Г.Энххүслэн: Багш шигээ ятгын хөгжилд хувь нэмрээ оруулахыг хүсдэг


Агаарт үелзэх гарын хөдөлгөөн ятгын эгшгийг улам яруусуулж зааланд суугаа хүмүүсийг ховсдох мэт...Төгөлдөр хуур, ятгын найрсал өндөрлөж нам гүм болоход үзэгчид нирхийн алга таших нь мэргэжлийн тоглоочдын урмыг нэмэх ажээ. Алга таших чимээ үл зогсон. Яг л дахин тоглуулж өөр нэгэн бүтээл сонсохыг хүссэн мэт заалнаас “Браво...” хэмээн түрэхийг сонслоо. Энэ бол хэдхэн хоногийн өмнө интернэтээс үзсэн Монголын мэргэжлийн хөгжимчдийн концертын хэсэг. 

Дурдан буй ятгачин бол Монгол Улсын консерваторийн Үндэсний хөгжмийн мэргэжлийн сургуулийн магистрын нэгдүгээр ангийн оюутан Г.ЭНХХҮСЛЭН юм. Түүний мэргэжлийн багш нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ ажээ. Багшийн эрдмээр авьяасаа хөглөж, ирээдүйд их үйлс бүтээхээр зорьж яваа түүнийг уншигчдадаа танилцуулахаар уулзлаа. Багадаа ятга хөгжимтэй нөхөрлөсөн цагаас энэ ертөнцдөө уусан, яг л багш шигээ тоглооч болохыг зорих түүний ярилцлагыг “Шинэ танил” буландаа онцоллоо.
 
-Таныг хэн анх ятга хөгжимтэй нөхөрлүүлсэн бэ?

-Намайг ятгатай нөхөр­лүүлсэн хүн нь миний ээж. Хүүхэд байсан болохоор үндэсний хөгжмийн зэмсгийг төдийлөн сайн мэдэхгүй, ээжийгээ дагаад Хөгжим бүжгийн коллежид шалгуулж байсан. Дуу хуур цангинасан, хөл хөдөлгөөн ихтэй сургуулийн юм болгон нь надад шинэлэг санагдаж байлаа. Харин ээжийн маань хувьд Хөгжим бүжгийн коллеж дассан орон зай нь. Яагаад гэвэл, манай ээж, эгч хоёр Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийг төгссөн. Манай ээжийг Д.Орхонтуяа гэдэг, Үндэсний урлагийн театрын бүжигчин байсан. Одоо 84 дүгээр сургуульд бүжгийн багшаар ажилладаг. Манай эгчийн нэр Г.Энхсэлэнгэ. Сургуулиа төгсөөд Үндэсний урлагийн их театрт хоёр жил гаруйн хугацаанд ажиллаад одоо бол хувиараа бизнес эрхэлж байгаа.  


-Тэгвэл та анхнаасаа ятгачин болно гэж бодоогүй байх нь?
-Ятгачин болсноо хувь тохиол гэж боддог. Учир нь, намайг Хөгжим бүжгийн коллежид шалгуулахаар очиход шалгалт авч байсан хүмүүсийн дунд Ч.Мөнх-Эрдэнэ багш маань байж таарсан. Тухайн үед багш нэг бүтээлээ дүрсжүүлээд байсан нь хөгжмийн зохиолч Б.Шаравын  ятгын вариац байв. Багшийнхаа энэ бүтээлийг тоглохыг өмнө нь телевизороор хараад “Ямар гоё юм бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдсан. Яг тийм мэдрэмжтэй үед багштайгаа уулзсан нь миний хувьд аз юм. Харин ятга хөгжмийг анх харахад миний сонирхлыг их татсан. Намуухан дуутай, уянгалаг гээд анх төрсөн сэтгэгдэл гэвэл хөвөрнө... 


-Хөгжимчин хүн тэсвэр тэвчээртэй, хатуужилтай болдог. Ятга тоглож эхэлж байгаа хүний эхний даваа гарын хуруунууд цэврүүтэхээс эхэлдэг байх гэж би боддог?
-Үнэхээр мэргэжлийн хөгжимчин болъё гэж бодсон учраас тэр үед ухрах тухай бодол надад ерөөсөө орж ирээгүй. Мэдээж гарын хуруунууд цэврүүтнэ. Гэхдээ үүнийг тэсэж, давж байж дараагийн алхмаа хийнэ. Ингэж өөрийгөө зоригжуулж сурсан нь миний хувьд аав, ээжтэй маань холбоотой. Ээж урлагийн хүн учраас аливаа зүйлд тууштай хандахыг сургадаг. Үүгээрээ надад зарим талаараа үлгэр дуурайл болдог байсан.  


-Бас багшийн сургалт ихээхэн нөлөөлсөн байх. Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн хөгжимчин болох хүмүүсийн толгойг зүгээр ч нэг илээгүй болов уу?
-Манай багш хатуу үедээ хатуу, зөөлөн үедээ зөөлөн. Надтай ямар үед хэрхэн харилцахаа сайн мэддэг байсан байх. Багшлахын зэрэгцээ уран бүтээлээ хийдэг байсан нь биднийг уран бүтээлч зан чанарт илүү сургасан гэж боддог. Бид 13 утастай ятгаар тоглож эхэлдэг. Анх тоглосон бүтээл “Таван хөөрхөн”  нэртэй зохиол. Манай анги таван хүүхэдтэй байсан болохоор биднээр “Таван хөөрхөн”-ийг тоглуулсан болов уу. Ээжээсээ гуйж байгаад 2013 онд 21 утастай ятга авахуулсан. Уг нь ийм ятгаар тоглох болоогүй ч гуйсаар байгаад авахуулсан учраас түүнийгээ тоглож сурахын тулд илүү их хичээхээс өөр сонголт байгаагүй. 
-Таныг 13 утастай модон ятгаа их нандигнадгийг харсан. Магадгүй тэр  ятгыг хэн нэгэн танд бэлэглэсэн үү?
-Манай өвөө ээжийг багад 13 утастай ятга авч өгч байсан юм билээ. Гэхдээ ээж хөгжимчин бололгүй бүжгийн урлагийг сонгосон. Тиймээс өвөөгийн өгсөн ятгыг хадгалчихсан байсныг олж авчраад багшид харуулсан. Дээхнэ үеийн 13 утастай модон ятгыг багш хараад тоглох боломжтой гэж хэлсэн. Ингэж би анх өөрийн гэсэн ятгатай болж байлаа. 


-Энэ үед хамгийн түрүүнд бодогдсон зүйл юу байсан бол?
-Яг тэр үед багш ятгын чуулгад хичээл заадаг байсан. Тэдний ятга тоглохыг хараад “Хэзээ ингэж сурах бол” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Долдугаар ангийн хүүхдэд хэдий ахадсан ч  Ч.Мөнх-Эрдэнэ багш шигээ хөгжимчин болно гэж бодсон. Одоо ч гэсэн энэ талаарх бодол өөрчлөгдөөгүй. Өмнөхөөсөө илүү хичээж байгаа. Аравдугаар ангиасаа ятгын чуулга, оркестрт суудаг болсон үеэс сургуулийн концертуудад оролцон тоглож эхэлсэн. Түүнээс хойш ятгад зориулсан томоохон хэд хэдэн бүтээлийг тоглоод байна.  


-Таныг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын Ятгын концер­тыг тоглохыг харсан. Өөр хэний ятгад зориулсан бүтээлүүдийг тоглосноо сонирхуулж болох уу? 
-Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын Вариац концертино, Б.Мөнхболдын I концерт болон хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын I концерт, Г.Алтангэрэлийн концертын II, III ангийг тоглосон. Цаашдаа Ч.Мөнх-Эрдэнэ багш шигээ ятга хөгжмийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Багш З.Нарантуяа багшдаа зориулан “Дурсамж” хэмээх бүтээлийг зохиосон байдаг. Энэ зохиол ятгын хөгжимдөх арга барилын хувьд шинэлэг зүйлсийг оруулж ирснээрээ онцлогтой. Цохих, маараа хааж тоглох, хоёр гараараа тоглох зэрэг хөгжимдөх шинэлэг арга барилыг багш маань ятганд оруулж ирсэн. Үүний адил би ч гэсэн ятга хөгжмөө хэрхэн шинэчилж болохоор байна гэдгийг судална гэж боддог. Одоогоор багшийнхаа оруулж ирсэн бараг бүхий л арга барилаар ятгаа тоглож байна.  


-Таны багш Ч.Мөнх-Эрдэнэ шавиараа их бахархдаг, таныг олон улсын уралдааны тэргүүн байрт ороход учиргүй их баярласныг сэтгэгдлээс нь уншиж байсан удаатай?
-Орост зохион байгуулсан “Найдал-2022” олон улсын хөгжмийн уралдаанд амжилттай оролцож байсан. Уралдааны эхний шатанд хөгжмийн зохиолч  Ш.Өлзийбаярын концертын эхний анги,  Вивальдигийн концертын ля минорын эхний анги, Лей Луигийн “Хаврын романтик салхи” зохиолыг эхний шатандаа тоглосон. Хоёрдугаар шатанд мөн л  хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын концертын II, III ангийг тоглож тайзнаа гарсан. Хоёр дахь бүтээлд Буриад ардын зохиолоос тоглох шаардлагатай байсан учраас Буриад ардын дуунд найруулга хийсэн. Хөгжмийн зохиолч Б.Наранбаатарын ятгын гурвалд зориулсан найруулгыг багштайгаа хамтран нэг ятганд хөрвүүлж байв. 


-Бас саяхан таны Москвад ятгын концерт тоглосныг интернэтээс олж үзлээ?
-Москва хотод болсон “Собираем друзей” олон улсын хөгжмийн наадамд Ч.Мөнх-Эрдэнэ багшийнхаа оронд оролцоод ирсэн. Монгол Улсын консерваторийн багш оюутнуудын төлөөллөөс бүрдсэн баг ардын болон Монголын мэргэжлийн хөгжмийн зохиолчдын бүтээлээс бүрдсэн хоёр хэсэг,  хоёр цагийн тоглолтоо үзэгчдэд толилуулаад ирсэн. Таны үзсэн бичлэг Москвагийн консерваторийн Рахманиновский зааланд хөгжмийн зохиолч Б.Шаравын Вариац концертиног төгөлдөр хуурч Г.Оюун-Эрдэнийн хамт тоглосон нь байна. 


-Таны Алтайн ятгыг тоглож байгааг харсан. Дуугаралтын хувьд ч ихээхэн онцлогтой хөгжмийн зэмсэг юм шиг санагдсан?
-Одоо бидний тоглож байгаа ятга хөгжмүүдийг ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг. Алтайн ятга гарч ирснээр бид Монголд үйлдвэрлэсэн, үндэснийхээ хөгжмийн зэмсгээр тоглох боломж бүрдсэн. Алтайн ятгыг олж илрүүлэн хэрэглээнд нэвтрүүлснээр манай улсад ч ятгын хөгжил байсан гэдгийг бусдад харуулах баталгаа болно. Алтайн ятга зургаан утастай. Сүүлд гаргаж ирсэн буган ятга найман утастай бөгөөд илүү натурал өнгөтэй. Хүнгэнэсэн гоё дуутай. Хөгжим судлаач, продюсер Д.Ганпүрэв тоон ноотыг гаргаснаар эдгээр ятгыг хүмүүс сурахад хялбар болгосон. 


-Хөгжимчин болох уйга­гүй хөдөлмөрийн үр дүн байдаг. Таны өдөр тутамдаа баримталдаг зарчим юу бол?
-Давт, давт, дахин давт. Багш маань бүтээлийг хэсэгчлэн давтахыг зөвлөдөг. Бас тухайн зохиолыг өөр хөгжимчин хэрхэн тоглосныг сонсож, өөртэйгөө харьцуулна. Заримдаа өөрийнхөө тоглолтыг  бичиж авч байгаад сонсоод алдаа байвал засдаг юм.

Бидний хэдхэн хором үргэлжилсэн яриа энд хүрээд өндөрлөлөө. Г.Энххүслэн ятгаа илүү их судлахын тулд эрдэмдээ гүнзгийрүүлэн шамдаж байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ч.Мөнх-Эрдэнийн хэлснээр Г.Энххүслэн авьяас төгөлдөр, бахархал төрүүлэм сайн хөгжимчин. Шавийнхаа амжилт бүтээлээр багш нь гангардаг. Харин тун удахгүй хөгжимчнийхөө ур чадвараар эх орон нь бахархана гэдэгт итгэлтэй байна. Энэ эрчээрээ илүү их хичээгээрэй хэмээн ерөөе. 

  Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
1
haha
1
liked
10
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.188.29
Өчигдөр
0
0
Авьяаслаг ятгачин Г. Энххүслэндээ баяр хүргэж, амьдралд тань аз жаргал, сайн сайхан бүхнийг, уран бүтээлд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. МУГЖ , нэрт ятгач, “ ЯТГЫН ХАТАН ХААН” Ч. Мөнх- Эрдэнэ дүүдээ эрүүл энх, аз жаргал , сайны ерөөлийг өргөж, хөгжмийн эгшгээр хорвоог уярааж, сурган хүмүүжүүлэх үйлсэд тань амжилтын дээдийг хүсье.
Хариулах
202.126.88.163
2023/08/23
0
0
Үнэхээр гайхалтай сайхан тоглодог шүү. Цаашдын ажил амьдралд амжилт хүсье ээ
Хариулах
Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 5 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22