Эдийн засаг тогтворжиж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэв


Манай улсын эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7.9 хувийн өсөлттэй, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 5000 ам.долларт хүрээд байна. Ковидын үед -4.7 хувь болж буураад байсан энэ тоо өнөөдөр ийнхүү өссөн нь Монгол Улсын эдийн засаг тогтворжсоныг илтгэж байна. Энэ өсөлт зөвхөн дотооддоо төдийгүй олон улсад эергээр хүрч, хөрөнгө оруулагчид манай улс руу хараагаа бэлчээх ногоон гэрэл ассаны шинж юм. Учир нь өнгөрсөн жил Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг, энэ оны эхний хагаст “Гэрэгэ” бондын 800 сая ам долларын өрийг бүрэн төлж барагдуулсан. Ингэснээр зээлжих зэрэглэлээ “B тогтвортой” түвшинд хадгалж, Монгол Улс олон улсын хөрөнгийн захад үнэлэмжээ ахиуллаа. 

Манай улсын экспортын 90 орчим хувь нь уул уурхайгаас хамааралтай. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд эдийн засгаа солонгоруулах талаар үе үеийн Засгийн газар цаасан дээр төлөвлөж ирсэн ч хөрсөн дээр хэрэгжилт хангалтгүй байлаа. Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Шинэ сэргэлтийн зургаан бодлогоо эдийн засгийг тэлэх, өргөжүүлэх асуудлыг тодорхой тусгаж, хэрэгжүүлж эхлээд байна. 

Энэ хүрээнд Засгийн газрын тэргүүн “Уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсний экспорт голчилсон эдийн засагтай Монгол Улсын хувьд дэвшилтэт технологи, инновацад тулгуурласан ногоон эдийн засгийн загвар, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад бэлэн“ гэдгээ мэдэгдсэн.  Энэ хүрээнд  Засгийн газар авлигатай тэмцэх цогц хөтөлбөрийг зарлаж, төрийн мэдээллийг ил тод болгож, төрийн 71 байгууллагын 839 үйлчилгээг цахимжуулсан “E-Mongolia” платформыг нэвтрүүлээд байгаа. Энэ нь төрийн үйлчилгээг хилийн чанадаас ч шуурхай хурдан авах боломжийг бүрдүүлэх томоохон реформ болсон.  Ингэснээр 2022 онд манай улс Цахим засаглалын хөгжлийн индексээр өмнөх оноос 18 байр урагшилж, 193 орноос 74 дүгээрт  эрэмбэлэгджээ. Ийнхүү Монгол Улс дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх хөрс сууриа бэлтгэсэн, хөрөнгө оруулалт хийхэд бэлэн  гэдгээ олон улсад зарлаад буй.  

 

Хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг бүрдүүлж байна  

Гадаадынхан манай улсад хөрөнгө оруулалт хийхдээ хууль эрх зүйн тогтвортой байдлыг юун түрүүн чухалчилдаг. Учир нь хууль, эрх зүйн орчноо үе үе өөрчилж,  гадаадын хөрөнгө оруулагчдад тогтворгүй байдал үүсгэж, итгэлийг нь алдаж байсан гашуун сургамж бидэнд бий. Тэгвэл өнгөрсөн хугацаанд энэ алдаагаа засаж, гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн эрх зүйн орчноо сайжруулсныг Үндсэн хуулийн өөрчлөлт харуулж байна. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, нэмэгдүүлсэн нь хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогын тогтвортой байдлыг хангасан гэж хууль боловсруулагчид, эдийн засагчид дүгнэж байгаа юм.   Бизнесийн орчныг сайжруулах хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталж, 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоог 362 болгон бууруулж, зөвшөөрөл авах процессыг цахимаар, 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг болсон билээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг өнгөрсөн намрын  чуулганаар баталж, энэ сараас  мөрдөж эхлээд байна. Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмыг бий болгосон. Ингэснээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж, арилжаанд оролцогчдын эрсдэлийг бууруулах, зах зээлийн бодитой ханш тогтох эерэг нөлөө бүрдэнэ гэж хууль тогтоогчид үзэж байна.

Өнгөрсөн намрын чуулганаар  Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан. Энэхүү хуулиар  банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд  банкны салбарыг либералчлах, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогоо хуульчилж, гадаадын банкны ажиллах эрх зүйн орчныг тодорхой болгосон юм. 

Түүнчлэн Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барилаа. Хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гомдол, маргааныг шийдвэрлэх асуудлыг тодорхой болгох, төрийн байгууллагуудын хяналт, шалгалт, төрийн хүнд суртлыг багасгах, мөнгөний босгогүй болгох, зөвшөөрлийг хялбаршуулах зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах зэрэг олон эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. 

Парламент ирэх  намрын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батлахаар төлөвлөсөн.  “Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн оролцоог багасгах, засаглалыг сайжруулах, авлига, шударга бус байдалд баялгийн хуваарилалтыг оновчтой болгох,  бизнесийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бүрдүүлнэ гэж хууль боловсруулагчид үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад тэдний зүгээс  тавьдаг тогтвортой байдлыг хангахад төр, засаг бодлогоо чиглүүлж ирсэн нь энэ. Тиймээс ч энэ удаагийн “Монголд тавтай морилно уу” уриан дор зохион байгуулагдсан Эдийн засгийн форумаар гадаадын хөрөнгө оруулагчдыг хэлэх үг, хэрэгжүүлсэн ажилтай угтсан биз. 

 

Шинэ эх үүсвэр, технологийн шийдэл

 

Хөрөнгө оруулалтыг татах, дотоодын аж ахуйн нэгжээ дэмжих, эдийн засгаа тэлэх зорилго бүхий Монголын эдийн засгийн форумаар гадаадынхны санал, зөвлөмж анхаарал татаж байлаа. Монгол Улсын хувьд  хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбар  тогтвортой хөгжлийн суурь гэж тэд үзэж байна.  Тиймээс хөдөө аж ахуйн салбарт татаасын бодлогоо уян хатан болгох эсэх нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа аж. Урт хугацааны хөрөнгө оруулалт татахын тулд техник технологийн шинэчлэл, салбарын ажилтны мэдлэг, дадлагыг сайжруулахыг үргэлжлүүлэхийг тэд чухалчилжээ. 

Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт Боомтын сэргэлтийг тусгасан.  Засгийн газар  боомтууд хүчин чадлыг нэмэгдүүлэх, урсгалыг илүү нээлттэй, чөлөөтэй болгох төслүүдийг хэрэгжүүлж, эхнээсээ үр дүнгээ өгөөд  байна. Ингэснээр экспортоо нэмэгдүүлж, татварын таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх гэх мэт чөлөөт бүс хөгжүүлэх бололцоо бүрдэнэ. Тиймээс ч энэ чиглэлд   худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааны алдагдлыг багасгах, чөлөөт бүсээ бүрэн ашиглахад Чөлөөт бүсийн эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай талаар хөрөнгө оруулагчид саналаа илэрхийлсэн байна. 

Түүчлэн аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсын болон гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх боломж, бололцоог өсгөх чиглэлээр давхар бүртгэлийн зохицуулалтын орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч байгаа. Биржээр арилжаалах бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд зориулан боомтын тусгай гарцтай болгох, гадаадын хөрөнгө оруулагчдад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон цагаас эхэлж тэдний эрх ашгийг хамгаалж, хамтран ажиллах  тогтолцоог бүрдүүлэх тухай хөрөнгө оруулагчдын гаргасан саналд тусчээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногийн  “Өглөөний уулзалт”-аа эрчим хүчнийхэнтэй хийсэн.   Энэ үеэрээ Засгийн газар эрчим хүчний салбарт онцгой анхаарч ажиллаж буйг дуулгаж, “ДЦС-уудын насжилт дууссан, алдагдалтай ажилладаг зэрэг олон бэрхшээл хэлдэг. Эрчим хүчний салбар ашигтай ажиллах ёстой. Энэ нь өөрөө эрчим хүчний сэргэлт. Сэргээгдэх эрчим хүчний салбараа хөгжүүлж байж, ногоон эдийн засаг хөгжинө” гэдгийг онцолсон. Эрчим хүчний шилжилт бол урт хугацааны процесс. Монгол Улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талд тогтвортой, тууштай бодлого баримтлахыг чухалчилж байгаа.  Энэ салбарт сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх,  эрчим хүчний үнэ тарифыг чөлөөт зах зээлийн үнэд хүргэн, салбарын санхүү, тогтвортой байдлыг хангах хэмжээний тогтолцоонд шилжүүлэх хэрэгтэй гэж гадныхан үзэж байна.

 

Монголбанк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжинэ 

Гаднын хөрөнгө оруулалт татсан тохиолдолд үр дүн нь эдийн засагт шууд мэдрэгдэх салбар бол банк, санхүү. Банк, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг өмнөхөөс илүү хэмжээгээр татах хэрэгтэйг  өнөөдрийн цаг үе шаардаж байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улсын төв банк гадаадын шууд хөрөнгө оруулалтыг байнга дэмжиж ажиллана. Энэ хүрээнд бэлтгэл ажлыг хангаж, төрөлжсөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль, дагалдах журмуудын төслийг бэлэн болголоо. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид том төслүүдийг санхүүжүүлэх, банкны салбар байгуулах боломж илүү нээлттэй болж байна” гэдгээ мэдэгдсэн.  

Хөрөнгө оруулалт татсанаар  эргээд эдийн засгийн бүх салбарт хувь нэмрээ оруулна. Энэ салбарт хөрөнгө оруулагчид тодорхой санал гаргасан байна лээ. Тодруулбал, нэг хөрөнгө оруулагчийн хувь эзэмшлийн оновчтой хэмжээг хөрөнгө оруулагчийн эрэлтэд нийцүүлэн, хэрэгжүүлэх хугацааг дахин тодорхойлох шаардлагатай. Олон улсын санхүүгийн шаардлагад нэг ба түүнээс дээш банканд хувь эзэмших боломжтой байдаг. Энэ боломжийг бүрдүүлэхийг саналыг хөрөнгө оруулагчдын зүгээс гаргажээ. Өнөөдөр манайд мөрдөж байгаа хуулиар зөвхөн нэг банканд хувь эзэмших боломжтой аж. Тиймээс энэ энэ хязгаарлалтыг өөрчлөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 

 

Бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ 

 Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Энэ нь зөвхөн жуулчин хүлээж авах бус эдийн засагтай уялдуулан хөгжүүлэхэд чиглэсэн Засийн газрын бодлого.  Энэ хүрээнд олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болон Засгийн газар хооронд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулж хэрэгжүүлэхээр болжээ. Ингэснээр бүс нутгийн аялал жуучлалыг хөгжүүлнэ. Бүс нутгийн аялал жуулчлал хамтын ажиллагааг сайжруулах замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг  түргэтгэх боломж бүрдэх юм. 

 

Монголд хөрөнгө оруулахад ирээдүйтэй 

“Рио тинто” группын ТУЗ-ийн захирал Доминик Бартон “Монгол Улс байгалийн нөөц баялаг, авьяас чадвараараа юунд ч хүрч  чадна.  Нэг зорилгын төлөө ажиллавал амжилтад хүрнэ” гэдгийг Эдийн засгийн форумын хэлэлцүүлгийн үеэр онцолсон. Энэ нь  гадаадын хөрөнгө оруулагчдад Монголд хөрөнгө оруулалтаа бататгах  итгэлийг нэмсэн мессэж байлаа.  

Монгол Улсад  хөрөнгө оруулалт хийж, 10 гаруй  жил үйл ажиллагаа явуулж байгаа  гурав дахь хөрш  бол “Рио Тинто” групп.  Тус групп  “Оюутолгой”  төслийн хүрээнд 2010-2022 онд нийт 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм.  Цаашид 2028-2036 онд Оюутолгойн үйл ажиллагаа оргил үедээ хүрснээр жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэж, дэлхийн зэсийн зах зээлд  дөрөв  дэх том тоглогч болж, Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь өсөх хүлээлттэй байгаа юм.  Монгол Улсад 2012 оны эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулагчдыг татаж байсан нөхцөл эргэн ирсэн байна гэдэгтэй  гадаадын хөрөнгө оруулагчид санал нэгджээ.

Ийнхүү Монгол Улсын эдийн засаг тогтворжин өсөж, хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. 

Н.Энхлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24557/

 


2
angry
0
care
3
haha
16
liked
9
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр