Бид Орхон аймаг буюу Эрдэнэт хотод томилолтоор ажиллаж, шилдэг бизнес эрхлэгчидтэй ярилцлаа. “Агула Бадам” ХХК нь цар тахлын үед улам хүчирхэгжсэн юм. Түгээлтийн компаниудын үйл ажиллагааг гурав хоног зогсооход Эрдэнэтийн хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосрох шахсан гэдэг. Аймгийн онцгой байдлын газраас агуулах, түүнээс түгээлт хийдэг компаниудын хэвийн жигд үйл ажиллагаагаар хангаж, ард иргэдийг хүнс, барааны хомстолд оруулахгүй байх тал дээр онцгой анхаарчээ. Энэхүү арга хэмжээг шуурхай авснаар “Агула Бадам”-ын машинууд түгээлтэд гарч нөөцөөр таслаагүй. Ковидийн айдастай үед хүнсчдийн холбоотой хамтран нөөц тодорхойлох зэргээр онцгой мэдрэмжтэй ажилласан байна. Агуулахаас эцсийн хэрэглэгчид хүрдэг хамгийн том тоглогч нар түгээлтийн салбарынхан гэдгийг мэдрүүлсэн өдөр хоногууд байж.
“Агула Бадам” ХХК-ийн захирал А.Алтансүх ”Монгол бизнес дээд сургууль”-ийг зах зээл судлаач мэргэжлээр төгссөн. 2023 оны нэгдүгээр сард МУИС-д санхүүгийн шинжээчээр магистр хамгаалжээ.
-Эрдэнэт бол хоёр дахь том хот. Тэр утгаараа хүргэлтийн бизнес эрхлэгчдэд ээлтэй байх магадлалтай. Та үүнийг ямар туршлагад үндэслэн байгуулсан бэ?
-Би 2008 онд “АПУ” ХХК-д түгээгчээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш борлуулалт, худалдааны чиглэлээр 15 дахь жилдээ ажиллаж байна. Зах зээлийн хувьд өрсөлдөөнтэй. Манайхтай ижил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ойролцоо түвшний найман компани энд бий. Компанийн өөрийн үндсэн бодлого гэж байдаг. Үүгээрээ л өнөөдрийн байр сууриа олж авсан. 2020 онд түгээлтийн бизнесээ эхлээд удаагүй байхад “Ковид-19” гарсан. Ковидын үед хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жинхэнэ мөн чанараа таниулсан. Орхон, Булган аймаг тэг зогсолт хийхэд, түгээлтдээ үнэнчээр ажиллаж байсан маань нэг талын баатар болгож байлаа. Эрдэнэтэд албан ёсны зөвшөөрөлтэй 100 машин ажилласнаас гурав нь манайх. Арваннэгдүгээр сарын 20-ноос арванхоёрдугаар сарын 10-ныг хүртэлх өвлийн хүйтэнд өдөр бүр битүү цагаан хувцастай дэлгүүрүүдийн хангалтыг хийсэн. Энэ үед бид өөрсдийн гэсэн харилцагчидтай болсон. Ихэнх бизнес хумигдсан тэр цагт зориг гаргаж ажилласан нь худалдан авагчдад итгэл үнэлшил төрүүлж чадсан.
-Одоо хэдэн ажилтантай вэ?
-Манай компани 20 ажилтантай. 560 тогтмол харилцагчтай. Компани шинэ мэт боловч олон жил Эрдэнэтэд үйл ажиллагаа эрхэлсэн, манай хадам ээж Бадамаас маань үүсэлтэй юм. “Агула Бадам” компанид тэр хүний олон жилийн дадлага туршлага их нөлөөлсөн. Нэгд, Бадам гээд өөрийнх нь нэр хүнд явж байна. Хоёрт, агула гэдэг нь уйгаржин бичгээр “уул” гэсэн утгатай үг. Хойд Баян-Өндөр хайрхнаа бэлгэдээд, Агула буюу “уул” гэсэн утгаар өгсөн нэр юм л даа. Манай компанийн лого энэхүү бэлгэдлийг шингээсэн. Улаанбаатар хотоос компаниудтай харилцахад “Бадамын хүүхдүүд” гээд хотын бэлтгэл нийлүүлэгч, худалдан авагч нар маань итгэл хүлээлгэдэг. Худалдааны байгууллагад 20 гаруй жил ажилласан манай ээжийн нэр хүнд бидний баталгаа юм. Ээж маань 2020 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Тэр хүний бизнесийг үргэлжлүүлж, орчин үеийн статуст хувиргасан нь манай хамт олон. Бараа бүтээгдэхүүнийг компаниас аваад, буцаагаад тухайн харилцагчдад бүрэн бүтэн хүргэж өгч, төлбөр тооцоо хийх бол хамгийн анхан шатны нэгж юм.
-Өөрөө түгээгч хийж үзсэн тул түгээгч нараа сайн ойлгодог байх гэж бодогдлоо. Үнийн тал дээр ямар бодлого баримталдаг вэ?
-Мэдээж сайн ойлгодог. Эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгож чадахуйц, тооцоотой, бодлоготой байх хэрэгтэй. Бид харилцагч нартаа тохирсон үнийн бодлого баримталдаг. Улаанбаатар хотын дэлгүүрүүдийн худалдан авч буй үнийг орон нутагт бид санал болгодог. Энэ шаардлагыг биелүүлсэн компаниудтай манай компани гэрээ байгуулдаг. Эрдэнэтийг дагасан 70 км радиуст бидний ажил өрнөдөг. Энэ газар нутгаа тэлэхийг л оролдож байна. Булган аймаг бас байгаа.
-Та нарын нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг вэ?
-Өглөөний ажил ачилтаас эхэлдэг. Манайх дөрвөн машинтай. Худалдааны төлөөлөгч нарын захиалгын дагуу агуулахаас ачилтууд гарна. Худалдааны төлөөлөгч нар авлага, өглөгтэйгөө танилцана. Өмнөх өдрийн түгээлтийн тайлангуудыг харна. Хэдэн айл зээлээр авсан байна, хэдэн айл нь бэлнээр авсан байна вэ гэдгийг нягтална. Худалдааны төлөөлөгч нар ажилдаа гарна. Чиглэлийн дагуу ажил өгнө. Өдөр болгон нөхцөл байдалдаа тохируулж, ямар бараагаа түлхүү гаргах вэ гэдэг чиглэлийг нь өгдөг. Та бидний ярилцаж буй энэ үед дотоодын аялал жуулчлал эрчимжсэн байна. Хөвсгөл, Булган руу Эрдэнэтээр дайрна. Эрэлт хэрэгцээгээ судлаад, түүнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээгээ түлхүү гаргаж байна. Түгээлтүүд гараад явсны дараа би оффисдоо төвлөрдөг.
Нягтлан нярвуудтайгаа хамтраад, дотоод ажлуудтайгаа танилцана. Нягтлангийн өдөр тутмын тайлан, орлого зарлагын мэдээллүүдийг авч танилцана. Маркетингийн ажлууд бас хийгддэг. Урамшууллын бодлого баримтлахад өсөлт хэр вэ гэдгийг судалдаг. Миний өдөр тутмын ажил иймэрхүү. Цаг гарвал бүтээгдэхүүнээ сурталчлах, постер зураг гэх мэт ажлуудаа өөрөө хийдэг. Хүн хүчгүй бол жолоочоо хийнэ. Шал заваан байвал шалаа угаана. Бараа буувал хүмүүстэйгээ нийлээд бараагаа буулгана. Орой нь бүгд цуглараад, худалдааны төлөөлөгч нарын авчирсан захиалгуудыг нэгтгээд ачилт болгодог. Ингээд бидний ажил дуусна. Хамгийн эрт ирээд, хамгийн сүүлд буудаг. Өнөөдөр гэхэд Булганд ачаалалтай байлаа. Нэмэгдэл машин гаргаад явсан. Булганы дэлгүүрүүд зуны сард даацаа дийлдэггүй. Цаашаа мөн Хөвсгөл рүү явдаг. Булганы дэлгүүрийнхэн ”Түгээлтээ битгий таслаарай” л гэж байна.
-Зундаа ашиг орлого нэмэгддэг үү?
-Жилийн дөрвөн улирал ялгаа байхгүй л дээ. Гэхдээ зуны саруудад борлуулалт жаахан өсдөг. Тухайн нөхцөл байдал, улирлын нөлөөлөл, зах зээлийн нөлөөлөлд тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгоно. Ашгийн хувьд бол харьцангуй бага. Зах зээлд оршин тогтнохын тулд үргэлж хөгжүүлэлт, судалгаа хийх зэрэг өрсөлдөөн ихтэй. Ашгаас илүү үйлчилгээний чанарыг чухалчилдаг. Чанар үнэ цэн дээр оршдог. Манай компанийнхан зээлийн уян хатан нөхцөл санал болгодог. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн зарагдаж дууссаны дараа тооцоогоо хийнэ. Харилцагч компаниудад 30 хоногийн хугацаа олгодог.
-Ийм бизнес эрхлэгч олон төрлийн судалгаатай болдог. Монголчууудын хэрэглээний соёл дээр анзаарагдаж байгаа зүйл байна уу?
-Ер нь бол соёлжиж байна. Дэлгүүр ч мөн адил. Гаднын гоё бараа, үйлчилгээ орж ирж байна. 2000-аад онд, намайг арван жилийн сурагч байхад дэлгүүрт 1000 нэр төрлийн бараа л зарагддаг байсан. Одоо бол 10000-аас дээш нэр төрлийн бараа эргэлдэж байна. Нэг өрхийн буюу дундаж өрхийн хэрэглээ 300-500 нэр төрөл. Тухайн өрхөд яаж тааруулах вэ гэдэг чинь борлуулалтын буюу худалдааны арга техник.
-Танай агуулах хэр том бэ?
-Манай үндсэн бизнес маань бараа болон түгээлт болохоор хамгийн том нөхцөл нь агуулах байдаг. Манайх 700 мкв агуулахтай. Жижиг агуулахтай эхэлсэн. Сунасаар, сунасаар дөрвөн том заалтай болсон.
-Булган хөдөөтэй ойрхон. Мах хотод үнэтэй. Энэ хавьдаа арай хямд үнээр нийлүүлэх боломж олддог уу?
-Махны бизнесийг сайн мэдэхгүй байна. Мах манайд байдаггүй. Хөрөнгө их шаардана. Зориулалтын агуулах зайлшгүй байх ёстой. Манайх амттан, ус ундаа, ахуйн хэрэглээний бараануудыг борлуулдаг.
-Залуу хүнд мэдээж өмнөө тавьсан зорилго байгаа байх. Хэр мөрөөдөмтгий вэ?
-Яагаад ч юм бэ их л мөрөөддөг. Ээж, аав бол намайг гурав дахь үеийн төмөр замчин болгох гэж байсан. Би өөрөө төмөр замын вагон үзэгч буюу өртөөнөөс өртөөний хооронд аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан хийж үзсэн. 20 насандаа ийм ажил хийхгүй гэж шийдээд, маркетингийн менежер болохоор эрс шийдсэн. Долдугаар ангидаа “маркетинг” гэдэг үгийг сонсоод, “Энэ ямар гоё үг вэ. Ямар учиртай юм бол” гэж бодож билээ. Маркетингад дурласан учир энэ чиглэлээр суралцаж төгссөн. Хоёр талын аав, ээжийн надад өгсөн хүмүүжил бий. Ямар ч ажлыг чин сэтгэлээ хийдэг. Манай гэргий С.Болорчимэг шаргуу, хөдөлмөрч эмэгтэй. Надад маш их дэм болдог. Зүгээр сууж чаддаггүй төрлийн хүмүүс байдаг юм. Иймд компани цаашид илүү хөгжих байх. Мөрөөдөл гэвэл “Агула Бадам” ХХК-ийг салбартаа тэргүүлэгч болгох. Цаашид өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх. Яагаад аймгуудаас үндэсний брэнд гэдэг бүтээгдэхүүн гарч болохгүй гэж. “Агула Бадам” ХХК-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлхийд гарч болно шүү дээ.
-Зээлийн бодлого явуулахдаа итгэл алдсан хүнтэй таарч байв уу?
-Зөгий шиг хөдөлмөрлөчихөөд өчнөөн мөнгөө алдсан тохиолдлууд бий. Түрээсийн дэлгүүрүүд нэг л өдөр алга болдог. Мэдээж энэ нь тийм түгээмэл биш.
-Ажилтнууддаа ямар шаардлага тавьдаг вэ?
-Миний баримталдаг нэг зарчим байдаг. Хүнээс илүү байх албагүй. Гэхдээ зогсолтгүй, тууштай, зүтгэлтэй бай гэдэг шаардлага тавьдаг. Өнөөдөр нэг охин анх удаа ажил хийх гээд манайд анкет бөглөлөө. Сургуулиа төгссөнөөс хойш гурван хүүхдээ хараад ажил хийж амжаагүй гэнэ. “Би юу хийж, яаж ажиллах вэ” гэж асуусан. Би хэлдэг үгээ л хэлсэн.
-Цалин, урамшууллын тухайд ямар бодлого баримталдаг вэ?
-Үндсэн цалингаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр боддог. Дээр нь борлуулалтын буюу гүйцэтгэлийн цалин нэмэгддэг.
-Бусад түгээлтийн компаниудтай уялдаа холбоотой ажилладаг уу?
-1990 оноос орчин үеийн борлуулалтын салбар бий болсон. Үүнээс өмнө ч байсан. Одоо Монголд 10 мянган компани борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. 140 мянган борлуулалтын ажилтан байна. Гэвч манайд мэргэжлийн холбоо байгаагүй. Миний санаачилгаар “Борлуулалтын нэгдсэн холбоо” ТББ байгуулагдаж байгаа. Улаанбатар хотод төвтэй. Энэ нь борлуулалтын ажилтныг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн байгууллага гэж хэлж болно. Эдгээр хүмүүс ямар нэгэн холбоогүй учраас эрх нь байнга зөрчигддөг. Осолд, санхүүгийн эрсдэл гэх мэт. Энэ оны гурван сард эхний хурлаа хийгээд, холбооны үйл ажиллагаа жигдрээд явж байна. Бидэнтэй 10 мянган компани нэгдэх боломжтой. Холбооны гишүүн болсноор тухайн компани хуулийн хүрээнд хамгаалалтад орно гэсэн үг. Хуулийн баг бүрдүүлж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/
Сэтгэгдэл (2)