Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дэргэд их жанжин Д.Сүхбаатар, анхны дарга, Сангийн сайд, Бүх цэргийн жанжин С.Данзан, Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд Д.Бодоо, Ардын төр, засгийн тэргүүн Д.Чагдаржав, Цэргийн лам, Сангийн сайд Д.Лосол, УБХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Догсом, нэрт жанжин, Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан нарын үйл хэргийг мөнхжүүлэх зорилготой “Анхны долоо” санг байгуулан нээлээ. Тусгаар тогтнолын ордонд болсон “Анхны долоо” сангийн нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон намын даргаар ажиллаж байсан Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр, мөн Засгийн газар, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүндтэй эрхмүүд оролцсон юм.
Түүхэнд Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Догсом, Х.Чойбалсан, Д.Лосол нарын улс орныхоо тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан зориулсан үйл хэргийг нь үнэлж, 1921 оны “Ардын хувьсгалын анхны долоо” гэж тодотгосон байдаг билээ.
Бид түүхэндээ үргэлж хүндэтгэлтэй хандах болно
“Анхны долоо” санг нээж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “1921 оны ардын хувьсгал бол 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын үзэл санааны суурин дээр амжилттай хийгдсэн. Энэ бүхэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэл байсан юм. МАН байгуулагдсанаар энэ тэмцэл биеллээ олсон. Олноо өргөгдсөн Богд хаант улсын эрдэм чадлаараа шалгарсан түүхт хүмүүсийн нэг бол манай намыг үндэслэн байгуулагч, их жанжин Д.Сүхбаатар билээ. Тэрбээр цэргийн эрдэм чадал, гавьяагаараа Монголын эзэнт гүрний гал голомтыг сэргээж, язгуурын төр улсаа тунхагласан олноо өргөгдсөн Монгол Улсын гарамгай баатар болон тодорсон. Хожим ардын журамт цэргийг үүсгэн байгуулж, эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөөлж, тусгаар тогтнуулах их үйл хэргийг удирдсан нэрт жанжин юм. Их жанжин Д.Сүхбаатар 1921 онд байгуулагдсан Ардын Засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилогдсон. 1922 онд Ардын Засгийн газрын Зоригт баатар хэмээх дээд цолоор шагнуулж байсан юм. Ард түмнийхээ зүрх сэтгэлд үйл хэрэг, алдар гавьяагаараа мөнхөрсөн их жанжин Д.Сүхбаатарт Монголын төр, засаг, улс төрийн ууган хүчин МАН-аас үеийн үед хүндэтгэл үзүүлж ирсэн. Цаашдаа бид үйл хэрэг, үзэл санааг нь илүү тодотгон, мөнхийн үзэл санааны суварга босгох түүхэн үүрэг хүлээж байна.
МАН төдийгүй Монголын ард түмний дунд “Анхны долоо” гэсэн нь 1921 оны Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө амь, биеэ үл хайрлан зүтгэсэн эх орончдын эв нэгдэл, итгэл үнэмшил, нулимстай олон түүхийн тодотгол. Эх орныхоо ээдрээт цагийн түүхэнд мартагдашгүй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн нэрэмжит сан байгуулах нь ардчилсан тогтолцоот улс орнуудад түгээмэл байдаг. Энэ сангаар дамжуулан бид үзэл санаа, үйл хэрэг болон өчигдөр, өнөөдөр, ирээдүйг хооронд нь холбох тиктакийг байгуулах зайлшгүй шаардлагатай. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэн орж бүрэн эрхэт тусгаар тогтнолоо тунхагласан, 1990 онд Зөвлөлт холбоот улс задарч, дэлхий даяар геополитикийн том салхи явахад Монгол Улс хэрхэн парламентын засаглал руу шилжиж, шинэ Үндсэн хуулиа баталсан зэрэг түүхэн судлагдахууныг бид дүгнэх цаг болсон. Энэ бүхнийг “Анхны долоо” сан судалгаа, түгээлт хийж, баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай.
Өнөөдөр бид “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлж байна. МАН үргэлж шинэчлэлийн төлөө байж чаддаг. Шинэчлэл бол ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ болох уламжлал дээрээ тулгуурладаг. Тийм ч учраас өнөөдөр бид “Анхны долоо” санг байгуулж байна. Өнөөдөр бидний нээж буй “Анхны долоо” сан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх учиртай юм. Энэ сан ирээдүй болсон хүүхэд залууст эх орныхоо тусгаар, үндэсний ардчилсан үзэл санааг түгээгч байх ёстой. “Анхны долоо” сан өчигдрийн түүх, өнөөдрийн шинэчлэл, ирээдүйн хөгжлийн бодлогыг чиглүүлэгч түүчээ байх ёстой.
МАН анхны долоогийнхоо түүхтэй хамт байна. Түүхэндээ хүндэтгэлтэй хандсан улс бүхэн илүү удаан хугацаанд оршин тогтнодог. Тийм учраас Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан тогтолцоо үеийн үед оршин тогтнох үзэл санааг МАН маш томоор харж байна гэдгийг онцлов.
Я.Содбаатар: Д.Сүхбаатар бол нийгмийн шинэчлэлийн зүтгэлтэн
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Их жанжин Д.Сүхбаатар бол Монголын ард түмэнд төдийгүй дэлхий дахинд тодоор бичигдэх эрх чөлөөний төлөө тэмцэгч, эх оронч цэргийн суут жанжин байлаа.
Д.Сүхбаатар жанжны удирдлага ардын журамт цэрэг эх орныхоо төлөө амь бие үл хайхран тулалдаж ялалт байгуулсан нь Монголын тусгаар тогтнолын баталгаа болж чадсан. Тэрбээр цэргийн жанжин төдийгүй улс төрийн зүтгэлтэн, нийгмийн шинэчлэлийн манлайлагч байсан юм.
Их жанжны төрсөн өдрөөр байгуулсан сан нь тусгаар тогтнолын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, хүүхэд залуучуудад чиглэсэн зэрэг олон чиглэлд үйл ажиллагаа явуулна. Эхний ээлжид 100 хүүхдэд сургалтын тэтгэлэг олгохоор зарлаж байгаа юм. Тэднээс 20 хүүхдийг гадаадад, 80 хүүхдийг дотоодод сургахаар зорьж байна” хэмээв.
“Анхны долоо” сан нь үндсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэдгийг МАН-ын нарийн бичгийн дарга Х.Алтай танилцуулсан юм. Намын дэмжигчид үндэсний сүлжээг бий болгох, дэвшилтэт бодлого, ил тод засаглалын хүрээнд намын дэргэдэх байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгын хүрээнд “Анхны долоо” сан үйл ажиллагаагаа явуулах юм байна. “Анхны долоо” нь иргэдийн улс төрийн идэвхийг дэмжих, улс төрийн түүхийг судалж, эрдэм шинжилгээний судалгаа явуулах, намын ирээдүйн боловсон хүчнийг сургах бэлтгэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх юм.
“Анхны долоо” сангийн нээлтийн үеэр их жанжин Д.Сүхбаатарын үр хүүхдүүдийн сэтгэгдлийг сонслоо.
С.Уянга: Бид өвөг эцгийнхээ нэрийг хичээж, эх орондоо хөдөлмөрлөж явна
/Д.Сүхбаатар жанжны жич/
-Би Д.Сүхбаатар жанжны зээ Г.Амгалангийн охин байна. Одоо бид нийлээд 100-гаад хүн болсон байна. Г.Наран эгч зургаа, манай ээж таван хүүхэдтэй. Бид эцэг, өвгийнхөө нэрийг хичээж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө тус тусын ажил хөдөлмөрөө хийж явна.
МАН-аас жил бүр их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг тохиолдуулан биднийг хүлээж авч, хүндэтгэл үзүүлдэг. Өнөөдөр “Анхны долоо” санг нээж байгаад баярлаж байна. Манай удам дотор эрдэмтэн, сэхээтэн, хөдөлмөрч хүмүүс байдаг. Бид олны жишгээр даруухан амьдардаг.
С.Нямдолгор: Өвөөгөөрөө омогшиж, бахархаж байна
/Д.Сүхбаатар жанжны гуч/
-Цэцэрлэгт байхаасаа их жанжин Д.Сүхбаатарын талаар манай өвөг дээдэс гэдгийг мэдэж өссөн. Миний эмээ надад Янжмаа эмээгийн талаар их ярьдаг байсан. Н.Янжмаа эмээ манай эмээг Ленинград руу авч явж, нүдний харааг нь үзүүлж байсан гэдэг.
Тухайн 1950-иад онд Ленинград руу авч явж байсан гэхээр их гоё санагддаг. Тэр үед гадаад гарна гэдэг их гоё. Бид их жанжин Д.Сүхбаатарын удам гэж өвөөгөөрөө их бахархдаг. Өнөөдөр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ биднийг хүлээж авч уулзаж байна. Өвөөгөөрөө омогшиж бахархаж байна. Цаашдаа өвөг дээдсийнхээ талаар үр хүүхэддээ таниулж өсгөнө.
С.Өлзий: Өвөг дээдсийнхээ нэр хүндийг зөв авч явахыг хүсдэг
/Жанжны дөч/
-Би их жанжин Д.Сүхбаатар өвөөгийнхөө талаар бодит түүхээс судалж, мэдэхийг хүсдэг. Өвөөгийн талаар хүмүүст мэдүүлж, таниулах зорилгоор пэйжээр цахимд мэдээлэл тавьдаг. Олон нийт үнэн түүхийг мэдэх хэрэгтэй. Гуйвуулсан, ташаа мэдээлэлд битгий автаасай гэж хүсдэг. Өвөг дээдсийнхээ нэр хүндийг зөв авч явахыг аав, ээж минь захидаг. Бид ч зөв авч явахыг хичээдэг.
Н.ЭНХЛЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24632/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна