Төв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаатай ярилцлаа.
-Энэ өдрүүдэд таван аймаг үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойг тэмдэглэж байна. Хоёр дахь 100 жилийнхээ түүхийг бичээд эхэлж байгаа Төв аймгийн шинэ зуун жилийн өнгө ямар байгаа гэж та хэлэх вэ?
-Улсын нийслэлтэй ойр, цаг уурын хувьд газар тариалан, мал аж ахуй эрхлэхэд таатай зэрэг онцлогууд нь өнгөрсөн 100 жилийн хугацаанд Төв аймгийн давуу тал болж ирсэн. Энэ давуу талыг ашиглаад өнгөрсөн зуунд манай аймаг газар тариалан эрхлэлт, мал аж ахуйн үйлдвэрлэлээ хөгжүүлж, Улаанбаатар хотын найдвартай ар тал болж, хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр, үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангадаг том бааз болж төлөвшсөн. Энэ бол яах аргагүй манай аймгийн өнгөрсөн 100 жилийн хугацаанд бий болгосон брэнд. Мэдээж төр, засгийн маш том бодлого хэрэгжиж, олон арван чадвартай боловсон хүчнийг бэлтгэж байсны хүчинд энэ том суурь хөрс бий болсон. Өнөөдрөөс аймгийн шинэ 100 жилийн түүх эхэлж байна. Энэ цаг үетэй давхцаад Засгийн газрын том бодлого Төв аймаг руу чиглэж, Шинэ нисэх буудлыг түшиглэсэн “Шинэ Зуунмод” хотыг байгуулахаар болж, шинэ хотод шаардагдах бүтээн байгуулалт өрнөөд явж байна.
Энэ бол Төв аймаг ирэх 100 жилд зөвхөн газар тариалан, мал аж ахуйдаа түшиглэн дэлхийд тэргүүлсэн өндөр технологийн үйлдвэрлэл тогтвортой хөгжих эхлэл тавигдсан. Хэдхэн жилийн өмнө “Нийслэлтэй ойр учраас Төв аймаг хөгжих боломжгүй” гэдэг байсан. Одоо бол Төв аймгийг Засгийн газар, УИХ гээд шийдвэр гаргах түвшнийхэн ч, хөрөнгө оруулагчид ч, томоохон ААН, байгууллагууд ч өөр нүдээр харж, өөр өөрсдийн бий болгох боломжтой бүтээн байгуулалтыг ярьж хөнддөг, хамтран ажиллах санал тавьдаг ийм хэмжээнд ирсэн.
Энэ бол аймгийн ирээдүй гэрэлтэй, гэгээтэй байгааг харуулж байгаа хэрэг. Аймгийн ирээдүйг 100 жилээс наана, өнгөрсөн 30 жил гэж ярьдаг шиг, ирээдүйн 30 жилээр төсөөлөхөд ч өөдрөг харагдаж байгаа. Ирэх 30 жилд Төв аймаг ямар концепцоор хөгжих вэ гэдэг нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод тод туссан. Аймгийн удирдлагууд Засгийн газар, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлогыг дэмжээд ажиллахад хэдхэн жилийн дараа Төв аймгийн ирээдүй илүү тод харагдана гэдэгт итгэлтэй байна.
-Дэлхийн хөгжлийг өнөөдөр инновац, ноу-хау, шинэ технологи, хиймэл оюун ухаан тодорхойлж байна. Аль ч салбарт энэ сэдэв хөндөгдөж эхэлсэн. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлтэй, улс орны хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэгч гол аймгийн нэг Төв аймаг энэ тал дээр хэр зэрэг анхаарч байна вэ?
-Ерөнхийдөө үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг бизнесийн зорилгоор шинжлэх ухаан, зохион байгуулалтын хувьд шинээр нэгтгэх, шинэ санаа, бүтээлийг практикт хэрэгжүүлэх замаар илүү сайн бүтээгдэхүүн, технологи бий болгох процессыг инновац гэж тодорхойлоод байгаа. Улс орнууд үүнд түшиглэн ирээдүйн хөгжлийн чиг хандлагаа тодорхойлох болсон. Нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологи, сансрын технологи, робот автоматжуулалтын технологи нийгмийн бүх салбаруудын өрсөлдөх хурдыг нэмж байна. Орчин цагт шинжлэх ухаанд тулгуурласан бодлоготой улс орнууд маш түргэн хөгжиж байгааг дэлхий нийтээрээ харж байна.
Ер нь дэлхийн хөгжил хаана яваа юм бид тийш чиглэнэ, Инновац шингэсэн өндөр технологийн үйлдвэрлэл хөгжих суурь Төв аймагт тавигдсан. Аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ноос, ноолуурын, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүд өндөр технологитой шинэ тоног төхөөрөмжийг ашиглаж байгаа. Бид үр дүнгээ үзэж бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорьж байна. 2021 онд Төв аймгийн ЗДТГ “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийг боловсруулж, Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч экспортлогч улс болох зорилтыг хангах түшиц аймаг болох зорилт тавиад ажиллаж байгаа.
Аймгийг 2020-2024 онд хөгжүүлэх төлөвлөгөөнд хүнсний, махны 24 үйлдвэр байгуулахаар туссан. Энэ хүрээнд бид ОХУ-д гахайн мах үйлдвэрлэлийн чиглэлээр хоёрт ордог “Сибагро” компанитай хамтран орчин үеийн сонгодог гахайн аж ахуй, хүнсний үйлдвэр байгуулахаар тохирсон. Энэ бол гахайгаа тогтмол арчилж, эмчилж, өөрсдөө тэжээлийн ургамал тарьж тэжээж, борддог, өвчин нян судалдаг эрдэм шинжилгээ судалгааны хувийн төвтэй дэлхийд тэргүүлэх өндөр технологийн үйлдвэр байх юм.
Энэ үйлдвэр Баяндэлгэр суманд байгуулагдана. Эхний ээлжинд 400 ажилтантай 50 мянган гахай, цаашдаа 200 мянган толгой гахай үржүүлэх аж үйлдвэрийн энэ цогцолбор Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлого, экспортлогч улс болох зорилго Ерөнхийлөгчийн “Хүнсний аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжих томоохон төсөл байх юм.
Мөн жилд 50-80 мянган тонн техникийн сортын төмс боловсруулах цардуул суурьтай, импортыг орлох евро-стандарын эко боловсруулагч үйлдвэрлэх өндөр технологийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулагдсан байгаа. Манай аймаг төмсний тариалалт эрхлэлтээр улсдаа тэргүүлэх байр суурь эзэлдэг. Энэ үйлдвэрт сумдын сэлгэн тариалалтаас гадна жил бүр зах зээлийн эрэлтээс давж, илүү гарсан нөөцийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
-Төв аймгийн шинэ зууны хөгжлийн давуу тал юу байна гэж үзэж байгаа вэ?
-Хөшигийн хөндийд баригдсан Олон улсын шинэ нисэх буудал бол Төв аймгийн хамгийн том давуу тал. Монгол Улс бол далайд гарцгүй орон. Монгол Улсын далайд гарах гарц, агаарын тээврийн боомт аймгийн нутаг дэвсгэрт шинээр ашиглалтад орсон нь аж ахуйн нэгжийн нүүдэл Төв аймгийг чиглэх, оршин суугчдын тоо нэмэгдэх, дагаад зах зээл хөгжих боломжийг нээж байна. Төв аймгаас иргэд шилжих нь багассан. Эсрэгээрээ нүүж ирдэг болсон.
Шинэ нисэх буудлыг даган хөгжиж буй “Шинэ Зуунмод” хотыг байгуулах ажил өнөөдөр эрчтэй явагдаж байна. Энд олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн тээвэр ложистикийн төв, өндөр зэрэглэлтэй зочид буудал, үйлдвэр технологийн парк шинээр бий болж, өндөр технологийн дэвшлийг ашигласан үйлдвэрүүдэд 20 мянган ажлын байр бий болгох юм. Эрчим хүч, дулааны дэд бүтэц, орон сууцны хорооллууд баригдаж дуусахаар инноваци, нохау, шинэ технологи, хиймэл оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын компаниуд суурьшиж, тэдний бүтээлийг иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэглэж, ашиглаж, зах зээл хөгжих нь тодорхой.
Ерөнхийдөө орон нутгаас нийслэлийг чиглэсэн их нүүдэл Зуунмод шинэ дагуул хот руу чиглэж, Төв аймаг Улаанбаатар хотын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний талаас дээш хувийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ хүн амын механик нүүдлийн ачааллыг ч хуваалцаад эхэлнэ гэж харж байна.
Д.Отгонжаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24557/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна