П.Баярцэцэг: Сая жуулчин хүлээж авах зорилгоо биелүүлнэ



БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн П.Баярцэцэгтэй ярилцлаа. 

-Энэ онд гаднын жуулчдын тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд нэмэгдсэн хэдий ч төлөвлөсөн тоонд хүрэх арай болоогүй байна. Ер нь нэг сая жуулчин хүлээж авах зорилгодоо хүрч чадах болов уу? 
-“Монголд зочлох жил” төлөвлөгөөт ажлын хүрээнд хийж буй олон ажлын үр дүнд жуулчдын тоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 онд гадаадын 577 мянган жуулчин хүлээж авсны зэрэгцээ Монголбанкнаас гаргасан дундаж тооцооллоор 607 сая ам.долларын экспортын орлого оруулж, 88 мянган ажлын байр бий болгож байсан. Харин энэ оны тухайд долдугаар сарын 23-ны байдлаар 314447 жуулчин хүлээж авсан байна. Энэ нь 2019 оны мөн үетэй харьцуулахад давуу биелэлт юм. Визгүй орнуудаас ирсэн 237361 жуулчин аялагчдын 75.5 хувийг эзэлж байна. Харин визийг нь түр чөлөөлсөн орнуудаас 15041, визтэй орнуудаас 62045 жуулчин ирсэн. 


-Монголд зочилж буй жуулчдын дунд азиуд нэлээд давамгайлж байна. Европ болон бусад тивийн улс орны жуулчдыг татах тухайд сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ? 
-Бид энэ оны нэгдүгээр хагас жилд гадаад сурталчилгааны идэвхжүүлэлтийн ажлыг, ялангуяа Азийн зах зээл рүү түлхүү хийсэн. Өмнөд Солонгос, Хятад, Япон улсад аялал жуулчлал, соёлын “Welcome to Mongolia” арга хэмжээг зохион байгуулсан. Барууны орнуудын 12 сошиал медиа платформ, мөн ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол орны тухай сурталчилгааг гадаадын улс оронд түгээсэн. Үүний хүрээнд 41 мэдээллийн хэрэгслээр 89 контентийг хүргэж, одоогийн байдлаар 21 сая гаруй хандалт аваад байна. Хятад улсын аяллын хамгийн том платформтай хамтран ажиллаж, сошиал медиа сувгаар дамжуулан 50 сая хандалт авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Энэ мэт томоохон арга хэмжээ, сурталчилгааны үр дүнд жуулчдын тоо нэмэгдсэн. Эдгээр хүчин зүйлээс гадна Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан нь нөлөөлж байна. Ингэж Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах нь манай улсын нэр хүнд өсөх, хөрөнгө оруулалт татах, экспортыг дэмжих, аялал жуулчлалыг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх зэрэг чухал ач холбогдолтой. Тийм ч учраас “Алсын хараа-2050”-д соёл, аялал жуулчлалын төвүүдийг зорилтот зах зээлийн орнуудад байгуулж, гадаад сурталчилгааг сайжруулах, шашин, соёл, спорт, адал явдалт аялал зэрэг улирлын хамаарал багатай аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тусгасан. Энэ зорилт яамны бодлогын баримт бичигт  ч багтсан.


-Манай улсын аялал жуулчлал улирлаас хамааралтай байдаг. Тиймээс цаашид зорилгодоо хүрэхийн тулд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчид татахаар ямар ажил төлөвлөж байна вэ
-Засгийн газар, БОАЖЯ-наас бодлогын түвшинд аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах чиглэлээр томоохон ажлуудыг хийж байна. Аялал жуулчлалын салбар хамгийн идэвхтэй, жуулчид олноор ирдэг сар бол 5-9. Тиймээс бусад үед нь аялал жуулчлалын ямар бүтээгдэхүүн үйлчилгээ гаргаж, жуулчдыг олноор нь татах вэ гэдэгт ач холбогдол өгч ажилладаг. Тухайлбал, аялал жуулчлалын компаниуд нохой чарга, өндөр уулын бүсэд авирах, цан тэшүүрийн аялал зэрэг бүтээгдэхүүнийг жуулчдад санал болгодог. 


-Салбар яамнаас аялал жуулчлалын компаниудтай уялдаа холбоотой ажилладаг уу? 
-Аялал жуулчлалын ком­паниудад арга зүйн туслалцаа үзүүлэх зэргээр уялдаа холбоотой ажилладаг. Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн батлуулахад тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх компаниас санал авч, хэлэлцүүлсэн. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд, хамтын хүчээр нэг сая жуулчин хүлээж авах том зорилгоо биелүүлнэ. Энэ ч утгаараа аялал жуулчлалын компаниуд алдартай, олны танил, цахим сүлжээнд хэдэн сая дагагчтай хүмүүсийг урьж, эх орондоо аялуулж, сурталчилж байгаагийн үр дүнд солонгос жуулчдын тоо эрс нэмэгдэж байна. Нэг жуулчны ард таван жуулчин байдаг гэдэг. Тэгэхээр нэр алдартай, олны танил хүмүүсийн ард хэдэн мянган жуулчин байгаа. 

 
-Өнгөрсөн оны есдүгээр сард байгуулсан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ? 
-Тухайн хороо өнгөрсөн хугацаанд дөрвөн удаагийн хурал зохион байгуулж, асуудлаа хэлэлцэж, тогтоол, зөвлөмж хэлбэрээр шийдвэрлэсэн. Тухайлбал, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх тогтоол гаргасан. Тус тогтоолд гадаадын жуулчдыг хүлээн авах бэлтгэл ажил, гадаад сурталчилгааг эрчимжүүлэх, боомтын бэлэн байдлыг хангах, дэд бүтцийг сайжруулах гэх мэт сэдвээр холбогдох салбарын сайд нарт үүрэг даалгавар өгсөн. Мөн тус хорооноос гаргасан зөвлөмжийг хилийн чанад дахь 49 дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлж, төлөөлөгчид Монгол Улсыг сурталчлах, олон тооны жуулчин зорчуулах зэрэг ажлыг нэлээд сайн гүйцэтгэж байна. 


-Цаашид үлдсэн саруудад жуулчдыг олноор татах, идэвхжүүлэх ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ? 
-Монгол Улсад зохион байгуулах эвент календарыг оны эхэнд баталсан. Үүнд 69 эвент багтсан. Үүний дагуу ирэх сард Даншиг наадам, “Айраг” фестиваль, Зүүн Азийн залуучуудын наадам, Монголч эрдэмтдийн хурал, мөн жуулчдын тоонд нэлээд жин дардаг, Монголын уламжлалт ахуй, соёл түүх, зан заншлыг цогцоор нь багтаасан “Нүүдэлчин Монгол” зэрэг дотоодын болон олон улсын томоохон арав орчим эвент болно. Эдгээр арга хэмжээний үеэр нэлээд олон жуулчин ирнэ гэж харж байгаа. Тухайлбал, олон улсын Монголч эрдэмтдийн хурлаар 500 орчим эрдэмтэн судлаач, тэдний баг бүрэлдэхүүнд багтсан хүмүүс ирнэ. 

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/

 


0
angry
0
care
1
haha
5
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 7 цагийн өмнө
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 15 цагийн өмнө
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… Өчигдөр
Шатар бол цахим спорт Өчигдөр
УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсл… Өчигдөр
Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил 80 хувьтай үргэлжилж бай… Өчигдөр
Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас 2024 онд 31 угсраа автобус, энэ онд… Өчигдөр
Товчхон Өчигдөр
Төгрөг нуурын ордыг баялгийн санд буцаан авахыг “Монгол ялна” хөдөлгөө… Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны ялалт, амжилтын түүх Өчигдөр
Налайх дүүргийн МАН-ын хорооны бүтэц, бүрэлдэхүүнийг танилцуулж байна Өчигдөр
Б.Төмөр-Очир: Өгөх дадлыг чин сэтгэлээсээ суулгасан хүн л сайн сургагч… Өчигдөр
​ Нүүр тахлах ганц музей Өчигдөр
​ С.Гэндэнжамц: Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог давсан тохи… Өчигдөр
​ Амьдралд туршлагажив “Монгол 89/87” Өчигдөр
Д.Ариунболд: Амьд харилцааны хамгийн дээд хэлбэр бол циркийн урлаг Өчигдөр
С.Амарсайхан: Бид хамтын оролцооны зарчимд суурилж ажилладаг Өчигдөр
Ши Жиньпин Зүүн өмнөд Азид айлчилж байна Өчигдөр
​ Төгс төгөлдрийн ЭРЭЛД... Өчигдөр
Бүсчилсэн хөгжлийн үр дүн хүн рүү чиглэнэ Өчигдөр