Бүтээн байгуулалт, ажил хөдөлмөр ундарсан ХЭНТИЙ


Халхын ууган дөрвөн аймгийн нэг Сэцэн хан аймаг нь энэ нэрээр 200 жил нэрлэгдэж, 1923 онд Хан Хэнтий уулын аймаг болон засаг захиргааны шинэчлэлтэд орсон. Энэ үеэс хойш 100 жилийн буурал түүхийг элээжээ. Өдгөө түүхэн тэгш ойн баяртайгаа золгож буй Хэнтий аймагт ажил хөдөлмөр, бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Тус аймгийн удирдлагууд жилийн өмнөөс буюу 2022 оноос бэлтгэл ажилдаа орж, цөөнгүй ажлуудыг төлөвлөсөн. Үүнээс хамгийн түрүүнд онцлох нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлт, “Хан Хэнтий” чуулгын барилга зэрэг бүтээн байгуулалтын томоохон ажлууд юм. Энэ мэт 100 жилийн ой угтсан болон бусад бүтээн байгуулалтын ямар ажил хэрэгжүүлсэн талаар авч үзье.

 

АЖ АХУЙН АРГААР БАРИГДСАН ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ БҮРЭН ШИНЭЧЛЭВ

Жил гаруйн өмнөөс цахим сүлжээнд төдийгүй иргэдийн чихэнд цөөнгүй сонсогдож басхүү шүүмжлэл магтаалыг багагүй дагуулсан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэлтийн ажил дуусаж, энэ долоодугаар сард ашиглалтад оруулав. Тус цэнгэлдэх хүрээлэнг анх 1987 онд тэр үеийн ханш болох 3.0 сая төгрөгийн өртгөөр 56 хоногт олны хүчээр барьсан түүхтэй. Түүнээс хойш урсгал засвар хийгдэж ирсэн ч томоохон хэмжээний их засвар хийж байгаагүй тул хана, суудал нурах эрсдэл үүссэн байна. Энэ тухай Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан нь бий. Иймд Төв цэнгэлдэх хүрээлэнгээ бүрэн шинэчилж жилийн дөрвөн улиралд ашиглах зориулалттай болгох шийдвэрийг Хэнтий аймгийн удирдлагууд 2022 онд гаргажээ. Иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх энэ ажлыг шуурхайлах, чанартай гүйцэтгэх ажилд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав инженер техникийн ажилтнуудын хамт газар дээр нь тогтмол хяналт тавьж ажилласан аж. 

Тэгвэл тус цэнгэлдэх хүрээлэнг өдгөө 3200 хүний суудалтай болгон томсгож сур харвааны талбай, шагайн харвааны асар, хөлбөмбөг, сагс, волейболын талбайтай болгов. Мөн явган хүний зам, гүйлтийн зам, гадна тохижилт, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, 570 гаруй автомашины зогсоол зэрэг бүгдийг цогцоор нь шийджээ. Гол нь жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой нь хамгийн том давуу тал юм. Тодруулбал, стадионы хойно байх худалдаа үйлчилгээний талбайд баяр наадмаас бусад үед тариаланч, ногоочид, тариалсан хүнсний ногоогоо, малчид малынхаа махыг худалдан борлуулах боломжтой. Энэ боломж нөхцөлөөр хангахын тулд 40 тоннын хөргүүр байрлуулах аж. Харин өвлийн улиралд хүүхэд багачууд гэлтгүй томчууд чаргаар гулгах сонирхолтой байдаг бөгөөд зориулалтын талбайгүй учир уулнаас уруудан биедээ гэмтэл учруулах тохиолдол цөөнгүй гардаг. Иймд стадионы их засварын ажлаас гарсан овоолго шороог ашиглан өвлийн улиралд чаргаар гулгах мөсөн гулгуурын талбайг тохижуулахаар төлөвлөжээ. Энэ мэт нэг биш нэжгээд зүйлсийг бодон төлөвлөж аймгийнхаа 100 жилийн ойгоор шинэхэн Төв цэнгэлдэх хүрээлэндээ баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж байна.

 

12 ЖИЛ ЦАРЦСАН “ХАН ХЭНТИЙ” ЧУУЛГЫН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛЛАА

40 жилийн түүхтэй ардын дуу бүжгийн “Хан Хэнтий” чуулгыг шинэ байртай болгох ажил анх 2012 онд эхэлж барилга угсралтын ажлыг “Хөвсгөл геологи” ХХК эхлүүлсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газраас барилгын ажлыг царцааж 2015 онд “Макс майнд” компани сонгон шалгаруулалтад тэнц­сэнээр барилгын ажлыг үргэлжлүүлсэн. Гэвч тус компанийн ажлын гүйцэтгэл хангалтгүй байсны улмаас найман жил царцаж 2022 онд дахин сонгон шалгаруулалт зарласан. Улмаар Дорнод аймгийн Ж.Энхболд захи­ралтай “Чандмань тал” компани шалгарч жил гаруйн хугацаанд тус барилгыг ашиглалтад оруулж Хэнтийчүүдэд хүлээл­гэн өгөв. Аймаг орон нутгийн удирдлагуудын зүгээс барилга угсралтын ажлыг шуурхайлах, санхүүжилтыг саадгүй олгох тал дээр мөн онцгойлон анхаарч тогтмол хяналт тавьж байв. Хэдий гүйцэтгэгч компанийн хариуцлагагүйн улмаас 12 жил царцаасан ч 100 жилийн ойн баярын жилдээ ашиглалтад оруулж баярын хурлаа хийж буй нь бас нэгэн бахархууштай үйл явдал юм. Тус барилга нь хүчин чадлын хувьд 600 хүний суудалтай бөгөөд барилгын 54 метрийн өргөн, 83 метрийн урттай, 78 өрөө тасалгаа, жижиг есөн заалтай орон нутагт баригдсан томоохон бүтээн байгуулалтуудын нэг гэж болно. 

 

СЭЦЭН ХАНЫ ОРДОН МУЗЕЙН ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

“М-Си-Эс” групп нь үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилгоор “Өв эрдэнэ” хөтөлбөрийг Монголын Урлагийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг. Уг хөтөлбөрт аймгийн ЗДТГ-аас төсөл хүргүүлж дэмжигдсэнээр 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэцэн ханы ордны гадна талбайд тохижилт хийж ашиглалтад орууллаа. Нийт хөрөнгө оруулалтын 550 сая төгрөгийг “М-Си-Эс” группын зүгээс санхүүжүүлсэн бол үлдсэн хөрөнгийг орон нутгаас гаргасан юм. Энэхүү ордны суурийг 1691 онд тавьсан гэж үздэг бөгөөд анх 20 орчим сүм, дуганаас бүрдэж байсан бол өдгөө таван сүм нь хэвээр хадгалагдан үлдсэн байдаг.

 

ОРОН НУТАГ СУДЛАХ МУЗЕЙН БАРИЛГЫГ АШИГЛАЛТАД ОРУУЛАВ

Тэгш ойн баяраа угтаж бүтээсэн бас нэгэн томоохон ажил орон нутаг судлах музейн барилгын ажил юм. Уг ажлыг “Монкон констракшн” ком­пани гүйцэтгэж ажлаа 2020 онд эхлүүлж 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад хүлээлгэн өгсөн. Тус барилга нь гурван давхар, 30х18 метр талбайтай. Харин үзүүлгийн тан­химд тавигдах шилэн хоргоны ний­лүүлэлт, угсралтыг “Синема Оф Саунд” компани гүйцэтгэсэн. Уг шилэн хоргоны стандарт саяхан ашиг­лалтад орсон “Чингис хаан” музейн стандарттай дүйцэхүйц буюу хоёр­догч нь болж буйгаараа онцлог юм. 

Сан хөмрөгт хадгалагдаж байгаа үзмэрийн 60 хувь нь эх хувиа­раа, 20 хувь контент, 20 хувь нь хуул­бар үзмэрээр дэглэгдэнэ. Хуулбар үзмэр нь Хан Хэнтийн түүх соёлтой хол­боотой зөөвөрлөж авчрах боломжгүй буюу тухайлбал Рашаан хад гэх мэт түүхэн дурсгалт, бай­галын үзэсгэлэнт газруудын хуул­барыг байр­луулж орчин үеийн тоног төхөө­рөмж ашиглан бодит мэтээр харуулах зэрэг технологийн дэвшлийг шингээжээ. Музейн хамт олон 100 жилийн ойн баяр наад­мын босгон дээр буюу энэ сарын 26-нд нээлтээ хийсэн юм.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр