Монгол Улс XXI зуунд 27 хоттой болно


Хотжилт бол хүн төрөлхтний өмнө тулгамдсан асуудал, маш хурдтай өрнөж буй үйл явц. Хүний нийгмийн хөгжлийг даган гарч ирж буй зүй тогтолт үзэгдэл ч гэж болох юм. Хотжилт гэдгийг хүмүүс нэг газарт үй олноороо бөөгнөрөн суурьших үзэгдэл гэж хамгийн энгийнээр тодорхойлдог. 9000 мянган жилийн өмнө хүн төрөлхтний анхны хот үүссэн хэдий ч энэ хугацаанд өнгөрсөн зуун хотжилтын оргил байжээ. 1900 онд дэлхийн хүн амын 13 хувь буюу 220 сая хүн хотод амьдарч байсан бол 1950 онд 29 хувь буюу 732 сая, 2005 онд 49 хувь нь буюу гурван тэрбум хүн хотод амьдарч байжээ. Харин 2050 он гэхэд хүн төрөлхтний 70 хувь нь хот суурин газарт аж төрнө гэсэн судалгаа аль эрт гарсан. 

Монгол Улсын хувьд хотжилт асар эрчимтэй явагдаж, тулгамдсан олон асуудлыг араасаа дагуулж байна. Манай улсын нийт хүн амын 67.2 хувь нь хот суурин газар үүнээс 47 хувь буюу хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Хүн амынх нь тэн хагас ганц хотод төвлөрөн суурьшчихаар ажилгүйдэл, ядуурал, агаар, хөрс, усны бохирдол, авто замын түгжрэл гээд олон арван асуудал үүсэх нь мэдээж. Энэ хэт төвлөрлийн шалтгаан нь орон нутгаа хөгжүүлээгүйнх. Бүр тодруулбал орон нутгийн хотуудаа хөгжүүлэх бодлогыг орхигдуулсных. Үе үеийн эрх баригчид энэ алдаагаа Үндсэн хууль руу “чихсээр” ирсэн. Монгол Улсын 21 аймгийн төв бүхэн орон нутгийнхаа хотын статустайгаар нийгэм, эдийн засаг, санхүүгийн төв болон хөгжсөн бол өдийд Улаанбаатарын олон урхагтай, уршигтай ужиг хүндрэлүүд аль хэдийнэ шийдэгдсэн байх байлаа. Харамсалтай нь 1990 оноос хойш аймаг, сумд эзгүйрч, Улаанбаатарыг чиглэсэн нүүдэл үргэлжилсээр өнөөг хүрчээ. Сүүлийн 30 гаруй жил үргэлжилсэн нүүдлийн хөлд дарагдсан нийслэл хотынхоо алслагдсан гурван дүүргийг дагуул хот болгоно гэж 20-оод жил ярьсан ч ажил хэрэг болгож чадаагүй л суугаа. Амьдралын тав тухтай орчин хаана байна тийшээ тэмүүлэх нь хүн төрөлхтний жам ёсны хэрэгцээ, шаардлага. 

Уг нь аймгуудын төвүүдээ байг гэхэд бүсийн тулгуур төвүүдээ хот болгон хөгжүүлэхэд анхаарсан бол өнөөдөр өөр дүр зураг гарах байв. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэгч баримт бичиг цаасан дээрээ хоцорсны шалтгаан эсвэл шалтаг нь Үндсэн хууль гэж тайлбарласаар ирсэн уламжлалд 2019 онд цэг тавьсан. УИХ Үндсэн хуульд томоохон хэмжээний нэмэлт, өөрчлөлт оруулан баталснаар аймгийн төвүүд хот болон хөгжих эрх зүйн үндэс бүрдсэн юм. Төвлөрлийг сааруулах, орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлыг ч мөн шийдэж өгсөн. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг Үндсэн хуульд оруулсан юм. Мөн хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэхээр болсон. 

Зүүн, баруун , төв, хангайн бүсүүдийн тулгуур төв гэгддэг аймгийн төвүүд хот болон өргөжиж, Дархан, Эрдэнэт хотууд улам хөгжих эхлэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тавигдсан. Зүүн бүсийн тулгуур төв Дорнод, баруун бүсийн тулгуур төв Ховд хотод л гэхэд хоёр хөрштэйгөө худалдаа, наймааг эрчимжүүлж, эдийн засгаа солонгоруулан аялал жуулчлалыг хөгжүүлж, санхүүгээ хүчирхэгжүүлэн хөгжих бэлэн суурь хөрс бий.

Дархан-Уул аймгийнхан Дархан хотоо Монголын эдийн засаг, банк, санхүү, бизнесийн төв болгон хөгжүүлэх хөтөлбөрийг олон жилийн өмнөөс ярьж, төр, засгийнханд өргөн барьж, танилцуулсаар ирсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Дарханыхан энэ төсөл, хөтөлбөрөө дахин хүчтэй ярьж эхэлсэн. Энэ мэт санал санаачилгууд бусад аймгаас ч гарах нь мэдээж. Өмнөговийн төв Даланзадгадыг л гэхэд өмнийн говийн уул уурхайн мега төслүүддээ түшиглэн том хот болгон хөгжүүлэх бүрэн боломжтой. Өвлийн цагт нийслэлчүүд утаа, хүйтэн хоёроос зугтмаар бол дулаан говийн Даланзадгад хотод түр амьдарч, худалдаа, үйлчилгээний салбарт нь хөрөнгө оруулж, амарч зугаалж, аялдаг байхад болохгүй юмгүй. 

Үндсэн хуулиар 21 аймгийн төв хотын статустай хөгжинө. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотдээр нэмэгдээд шинэ Хархорин хотын бүтээн байгуулалтууд эхэлж байгаа. Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хот, Богд уулын өвөр дэх Майдар хот гээд тоолбол Монгол Улс XXI зуунд 27 хоттой болох боломжтой. Аймгийн төвүүдийг тухайн бүс нутгийн нийгэм, эдийн засаг, санхүүгийн төв болгон хөгжүүлэх Засгийн газрын бодлого гарсан. Энэ бол Шинэ сэргэлтийн бодлогын нэг чухал хэсэг Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого юм. 

 

Дагуул хотуудын даржин төрх

 

Монгол Улс шинэ зуунд хэд хэдэн шинэ хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж байгаа нь таатай мэдээ. Үүний зэрэгцээ өмнө байгуулсан орон нутгийн хотууд болон уул уурхай дагасан тосгон суурин, нийслэлийн дагуул хотуудаа орчин үеийн хотын концепцоор хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Монголчууд өнгөрсөн зуунд Дархан, Эрдэнэт хотыг барьж байгуулсан. Эрдэнэт хот Эрдэнэтийн зэсийг баяжуулах үйлдвэрийг түшиглэн уурхайчдын хот болж байгуулагдсан бол Дархан хот Шарын гол, Төмөр толгой, Дархан орчмын чулуун нүүрс, төмрийн хүдэр, цемент, шохойн түүхий эд бүхий ордуудыг олж судлан, нээн илрүүлсний үндсэн дээр тэдгээрт түшиглэн хот суурин үүсгэхээр шаваа тавьсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, барилгын түүхий эдийн ордуудыг түшиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийн хот болгох зорилгоор Дархан хотыг барьж байгуулжээ. 

Монгол Улсын нийслэл Улаан­баатарын дагуул хоёр хот нь уурхайн бүтээн байгуулалтыг даган үүсэж хөгжин, өргөжин тэлсэн. 2015 оноос өмнө Налайх, Багануур хэмээх уурхайчдын хоёр суурин нийслэлийн алслагдсан дүүрэг гэж нэрлэгдэж байв. Харин 2015 оны дөрөвдүгээр сарын 3-нд болсон НИТХ-ын 25 дугаар хуралдаанаас дээрх хоёр дүүргийг хотын статустай болгон баталсан. Засаг захиргааны нэгжийн хувьд ийнхүү хот гэж нэрлэгдэх болсон ч Налайх, Багануурт хотжилт, дэд бүтцийн хөгжил сул, хүн амынх нь дунд ажилгүйдэл, ядуурал их, уурхайгаас өөр эдийн засгаа тэтгэх салбар байхгүй гээд бэрхшээл олныг тоочиж болно. Уул уурхай дагасан хотууд тухайн уурхай нь хаагдмагц эдийн засгийн чадамжгүй, иргэд оршин суугчид нь амьжиргааны эх үүсвэргүй болж ядууралд өртдөг. Улмаар эзгүйрч орхигддог. Ийм түүх дэлхийн улс орнуудад ч, Монголд ч олон. Тухайлбал,1990-ээд оны эхээр Налайхын уурхай хаагдсанаас хойш тухайн үеийн Налайх дүүрэг эдийн засгийн хувьд хүнд байдалд орж байсан билээ. Улаанбаатарыг эрчим хүчээр хангадаг гол уурхайнуудыг түшиглэн байгуулагдсан тул Налайх, Багануур хотууд өнөөг хүртэл улс, нийслэлийн татаасаар “амь зогоон”, гал алдалгүй явж иржээ. Уурхай дагасан хоёр дагуул хотоо цаашид эдийн засгийн олон тулгууртай болгон хөгжүүлэхийн тулд хотын засаг захиргаанаас Налайхад барилгын материал, технологийн парк, Багануурт үйлдвэрлэл, технологийн парк барьж байгуулахаар төлөвлөсөн. Орон нутагт уул уурхай дагаж байгуулагдсан хотууд цөөнгүй бий ч сумын статустайгаар л оршин тогтнож байна. Тухайлбал, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Бэрхийн уурхайг түшиглэн байгуулагдсан орон нутгийн хот, тосгонууд эдүгээ сум, багийн статустай болсон. Шарын гол ч гэсэн Дархан-Уул аймгийн нэг сум юм.  

 

Уурхай дагасан хот урт настай юу

 

Уул уурхай дагасан хот гэдэг ойлголт дэлхий нийтэд бий. Мэдээж уул уурхай хөгжсөн улс орнуудад энэ нь илүү дэлгэрчээ. АНУ, Канад, Австрали зэрэг улсад уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийг дагаж бий болсон нэг үзэгдэл нь хотжилт, суурьшил. Уурхай иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр, тухайн орон нутгийн эдийн засгийн гол тулгуур болоод ирэхээр яах аргагүй хотжилт эрчимждэг байна. Харамсалтай нь ийнхүү уурхай даган байгуулагдсан хотуудыг таагүй ирээдүй угтдаг болох нь олон жишээгээр батлагдсан юм.

Уул уурхай түшиглэн байгуулагдсан ч оршин суугчид нь орхин явснаас эзгүйрсэн хотуудыг АНУ-д сүнстэй хот гэж нэрлэх болжээ. Тухайлбал, 1920-оод оны дундуур Аляскт орших  зэсийн уурхайг даган бий болсон Кеннекотт хотын оршин суугчид нүүн одсоноор 1938 он гэхэд бүрэн эзгүйрсэн байна. Мөн алтны уурхайг түшиглэн байгуулагдсан Монтана мужийн Баннак хот, нүүрсний уурхай бүхий Пенсильван мужийн Централиа хот зэрэг уурхай дагаж байгуулагдсан олон арван хот эдүгээ эзгүйрэн орхигдож “сүнстэй” гэгдэх болжээ. Уурхай дагасан хот яваандаа хүндрэл бэрхшээлтэй тулгардаг гэдгийг 1970, 1980-аад оноос баруунд ойлгож мэдэрч эхэлжээ. Түүнчлэн Австралид ч 1960, 1970-аад онд мөн ийм сорилт тулгарч, уурхай дагасан эзгүй хотууд бий болсон гэнэ.

Тиймээс уурхайн дэргэд хот байгуул гэж шаардах нь зөв үү гэсэн асуултад толгой дохих хүн ховор л болов уу. Австралийн Күинслэндийн их сургуулийн судлаач, доктор Д.Бямбажав “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа, уурхай дагасан хот байгуулах нь дэмий гэдгийг онцолсон байна. Мөн тэрбээр, “Уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийнхэн хот байгуулна гэсэн ойлголт байхгүй бөгөөд гагцхүү орон нутгийн удирдлага, хувийн хэвшил хоорондын түншлэлээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн байр суурийг нэгэнтээ илэрхийлж байв.

“Оюутолгой”-н гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс,“Миний хувьд хөгжиж буй орноос гаралтай хүн. Нүдэн дээр  180  мянган хүнтэй хот босож байлаа. Уул уурхайн үйл ажиллагаа эхэлснээс үүдэн ямар ч төлөвлөлтгүйгээр тухайн бүс нутагт ажиллаж, амьдрахаар ирэгсдийн тоо нэмэгдсээр 180 мянган хүн амтай болсон бодит жишээ бий. Уул уурхайн бизнесийн хувьд орд газрынхаа эргэн тойронд хот байгуулахад дэмжлэг үзүүлдэг.

Ер нь хот хөгжүүлэх асуудал бол тухайн орны иргэдийн сонголт. Уул уурхайтай ойрхон амьдрахыг хүсэж байна уу. Эсвэл байгалийн сайхантай газарт амьдраад нисэж очоод ажиллах уу гэдэг бол хүмүүсийн сонголт юм. Анх Оюутолгойн орд газрын дэргэд хот байгуулъя гэж ярьж байсан. Харин үйл ажиллагаа явуулж эхэлснээр энэ хувилбар өөрчлөгдсөн. Учир нь Ханбогдод манай компанийн хэрэгцээг хангах ажиллах хүчин байхгүй. Тиймээс ихэнх мэргэжилтнүүд Улаанбаатараас нэг дэхийн өглөө нисэж ирээд тав дахь өдрөө буцдаг. Нөгөөтэйгүүр дэд бүтцийн хувьд Ханбогд сум хөгжил муутай. Тус газрыг  хөгжүүлж байж Улаанбаатарт байгаа мэргэжилтнийг татна. Тиймээс аль, аль талдаа хамтран  ажиллаж, туршсаны үр дүнд хот хөгжих боломжтой. Түүнээс биш Австралийн жишээг хуулна гэсэн үг биш” хэмээн ярьсан юм. Уурхай дагасан хот байгууллаа гэхэд эдийн засгийн бусад салбараа жигд хөгжүүлж, шинэ бизнесүүдийг дэмжихгүй бол Австралийн гашуун туршлагыг давтаж таарна.

 

Ханбогд уу, Даланзадгад уу

 

Манай уул уурхайн салбарын зарим мэргэжилтэн, мөн зарим улстөрч Оюутолгойн ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгон хөгжүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг. Тэд гадаадынхан уурхайн баялгийг нь олборлож дуусаад явах үед, өөрөөр хэлбэл уурхай хаагдахад тухайн орон нутагт томоохон хот бий болсон байх ёстой гэж үздэг. Үүнийгээ “Эрдэнэт” үйлдвэрээр жишээ болгон тайлбарлах нь ч бий. Гэвч Эрдэнэт оновчтой жишээ байхаа нэгэнт больсон төдийгүй харин ч тэдний байр суурийг няцаах үндэслэл болж байгаа юм. Учир нь тодорхой  хугацааны дараа уурхай нь хаалтаа хийхэд Эрдэнэт хотынхон асар хүндрэлтэй асуудлуудтай нүүр тулна. 100 гаруй мянган хүн амтай тус хотын нийгэм, эдийн засгийн гол тулгуур багана нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр юм. Эрдэнэтийн овоо ордын нөөц дундарсаар байгаа бөгөөд 30-40 жилийн дараа уурхай хаагдах магадлалтай гэж үздэг. Ийнхүү уурхай хаагдахад Эрдэнэт хот цэвэр усгүй, бохироо цэвэрлэх байгууламжгүй болно.

Учир нь “Эрдэнэт” үйлдвэр 64 километр урт шугамаар дамжуулан Сэлэнгэ мөрнөөс ус татан Эр­дэнэт хотын ард иргэдийн хэрэгцээг хангадаг. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар хотын бохирыг цэвэрлэдэг. Эрдэнэт хотын амин чухал хоёр салбар нь ийнхүү уулын баяжуулах үйлдвэртэйгээ салшгүй холбоотой тул тус үйлдвэрийнхэн одооноос уурхай хаахад гарч болзошгүй эрсдэлүүдийг тооцоолон, хаалт-хөгжлийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тэгэхээр Ханбогдыг Эрдэнэтийн дайтай том хот болгож хөгжүүллээ гэхэд Оюутолгойн уурхай хаагдсаны дараа уг хот оршин тогтнож чадах уу гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Говьд шинээр хот байгуулахад ундны усны нөөц бий юү гэдэг  хамгийн  том асуулт. Мөн өмнийн говьд уул уурхайн үйлдвэрлэлтэй эн зэрэгцэхүйц том эдийн засгийг бий болгож байж том хот, суурингууд тогтвортой хөгжинө. Тийм салбар нь мал аж ахуй юу, аялал жуулчлал уу. Ханбогдыг хот болгоно гэдгийн эсрэг байр суурьтай хүмүүсийн хувьд Өмнөговь аймгийн төв Даланзадгадыг говийн бүсийн төв томоохон хот болгон хөгжүүлэх нь оновчтой гэсэн санал дэвшүүлдэг. Оюутолгойн ордыг даган сүүлийн арваад жилийн дотор бий болсон төвлөрөл суурьшлыг хот болтол өргөжүүлэн тэлэхийн оронд өмнө нь байсан томоохон суурин буюу Өмнөговь аймгийн төвийг хотын статустай болгон эдийн засгийг нь олон тулгууртай болгон солонгоруулж, уул уурхайн үр өгөөжийг салбар бүрд шингээж чадвал энэ хувилбар илүү бодитой, бас ирээдүйтэй. Орон нутгийн эдийн засгийн солонгоруулах нэг чиглэл нь аялал жуулчлал. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас зарласан Монголд зочлох жилүүдийн хүрээнд идэвхжин сэргэх боломж нээгдэж буй.

 Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр