​ Ц.Чогсомжав: Хэнтий аймаг сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбарт томоохон хөрөнгө оруулалтууд хийсэн


-Хэнтий аймагт 92 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 89 нь энэ жил дуусна-


Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавтай ярилцлаа. 

 

-Сайн байна уу та. Сайхан наадаж байна уу. Юун түрүүнд танд Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе.

-Баярлалаа. Нийт уншигчдадаа болон нутгийн зон олон, зочид төлөөлөгчдөд мөн Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. 

-Хан Хэнтий уулын аймгийн үүх түүх болоод цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Хан Хэнтий уулын аймгийн үүсэл, хөгжил, түүх бол зөвхөн Хэнтий биш Дорнод, Сүхбаатар гээд зүүн гурван аймгийн түүх юм. Хан Хэнтий уулын аймаг 1923 онд байгуулагдсанаас хойш улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцад засаг захиргааны шинэчлэлээр долоон жилийн дараа буюу 1930 онд Дорнод, 19 жилийн дараа буюу 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулсан. Ингэснээр манай аймгийг Хэнтий хэмээн нэрийдэж одоогийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалтад орсон түүхтэй. Өдгөө манай Хэнтий аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, таван тосгонтой, 80.3 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 79.6 мянган хүн амтай болоод байна. 

Ирэх 100 жилд мал аж ахуй, газар тариалан, түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хөгжих боломж байна. Мөн Хэнтий аймаг бол жоншны нөөц ихтэй, үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компанийн 50 гаруй хувь нь жонш олборлож байна. Иймд Бор-Өндөр сум дахь уулын баяжуулах үйлдвэрээ түшиглэн Аж үйлдвэрийн парк барьж, жоншны баяжуулах үйлдвэр цаашлаад нэмүү өртөг шингээсэн томоохон үйлдвэрүүд барих боломжтой. Ингэх юм бол Хэнтий аймаг нөхөн сэргээгдэх баялгаараа төсвийн орлогоо бүрдүүлэх боломжтой аймгуудын нэг юм. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд аймаг орон нутагт хийгдсэн томоохон ажлуудын дийлэнх нь дэд бүтцийн салбар руу чиглэсэн. Энэ хэрээр дэд бүтэц дагаж хөгжил нэмэгдэж байна гэсэн үг.  

-Нийслэлийн хүн амын нягтаршлыг сааруулах үүднээс “Нээлттэй аймаг” хөтөлбөрийг 21 аймаг зарлаад байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд цаашид Хэнтий аймаг хүн амаа хэрхэн нэмэгдүүлэх, нийслэлээс шилжин суурьших иргэдийг хэрхэн татахаар байна вэ? 

-10 жилийн хугацаатай хэрэг­жих “Нээлттэй Хэнтий аймаг” хө­төл­бөрийн хүрээнд хүн амынхаа 10 хувьтай тэнцэх иргэдийг нийс­­лэлээс татна. Түүхэн аялал жуулчлалын цогцол­борууд ашиг­лалтад орж, энэ салбар хөгжсөнөөр үүнийг дагасан ажлын байр, хүн ам нэмэгдэнэ. Ингэснээр дээрх хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой. Мөн Бор-Өндөр суманд аж үйлдвэрийн парк баригдсанаар тус суманд 50 мянга хүртэлх ажлын байр бий болох боломжтой. Тэгэхээр бид суурь баазыг сайн бүрдүүлснээр томоохон үйлдвэр, хүн ам нэмэгдэх, тэднийг татах боломж бий болно. 

-100 жилийн ойн баяр наадмаа шинэхэн цэнгэлдэх хүрээлэндээ тэмдэглэн өнгөрүүлж буй нь хэнтийчүүдийн хувьд бас нэгэн бахархал болоод байна. Ер нь стадионоо шинэчлэх шийдвэрийг хэзээ гаргаж, ажлаа хэзээ эхлүүлэв? 

-Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэч­лэх хэд хэдэн шалтгаан бай­сан. Нэгдүгээрт, дээр хэлсэнчлэн түүхэн аялал жуулчлалын салбарын эвент арга хэмжээг зохион байгуулах томоохон цогцолбор байх шаард­лагатай байсан. Хоёрдугаарт, аймгийн 100 жилийн ойн баяртай холбоотойгоор цэнгэлдэхээ шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь уг цэнгэлдэх хүрээлэнг анх 1983 онд аж ахуйн аргаар барьсан учир олон жилийн элэгдэл, хорогдол үүссэн. Тиймээс шинэчлэхээр шийдвэрлэсэн. Гуравдугаарт, хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг нэмэгдүүлэх гол зорилго байсан. 

Иймд жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтойгоор шинэчлэлт хийсэн. Манай цэнгэл­дэх хүрээлэнгийн гол онцлог бол Хэрлэн голтой ойрхон. Тийм учраас стадионоос урагш Хэрлэн голоо түшиглэн цэцэр­лэгт хүрээлэн бий болгох зорилт тавьсан. Жишээлбэл, Улаан­баатар хотын Хан-Уул дүүрэг дэх “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй адил байдлаар тохижуулна гэсэн үг. Энэ ажлыг ирэх жил гүйцэтгэнэ. Тэгэхээр Төв цэнгэлдэх хүрээлэн маань цогцоороо спорт, соёл амралтын хүрээлэн болно гэж ойлгож болно. Ингэснээр хүүхэд, залуучууд, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөл, боломж нэмэгдэх юм.

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хөдөө аж ахуйг дэмжих төв” байгуулна. Иймд малчид, тариаланчид маань мах, хүнсний ногоогоо ченжийн гар дамжуулахгүйгээр борлуулах, эргээд иргэдийг хямд, чанартай мах, хүнсээр хангах боломжтой. 

Түүнчлэн баяр наадмаар ирэх зочид төлөөлөгчдийг угтаж авах 300 гэр барьж байгаа. Хэрлэн сумын айлууд зуслан гардаг байсан газарт дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Баяр наадмын дараагаар дэд бүтцийг нь тэнд нь үлдээж иргэд лагерь, зусланд гарах боломжтойгоор шийдвэрлэж байгаа. Тог цахилгаан, ус, нойл бүх юмыг нь шийдсэн учир цаашид иргэд ашиглах боломжтой. Энэ мэт 100 жилийн ойгоо угтан орон нутгийн төсөв, ОНХС, иргэдийн хандиваар хийж бүтээсэн ажлуудыг иргэдэд хүртээмжтэй, тэдэнд үлдэх зүйлд зарцуулахад голчлон анхаарсан. Түүнээс биш иргэдийн хандивыг зочид төлөөлөгчдөд өгөх хоол унд, гарын бэлэг зэрэгт зарцуулаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 

-Бас нэгэн онцлох ажил бол “Хан Хэнтий” чуулгын барилгыг ашиглалтад оруулсан явдал. Ингэснээр тэгш ойн баярын хурлаа чуулгадаа хийж байна. Хэнтийчүүдийн магнайг тэнийлгэсэн бас нэгэн ажил болсон байх? 

-12 жил орчим хугацаанд уг чуулгын барилгын ажил царцсан. Жил гаруйн өмнө тухайн гүйцэтгэгч компанийн гэрээг цуцалж, дахин тендер зарласан. Ингээд Дорнод аймгийн “Чандмань тал” компани шалгарч, барилгын ажлыг гүйцэтгэсэн. Бидний хувьд чуулгын барилгыг ашиглалтад оруулна гэдэг томоохон ажлуудын нэг байсан. Учир нь 100 жилийн ойн баярын хурлаа чуулгадаа хийнэ гэсэн зорилтыг тавьсан. Тийм учраас өвлийн улиралд чуулгын гаднаас дулаан, халаалтыг нь өгч байж дотор засал бүх юмийг нь хийлгэсэн. Ингэж олон жил царцсан барилгыг 100 жилийнхээ ойн босгон дээр ашиглалтад хүлээн авсан. 

 

Хэнтий аймаг ОХУ, БНХАУ-ыг холбосон босоо тэнхлэгийн авто замтай болно

 

-100 жилийн ой угтсан өөр ямар онцлох ажлуудыг хийв?

-Ер нь сүүлийн жилүүдэд Хэнтий аймаг дэд бүтцийн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн. Тухайлбал, цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цэвэр усны хангамж гэх зэрэг төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн байна. Дээр нь 18 сумаа дулааны шугам сүлжээ, 18 сум, таван тосгоноо шилэн кабельд холболоо. Мөн 10 сумаа цэвэрлэх байгууламжтай болгохоор төлөвлөөд байна. Ингэснээр тухайн сум, орон нутагт худалдаа үйлчилгээ, орон сууц, үйлдвэр зэрэг бүхий л барилга байгууламж барих бүрэн боломжтой болж байна гэсэн үг. Мөн түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд авто замын ажлуудыг гүйцэтгэж эхэлсэн. Тухайлбал, Чингис хотоос Бэрх хүртэлх 70 километр, Бэрх хотоос Батноров-Норовлин-Ульхан чиглэлийн 200 гаруй километр замыг ирэх жилээс ашиглалтад оруулна. Ингэснээр манай аймаг ОХУ-ын хилийн Ульхан боомттой авто замаар холбогдох бүрэн боломжтой болох юм. Цаашлаад Чингис хотоос Бор-Өндөр хүртэлх 180 км автозамын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ зам ашиглалтад орвол ОХУ, БНХАУ-ын Эрээн боомтыг холбосон босоо тэнхлэгийн авто замтай болж, бусад орны болон манай тээвэрчид транзит тээвэр хийх боломжтой болно.Ингэснээр Хэнтий аймгийн хувьд эдийн засаг сайжрах, хөгжил дэвшил нэмэгдэх суурь болно гэсэн үг.

-Авто замын асуудалд иргэд нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Үүнд Хэнтий аймаг хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Төв магистрал зам буюу улсын чанартай авто зам Хэнтий аймгаар дамжин өнгөрдөг. Зүүн бүсийн ачаа, зорчигч тээвэр бүгд манай аймгаар дамжин өнгөрдөг учраас авто замын эвдрэл их гардаг. Иймд бид Чингис хотын баруугаар Хэрлэн гол дээгүүр гүүр, авто зам барихаар зураг төсөл гаргаж ажлаа 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Энэ ажил дуусаж, ашиглалтад орох юм бол аймгийн төвөөр том оврын ачаа тээврийн автомашин явахгүй. Ингээд ирэхээр авто замын эвдрэлийн асуудал харьцангуй намжих юм. Мөн аймаг орон нутгийн зүгээс авто замын эвдрэл засварлах, шинээр барихад жил бүр хоёр тэрбум төгрөгийг зарцуулж байна.

-Хэнтий аймаг иргэд рүүгээ чиглэсэн ямар ажлуудыг хэрэгжүүлж байна вэ?

-Иргэд рүү чиглэсэн томоохон ажлуудын нэг бол зах зээлийн ханшнаас хямд үнэ бүхий орон сууц барих ажил юм. Иймд “Хэнтий орон сууц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулж, уг газрын захиалгаар 170 айлын орон сууц барьж байна. Үүнээс 60 айлын орон сууц нь өнгөрсөн онд ашиглалтад орсон бол энэ жил 30 айлын орон сууц ашиглалтад орно. Мөн 50 гаруй тэрбум төгрөгийг төсөвт өртөгтэйгөөр Хэрлэн сумын таван багийн гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажил хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр иргэд 0.07 га газар дээрээ амины орон сууц барин ая тухтай амьдрах бүрэн боломжтой болно. Энэ бол иргэд рүү чиглэсэн хамгийн том ажил. Ингэснээр иргэдийн амьдарч буй газрын үнэ өсөж, эдийн засгийн эргэлтэд орох үнэлэмж нэмэгдэх том давуу талтай юм. Мөн иргэдийн аюулгүй амьдрах боломж нөхцлийг нэмэгдүүлэхийн тулд гэрэлтүүлгийн асуудлыг цогцоор нь шийдэж байна. 

-Төрийн албан хаагч, залуу­чуудыг Хэнтий аймаг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ? 

-Энэ жилээс Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр батлан хэрэг­жүүлж байгаа. Эхний байдлаар “Шилдэг сувилагч” шалгаруулах уралдаан зарлаж гурван байр шалгаруулан орон сууцны урьд­чилгаанд 25 сая, хоёрдугаар байр эзэлсэн сувилагчид 10 сая, гуравдугаар байрт шалгар­сан сувилагчид 5 сая төг­рөгийн шагнал гардуулахаар болоод байна. Үлдсэн шилдэг 17 сувилагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулна. Мөн гарааны бизнес эрхлэх хүсэлтэй залуучуудыг дэмжих зорилгоор “Амжилтын гараа” төслийн уралдаан зарлаж 18 төсөл ирүүлснээс хоёр залууг шалгаруулан тус бүр 10 сая төгрөгийн эргэн төлөгдөхгүй дэмжлэг олгосон. 

-Ярилцсанд баярлалаа.

 Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


1
angry
1
care
1
haha
6
liked
1
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр