-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өр төлбөрийг нэг их наяд төгрөгөөр бууруулжээ-
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нүүрсний зах зээлийн өнөөгийн байдал, компанийн борлуулалтын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулсныг товчлон хүргэж байна.
-Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ буурч, Монголын борлуулалт дагаад буурсан тухай мэдээлэл бий. Нүүрсний зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Нүүрс энэ оны эхний гурван сард хамгийн оргил үедээ 1663 юань буюу 230 ам.долларын үнэтэй байсан. Гэвч өнгөрсөн дөрөв, тавдугаар сард үнэ бууралттай байлаа. Гэхдээ Монгол Улстай хамааралтайгаар үнэ хэлбэлзээгүй. БНХАУ-ын тэг ковидын бодлого хатуу явагдаж, нэлээн хөрөнгө гаргаснаас хөөстэй байсан юм билээ. Манай нүүрсний гол худалдан авагч нь гангийн үйлдвэрүүд байдаг. Гангийн үйлдвэрийн гол худалдан авагч барилга, үл хөдлөх хөрөнгийн салбар нь уналттай байснаас энэ талын хэрэглээтэй холбоотойгоор урд хөршид нүүрсний үнэ буурсан. Зургаадугаар сарын байдлаар нүүрс 1050 юань буюу 140 гаруй ам.долларын үнэтэй байна.
-Өсөх хандлага байна уу?
-Шинжээчид нүүрсний үнэ дахин буурах, тогтворжих эсэхэд дүгнэлт хийсэн байна. Энэ сард бага зэрэг буураад долоодугаар сараас буцаад өснө гэсэн хүлээлттэй байна. Хятад том гүрэн учраас эдийн засаг, гангийн үйлдвэрээ сэргээх арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлнэ гэсэн хүлээлт байгаа. Хятадын дарга Ши Жинпинь саяхан Баяннуур, Хөх хотод айлчилж, гангийн үйлдвэрүүдийг сэргээх арга хэмжээг авч эхэлсэн. Тэгэхээр зургаадугаар сарын сүүл, долоодугаар сараас нүүрсний үнэ өсөж, хэрэглээ нэмэгдэнэ гэж харж байна.
-Манай улсын нүүрс Хятадын зах зээлийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ? Австрали голлож, Монгол хаягдлаа гэх мэдээлэл гараад байгаа.
-Сингапур улсад тавдугаар сарын 26-нд коксжих нүүрсний олон улсын бага хурал болсон. Энэ хурал дээр хоёр гол асуудал яригдсаны нэг нь Монгол Улсын экспортын хэмжээ. Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ Австрали улсаас их, энэ хандлага цаашид ч үргэлжлэх талаар яригдсан. Манайхан бол Австрали-Хятадын хориг цуцлагдаж, Австралийн нүүрс Хятадын зах зээлийг эзэлж, Монголын нүүрс багассан гэдэг дүгнэлт хийгээд байсан. Сингапурт болсон хурал дээр бол үүний эсрэгээр яригдаж, Монголоос авдаг нүүрсний хэмжээ өндөр хэвээр, цаашид өсөх хандлагатай гэж дүгнэсэн.
БНХАУ 2023 оны эхний дөрвөн сард 31 сая тонн нүүрс импортоор авсны 49 хувь буюу 15.3 сая тонныг Монгол Улсын коксжих нүүрс эзэлж байна. Энэ нь манайхаас авах нүүрсний хэмжээ буураагүй, өндөр хэвээр хадгалагдаж байгааг харуулна.
-Үнэ бууралттай байх үеийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалт ямар байв?
-2023 оны эхний таван сард нэг тэрбум 141 сая ам.долларын борлуулалт хийсэн. Өнгөрсөн 2022 оны бүтэн жилийн борлуулалтыг энэ оны эхний таван сард хийж чадлаа. Бид 2022 онд 11.4 сая тонн нүүрс экспортолсон бол 2023 оны эхний таван сард 11 сая тонн нүүрс борлуулаад байна.
Монгол Улс 2023 оны эхний таван сард 23.1 сая тонн нүүрс экспортолсны 43 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК дангаараа борлуулсан байна. Нүүрсний үнэ буурсан ч борлуулалтаа хангалттай хэмжээнд хийж байгаа.
-Өнгөрсөн жилийн борлуулалтыг энэ оны хагаст хийсэн гэхээр 2023 оны төлөвлөгөө нэмэгдэх үү. Энэ жил ямар хэмжээний нүүрс экспортлох вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн оргил үедээ буюу 2019 онд 15.5 сая тонн нүүрс борлуулсан байдаг. Энэ оны эхний таван сард 11 сая тонн нүүрс борлуулаад байна. Бид энэ онд 23 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөж байсан. Одоогийн борлуулалтын хэмжээтэйгээ уялдуулаад жилийн борлуулалтыг 30 сая тоннд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Борлуулалтыг огцом нэмэгдүүлж, багасгах биш тогтвортой байлгах нь бидний гол зорилго.
-Улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн орлого хэр хэмжээтэй байгаа вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны эхний таван сард улсын болон орон нутгийн төсөвт 1.061.2 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төлөөд байна. Үүнээс АМНАТ-т 727.7 тэрбум төгрөг, ААНОАТ-т 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байна.
-Биржийн арилжаанд цөөн компани оролцдог, сонирхол буурсан талаар яригддаг. Бодит байдал ямар байгаа вэ?
-Эхний арилжаанууд амаргүй байсан. Харин одоо тогтворжсон. Нийт 18 удаагийн цахим арилжаанд давхардсан тоогоор 30 компани оролцож, нүүрс худалдан авсан. Нэг удаагийн арилжаанд 2-5 компани оролцдог.
Цахим арилжаагаар 1 сая 24 мянган тонн нүүрсийг 126.7 сая ам.доллараар борлуулж, борлуулалтын орлогыг 37.7 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн арилжаа зогсонги байдалтай байна. “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК хоёрыг хольж яриад байгаа. Бидний арилжаа амжилттай болж байгаа.
Худалдан авагч талаас бизнесийн нууц гэдэг утгаараа нэрээ нууцлах хүсэлт ирүүлээд байгаа. Хятадын төрийн өмчийн томоохон компани биржийн арилжаанд оролцож эхэлсэн. Цаашид тогтмол оролцохоо мэдэгдсэн нь Хятадын зах зээлд өгсөн зөв дохио гэж үзэж байгаа.
-Нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл ямар шатанд яваа вэ. Хэзээ ашиглалтад орох вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-д нүүрс баяжуулах үйлдвэрийн хоёр төсөл хэрэгжиж байна. Нэг нь жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай Цанхийн уурхайн нойтон аргаар нүүрс угаах үйлдвэр. Манай компани 100 хувь өөрөө санхүүжүүлж, гүйцэтгэгчээр нь “Норинко Интернэшнл” компани ажиллаж байна. Ажил 37.5 хувьтай, 2024 оны долоодугаар сард ашиглалтад орно.
Хоёр дахь төсөл нь Бор тээгийн хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр. Жилд 5 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг МТАС түншлэл өөрийн хөрөнгөөр барьж, гүйцэтгэл нь 73 хувьтай явж байна. Ирэх долоодугаар сард ашиглалтад орно.
-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өрийг хэр барагдуулж байна вэ?
-Компанид онцгой дэглэм тогтоох үед буюу өнгөрсөн 2022 оны аравдугаар сарын 26-ны байдлаар урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсан. Үүний үр дүнд өрийг нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.
Г.Санчир:
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна