Газар нутгийн төвд нь нийслэл Улаанбаатар оршдог, хотоос ердөө 40 гаруй км газар хэрнээ хөгжлөөр бусад аймгаас нэлээн хоцорсон Төв аймгийн төв Зуунмод хот сүүлийн хэдхэн жилд барилгажиж, дэд бүтэц татагдан өнгө нэмжээ. "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг дагуулан босгох "Шинэ Зуунмод" хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа нь Төв аймгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлжээ.
Улаанбаатар хотын ачааллыг бууруулах зорилгоор шат дараатай хэрэгжүүлж байгаа хотжилтын нэг нь Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих “Шинэ зуунмод” дагуул хот бөгөөд энд аялал жуулчлал, бизнес, санхүү, худалдаа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж үйлдвэрлэл, инновац болон тээвэр, логистикийн зангилаа бүс байгуулах зорилт хэрэгжиж байна.
Шинэ Зуунмод хотыг 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 17 их наяд төгрөг шаардлагатай байгаа. Үүний 21 хувийг улсын болон нийслэлийн төсвөөс, 39 хувийг хувийн хэвшлээс, 39 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр тооцож байгаа юм.
Улаанбаатар хотын дэргэд оршиж, хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлээр нийслэлчүүдийг тэтгэж ирсэн Төв аймгийг сэргээх, Хөшигтийн хөндийн нисэх буудлыг түшиж, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг задлах ажил өнөөдөр энд эрчтэй өрнөж байна. Яг одоогийн байдлаар Төв аймгийн төвд Зуунмодын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу гурван байршилд орон сууцны төсөл хэрэгжиж байгаа аж. Эхнийх нь “Манзушир өргөө” 1000 айлын орон сууцны хороолол бөгөөд хоёр дахь нь 2000 айлын орон сууцны хороолол. Мөн гуравдугаар ээлжинд баригдах 900 айлын орон сууцны төсөл юм. Хорооллын нийт хэмжээ нь 16 мянга гаруй га талбайг хамрах бөгөөд тохижилт, ногоон байгууламж стандартын дагуу хийгдэх аж.
Мөн орон сууцны төслийг дагаад 100 ортой цэцэрлэг, 640 суудалтай ЕБС, 160 ортой дотуур байр баригдаж байгаа бол 456 айлын орон сууцны барилга ашиглалтад орж айл өрхүүд тухлаад эхэлжээ. Зуунмод суманд орон сууцны борлуулалт сайжирчээ. Аймгийн төвд баригдсан эхний 1000 орчим айлын орон сууц худалдагдаад дууссан гэнэ.
Хотын хөгжлийг дагаад эрчим хүч, дулааны асуудал хөндөгддөг. Энэ асуудал ч Зуунмод хотод шийдэгдсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн хангамжийн дэд бүтэц байгуулах ажлууд хийгдээд явж байна. Үүний нэг нь БНСУ-ын 30 жилийн хугацаатай 20 сая долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй ДЦС. Засгийн газрын бодлогоор хэрэгжүүлж буй төслийг Төв аймгийн МАН-ын хорооноос сонгогдсон Засаг дарга түүний баг ахлан газар дээр нь хэрэгжүүлж байгаа бөгөөд “Шинэ Зуунмод” хотын хөгжил гадны хөрөнгө оруулагчдийн анхаарлыг ч татаад эхэлжээ.
Биднийг Төв аймгийн МАН-ын хорооны үйл ажиллагааг сурвалжилах явцад Чех улсын “Финеп” группийн удирдлагууд Зуунмод суманд ирж, аймгийн ЗДТГ-тай хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулаад буцлаа. “Финеп” групп Засгийн газраас аймаг бүрт 1000 айлын орон сууц барих хөтөлбөрийн дагуу Эрдэнэт хотод “Евро эко төгөл” орон сууцны хороолол барьж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгч “Их хаадын цуваа” компанийн барьсан орон сууцууд Эрдэнэт хотод эхнээсээ ашиглалтад оржээ.
Д.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна