Аялал жуулчлалын салбарын шинэ сэргэлт


 Хэтийдсэн хэрнээ хүсвэл, хийвэл боломжгүй зүйл гэж байдаггүйг харуулах томоохон зорилго биелэхэд ойрхон байна. Тодруулбал, Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, энэ онд нэг сая жуулчин хүлээн авах зорилго дэвшүүлсэн билээ. Үүний хүрээнд БОАЖЯ-наас “Монголд тавтай морил” буюу “Welcome to Mongolia” хөтөлбөр боловсруулж, холбогдох ажлыг зохион байгуулж буй. Хамгийн анх олон нийтээс “хэтийдсэн, биелэшгүй зорилго” гэх  дүгнэсэн бол өнөөдөр тодорхой, бодит үр дүн гарч, нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо алхам алхмаар ойртож байна. 

Монгол Улс энэ сарын 23-ны байдлаар 300 гаруй мянга, өдөрт дунджаар 3500 орчим жуулчин хүлээн авчээ. Жуулчдыг улсаар нь ангилбал, ОХУ-аас хамгийн олон буюу 130 гаруй мянга, дараа нь БНХАУ болон БНСУ-аас тус бүр 50 гаруй мянга, Казахстан улсаас арав гаруй мянган жуулчин иржээ. 
Монгол Улсын уламжлалт өв соёлыг харуулсан эрийн гурван наадам болдог энэ сард жуулчид олноор ирдэг уламжлалтай. Харин энэ удаад өмнөх жилүүдийнхээс хэд дахин олон буюу 65 мянга гаруй жуулчин иржээ. Монголыг зорьдог солонгос жуулчдын тоо жилд 40-50 мянга дотор хэлбэлздэг байсан бол энэ тоо 2018, 2019 оноос нэлээд нэмэгдсэн. Тодруулбал, 2019 онд 100 мянга давж байсан жуулчдын урсгал ковидын жилүүдэд татарсан ч 2022 онд эргэн сэргэж, 54 мянган жуулчин хүлээн авчээ. 

90 хоног визгүй зорчуулах шийдвэр том хөшүүрэг болов

Ийнхүү жуулчдын тоонд Өмнөд Солонгос улсын жуулчид жин дарж, өнгө нэмж буй нь олон хүчин зүйлтэй холбоотой. Тэдгээрийн нэг нь Монгол Улсын Засгийн газраас Өмнөд Солонгос улсын иргэдийг 90 хоногийн турш Монголд визгүй зорчих боломж олгосон явдал юм. Мөн тус улсын нэр хүндтэй, олны танил хүмүүс манай улсад зочилж байгаа нь бусдад Монголыг зорих сэдэл өгч, эергээр нөлөөлж буй. Тухайлбал, “Сэргэлэн охин Ян Сун” киноны дүрээр монголчуудын танил, зарим бүсгүйчүүдийн краш болсон алдарт жүжигчин Жан Хёг бусад жүжигчний хамт манай улсад зочилж, нэвтрүүлэг бэлтгэсэн нь олны анхаарлыг татав. Мөн “Plus size” модель Сун Бики багийн гишүүдийн хамт зочилж, монголчуудыг төдийгүй хэдэн саяар тоологдох дэмжигчдээ шуугиулав. Түүнчлэн Оскарын шагналт, холливудын жүжигчин Кристиан Бэйл тэргүүтэй хүмүүс Монголоор аялаад буцсан билээ. 
Ийн ар араасаа Монголыг зорих жуулчид ялангуяа дэлхийн хэмжээнд танигдсан нэр алдартнууд манай эх оронд хөл тавьж, эдийн засагт шууд хөрөнгө оруулалт хийхээс гадна цаад утгаараа мөнгөөр үнэлж, үгээр хэмжишгүй хувь нэмэр оруулж буй билээ. Тухайлбал, модель бүсгүйчүүдийн цахим хуудастаа оруулсан мэдээллийг давхардсан тоогоор гурван сая гаруй  хүн  үздэг аж. Тэр хэрээр Монголыг сонирхох, зорих хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Хэрэв бид өөрсдөө ийм тооны хүн хамарсан зар сурталчилгаа хийвэл маш их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулах нь ойлгомжтой. 
Нэг сая жуулчин хүлээж авах зорилгын хүрээнд БНХАУ, ОХУ, БНСУ, Япон улсад ач холбогдол өгч ажиллахаа салбар яамнаас мэдэгдсэн. БНХАУ-ын нэг жилийн урсгал нь 149 сая, БНСУ 27 сая, ОХУ 42 сая, Япон улс 20 гаруй сая жуулчинтай. Тиймээс таван цагийн бүслүүр үүсгэж, онгоцоор аялал жуулчлал хийх бүрэн боломжтойг салбарын сайд нь тодотгож байсан. Тэрбээр “Аялал жуулчлалын өртгийг өндөрсгөдөг агаарын тээврийн үнэд нөлөөлөлгүйгээр зорчдог ойрын дөрвөн орон бол БНХАУ, ОХУ, БНСУ, Япон. Эдгээр улсын жуулчдын тоог нэмэхээр 238 сая жуулчин байна. Үүнээс нэг сая жуулчин авах боломжтой юу гэдэг тоон дээр ажиллаж байна” хэмээн ярьж байсан.
БНХАУ-аас 400.000 жуулчин хүлээн авахаар тооцож, холбогдох арга хэмжээг зохион байгуулж буй. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах, харилцаа холбоогоо сайжруулах, шинэ шатанд гаргах асуудлыг холбогдох албаныхан хөндөж, санал солилцсон юм. Тодруулбал, Ази, Европыг холбосон торгоны зам буюу “Бүс ба зам”  төсөл хоёр улсын аялал жуулчлалын салбарт шинэ харилцаа эхлүүлэх боломж гэдгийг талууд онцолсон билээ. Түүнчлэн нэг сая, ялангуяа 400.000 жуулчин хүлээн авах зорилтод дэмжлэг үзүүлэх, хоёр талын аялал жуулчлалын компаниудын хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллахаа тус улсын Бээжингийн Гадаад, соёл худалдааны нийгэмлэгийн тэргүүн Пан Чин Лин мэдэгдсэн. 
Энэ удаагийн Засгийн газар аялал жуулчлалыг гадаад харилцааны бодлогын нэг хэсэг болгож, Ерөнхий сайд Өмнөд Солонгос, Хятад зэрэг томоохон улсад хийсэн айлчлалынхаа үеэр “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулж, эх орныхоо үүх түүх, соёлыг сурталчлан таниулж, Монголд зочлохыг талууд уриалж буй нь жуулчдын тоог нэмэхэд түлхэц болж буйг судлаачид онцолж байна. Түүнчлэн Засгийн газраас аялал жуулчлалын салбарт ийн онцгойлон анхаарч, шинэ сэргэлтийн салхи оруулж буйг тодотгож байгаа юм. 
Бас нэгэн онцлох аялал бол Монгол Улс, БНХАУ болон ОХУ-ыг дамнасан “Цайны зам”-ын 2023 оны анхны авто аялал. Олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулж буй авто аялалд найман машин 27 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд тэд “Цайны зам”-ын маршрутаар энэ сарын 18-29 хүртэл аялах юм. Төслийн хүрээнд БНХАУ болон ОХУ-аас нийт 200 гаруй тамирчин, мото сонирхогчид оролцсон “Талын салхи” олон улсын авто фестивалийг өнгөрсөн зургадугаар сард  зохион байгуулсан. 
Цахим хэрэглээ хөгжсөн өнөө цагт зөвхөн нэр хүндтэй, олны танил хүмүүс гэлтгүй эх оронд минь хөл тавьсан жуулчин бүр аялал жуулчлалын салбар хөгжихөд, мөн манай улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ. Тиймээс Монголыг зориод ирсэн жуулчдыг цахимаар элдэвлэх бус элгэмсүү сэтгэлээр угтаж, дахин зочлохын ерөөлтэй үдэж чадвал Монголыг зорих жуулчдын цуваа тасрахгүй. Мөн гаднын жуулчин төдийгүй дотоодын аялагчдын тулгамдаж буй ариун цэврийн байгууламж, авто зам, зочид буудал, үйлчилгээний газруудын соёл, үйлчилгээний ажилтнуудын харилцаа хандлага зэргийг холбогдох газрууд нь анхааралдаа аваад шийдвэрлэвэл жилд нэг сая жуулчин хүлээж авах зорилго хэтийдсэн, холынх бус ойрынх гэдгийг аялагчдын цуваа харуулж байна.  

С.Аз

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр