“Монголын үнэн” сонин “Бүтээлч Монгол” төслийн хүрээнд эх орондоо нэвтрүүлсэн шинэ санаа, шинэ технологийг нийгэмд сурталчлан таниулах юм. Бид энэ удаагийн дугаартаа савласан цэвэр усны зах зээлд өнгө нэмж, цоо шинэ технологи, шинэ жороор үйлдвэрлэж буй “Maya”брэндийг танилцуулж байна. “Бодь Глобал” ХХК, “Maya” брэндийн захирал Э.Одбаяр, маркетингийн менежер У.Маралмаа нартай ярилцлаа.
-Монголд шинэ төрлийн усны үйлдвэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэдэг сургаар танайхыг зорьж ирлээ. Шинэ бүтээгдэхүүнийхээ санааг хаанаас олов?
-Би АНУ-ын Эксетерийн их сургуулийг маркетинг менежментийн чиглэлээр суралцаж төгссөн. Энэ зуур Америк, Европоор нэлээд явлаа. Аялж явахдаа янз бүрийн л ус амталж явсан. Эрдэсжүүлсэн, эрдэстэй, хийжүүлсэн, содатой гэх мэт маш олон төрөл байгаа шүү дээ. Энэ олон төрөл дундаас электролиттэй ус уухад зөөлөн бөгөөд амны цангаа тайлах нь сайн байсан тул маш их таалагдсан.
Эх орондоо ирээд үзтэл гадаадад уусан тэр ус байсангүй. Импортоор оруулж ирье гэхэд өндөр зардалтай тул өртөг шингээд нэлээд үнэтэй зарагдахаар байв. Яагаад гадаадад худалддаг усыг Монголдоо үйлдвэрлэж болохгүй гэж гэдэг бодол намайг ээрч эхэллээ. Ус үйлдвэрлэлийн зах зээлийг хоёр, гурван жил уйгагүй судалж, 2022 оны аравдугаар сард судалгаагаа дуусгав. Ингээд ХБНГУ-ын компанитай хамтран, туршилтын жижигхэн лаборатори байгуулан технологич, химичдийн баг бүрдүүлэн туршилтаа хийж эхэлсэн. Туршилтын үр дүнд гарсан бүтээгдэхүүн нөгөө Европод аялж явахдаа уусан ус шиг амтагдсан тул үйлдвэрээ оруулж ирэх зориг, тэмүүлэлтэй ч болчихлоо. Тэр даруй л үйлдвэрээ оруулж ирэх судалгаагаа хийж, бусад асуудлаа шийдэх ажилдаа орсон доо.
Монголын цэвэр усны зах зээлд дөрвөн төрлийн ус байдаг. Нэгд нь энгийн цэвэршүүлсэн ус, хоёрдугаарт эрдэст ус буюу байгалийн эрдэст болон нэмэлтээр эрдэсжүүлсэн ус, гурав дахь сигмент нь найрлагат ус, дөрөв дэх нь амтат ус гэж бий. “Maya” брэндийн электролиттэй ус нь энэ зах зээлд тав дахь сигмент болж байгаа юм. Бид Монголд электролиттэй усны сигментийг нэмэгдүүлэх үндсэн бодлого, чиглэл гаргаад зорилго тавин ажиллаж байна. Энэ тав дахь сигментийн ус бусад устай харьцуулшгүй шимт чанар дүүрэн гэдэгт итгэлтэй байж болно.
-Танай савлагаа их өвөрмөц юм. Гаднаас нь харахад тув тунгалаг нэвт харагдах нь таатай мэдрэмж төрүүлж байна шүү?
-Ус цэвэр тунгалгийн илэрхийлэмж. Ийм болохоор гаднаасаа нэвт, хэрэглэгчдийн нүдэнд тунадасгүй аль болох ил харагдаж байгаасай гэсэндээ ийм сав сонгосон. Хэрэглэгч идэж, хэрэглэж байгаа зүйлс нь аль болох нүдэнд харагдахуйц байдлаар үйлдвэрлэж, бүтээж байвал таашаал авах нь бий. Ресторанд хоолыг нь үйлчлүүлэгчид харуулаад хийхээр ямар байдаг билээ, түүнтэй зүйрлэж болох байх. Бусдаар бол бугуйвчлаад ч юм уу, хөх өнгийн саванд хийгээд таг нуучих боломж байгаа шүү дээ. (Инээв)
-Ямар усыг электролит гэж тодотгоод байна вэ?
-Электролит гэдгийг хамгийн энгийн үгээр тайлбарлавал хросол. Бид нарших, хоолны болон архины хордлого зэргийг хросол ууж дардаг. Манай “Maya” брэндийн уснаас бага зэргийн далайн давс амтагдах бөгөөд свийтнер гэдэг сахаргүй хэрнээ чихэр амтагдах бүтээгдэхүүн нэмснээр өвөрмөц хийгээд хордлого, амны цангаа тайлах бүтээгдэхүүн боллоо. Свийтнер нь сахар, калори, нүүрс усгүй. Далайн давстай концентрацад орж электролит болдог. Электролит нь бие махбодын оновчтой үйл ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой цэнэгт эрдэс бодис. Усанд ууссан үед цахилгаан гүйдэл дамжуулдаг шинж чанартай. Цахилгаан цэнэг нь хүний биед шингэнээр дамждаг ба цахилгаан эрчмээр биеийн чухал үйл ажиллагааг хөнгөвчлөхөд ашигладаг.
Монголын зах зээлд нэвтрүүлж буй “Maya” брэндийн электролит усыг ийм цэнэгтэй эрдэс бодисоор баяжуулдаг. Импортын ижил төрлийн уснууд байдаг боловч концентрац нь өөр өөр. Хэрэв "нэрмэл" гэсэн шошгогүй бол хамгийн бага хэмжээний электролит агуулдаг ердийн л савласан ус. Олон бүтээгдэхүүн амт нь мэдрэгдэх хэмжээний электролит агуулж байдаг. Цоргоны ус ч тун бага хэмжээний электролит агуулна. Дунджаар нэг литр цоргоны ус натри, кальци, магнийн өдөр тутмын хэрэгцээний хоёроос гурван хувийг агуулдаг боловч бараг калигүй. Үүний эсрэгээр, ижил хэмжээний электролитээр баялаг спортын ундаа нь натрийн RDI-ийн 18 хувь, калийн RDI-ийн гурван хувийг агуулдаг. Гэхдээ магни, кальци бага эсвэл огт байхгүй. Ташрамд хэлэхэд, энергийн ундааг өдөр тутам уухыг хориглодог заалттай.
-Электролиттэй ус яагаад хүний биед шаардлагатай юм бэ?
-“Maya” брэндийн электролиттэй ус нь хүний биеийн шингэний тэнцвэрийг хамгийн найдвартай хянадаг. Шингэнийг тэнцвэржүүлснээр цусны даралтыг зохицуулах. Булчин, түүний дотор зүрхийг агшихад тусалж байгаа юм. Мөн цусны хүчиллэгийг (рН) зөв түвшинд байлгаж чаддаг.
-Санасан зорьсон ажил, үйлс тань биелж, өөдрөг бүтэмжтэй яваа юм байна. Хэрэглэгчдэдээ хандаж хэлсэн таны үгээр ярилцлагаа өндөрлөе?
-Бидний гол зорилго Ерөнхийлөгчийн зарласан “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл аюулгүй, баталгаат хүнсээр ард иргэдээ хангах хүсэл эрмэлзэл юм. Хүний биеийн 70-80 хувь нь уснаас бүрддэг. Электролиттэй усыг, усны дутагдалд ордог Африкийн орнууд маш ихээр хэрэглэдэг болсон. 500 граммын савлагаатай ус уухад нэг литр уснаас авах хэрэгцээгээ хангаж чадаж байгаа учраас тэр. Дэлхий даяар усны хомстол нүүрлэж буй өнөө үед тог, цахилгаанаа хэмнэдэг шигээ усны хэрэглээгээ ухаалгаар шийдэх цаг нь болсон. Энэ брэндийг Монголд бий болгож, үйлдвэр байгуулсан нь орлого, мөнгө олохоосоо илүү шингэн хүнсний салбарт хувьсгал хийе, шинэ бүтээгдэхүүнтэй танилцуулъя гэдэг том хүслээр түлхэгдэж хийсэн ажил юм.
Усаа уухдаа сайн сайхан зүйлс бодож, төсөөлж байгаарай гэж хүсье. Усаар маш их энерги дамждаг. Энэ сайхан энергитэй бизнесийн санааг олж, олон жил бодож, төлөвлөж, судалсны эцэст зорилгодоо хүрч чадлаа.
У.Маралмаа: долдугаар сард бүсгүйчүүддээ зориулсан шинэ бүтээгдэхүүн танилцуулна
“Бодь Глобал” ХХК, “Maya” брэндийн маркетингийн менежер У.Маралмаа
-Үйлдвэрлэлээ хэзээнээс эхлүүлэв. Үйлдвэр, хамт олноо танилцуулаач?
-“Бодь Глобал” ХХК 2023 оны дөрөвдүгээр сараас бүтээгдэхүүнээ гаргаж, цаашид өргөжин тэлэх үйлдвэрийнхээ анхныхаа хуудсанд амжилтынхаа түүхийг бичиж эхэллээ. Манай хамт олон дэлхийн түвшний чанарын ISO стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хичээж, энэ эрмэлзэлдээ хүрнэ гэдэгт итгэл дүүрэн байгаа. Бид хамгийн сүүлийн үеийн ус, ундааны үйлдвэрлэлд зориулсан тоног төхөөрөмж суурилуулан, зохион байгуулалтын хувьд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэсэн, дадлага туршлагатай ажилтан, ажилчдаар багаа бүрдүүлж, ажлын байрны нөхцөл, аюулгүй ажиллагаа, хүнсний үйлдвэрийн стандарт, ариун цэврийн шаардлага хангаж чадсан.
-Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нухацтай судалгаа хэрэгтэй болов уу. Судалгааныхаа ажлыг хэзээнээс эхэлж, ямар хугацаанд хийв. Бусад улс орны туршлага, инновацаас шингээсэн байх?
-Судалгаагаа удаан хугацаанд хийсэн. Үүсгэн байгуулагч, захирал Э.Одбаяр Европын орнуудаар явж ижил төстэй үйлдвэрүүдтэй танилцаж, технологийн судалгаа хийсэн. Өнгөрсөн жилээс ХБНГУ-ыг онцгойлон сонгож технологийн судалгааг гүнзгийрүүлсэн. Монголын зах зээлд дөнгөж шинээр нэвтрүүлж эхлээд байгаа электролит ус гэж юу вэ, ямар ач тустай юм бэ гэдгийг түүхий эд, материалаас нь эхлэн судалсан. Сүүлийн нэг жилийн хугацаанд Хонконг, Япон зэрэг улсын технологитой харьцуулсан судалгаа хийж ХБНГУ-ын гол түүхий эдийг сонголоо.
-Монголын зах зээлд танай өрсөлдөгч, танайхтай ижил бүтээгдэхүүн байдаг уу?
-Яг энэ төрлийн буюу электролиттэй ус байхгүй. Дотоодын өрсөлдөгч байхгүй гэж тодруулбал зөв байх. Импортоор оруулж ирдэг электролиттэй ус байх хэдий ч тэдгээр ус нь сахартай байдаг. Сахаргүй төрөл маш ховор. Мөн импортын уснууд дотоодод үйлдвэрлэдэг манай уснаас гурав дахин өндөр үнэтэй буюу таваас найман мянган төгрөгөөр зарагдаж байна. Тэднийг бид өрсөлдөгч гэж харахгүй. Япон зэрэг улсад электролитыг хуурай хэлбэрээр савласан байдаг.
Задлаад л тэр дороо усанд найруулаад ууж болдог технологи. Эсвэл бүр найруулаад тавьчихсан ч байдаг. Жимсний амттай эссенц нэмэлтээр хийж ч болдог. Бид электролиттэй усыг гэрийн нөхцөлд найруулж уудаг болон дэлгүүр, эмийн сангуудаар зардаг хросолыг төсөөлье л дөө. Гэхдээ яг хросол гэж хэлээгүй шүү. Манай бүтээгдэхүүн илүү амтлаг агаад уухад тааламжтай. Гэрийн нөхцөлд долоон халбага элсэн чихэр, нэг халбага давс гэдэг тунгаар найруулдаг. Гэтэл энэ маань элсэн чихрийн агууламж өндөртэй болохоор чихрийн шижин, диатезтай хүмүүст тохиромжгүй шүү дээ. Харин манай ус хросол шиг үйлчилгээтэй ч чихрийн агууламжгүй юм.
-“Maya” брэндийг хэрэглэгчдэд хүргэх, танилцуулах талаас нь хариуцан ажилладаг маркетингийн алба энэ зун нэлээд ачаалалтай ажиллахаар байна уу?
-Зуны зугаатай өдрүүд үргэлжилж байна. “Maya” брэнд энэ зун гурван ч том фестивалийн ивээн тэтгэгч, дэмжигч байгууллагаар оролцох төлөвлөгөөтэй байгаа. Хүмүүс амралтаа авч аялал зугаалгаар явдаг энэ улиралд бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг нэлээд эрчимтэй хийнэ.
Одоогоор манай бүтээгдэхүүн хоёр төрөл гарч байна. Цаашид олширч 10 төрөл болох бөгөөд ирэх долдугаар сард бүсгүйчүүддээ зориулсан шинэ бүтээгдэхүүн танилцуулна. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгаа нь явж эхлэх тул ингэсгээд мэдээллээ нууцлаад орхиё.
-Ивээн тэтгэж, дэмжин оролцох фестивалиуд нь хаана болох вэ. Манай уншигчид очиж “Maya” брэндийн усыг амталж үзэхийг хүсэх байх?
-Сүүлийн үед баримтат киногоор нэрд гараад буй энтертайнмэнт студийн зохион байгуулах хөгжмийн наадам болох юм. Ардын язгуур хөгжмийг орчин үеийн электро хөгжимтэй хослуулан тоглох наадамд Никитон хамтлагийн Өөжгий зөвлөхөөр оролцоно. Энэ сарын 17-нд болохо наадамд бид Мауа брэндээрээ оролцоно. Дараа нь хотоос зайдуу Манзуширын хийдийн орчимд зохион байгуулах залуу гэр бүлүүдэд зориулсан хоот фестивал гэж хоёр дахь жилдээ болж байгаа наадмыг дэмжигчээр оролцоно. Гурав дахь нь энэ амралтын өдрүүдээр зохион байгуулагдах шинэ аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг танилцуулах өдөрлөг. Тэнд бид амталгаат худалдаа явуулж, бүтээгдэхүүнээ таниулан сурталчилна.
-Цаашид хийхээр төлөвлөж байгаа гол ажлуудаасаа онцлон дурдана уу?
-Энэ оны наймдугаар сард болох хоёр ч том наадамд оролцох сонирхолтой байна. Мөн залуусын очих дуртай “Play time” наадамд оролцох хүсэлтэй байгаа. Одоохондоо гэрээлж амжаагүй ч төлөвлөгөөнд орчихсон. Зуны дэлгэр сайхан өдрүүдэд бид хэрэглэгчдэдээ шинэ бүтээгдэхүүнээ таниулж, хэрэглүүлээд хэвшүүлэх зорилготой. Цаашид хичээл сургууль эхлэх цагийг тохиолдуулаад хүүхэд багачуудад зориулан жижиг 308 граммын савлагаатайгаар үйлдвэрлэх төлөвлөгөөтэй. “Maya” брэндийн 308 граммын савлагаатай усыг уухад энгийн 750 граммын ус уусантай тэнцэх хэмжээний шингэнээ нөхнө гэсэн үг.
-Хэрэглэгчдэд юу гэж зөвлөх вэ?
-Бидний уриа “Балга бүрээс эрч хүч”. Намрын найр, хуримын сар, шинэ жил, Цагаан сар гээд баяр ёслолоор хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзаж, эрүүл мэндэд тустай электролиттэй усыг сонгож хэвшээрэй гэж зөвлөе.
-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №023/24554/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна