Д.Мөнхбаатар: Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлогч аймаг болохоор зорьж байна


-Зуунмод хотод баригдаж буй 3500 айлын орон сууцны хороололд 10 гаруй мянган хүн шилжин суурьшина-


Төв аймгийн Засаг дарга,  тус аймгийн МАН-ын хорооны дарга Д.Мөнхбаатартай уулзаж ярилцлаа. 

-Аймгийн Засаг даргаас 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үнд­сэн чиглэлийн талаар асуухгүй өнгөрч болохгүй байх. Энэ бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан гол ажлууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай баг аймгийн эдийн засаг, нийгмийн байдал, онцлог, нөөц боломж, хөгжлийн хэрэгцээнд тулгуурлаж, иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, орон нутгийнхаа хөгжил дэвшлийг түргэтгэх зорилтыг “Хөгжлийн түүчээ-Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бүрэн тусгаж, хоёр жилийн турш амжилттай хэрэгжүүлж ирлээ. Одоогоор “Төв аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилт 91.7 хувьтай, “Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөл­бөр” 91.81 хувьтай хэрэгжиж байна.  

Энэ оны тухайд бид аймгийн хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний ололт, үр дүнг ахиулан бататгах, удаашралтай хэрэгжиж буй хөгжлийн зорилтуудыг эрчимжүүлэх, “Ковид-19” халдварт цар тахлын дараах нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулж, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, засаглалыг сайжруулах, аймаг, сум байгуулагдсаны түүхт ой тэмдэглэх, аймаг, сумыг хөгжүүлэх бодлогын асуудлыг онцгойлон ан­хаарч 50 зорилт, 265 арга хэмжээ­тэй төлөвлөлт гаргасан байгаа.

-Шинэ нисэх онгоцны буудлыг дагаад хот Төв аймаг руу тэлж байна. Нэмээд шинэ суурьшлын бүсүүд бий болох төлөвлөлттэй байгаа. Аймгийн удирдлага үүнд бэлэн байгаа юу. Шинэ төвлөрлийг даган хийгдэх ажил, хэрэгжилтийн явц ямар байна вэ?

-Хөшигийн хөндийд өрнөх шинэ бүтээн байгуулалттай Зуунмод хотын хөгжлийг уялдуулж, зэрэгцүүлэн хөгжүүлэх боломжийг бий болгох, Хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, орон нутагт баялаг бүтээх боломжийг нээх ажлыг Засгийн газар, УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлээд явж байна. Энэ ажлын хүрээнд Зуунмод хотыг тэлэхэд шаардлагатай суурь дэд бүтэц, ус, цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэрийн өргөтгөлийн асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж хэлж болно. Жишээ нь, Зуунмод хотод 4000 м3-ын багтаамжтай цэвэр усны нөөцийн усан сан, шугам сүлжээ ашиглалтад орлоо. Мөн 30 мегаваттын хүчин чадалтай ДЦС шинээр барих ажил эхлээд явж байна. 

Зуунмод хот дулаан, цэвэр, бохир усан хангамжийн 12.9 км урт шугам сүлжээгээ ч өргөтгөн шинэчилж байна. Манай Зуунмод ердөө 35 кВт-ын цахилгаан хангамжтай. Дахин шинээр техникийн нөхцөл өгөх боломжгүй, бүрэн хүчин чадалдаа тулчихаад байсан. Бид энэ асуудлаа шийдэж, Зуунмод хотын 110 кВт-ын цахилгаан дамжуулах 12.5 км агаарын шугам, 110/35/10-ын дэд станц барьж байгуулах ажлыг ч эхлүүллээ. Үүнээс гадна 2018-2021 онд 13 сумаа төвлөрсөн халаалтад холбож, өссөн дүнгээр аймгийн 27 сумын 25 нь төвлөрсөн халаалтын системд холбогдсон. Дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэртэй болсноор шинэ хот, шинэ хороолол, үйлдвэр, үйлчилгээний барилга, байгууламжууд босох суурь нөхцөл бүрдэж байна. 

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөлд манай аймгийн 11 сум хамрагдаж байгаа. Борнуур, Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн, Дэлгэрхаан зэрэг таван сумын ажил 2022 онд эхэлсэн. Энэ бол манай аймгийн 13 сум нийтийн аж ахуйн цогц дэд бүтэцтэй болно гэсэн үг. Түүнчлэн Угтаалцайдам, Цээл, Заамар, Аргалант сум улсын чанартай авто замын сүлжээг хатуу хучилттай авто замаар холбох барилгын ажил 2022 онд эхэлсэн. Энэ зам ашиглалтад орохоор манай аймгийн 16 сум улсын чанартай авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдох юм. 

-Танай аймаг хөдөө аж ахуй, газар тариалангаар улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг. Үйл ажиллагаа нь тогтвортой МАА, газар тариалангийн ком­паниудтай зэрэгцээд ЖДҮ, бичил бизнес хөгжих боломжтой сум, суурин ч олон. Аймгийн удирдлага ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдээ ямар бодлогоор дэмжиж байгаа вэ? 

-Нийслэлийн хүн амын хүнсний бүтээгдэхүүнийг хангадаг аймгуу­дыг тэргүүлдгийн хувьд Төв аймаг Засгийн газрын “Хүнс экспортлогч” улс болох зорилтыг хангах, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд том хувь нэмэр оруулах ёстой. Энэ тал дээр түшиц аймаг болоход голлох үүрэг гүйцэтгэх учиртай гэж үзэж байгаа. Тиймээс нийслэл Улаанбаатарын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг “нийлүүлэгч аймаг” гэсэн уламжлалт үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бүтээгдэхүүнээ боловс­руулж, эцсийн бүтээгдэхүүн болгож экспортлогч аймаг болох зорилготой ажиллаж байна. 

Бидэнд нийслэл хотыг төдийгүй шинэ суурьшлын бүсийн хүн амыг шинэ мах, сүү, ногоогоор хангах бүрэн боломж бий. Тиймээс бид “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөгөө” боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгох ноос, сүү, махны кластер үйлдвэрүүдийг хөгжүүлж эхэлсэн. Жишээ нь, Зуунмод хотод ноос угаах, ээрэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Монгол ноос”, Эрдэнэ суманд хонины ноосон био бордоо үйлдвэрлэх “Мон пеллетс” компаниуд байгуулагдан ажиллаж байна. Баяндэлгэр, Аргалант сумын өрхүүд тус бүрдээ 40, 40 саалийн үнээ нийлүүлж, 800 үнээтэй 20 сүүний кластер ферм байгуулаад ажиллаж байна. Баянхангайд мөн мах, сүүний үхрийн аж ахуй шинээр байгуулагдах гэж байна. 

“Сүү”, “Витафит”, “АПУ Дэйри” зэрэг үндэсний томоохон компа­ниудад манай сумдаас жилийн дөрвөн улиралд тогтмол сүү авч, манай малчид байнгын орлогын эх үүсвэртэй болсон. Арьс шир, яс, дайвар бүтээгдэхүүн боловсруулах дагалдах үйлдвэрүүд бүхий махны цогцолбор үйлдвэр Лүн суманд ашиглалтад орсон. Жаргалантад “Пи Си Эс” ХХК, Сэргэлэн суманд “Таван Богд” группийн “Мон Бийф” ХХК эрчимжсэн үхрийн фермийг байгуулсан гээд үр бүтээлтэй үйлдвэрлэлүүд явагдаж байна.

Аймгийн удирдлагын зүгээс бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдээ санхүү, зээлийн бодлогоор дэмжихийг хичээдэг. Тухайлбал, 2021-2023 онд 1051 иргэн, ААН-ийг тусгай сан болон эдийн засгийг сэргээх хөтөлбөртэй холбон 25.2 тэрбумын зээл олгож, хоёр үйлдвэр, 70 цехийг хөнгөлөлттэй зээлд хамрагдуулж, шинээр байгуулалцсан. Асуудлыг ингээд шийдчихлээ гээд бид бас орхихгүй байгаа. Аймгийн баялаг бүтээгчдийн борлуулалт, зах зээлийг дэмжих, түншлэлийн харилцааг өргөтгөх зорилгоор жилд таван удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, давхардсан тоогоор жилд 2250 баялаг бүтээгчдийг 2.4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулалтааар дэмжиж ажилласан байна. 

-Засгийн газар 2023-2025 оны Монголд аялах жил болгон зарласан. Төв аймагт Монгол Улсын аялал жуулчлалын онцгой бүсүүд цөөнгүй бий. Энэ кампанит ажил руу чиглэсэн ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Аймгийн “Аялал жуулчлалын стра­теги төлөвлөгөө”-г боловс­руу­лан, Археологийн музей байгуулах ажил болон Нисэх онгоцны буу­дал-Зуунмод хотыг холбосон 8.4 км авто замын ажлыг эхлүүлж, Манзушир-Зуунмод чиглэлийн 7.4 км авто замыг ашиглалтад оруул­лаа. Ингэснээр гадаад, дотоо­дын жуулчдыг хүлээн авах боломж нөхцөл бүрдэж байгаа юм. 

Мөн орон нутгийн онцлог болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж “Хонины найр”, “Төв түмний цэнгэл наадам”, “Төв түмний Сүүн соёл-Сүүний баяр” аялал жуулчлалын эвент арга хэм­жээг тогтмолжуулсан. Энэ бол нэг тал­даа Засгийн газрын бод­логыг орон нутагт хэрэгжүүлж, нө­гөө тал­даа малчид, тариаланчид, бая­лаг бүтээгчдээ орлого, ашиг олох боломжийг нээж байгаа хэрэг юм. 

-Аймгийн төв Зуунмод хотод орон сууцны хороолол босох ажил нэлээн хурдтай явж байгаа харагдаж байна. Найман км-ын цаана байгаа Хөшигийн хөндийн нисэх буудлын идэвхжил, аймгийн төвийн орон сууцны хөгж­лийг дагаад хэдхэн жилийн дараа хүн ам механикаар өсөх байх. Ирээдүйн хүн амын өсөлтийг аймаг шингээж чадах болов уу?

-Үндэсний бүтээн байгуулалтын бэлтгэл ажлын хүрээнд хүн амын суурьшлыг бий болгох зорилгоор хоёрдугаар ээлжийн 2000, гуравдугаар ээлжийн 1500, нийт 3500 айлын орон сууцны хорооллын хэсэгчилсэн төлөвлөлтийг хийж, дэд бүтэц, барилгажилтын ажил эхэлж байна. Аймгийн төв Зуунмод хотод анхны найм болон 12 давхар айлын шинэ орон сууцнууд баригдаад дуусаж байна. Дээр хэлсэн дэд бүтцийн хангамжийн найдвартай эх үүсвэрүүд бүгд ашиглалтад орох үед манайх руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг шингээх боломжууд бий болно гэж харж байгаа. 

-Ирэх сард Төв аймаг 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Аймгийн хэмжээнд нийгэм, эдийн засагт ач тустай ямар ажлууд хийгдэж байгаа вэ? 

-Энэ онд аймаг түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд 2023 оныг “Түүхт ой - бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Түүх ойгоо угтсан бүтээн байгуулалтыг аймгийн төр, захиргааны болон хувийн хэвшийн байгууллагууд ч, иргэд ч өрнүүлж байна. Тухайлбал, манай эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл Төв аймаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хавдрын 34.1 хувийг эрт илрүүллээ. Боловсролынхон мөн “Оюунлаг-Төв аймаг” хөтөлбөр хэрэгжүүлж, улсын төрөлжсөн олимпиадын 13 төрлөөс мөнгө, хүрэл медаль, шагналт байр аваад ирсэн. “Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөр мөн амжилттай хэрэгжиж сургуулийн өмнөх таван настай хүүхдийн 93 хувь нь цэцэрлэг болон хувилбарт сургалтын бүлэгт хамрагдсан. 

Бүтээн байгуулалт аймгийн хэмжээнд ахицтай урагшилж байна. Бид 2021, 2022 онд шинээр эхлүүлсэн барилга байгууламжаа ашиглалтад оруулсан. Аймгийн хэмжээнд 320 ортой хоёр дотуур байр, 450 ортой гурван цэцэрлэг, 1280 суудалтай гурван сургууль ашиглалтад орсон. Дөрвөн суманд эрүүл мэндийн төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн 50 ортой өргөтгөл, гурван суманд соёл спортын төв, нэг суманд спорт заал, нэг сумын ЗДТГ баригдаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгын засварын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй 2023 оны долдугаар сарын 01-нд хүлээн авахаар ажиллаж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарьж ургуулах ажил өрнүүлж, энэ хаврын мод тарилтаар 302 ААН, байгууллага, 1579 айл өрх, 5494 иргэн 389659 ширхэг мод бут сөөг тарьсан мэдээ авсан.

-Өнөөдөр таны удирдсан багийн санаачилга, Засгийн газар, улсын төсвийн болон бусад санхүүгийн эх үүсвэр дэмжлэгээр эхэлсэн бүтээн байгуулалтын үр дүнг, таван жилийн дараах Төв аймгийг та хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Бодитоор гэвэл, аймгийн төв Зуунмод хотод одоо баригдаж буй 3500 айлын орон сууцны хороололд 10 гаруй мянган хүн шилжин суурьшина. Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн тээвэр ложистикийн төв, өндөр зэрэглэлтэй зочид буудал, үйлдвэр технологийн парк шинээр бий болсон байна гэж харж байна. Өөрийн аймгийн болон нийслэл Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний 50-аас дээш хувийг хангадаг, нийлүүлэгчийн үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг оновчтойгоор хөгжүүлсэн аймаг гэсэн статусаа алдахгүй барина. 

Зөвхөн түүхий эд нийлүүлээд зогсохгүй, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох махны үйлдвэр, цардуулын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр, гахайн цогцолбор аж ахуйг бодлогоор дэмжиж байгуулна. Гэхдээ эцсийн үр дүн бол хүндээ, хүн рүүгээ чиглэгдэх учиртай. Энэ бүтээн байгуулалтыг дагаж ажлын байр нэмэгдэж, иргэн нь ажилтай, орлоготой, цалинтай, өрх гэр нь ая тухтай, чанартай, амьдралтай, аймаг нь өөрөө өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болно. Ийм болгохын төлөө иргэд, хамт олонтойгоо хамтран зүтгэж байна. Үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

Д.Отгоо

Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/


 


1
angry
3
care
1
haha
12
liked
7
love
1
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 23 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр