-Улсын төсвөөс татаас авдаггүй таван аймгийн нэг болохыг зорьж байна-
Төв аймаг, “Шинэ Зуунмод” төслийг сонирхож буй гадны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдын талаар тус аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаатай ярилцлаа.
-Хөшигийн хөндийн нисэх буудал, Шинэ Зуунмод хот байгуулах Засгийн газрын санаачилга хөрөнгө оруулагчдыг Төв аймаг руу нэлээн татаж байгаа бололтой. Дөнгөж сая танай ЗДТГ Чехийн барилгын салбарын томоохон компанитай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд ямар хамтын ажиллагаа явагдах вэ?
-Манай аймгийн төв Зуунмод шинэ Олон улсын нисэх буудал, Засгийн газрын эдийн засгийн тэлэлтийг багтаасан шинэ төсөл, төлөвлөгөөнд туссан бүтээн байгуулалттай зэрэгцэн оршин байна. Энэ давуу талыг түшиглэн Төв аймгийн төвийг хөгжүүлэх УИХ, Засгийн газрын шийдвэр гарч, 2022 оноос томоохон бүтээн байгуулалт хийгдэж эхэлсэн. Богдхан төмөр зам, тээвэр ложистикийн бүс, үйлдвэр технологийн парк, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах дэд бүтэцүүд тавигдаж байна. Аймгийн төвийг шинэ нисэх буудалтай холбосон 8.4 км автозам ашиглалтад орсон.
Зуунмодоос ердөө 15 минут яваад шинэ нисэх буудал орж байна. Энэ давуу талууд гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн анхаарлыг татаж эхэлсэн. Жишээ нь, Зуунмод шинэ нисэх буудлын ажилчдын хувьд ажиллаж, амьдрах хамгийн тохиромжтой газар боллоо. ИНЕГ-ын удирдлага ч үүнийг олж харж байна. Танайх орон сууцны төслөө хурдтай, чанартай хэрэгжүүлбэл манай ажилчид худалдаж авахад бэлэн байна гэж байгаа. Гол нь энд гайгүй сургууль, цэцэрлэг байх нь чухал гэдэг саналыг ч тавьж байна.
Сая хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан Чехийн “Финеп” компани бол Чехдээ барилгын салбартаа тэргүүлдэг, Эрдэнэт хотод 1000 айлын Евро стандартын эко орон сууц барьсан, монголчуудтай ажиллаж сурсан компани. Бид мөн “Финеп” компанийн удирдлагуудад орон сууцны хорооллыг дагасан олон улсын чанартай сургууль баригдах нь чухал байгааг ойлгуулж, ярилцлаа. Манай аймгийн төвд барилгажилт сайн явагдаж байна. Монгол Улсын хамгийн том археологийн музей байгуулагдлаа. Транзит тээвэр хөгжих боломжтой болсон.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ хавар шинэ ДЦС барьж эхэллээ. ДЦС-ын төслийг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор, Эрчим хүчний зөвлөх инженер доктор Б.Нацагням ахлаад ажиллаж байна. ТЭЗҮ-ийн дагуу 2024 онд ашиглалтад хүлээж авах юм. Энэ ДЦС 50-60 мянган хүн амыг эрчим хүчээр бүрэн хангах чадалтай. Одоогийн байдлаар Зуунмод сум 17 мянга орчим хүн амтай. Тиймээс “Шинэ Зуунмод” хот төсөл амжилттай хэрэгжиж байна, цаашдаа ч тэлэх боломжтой гэсэн үг юм.
-Зуунмод хот барилгажилт өрнөж байна. Танай аймагт барилгын материал чанарын шаардлага хангасан үйлдвэрлэлийн дэд бүтэц хэр зэрэг хөгжсөн бэ. Барилгын материал үйлдвэрлэгч ААН-үүд бий юү?
-Чанарын шаардлага хангасан, улсдаа тэргүүлэх МАК-ын Евро стандартын блокны үйлдвэр эндээс 10 гаруй км-ын цаана бий. Аймгийн ойролцоо зуурмагийн таван үйлдвэр байдгаас одоо гурав нь ажиллаж байгаа. Барилгын гол түүхий эд болох хайрга, дайргыг ч аймгийн төвөөс холгүй авах боломжтой. Олон улсын нисэх буудал найман км-ын цаана, Улаанбаатар хот 44 км зайд бий. Тиймээс Төв аймгийг барилгын материалын дэд бүтцээ хамгийн хямд өртгөөр хамгийн бага зардлаар авах боломжтой гэсэн үг.
-Төв аймагт удахгүй ОХУ-ын “Сибагро” компанийн иж бүрэн Евро стандарттай гахайн аж ахуй баригдах гэж байгаа дуулсан. Бусад аймагт жишиг болох байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Засгийн газрын “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’ үндэсний хөдөлгөөний зорилтуудад хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, экспортод гаргах хүнсний бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх зорилт багтаж байгаа.
Манай аймаг жил бүр нийслэлийн хүн амын үр тариа, төмс ногоо, мах махан бүтээгдэхүүний хэрэгцээг жил бүр тогтвортой хангаж ирсэн. Энэ утгаараа бид төр, засгаас гарч байгаа бодлого шийдвэрт шийдвэрлэх үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс 2021 онд Төв аймгийн ЗДТГ “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулан, Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч экспортлогч улс болох зорилтыг хангах түшиц аймаг болох зорилт тавиад ажиллаж байна. Манай аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд хүнсний, махны 14 үйлдвэр байхаар туссан.
Энэ хүрээнд бид ОХУ-д гахайн үйлдвэрлэлийн чиглэлээр хоёрт ордог “Сибагро” компанитай хамтран орчин үеийн сонгодог гахайн аж үйлдвэр, хүнсний үйлдвэр байгуулахаар тохироод байна. Энэ компанитай хамтран ажиллах, аймагт хөрөнгө оруулах хүсэлт тавиад Төв аймгийн Баяндэлгэр суманд эхний ээлжинд 400 ажилтантай 50.000 гахай, цаашдаа 200 мянган толгой гахай үржүүлэх аж үйлдвэрийн цогцолбор барих ажлыг удахгүй эхлүүлэх гэж байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих гэж буй анхны томоохон хөдөө аж ахуйн цогцолбор үйлдвэр байх юм.
-Ажил ямар түвшинд явж байгаа вэ, гахайн аж ахуйн давуу тал юу байх бол?
-Хоёрдугаар сард бид Санамж бичигт гарын үсэг зурж, ХААХҮЯ болон Эдийн засгийн яамтай үйлдвэр байгуулах уулзалтыг хийсэн. Манай хөрөнгө оруулагчид Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын дарга, Шадар сайд Ч.Хүрэлбаатар мөн уулзаж, хоёр улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлд хөрөнгө оруулалтын асуудлаа тусгуулсан. Энэ дагуу Баяндэлгэр суманд 40 га газар өгсөн. Үйлдвэрийн ажилтай зэрэгцээд гахайны тэжээл, үр тариа тарих ажил ч явагдана.
“Сибагро” компани бол ОХУ-д 14 үйлдвэртэй, гахайгаа тогтмол усанд оруулж, арчилж, эмчилж, тэжээж борддог гэдгээрээ давуу талтай. Нийтдээ 250 мянган га газарт гахайны тэжээл, үр тариа тариалдаг, 15 мянган ажилтантай, дэлхийн 20 улсад экспорт хийдэг, гахайн өвчин нян судалдаг, тэнд нь 100 гаруй эрдэмтэд ажилладаг эрдэм шинжилгээний судалгааны хувийн төвтэй маш том үйлдвэр. Тариалангийн талбайд гахайн тэжээл тарихаас эхлээд гахайгаа бордох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүнсний хамгийн орчин үеийн технологитой, евро стандарттай үйлдвэртэй. Манайд барих үйлдвэр яг ОХУ-д ажилладаг үйлдвэрийн стандартаар баригдана. Герман тоног төхөөрөмжтэй, Итали технологитой ийм үйлдвэр байх юм.
Ерөнхийдөө Төв аймгийн ЗДТГ төр, засгаас гаргасан шинэ суурьшлын бүсийг тэлэх аж үйлдвэржилтийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлого, шийдвэрийг шуурхай, тууштай хэрэгжүүлж, ойрын үед Монгол Улсын төсвөөс татаас авдаггүй таван аймгийн нэг болох зорилготой ажиллаж байна.
-Төв аймгийнхан ногоон хөгжил тал дээр нэлээн анхааралтай ажиллаж байгаа гэж дуулсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөхгүй юү?
-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод туссан зургаан гол зорилтын нэг бол Ногоон хөгжлийн бодлого. Эко системийн тэнцвэрт байдлыг хадгалж, байгаль орчны тогтвортой байдлыг хангах энэ зорилт болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжин аймгийн зүгээс санаачилга гарган ажиллахыг бид хичээж байна. Энэ хүрээнд бид Английн компанитай хамтран 200 сая мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Санамж бичигт гарын үсэг зурж, гэрээгээ үзэглэх хугацааг тохирсон. Энэ хамтын ажиллагааны дагуу манай аймагт хамгийн сүүлийн үеийн өндөр технологитой, хажуудаа эрдэм шинжилгээний төвтэй мод үржүүлгийн салбар бий болох юм.
Д.Отгон
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна