэвэлсүрэн гуай,
- УБДС-ийн хэдтэй би ажиллана гэдэг юм байна. Тэгтэл бидний сэтгэлд бага балчраасаа андалсан Алтанхуяг маань ороод болдоггүй. Ингээд түүнд учир байдлаа ойлгуулбал нийтэд дуулагдаагүй Д.Отгонсүрэнгийн шүлэг “Ээждээ өргөх дуу”-г заан сургаж, “Хэдэн гялаан хонь” дуунд хоолой хийж их тусыг хүргэж билээ. Г.Алтанхуягийн ажилласан хоёр монгол дуу, орос, зөвлөлтийн хэдэн дуугаар Ташкентын Навойн их театрын тайзнаа дуулж дахилт авч байхдаа уран бүтээлд хил хязгаар гэж үгүйг анх мэдэрч байснаа дурснам. Ташкентын фестивальд ЗХУ-ын холбооны 15 улсын урлагийн төлөөлөл оролцож байв шүү.
Энэ дурсамж аль 54 жилийн тэртээ болж өнгөрсөн ч эргэн санахад өнийн дурсамжууд тодрон Монголын мэргэжлийн хөгжмийн их зохиолчийн олон арван бүтээл Д.Мяасүрэнгийн хэлснээр шилдэг уран бүтээл дотоод, гадаадын сонсогчдод түгэн хүрч болдгийг түмэн олонд мэдрүүлсэн юм.
Г.Алтанхуяг өндөр насыг зооглох цаг хугацаандаа Б.Явуухулан, Ж.Бадраа, Д.Пүрэвдорж, Ш.Сүрэнжав, П.Бадарч, З.Дорж, Б.Лхагвасүрэн, Л.Дагвадорж, З.Түмэнжаргал зэрэг 40 шахам нэрт яруу найрагч, жүжиг, киноны мастертай хамтарч, зохиолын дуу 50 гаруй, “Эхлэл”, “Хуучин сүмийн нууц”, “Үлгэр дууссан хойно”, “Соёо”, “Хадагтай мөнгөн ембүү” зэрэг киноны 20 шахам дуу, сонгодог болон дан хөгжмийн 20-оод бүтээл, драмын 16 жүжгийн дуу, гурван бүлэг, долоон үзэгдэлт “Өэлүн эх” дуурийг туурвин эх орон, ард түмэндээ өргөсөн байна.
Монголын хөгжмийн шилдэг бүтээлийн тэргүүн шагналыг гурван удаа, “Алтан намар” хөгжмийн их наадмын тэргүүн шагналыг хоёр удаа, “Морин хуур” наадмын хоёр удаагийн шагналтай Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Алтанхуягийн түүхэн замнал ийн буюу. Хийсэн бүтээл нь түмэн олонд үнэлэгдэж, тэдний хайр хүндэтгэлийг хүлээсээр яваа Г.Алтанхуягийн хөдөлмөрийг товчхон үнэлсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, Монгол Улсын зөвлөх багш С.Дашдаваа “Бүтээсэн дуу хөгжим нь ардын болсон нэрт хөгжмийн зохиолч Алтанхуягт Төрийн шагнал, Ардын жүжигчин цолоо хайрлах цаг нь болоогүй юм байх даа. Манай гэр бүлийнхэн хөгшин залуугүй тэр хүний дууг мөн ч олон жил дууллаа даа” гэсэн юм.
Уран бүтээлч-хөгжмийн сэтгэгч хүний ажил хэсэгхэн хугацааны бус насан туршийн тул хэдийгээр хөгжмийн залуу зохиолч гэсэн тодотголоо гээсэн ч ахмад композитор маань өөрийн ур ухаан авьяасаа нийтэд харуулах бүтээл туурвилаа үргэлжлүүлсээр байна.
Ахмад композиторуудын эгнээнд нэгэнтээ багтсан Гаадангийн Алтанхуяг одоо “Гуравдугаар симфони”, “Төгөлдөр хуур-симфони оркестрт зориулсан” бүтээл дээрээ ажиллаж байна. Нэгэн насны үйлсээ зориулсан дадал зуншил нь түүнийг хөтөлсөн хэвээр байна. Зуун дамжсан шаргал өнгийн “Petrof” төгөлдөр хуурын ард суугаад хар, цагаан товчлуурын хөг данг дамжин гүйх арван хуруу, залуу цагийн дурсамжид маань үлдсэн цээл сайхан хоолойгоор өөрийн зохиосон дуугаа сэтгэлийн гүнээс ургуулан дуулахыг харж суухад Монголын суу билигт хөгжмийн зохиолч Г. Алтанхуягийн уран бүтээлийн ундарга шавхагдаагүй харин ч хөгжмийн дэвтэрт нь түм буман хөг аялгуу бичигдэхээр дугаарлан буй мэт санагдсан ажгуу...
Д.ХҮРЭЛБАТ
/Ахмад сэтгүүлч/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №022/24553/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна