Д.Гантөмөр: Төрийн албан хаагчдад зориулсан 300 хаус барих ажлыг наймдугаар сараас эхлүүлнэ


Тэрбээр 1998 онд компаниа үүсгэн байгуулсан. Жимс худалдах, ундаа, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гээд хийж үзээгүй ажил ховор. 2000 оноос “Төгөл” худалдаа, үйлчилгээний салбар нээн, 2004 онд “Болор талст” худалдааны төвийг барьжээ. “Төгөл” их дэлгүүрийг 2009 оны нэгдүгээр сард шинээр ашиглалтад оруулсан байна. Өдгөө 5185 мкв талбайд 200 гаруй хүн бизнес эрхэлж байна. Д.Гантөмөр захирал “33 насандаа их дэлгүүрийн барилга барьсан байна. Одоо бодоход залуу байж” хэмээв. Ийнхүү “Эрдэнэтийн шилдэг бизнесмэн”-тэй ярилцлаа. 

 -Би Орхон аймагт томилолтоор ажиллахаар ирэхдээ хүмүүсээс “Танай аймгийн хамгийн шилдэг бизнес эрхлэгч хэн бэ” гэж асуухад хүн бүр “Төгөлийн Гантөмөр” гэлээ. Амжилтаа ямар нэг зүйлтэй холбон тайлбарлавал юуг онцлох вэ. Учир нь зах зээл эхэлсэн шилжилтийн үеийн хүмүүс бүгд амжилтад хүрээгүй шүү дээ? 

-21 насандаа бизнесээ эхэлсэн. 1993-1994 онд гэсэн үг. Амжилтын үндэс гэвэл өглөө эрт босдог байсан. Өглөө боссон хүнтэй ярих хүн байхгүй. Өөртэйгөө ярина, ажлаа төлөвлөнө. Удирдагч хүн ажлаа төлөвлөж, бодох ёстой. Хүмүүс ажилдаа миний шийдвэрийг сонсох гэж орж ирдэг. 

-Таныг анх ундааны цех байгуулсан гэлцэх юм?

-1995 онд Венесуэлийн “Халтар царайт” кино гарч байх үед хотод бизнес эрхэлж үзсэн. Ахын бизнес л дээ. “Дэнжийн 1000”-аас бизнес хийх арга ухаанд суралцсан гэж болно. Анх Эрдэнэтийн Тосгон гээд газар хоёр ажилтантай, өөрийгөө нэмбэл гурвуулаа ундаа, талх, нарийн боовны цех байгууллаа. 1995-1996 онд зах дээр алим зарж байсан. Тэр үед улсын сайхан эрээр шалгарсан, улсын начин Намжилдорж Хятадаас хэдэн вагон алим Эрдэнэтэд оруулж ирсэн байхтай таарлаа. Түүнээс зээлээр авч борлуулав аа. Сүүлдээ надад итгээд их хэмжээгээр өгч, би бүгдийг нь борлуулаад, баярласан талархсанаа илэрхийлж билээ. Тухайн үедээ “Дэнжийн 1000”-д борлуулалт хийж сурсан туршлагаараа бөөнддөг байсан.

Долоо хоногийн таван өдөр нь вагон тосно. Тухайн үед жимс надаас худалдан авдаг байсан хүмүүс одоо зах дээр харагддаг. Жимсний бизнесээс хоёр жил хуримтлуулсан мөнгөөрөө шатаж үзсэн. Иймд суурин бизнесийн эхлэл тавихгүй бол эрсдэлтэй гэж үзэн, 1998 онд “Төгөл”-ийн суурин дээр 4x5 хэмжээтэй долоон ширхэг павильон бариад, 1999 онд жаахан өргөтгөл хийж, хүнсний бөөний худалдааны төв байгуулсан. Тухайн үеийн Засаг дарга Шархүү бидэнд “Сайн барилга барь” гэсэн санал тавьснаар, түр зөвшөөрлөө эзэмших зөвшөөрөл болгож авсан.

 Анх павильон барьсан хүмүүстэйгээ зөвшилцөж, бүгдийг буулгаад барилгын ажлаа эхлүүлсэн. 2008 онд 840 сая төгрөгийн төсөвт өртгөөр барих байсан. Тухайн үед эдийн засгийн хямрал үүсээд, 2009 оны нэг сард ашиглалтад орсон. Өртөг өсөж байшингаа гүйцэд дуусгаж чадахгүй хэцүү байсан ч барилгын материал борлуулагчид маань зээлээр өгч тусалсан. Хүнтэй зөв харьцаж, хэлсэн ярьсандаа байх чанар нь ажилд нөлөөлдөг. Тухайн үед ХХБ-ны захирлаар Мэдрээ ажиллаж байлаа. Түүнтэй биечлэн очиж уулзсан. Тус банкнаас мэргэжилтнүүд ирж бодит байдлын судалгаа хийн “250 хүн ажлын байраар хангагдах нь байна. Энэ төслийг дэмжих нь зүйтэй” гэсэн шийдвэр гарсан. Орон нутагт бизнесийн үйл ажиллагаа явуулахад нутгийн удирдлагуудын дэмжлэг их нөлөөлдөг.

-Худалдааны төв барьж босгосон нь бүтээн байгуулалтын салбарт бизнес эрхлэх туршлага болсон уу? 

-2011 оноос барилга барих анхан шатны мэдэгдэхүүн дээрээ тулгуурлаж, суурь мэдлэгтэй тул бүтээн байгуулалт хийх шийдвэр гаргасан. Хятад, монгол, солонгос, хойд солонгос барилгачидтай хамтран бүтээн байгуулалт хийж эхэлсэн. Ийнхүү өөрсдийнхөө ажилчдыг сургаж авсан. 2015 онд цагт 90м куб эргэх хүчин чадалтай бетон зуурмагийн үйлдвэр байгуулсан. 

Орон сууцны зах зээл дээр үйл ажиллагаа явуулахын тулд зайлшгүй үйлдвэрлэл явуулах шаардлагатай юм байна. Цаашлаад 2017 оноос дайрганы үйлдвэр байгуулсан. Дайрга бол бетон зуурмаг, авто замын үндсэн суурь хэсэг гэх мэт маш олон зүйлд ашиглагддаг. Энэ үйлдвэр зургаа дахь жилдээ амжилттай ажиллаж байна. Одоогоор нүхжилтийн хавтан дээр үе шаттай ажиллаж байна. 


-Танайх материал үйлдвэрлэж эхэлсэн нь Эрдэнэтийн бусад бүтээн байгуулагч нарт мөн ашиг тусаа өгсөн байх?

-Тийм. Хэрэглэгчид Улаан­баатараас барилгын материал худал­даж авбал барилгын материалыг ачиж зөөхөд тээвэр­лэлтийн зардал их гарна, нэгж бүтээгдэхүүнд оногдох өртөг өндөр гэх мэт бэрхшээлтэй. Энэ ажлыг ямар нэгэн гачигдалгүй бүрэн дүүрэн хийж гүйцэтгэхэд үйлдвэр нэмж барих, сэргээн босгох, банк санхүүгийн уян хатан бодлого явуулах шаардлага зайлшгүй гарч ирнэ. Үйлдвэр барих нь жил орчмын ажил биш. Хамгийн багадаа гурван жил шаарддаг. Үндэсний хэмжээний цементийн “Монполимет” ХХК гэхэд 1980 оноос эхэлсэн олон жилийн мега төслөөр хэрэгжиж ирсэн. Ийм үр ашиг өндөртэй компани, үйлдвэр босгоход төрийн бодлого, дэмжлэг, санхүүжилт тодорхой хэмжээгээр шаардана. Одоо баригдаж байгаа үйлдвэрүүд ихэнх нь жижиг хэмжээний үйлдвэрүүд. 

-Та бүгдийг үйлдвэр байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлсэн үү?

-Арилжааны банкны зээлгүйгээр үйл ажиллагаа явагддаг. Орон нутагт ЖДҮ, бага хүүтэй зээлүүд хомс. Аймгийн хэмжээнд нэгээс хоёр тэрбум төгрөг өгдөг нь ямар ч үр ашиггүй үрэн таран болдог. Бидний хувьд 10 үйлдвэр барих зорилготой. Манай монголчуудын алдаатай бодлого гэвэл ажиллах боловсон хүчнээ цалингийн бодлогоос болж гадаадад алдсан. Зарим нь эх орноосоо дүрвэж байна. Солонгост сарын долоон сая төгрөгөөр ажиллаж байна. Манайд бол тийм үнэлгээ байхгүй. 

Эдийн засаг дэлхий нийтийг хавтгайруулж байна. Энэ хавтгай зах зээлд хүн бүр тэгш хүртэх, хүртээмжийг дээшлүүлэх хэрэгтэй. Манай төгрөгийн үнэ цэн цаас болсон. ААН-үүд дампуурч байна. Зарим нь маш их хөдөлмөрлөсөн ч өсөж дэвждэггүй. Хүн ам ядуу, баян гэсэн хоёр хэсэгт хуваагдсантай адилх ААН-үүд нэг хэсэг нь маш өндөр санхүүгийн чадавхитай бол нөгөө хэсэг нь хэт сул байгааг бүгд харж байна. Худалдаа үйлчилгээ хүнсний салбар маш хүнд байдалд орсон. Манай Эрдэнэтэд хүнсний үйлдвэр бараг байхгүй. Дарханаас талхаа татдаг. Жижиг цехүүд бүрэн хангаж чаддаггүй. Эдгээрийг нэгтгэх хэрэгтэй. 

Би Солонгосын Бусан хотод байдаг топ таван фермийн үйлдвэрийн нэгтэй танилцсан юм. Би гайхаад “Танайх чинь 400-хан үхэртэй байж яагаад топ тавдугаарт багтсан юм бэ?” гэж асуусан. “Манайх Солонгост хамгийн өндөр чанартай үхрийн мах гаргах зорилготой ажилладаг. Махны чанарыг дээд түвшинд хүргэх бодлогыг төрөөс нь дэмждэг” гэсэн. Бидэнд хөгжлийн, хандлагын зөрүү гарч байна. Монголоор дүүрэн мянгат малчинтай. Махны эрүүл ахуйн чанарыг манай монголчууд ажил болгож, хэрэгжүүлдэггүй. 

-Та малтай юу?

-Би ковидын үед хөдөө, агаарт байсан. Үхрийн ферм байгуулах зорилт тавин, одоо 300 үхэртэй. Үүнээс хээлтэгч нь 140 үхэр. Бэлчээрийн мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй хоёр тусдаа зүйл. Манайхан хольж ярьдаг. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлье гэвэл гадаадын экспортод түшиглэнэ. Бэлчээрийн мал аж ахуй бол дотоодын зах зээлдээ л хөгжинө. 

-Танайх Эрдэнэтэд нийт хэдэн бүтээн байгуулалт хийсэн бэ?

-Манайх орон сууцны зах зээл дээр их ажилласан. Гэр хорооллыг утаагүйжүүлэх, хөрсний бохирдлыг устгах тал дээр ач холбогдол өгч байна. Эрдэнэтэд хот төлөвлөлт маш буруу хийгдсэн. Манай ард түмэн суурин иргэншлээр аж төрөөд 100-хан жил болж байна. Бидэнд бэрхшээл тулгарах нь мэдээж хэрэг. Амины орон сууц барихад таван зүйл шаардлагатай байна. Хана, дээвэр, шал, цонх,хаалга бүгд дулаахан байх ёстой. Стандартад нийцсэн орон сууц гэж байх ёстой. 

Ийм орон сууц барихад өртөг өндөр. Энэ өртгийг шийдэхийн тулд орон нутагт үйлдвэр байгуулах ёстой. Ногоон байгууламж, эко системтэй болоход цахилгаан эрчим хүч бидэнд хэрэгтэй. Төвийн эрчим хүч болон нар салхины эрчим хүчийг хосолсон байдлаар ашиглах бүрэн боломж байна. Анх барилгыг орос техникээр барьдаг байсан. Одоо бол цаг үе өөр болсон. 

-Та аль нутгийн хүн бэ?

-Өмнөговь аймгийнх. Эцэг эхээс наймуулаа. Зургаа нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Манай том ах Энхбат маань Эрдэнэтэд амьдардаг байсан. 1991 оноос биднийг татсан. Аав Өмнөговь аймгийн ерөнхий нягтлан, худалдааны чиглэлийн хүн. Ээж бол насаараа сувилагч хийсэн. Би ээжийнхээ 31 насанд, долоо дахь хүүхэд болж мэндэлсэн. Би өөрөө дөрвөн хүү, нэг охинтой. Манай аав, ээж ямагт хөдөлмөрч байхыг зааж ирсэн. Хотод ажил сурахгүй байна гээд хөдөө гаргана. Манайхан нэгдүгээр ангид оронгуутаа л өглөөний цагийн хуваарьт орно. Энэ нь эрт босож, гал түлэх ажил юм. Аавын тал бол ажилсаг гэдгээрээ алдартай хүмүүс байсан. Говьд хүнд найдах талаар бодоод ч хэрэггүй. 

-Амжилтад хүрэхэд эхнэрийнх нь үүрэг оролцоо хэр байсан бэ?

-Мэдээж манай эхнэрийн үүрэг маш өндөр байсан. Миний гэргий Дорноговь аймгийн хүн. Манай Эрдэнэт ээлтэй сайхан нутаг даа. Эрдэнэт хотын нэг соёл байдаг юм. Нутгархах үзэлгүй гэх үү дээ. 

-Ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн зүйлсээ дурдвал?

-Гэр хорооллыг утаагүй, хөрсний бохирдолгүй болгоход чиглэсэн төлөвлөгөөний загвар гаргаж байна. Төрийн албан хаагчдад зориулсан 300 хаус барих ажлыг наймдугаар сараас эхлүүлнэ. Насаараа боловсролын байгууллагад ажилласан ч орон сууцгүй хүмүүст боломж олгох үүднээс хийж байгаа ажил юм. Засгийн газраас явуулж байгаа ипотекийн зээлд хамруулж өгнө. Хүмүүсийн хэрэглээнд нийцсэн орон сууц барихаар зорьж байна. Насаараа өөрийн сэтгэл зүрхээ зориулж ажиллаад тэтгэвэрт гарчихаад өөрийн гэсэн байргүй бол хэцүү шүү дээ. 

-Танай компани 200 ажилтантай гэлээ. Тэдэнд ямар нэмэлт боломж олгодог вэ?

-Надтай 20 жил хамт ажилласан эгч маань өмнөх жил тэтгэвэрт гарлаа. 22 жил буюу хамгийн удаан хамт ажилласан хүн бий. Олон жил ажилласан ажилчдаа орон сууцаар хангасан. Залуучуудаа ипотекийн 30 хувийн зээлд хамруулж өгсөн. Миний мөрөөдөл ажилчдадаа зориулж орон сууц барьж өгөх. 

-Та сонгуульд өрсөлдсөн санаг­дана. Ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Өнгөрсөн 2020 онд Ардчилсан намаас нэр дэвшиж, өрсөлдсөн. Улс төр гэдэг бол уг нь хүнийг сайхан амьдруулахын төлөө л ажилладаг зүйл. 

-Хүнс үйлдвэрлэлийн бизнес нь хэвийн жигд үргэлжилж байгаа юу?

-Байхгүй. Долоон жил Эрдэнэтийн Хүнсчдийн холбооны тэргүүнээр ажилласан. Тэр үед 400 ажилтантай, баруун бүсийн хамгийн том үйлдвэр байсан. Жил болгон хүнсчдээрээ нэгдэж, үйл ажиллагаанууд зохион байгуулдаг байлаа. Хамгийн анх би “Онц хүнсчин” тэмдгийг санаачилсан. Олон жил хүнсний салбарт ажилласан хэр нь төр, засагт хаягдсан хүмүүст эл шагналыг олгодог байсан. 

Ярилцсанд баярлалаа.

 Н.Энхцэцэг

Эх сурвалж: Монголын үнэн сонин №026/24556/

 


 


0
angry
0
care
0
haha
15
liked
6
love
0
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 8 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 8 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 8 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр