СЭЛЭНГЭ:
Долоон сумын төмс, хүнсний ногоо үерт өртөөд байна
Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөрөөс ургацын байдлын талаар тодрууллаа. Тэрбээр:
-Манай Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн гол бүс. Энэ жилийн тухайд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хаврын тариалалтыг оройтож хийсэн. Гэхдээ бид тариалалтаа оройтсон ч амжилттай хийж чадсан.
Цаг агаарын давагдашгүй хүчин зүйл бидэнд тулгарч байна. Хэт халалт, үерийн улмаас 1000 га талбайн улаанбуудай, 400-500 га талбайн рапс алдаад байна. Мөн долоон суманд тариалангийн төмс, хүнсний ногоо үерт автлаа. Тиймээс бид тариалсан улаан буудай, төмс, хүнсний ногоогоо цаг тухайд нь шуурхай хураах шаардлагатай. Үүнд хүн хүч, техник, технологи хэрэгтэй хэмээв.
ТӨВ:
Зуншлага нийт нутгаар хэвийн, малын тарга хүч 80-аас дээш хувьтай байна
Аймгийн хэмжээнд 17276 малчин, мал бүхий иргэнд 2023 оны эхэнд 5.1 сая мал тоологдсон. Энэ жилийн бойжсон 1.7 сая төлтэй нийлэн 6.8 сая мал зусаж байгаа аж. 2023-2024 оны өвөл, хаварт 5.2 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 9.0 сая толгой мал өвөлжиж, хүнс болон дотоодын зах зээлд 1.5 сая мал хэрэглэх урьдчилсан тооцоо гарчээ.
Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эртнээс хангуулах үүднээс аймгийн Засаг даргын захирамжаар Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөг таван зорилт, 36 арга хэмжээтэйгээр батлуулан сумдад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
“Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын дагуу аймаг, сумын аюулгүйн нөөц, малчин, мал бүхий иргэдийн 2023-2024 онд бэлтгэх өвс, тэжээлийн төлөвлөгөөг батлуулахад бэлэн болжээ. Энэ төлөвлөгөөгөөр аймгийн аюулгүйн нөөцөд 250 тонн өвс, 100 тонн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 60 тонн өвс, 50 тонн тэжээл, малчин, мал бүхий иргэд 153041.6 тонн өвс, 9097.6 тонн тэжээл, 51282 тонн гар тэжээл, 9097.6 тонн ногоон тэжээл бэлтгэнэ. Аймгийн зуншлагын байдал нийт нутгаар хэвийн байгаа ба малын тарга хүч 80-аас дээш хувьтай байна.
Улсын төсвийн 150.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант, Баянцагаан, Бүрэн, Дэлгэрхаан, Эрдэнэсант сумдад инженерийн хийцтэй худгийн ажлыг хүлээн авч, ашиглалтад өгсөн. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр 17 сум 34 худаг гаргах ажлыг төлөвлөснөөс худгийн гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна.
2023 оны хаврын тариалалтад үр тариа 60297 га, улаан буудай 52161 га, хүнсний ногоо 3167 га, таримал тэжээл 32114 га, тосны ургамал 36600 га -д тариалж, нийт 143565 га-д тариалалт хийж төлөвлөгөөний биелэлтийг 100 хувь хангажээ.
Үргэлжилсэн бороооны улмаас Батсүмбэр суманд хоёр аж ахуйн нэгж, 13 иргэний 2450 ам миетр хүлэмжний таримал мөндөрт цохигдсон. Дөрвөн иргэний 14 га төмсний талбай, хоёр иргэн, хоёр аж ахуйн нэгжийн 90 га улаан буудай, таримал тэжээлийн талбай үерт урссан мэдээтэй байна.
Манжин 20 тн, өргөст хэмх 41 тн, лооль 1.5 тн, бусад нарийн ногоо 0.2 тн-ыг хураан аваад байна. Техникийн бэлэн байдал 60 хувьтай байна. Хэт халалтын улмаас орсон түр зуурын дуу цахилгаантай бороо газар тариаланд хохирол учруулсан. Үерт Батсүмбэр сумын 2450 ам метр хүлэмж мөндөрт цохигдож, plenk урагдаж ургамал нь усанд өртсөн, 30 га талбайн төмс мөндөрт өртжээ. Жаргалант суманд 40 га талбай үерт өртсөн. Хэт халуунтай холбоотойгоор ургац алдсан зүйл байхгүй.Цаашид хэт халж, түр зуурын дуу цахилгаантай бороо үргэлжлэн орвол газар тариаланд хүндрэл учирч болзошгүй байна.
ХЭНТИЙ:
Ургамлын өсөлт, хөгжилт удаашралтай байна
Энэ онд газар тариалангийн салбарт 40 аж ахуйн нэгж, 650 гаруй иргэн тариалалт хийгээд байна. Үүнээс улаан буудай 19097 га, бусад үр тариа 4071 га, тосны ургамал 13661 га, хунчир 148 га, төмс 246,9 га, хүнсний ногоо 286,5 га, жимс, жимсгэнэ 65.4 га-д, нийт 40,4 мянган га-д тариалалт хийгдсэн.
Зургадугаар сарын 20-30-ны хооронд тариалангийн бүс нутгаар Улаан буудайн соёололтын чанарын үнэлгээ хийхэд 53.4 хувь сайн, 34.8 хувь дунд, 11.7 хувь нь муу дүнтэй байна. Мөн Хэрлэн, Батноров, Гурванбаян, Өлзийт, Тахилгат тосгодын нийт 26.8 мян/га буюу 66.5 хувь нь хур тунадас оройтож орсноос ургамлын өсөлт хөгжилт удаашрах, ургацын 10-20 хувь нь тэжээлд шилжих магадлалтай байна. Ирэх долоо хоногоос ургацын баланс тогтооно.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна