-Хайлаар, Манжуур хотод үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээлээ-
“Монгол-Хятадын IV экспо” үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулна. Ковидын дараа зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ энэ удаагийн экспо өргөн цар хүрээг хамрах төлөвтэй. Хоёр орны зохион байгуулагчдын талаас ч татвараас чөлөөлөх, Эрээн-Хөх хотын хооронд галт тэрэг, нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлэх гээд иргэд, аж ахуйн нэгжийг экспод оролцох боломжийг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээс гадна гоо сайхны үйлчилгээ, банк, даатгал, аялал жуучлал гээд бизнесийн төрлийг өргөжүүлэн цар хүрээг тэлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа ажээ. Ингээд “Монгол-Хятадын IV экспо” үзэсгэлэн худалдааны талаар хамтран зохион байгуулагчдын нэг Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбооны тэргүүн Н.Цолмонтой ярилцлаа.
-Энэ удаагийн экспо ковидын дараа анх удаа зохион байгуулж байгаа гэдгээрээ онцлогтой. Бэлтгэл ажил хэр явж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Монгол-Хятадын экспо” хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ удаагийн IV экспо дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараагаар зохион байгуулагдах гэж байна. Учир нь ковидын үед экспо нэг удаа завсарласан. Тиймээс “Монгол-Хятадын IV экспо”-г өргөн хүрээнд зохион байгуулж, хоёр орны иргэд, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, харилцаа, хамтын ажиллагааг нь тэлэхэд анхаарч байна.
Экспод зөвхөн Монголын 500 талбай бий. Нийт 2000 гаруй аж ахуй нэгж оролцуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулагчид нь Монголын талаас ХХААХҮЯ, Хятадын талаас ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Хятадын Худалдааны яам, хамтран зохион байгуулагч нь Хөх хотын Ардын Засгийн газар, гүйцэтгэгчээр Монголын үйлдвэрлэгчдийг дэмижих холбоо, МҮХАҮТ, “Мишээл экспо” оролцож байгаа.
-Экспод оролцох аж ахуйн нэгжид ямар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байна вэ?
-Экспод оролцох нь иргэд, аж ахуйн нэгж бүрд нээлттэй. Оролцох иргэд, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт үзүүлж байна. Манай холбооны гишүүн байгууллагууд 650 мянган төгрөгийн зохион байгуулалтын хураамж төлнө. Харин холбооны гишүүн бус оролцогчид 750 мянган төгрөгийн зохион байгуулалтын хураамж төлөх юм. Энэ хураамжид экспод оролцох 9 ам.метр талбай, Эрээн-Хөх хот хүртэл ачааны болон зорчигч тээвэр үнэ төлбөргүй зорчих, хил дээр гаалийн татвараас чөлөөлөх хөнгөлөлтүүд багтсан байгаа.
-Экспод Хятадын талаас хэр санаачилгатай байна вэ?
-Хятадын талаас асар их ач холбогдол өгч байна. Энэ удаагийн экспо нь зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй. Хоёр орны соёл, найрамдалт харилцааг агуулсан өргөн цар хүрээнд болно. Заавал аж ахуйн нэгж гэж хязгаарлахгүйгээр өрхийн болон гар үйлдвэрлэл эрхлэгчид оролцох боломжтой.
-Манайх экспортлогч орон болохоор зорилт дэвшүүлсэн. Урд хөрш бол манайхны хувьд хамгийн ойр зах зээл. Тиймээс хоёр улсын бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа тогтооход энэ экспо хэр нөлөөтэй бол?
-Манай үйлдвэрлэгчид аливаа үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцдог. Тиймээс экспогоор бүтээгдэхүүнээ борлуулахаасаа илүүтэй Хятадын том зах зээлд таниулах нь бидний зорилт. Бид экспортлогч орон болно гээд АНУ, Япон, Солонгос гээд ярьдаг. Эдгээр орон логистик хол, стандарт өндөр. Энэ нь хэрэглээ өөр гэсэн үг. Харин Хятадын зах зээл бол хүн ардын аж амьдрал, цаг уур, соёл ойролцоо. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчид холын биш ойрын зах зээл дээр экспортод гарахыг эрмэлздэг. Энэ утгаараа бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлах хэрэгтэй. Тиймээс бид иргэд, аж ахуйн нэгжүүддээ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, таниулахад нь боломж олгохыг зорин ажиллаж байна.
Нөгөөтэйгүүр манайхан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхдээ юунд анхаарах, хэрэглэгчид юуг илүү сонирхож байгааг судалж мэднэ гэсэн үг. Үзэсгэлэн худалдаа гэдэг нь дан ганц бараа бүтээгдэхүүнээ танилцуулах, борлуулахаар хязгаарлагдахгүй, улс үндэстний соёлын солилцоо хийх, цаашлаад байнгын түншлэлтэй болох гарцыг нээх боломж өгдгөөрөө их давуу талтай.
-Зах зээлээ судлахад урд хөршүүд ямар чиглэлийн бүтээгдэхүүн сонирхож байна вэ. Энэ талаар судалгаа гарсан болов уу? Тодруулбал,энэ удаагийн экспод ямар чиглэлийн бизнесүүд түлхүү оролцоосой гэж харж байна вэ?
-Монголын экспортод гарах хамгийн боломжит бүтээгдэхүүн бол ноос, ноолуур. Өнөөдөр Монголын ноолуур хамгийн цэвэр гээд дэлхийд брэнд болсон. Энэ удаагийн экспо Өвөрмонголд зохиогдож байгаа талаасаа хүнсний бүтээгдэхүүн, монгол дээл, хувцас, бэлэг дурсгал, гоо сайхны бараа эрэлт өндөртэй байдаг.
Манай холбоо гадныханд “Бид зөвхөн малын ашиг шимийг хүртдэг орон биш. Хийж бүтээж чаддаг улс” гэдгээ харуулахыг зорьдог. Тиймээс энэ удаагийн экспод гоо сайхны үйлчилгээ, уран зураг гэх мэт бусад салбарын үйлчилгээнүүд хөгжсөн гэдгийг сурталчлан, таниулахыг зорьж байна. Учир нь манай гоо сайхны хагалгааг өвөрмонголчууд их сонирхдог. Гоо сайхны үйлчилгээ БНСУ-д манайхаас өндөр өртөгтэй байдаг. Гэтэл манайхан солонгосчуудтай адил чанарын өндөр түвшинд хийхдээ төлбөр нь бага байдаг. Тиймээс өвөрмонголчуудад чанартай үйлчилгээг хямд зардлаар авах боломжтойг сурталчлах зорилготой. Мөн уран зураг, соёлын бүтээгдэхүүн, банк, даатгалын үйлчилгээг сурталчилж, зөвлөгөө өгнө.
Өмнөх шиг үзэсгэлэн экспо нь зөвхөн бараагаа борлуулах төдий бус хамтын ажиллагаа тогтоох, үйлчилгээгээ таниулах, Монгол руу хөрөнгө оруулалт татах, цаашлаад аялал жуулчлалаа хөгжүүлэхэд ч эерэг нөлөөтэй. Экспорт гэдэг зөвхөн бараа биш үйлчилгээ гэдгийг харуулахыг зорьж байна.
Нөгөөтэйгүүр ковидын үед манай үйлдвэрлэгчид дотоодын борлуулалтдаа анхаарч, бүтээгдэхүүний сав, баглааг шинэчлэн сайжруулж, брэндинг хөгжүүлэлт хийсэн. Учир нь ковидын өмнөх жилүүдэд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний савлагаа зэрэг брэндинг хөгжүүлэлтэд ач холбогдол өгдөггүй байсан талтай. Өнөөдөр иж бүрнээр хөгжүүлсэн бүтээгдэхүүнээ гаднын зах зээлд гаргах сонирхол үйлдвэрлэгчдэд байгаа. Монголын бүтээгдэхүүн ч гадныхны нүдийг хужирлана гэдэгт итгэлтэй байна.
-Танай холбоонд хэчнээн аж ахуй нэгж гишүүнчлэлтэй вэ? Үүнээс гадна хаана, хаана олон улсын экспо зохион байгуулж байсан бэ?
-Манай холбооны хувьд 2014 оноос хойш жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дэмжих үйл ажиллагаа явуулж ирсэн. Үйл ажиллагааны хувьд үндэсний үйлдвэрлэгчийг бүтээгдэхүүнээ экспортод гаргахад дэмжлэг үзүүлэх, гаднын зах зээлд таниулах чиглэлээр голчилдог. Одоогийн байдлаар гадаад улсууд голчлон БНХАУ-ын тэр дундаа Өвөрмонголын аймгуудад 80 гаруй үзэсгэлэн худалдаа зохион байгуулан 300 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулсан байна.
-Зөвхөн үзэсгэлэн худалдаанаас гадна манай ЖДҮ-ийн бүтээгдэхүүнийг байнга боруулах тал даар танай холбоо ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Манай улсын зах зээл жижиг, худалдан авагч багатай учраас үндэсний үйлдвэрлэлийн хөгжил сул, удаан явагддаг. Их хөрөнгө оруулалт хийгээд том үйлдвэр бариад бүтээгдэхүүн үйлдвэрлэе гэхээр их хэмжээний бараа авах худалдан авагч байхгүй. Тиймээс массаар буюу ихээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй учраас өртөг нь өндөр болдог. Энэ нөхцөл байдлаас болоод дан ялангуяа ЖДҮҮ хөгжих боломж маш хомс. Тэгэхээр борлуулалт багатай учраас үйлдвэрлэлийн хөгжил сул байна гэж харж байна. Хөгжлийн хамгийн гол үндэс нь борлуулалт сайтай байх явдал юм. Тэгвэл үүний гаргалгааг бид зах зээлээ тэлж гадагшаа бүтээгдэхүүнээ нэвтрүүлж, борлуулалтаа өсгөх гэж харж байгаа.
Хэрэв ингэж чадвал бид илүү өндөр үнэтэй бүтээмж сайтай үйлдвэрийн тоног төхөөрөмжид хөрөнгө оруулан бүтээгдэхүүнээ ихээр үйлдвэрлэх боломжтой болно. Түүний хэрээр өртөг буурна, гар ажиллагаа багасаж, дагаад чанар өсч импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвар илүү өснө. Иймээс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, гаднын зах зээлд таниулахад анхаарч, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, байнгын түншлэлтэй болгоход голчлон ажилладаг. Одоогийн байдлаар БНХАУ-д үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээж байгаа.
-Хайлаар болон Манжуур хотод үндэсний үйлдвэрлэгчдийн нэрийн дэлгүүр нээсэн гэлээ. Манай бүтээгдэхүүн хэр борлуулалттай байна вэ?
-Хайлаар хотын аялал жуулчлалын бүсэд “Фата” группийн худалдаа үйлчилгээний цогцолборт 1170 ам.метр, Манжуур хотын чөлөөт аялал жуулчлалын бүсэд үйлчилгээний цогцолборт 150 ам.метр дэлгүүрүүд нээсэн.
Цаг үеэ дагаад худалдан авагчид дэлгүүрээр үйлчлүүлэх нь багассан, дэлгүүр зорьж очих худалдан авалт хийхээ болиод байна. Гэхдээ худалдан авагчид зайлшгүй зорьж очиж үйлчилгээ авах шаардлагатай газар нь дэлгүүр байрших консепт, хандлага руу дэлхий даяар шилжиж байна. Өөрөөр хэлбэл кино театрт кино үзэх, усан бассейнд орох, хүүхдээ тоглуулах, фитнесст явах гэх мэт үйлчилгээ авах гээд ирэхэд нь хажууд нь дэлгүүр байж байх юм бол худалдан авах хийх юм байна гэж үзээд цогцолбор хэлбэрээр дэлгүүрийг байгуулдаг болсон байна.
Тэр ч утгаараа бид дэлгүүрээ “Фата” плазад байгуулсан байгаа. Тус цогцолборт нь зочид буудал нь байна, усан цогцолбор, хурим найр зохион байгуулдаг эвент холл, кино театр гээд бүх л үйлчилгээ байдаг.
Манай дэлгүүрийн хувьд “Фата” цогцолборын хамгийн байршил сайтай бүсэд байрлаж байгаа нь давуу тал болно. Нэрийн дэлгүүртэй болсноор борлуулалт тасралтгүй, тогтмол өснө. Үйлдвэрлэгчид маань ч гэсэн гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ байнгын эргэлтэд оруулж, цаашлаад бусад улс руу экспортлох эхлэл нь болох юм.
Бидний сонгосон Хайлаар, Манжуур хотуудад олон сая жуулчид ирдэг. Ингэснээр олон орны хүмүүс бидний бүтээгдэхүүнтэй танилцаж, худалдан авалт хийнэ. Дэлгүүрийн онцлог нь ганцхан төрлийн бүтээгдэхүүн биш маш олон төрлийн бараа, бүтээгдэхүүнүүд байршуулах учраас сонголт их.
Өмнөх үзэсгэлэн худалдаануудад манай үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг аваад, ахин худалдан авалт хийх гэхээр тэнд манай борлуулалтын суваг байдаггүй. Тиймээс тогтмол нэрийн дэлгүүртэй байна гэдэг нь борлуулалтаа өсгөх хамгийн том гарц, гаргалаа. Мэдээж энэ цаг үед онлайн дэлгүүрийн эрэлт хэрэгцээ их болсон. Тэгэхээр онлайн дэлгүүрээ ч бас нээж байгаа. Мөн ирэх хоёр жилийн хугацаанд Манжуур болон Хайлаар хотоос гадна 10 нэрийн дэлгүүр нээхээр төлөвлөж байна.
-Гаднын зах зээлд дэлгүүрээ нээхэд эрсдэл бий юү?
-Гадаад улсад дэлгүүр нээх нь мэдээж эрсдэл өндөртэй. Эхлээд судалгаагаа сайн хийх хэрэгтэй. Сонирхож байгаа бүс нутагт чинь худалдан авагчид бий юу гэдэг нь хамгийн чухал. Бид тус зах зээлд ажилласан туршлага, судалгаандаа үндэслэн эрсдэлийг хамгийн бага байлгах үүднээс дэлгүүр нээхэд дараах шаардлагуудыг тавьсан.
Тэдгээрээс дурьдвал манай улсын голлох бүтээгдэхүүн нь ноос ноолууран бүтээгдэхүүн тул цаг уурын нөхцөл байдлын хувьд хүйтэн сэрүүн байх, зах зээлийн хэмжээ, логистикийн хувьд ойр, мөн ялгаатай сегментэд борлуулалт хийх гэсэн нөхцөлүүд байсан.
Энэ бүх нөхцлүүдэд маань Хайлаар, Манжуур хотууд маань төгс тохирч байгаа юм. Тус хотуудад жилдээ 10-20 сая жуулчин тэр дундаа Хятад улсын өнцөг булан бүрээс жуулчид зочилж очиж байгаа нь ялгаатай сегмент болж таараад байгаа юм. Ялгаатай сегментэд ялгаатай олон төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулах нь манай борлуулалтын орлогыг өндөр байлгах гол нөхцөл болж байна.
Дэлгүүр нээхэд өндөр түрээс, татвар төлнө, байнгын урсгал зардал их, дэлгүүрийн ажилтан, хүний нөөц гээд нэлээд зарлага гаргах шаардлагатай. Их зардал гаргаад дэлгүүрээ нээсний дараа борлуулалт байхгүй бол яах вэ? Тэгээд л дуусна. Тиймээс манай ЖДҮҮ эрхлэгчид гаднын зах зээлд гарах сонирхол байдаг ч эдгээр эрсдэлийг үүрэхэд бэрх. Харин манай холбооны зүгээс энэ бүх эрсдэлийг бүрэн хариуцаж байгаа. Тэгэхээр үйлдвэрлэгчид эдгээр асуудлыг мартаад зөвхөн чанартай бараа, бүтээгдэхүүн бидэнд нийлүүлж хамтран ажиллах л үлдэж байгаа.
БНХАУ-д дэлхийн хамгийн том брэндүүд дэлгүүрээ нээж байгаа. Бид ч үүнээс хоцрох ёсгүй. Үйлдвэрлэгчдэд тавигдах шаардлагын хувьд ямар нэгэн хязгаарлалт байхгүй. Монголын өнгө төрхийг илтгэсэн, чанартай, сав баглаа боодлын шаардлага хангасан байх хэрэгтэй. Үүний дээр борлуулалт сайтай байгаа бүтээгдэхүүнүүдээ санхүүжүүлж улам сайжруулах тал дээр нь анхаарна.
Бид дэлгүүрээ байгуулахдаа зөвхөн борлуулалт хийхийг чухалчилсангүй. Монгол улсаа сурталчилах, мөн оролцож буй бараа бүтээгдэхүүнийг Хятадын өнцөг булан бүрээс ирсэн жуулчдад таниулан сурталчлах зорилготой. Мөн бид Монгол түмэн гэдэг зөвхөн малынхаа ашиг шимийг хүртэн түүнийгээ боловсруулан амьдардаг хүмүүс бишээ бид урлаглаг, хийж бүтээж чаддаг хүмүүс гэдгийг харуулахыг зорьсон. Тэр ч утгаараа бид дэлгүүрийн нэг хэсэгт Монголын бүтээлчдийн уран зургийн галерейг байгуулж байгаа. Миний хувьд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөгжих гарц энд л байгаа гэж харж байна.
Н.ЭНХЛЭН
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна