Малын бууц, ээжийн тэрлэгэнд шингэсэн сүүний зөөлөн үнэр, агь таана, аргалын утааны үнэрийг санагдуулах уран бүтээлүүдийн автор нь зураач Э.Ононгуа юм. Түүний холимог техникээр хийсэн монгол ахуй “ханхалсан” бүтээлүүд цаана л зөөлөн дулааныг мэдрүүлэх ажээ. Олон улсын үзэсгэлэнд сойсон бүтээл нь шилдгүүдийн нэгээр шалгарч, хилийн дээс алхахаар явахад нь Э.Ононгуатай хөөрөлдлөө. Түүний “хөөсгүй”, бодолд хөтөлсөн ярилцлагыг хүлээн авна уу.
-Уран бүтээлчийн хэрхэн оршин буй нь зарим талаараа илэрхийлэл болдог. Тиймээс ярилцлагын эхэнд таны дандаа өмсдөг дээлний тань талаар асууя. Элдэв чимэггүй энгийн торгон дээлийг та яагаад тэгтлээ их нандигнадаг юм бэ?
-Энэ дээлийг миний ээжийг гадагшаа явахад нь зориулж эмээ маань анх оёсон гэдэг. Гэтэл ээж маань намайг тээж байгаагаа мэдээд Монголдоо үлдэж хүүхдээ төрүүлэхээр болсон. Тэгэхээр энэ дээл намайг өлгийдөж авсан тийм утга учиртай зүйл. Өмсөхөд ямар халуун дотно санагддаг гэж санана. Бас энэ дээлийг ганцхан ээж маань өмсөөгүй. Эмээ, хамаатны эгч нар маань хүртэл өмссөн гээд бодохоор ямар их түүхтэйг нь төсөөлж болно. Тиймээс анхны бие даасан “Нөмөр” үзэсгэлэндээ энэ дээлтэйгээ оролцож байлаа. “Нөмөр” үзэсгэлэнд 108 дээлийг нисэж байгаа шувууны дүрслэлтэйгээр байршуулж инстоляц бүтээл хийсэн юм. Хар торгон дээр алтан шаргал хээтэй дээл миний хувьд ийм л үнэ цэнтэй. Би хаашаа ч явсан энэ дээлээ авч явах дуртай.
-Яг хэзээнээс таныг холимог техникээр бүтээл хийснийг мэдэхгүй юм. Гэхдээ таныг илэрхийлэх арга ажиллагаагаа аль хэдийнэ олжээ?
-Би СУИС-ийн харьяа Дүрслэх дизайн урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг Батмөнх багшийн удирдлага дор 2016 онд төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш хоёр жилийн хугацаанд өөрийн гэсэн техникгүй байсан учраас зохиомж, шийдлээ олохоор эрэл хайгуул хийсэн. Тухайн үед надад юу таалагдаж байна түүнийгээ л зурдаг байсан үе. Хэчнээн мэрийсэн ч ерөөсөө болж өгөхгүй байгаагаа мэдсэн. Би оюутан байхдаа хатгамал хийх дуртай. Зураг зураагүй үедээ бэлэг дурсгалын зүйлс хийдэг байв. Тэр үед “Хатгамлыг уран бүтээлдээ яагаад шингээж болохгүй гэж” гэсэн бодол орж ирсэн. Энэ бодлоор хийсэн анхны бүтээл маань Ногоон Дарь-Эх байлаа. Тэгж холимог техникээр бүтээл хийх санаа төрсөн. Холимог техникээр хийсэн бүтээлүүдийг маань хүмүүс харчихаад “Чиний л хийх бүтээл байна” гэж хэлсэн. Бас миний бүтээлээс намайг мэдэрч чадаж байна гэж хэлэхийг сонссон. Түүнээс нь урам авч тэр цагаас хойш би холимог техникээр бүтээлүүдээ хийж байна.
-Хурц тод гэхээсээ илүү завсрын дулаан өнгө, материал сонгодог нь таны арга барил уу?
-Сургуулиа төгссөнийхөө дараа тод өнгөнүүдийг сонгон бүтээл хийж үзсэн. Гэхдээ миний өнгө биш юм шиг санагдсан. Тиймээс өнгөө зөөллөж заримыг нь зориудаар сонгосон тохиолдол бий. Аажимдаа би тэдгээр өнгөндөө дасаж надад таалагддаг болсон учраас одооны өнгөө тодорхойлж олсон гэвэл ойлгогдох байх. Эдгээр бүтээлийг хийснээрээ хурц тод өнгө надад тохирохгүй байсныг олж мэдсэн дээ.
-Уйгагүй эрэл хайгуулынхаа явцад өнгөө тодорхойлчихож. Харин таныг илтгэх уран бүтээлийн чиглэлээ хэзээ олсон бэ?
-Яг үнэндээ одоо ч гэсэн би тогтсон чиг баримжаагаа хайж байгаа. Бидний амьдралын энгийн зүйлсэд ч хайр оршдогийг бүтээлээрээ илэрхийлэхийг хүсдэг. Би монгол ахуйтай бүтээлүүдээ ихэвчлэн холимог техникээр хийдгийг та харсан. Яагаад гэвэл, намайг эмээ маань энгийн нэг монгол арга ухаанаар хүмүүжүүлсэн. Энэ нь хувь хүн болон төлөвшихөд ихээхэн түлхэц болсон гэж би хувьдаа боддог. Тиймээс би хүнийг хүн болгох уламжлалт арга ухааныг бүтээлээрээ дамжуулан бусдад түгээхийг хүсдэг юм. Тухайлбал, би хамгийн сүүлд л гэхэд “Амны хишиг” нэртэй бүтээл хийлээ. Монголчууд цагаан идээгүй алдаад асгачихвал “Амны хишгээ алдахгүй” гээд духандаа хүргэдэг. “Амны хишиг”-ээс тийм агуулгыг олж харвал миний зорилго биелж байна гэсэн үг юм.
-Хундан цагаан хонийг таны бүтээлүүдээс олонтаа харлаа. Дурсамжаас тань үлдсэн тэмдэглэл гэж ойлгож болох уу?
-Би бүтээлдээ хонь дүрслэх дуртай. Яагаад гэвэл хонь өмөг түшигтэй, заримдаа эмээ шиг минь халуун дулаан санагддаг /инээв/. Ингэж хэлэхээр хүмүүс гайхаж магадгүй. Эмээ маань их дайчин, ямар нэгэн зүйлийг болох талаас нь шийдвэрлэхийг хичээдэг. Тэр хүмүүжил, бидэнд харуулж байгаа үлгэр жишээг нь бодож бүтээлүүддээ хонь оруулж дүрсэлдэг. Товчхондоо би сайн сайхан зан чанарыг хониор төлөөлүүлдэг. Гэхдээ дандаа хонь зурна гэж юу байх вэ. Монгол ахуйтай дүрслэлд яалт ч үгүй хонь орж ирээд байдаг юм. Энэ нь миний монгол ахуйтай ойр өссөний нөлөө байх. Монголчуудын сурган хүмүүжүүлэх ухаан гэж бий. Үүнээс өөрийн биеэр мэдэрснээ бусдад хэлэхийг хүсдэг. Одоогоор ийм зорилготойгоор бүтээлүүдээ хийж байна. Өмнө нь би яаж гоё сайхан бүтээл хийх вэ гэж л боддог байсан. Оюутан цагийн энэ бодол маань одоо өөрчлөгдөж зовж биш, жаргаж хайрласан мэдрэмжтэйгээр бүтээлээ хийж сурч байгаа.
-Таны холимог техникт ашиглаж байгаа материалууд их сонирхолтой. Энэ санаа бүтээл хийх явцад орж ирдэг үү эсвэл анхнаасаа төлөвлөж байгаад зохиомжоо гаргадаг юм уу?
-Эхлээд бүтээлээ ерөнхийд нь иймэрхүү байна гэж төсөөлнө. Явц дунд бүтээлээ баяжуулах материалуудаа сонгодог.
-Тэгвэл хүлээлтээс чинь давсан ямар бүтээлийг та хийж байв?
-“Хонин цагаан үүл” нэртэй бүтээл бий. Миний анхны үзэсгэлэнг үзсэн хүмүүст энэ бүтээл их таалагдсан. Залуу уран бүтээлчид оролцдог үзэсгэлэнгээс шагнал авсан тийм бүтээл. Үүнээс их урам авч өнөөдрийн ажлуудыг хийх эхлэл нь болсон гэж ойлгож болно.
-Энэ жилийн “Монголын сайхан орон” үзэсгэлэнд оролцсон бүтээл таныг хуран чуулсан олон дунд алдаршууллаа. Юуны талаар бодож буулгасан нь бүтээл болон биежсэн бэ?
-Энэ үзэсгэлэнд оролцохоос өмнө эмэгтэй дөрвөн уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн “Хаан” арт галерейд гарсан. Тэр үзэсгэлэнд зориулж хийсэн ажлаасаа цуврал гурван бүтээлийг нь сонгон “Монголын сайхан орон-2023” үзэсгэлэнд өгсөн. Эмээдээ зориулан хийсэн “Хүүхэн хонгор” бүтээл маань чимэглэх урлагийн шилдэг бүтээлээр шалгарсан юм. Хэний ч эмээ байж болох өндөр настай эмээг ар талаас нь харж байгаа байдлаар дүрслэхдээ үсний даруулгатай, мөрөн дээр нь хонь унтаж байгаагаар зохиомжилсон. “Хүүхэн хонгор” бол миний эмээдээ зориулан хийсэн бүтээл. Тэр бүтээлийн үсний даруулганы голд нь байгаа чулууг би хүүхэд байхдаа нутгаасаа авч байсан. Зохиомжлохдоо ямар зүйлээр хийхээ хайх явцад нутгийн минь чулуу байж таарсан. Яг л энэ бүтээлд зориулан 15 жил хадгалсан юм шиг их утга учиртай санагдсан. Харин “Хүүхэн хонгор” нэрийн хувьд эмээгийн маань төрсөн нутгийн нэр. Энэ нь ч бүтээлдээ тохирсон гэж бодож байна.
-Ажиглахад таны бүтээл дүрслэлээс гадна тайлбар, нэр, магадгүй аялгуу зэрэг цогцоороо байж агуулгаа бүрэн илэрхийлдэг юм шиг санагдлаа. Энэ тохиолдлынх уу?
-Энэ нь магадгүй миний үзэл бодолтой холбоотой байх. Одоо ийм байгаа ч ирээдүйд өөрчлөгдөх эсэхийг би мэдэхгүй. Одоогоор хийж байгаа бүтээлүүд маань яалт ч үгүй ахуйтай холбогдож байна. Өөрийгөө таньж мэдэхээр эрэл хайгуул хийж байгаа шатандаа л явж байна шүү дээ. Хүн өөрөөсөө хол зүйлийг хэзээ ч хийхгүй учраас би монгол ахуй уламжлалтай холбоотой бүтээлүүд хийж байгаа байх.
-Одоо ямар үзэсгэлэнд оролцохоор хилийн дээс алхах гэж байна вэ?
-Тайваньд болох “Nature art festival-2023” олон улсын үзэсгэлэнд оролцохоор явж байна. Энэ үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг би олж мэдээллээ илгээсэн. Дэлхийн 132 орны уран бүтээлч энэ үзэсгэлэнд оролцох хүсэлтээ өгснөөс гурвыг шалгарууулсны нэг нь би. Өөрийнхөө шалгарсныг сонсоод маш их баярласан. Энэ үзэсгэлэнд “Дэлхийн дэлийг сүлжсэн нь” нэртэй бүтээл маань шалгарсан. Энэ бүтээлээ би 2022 оны Монголын контемпорари арт үзэсгэлэнд зориулан хийж байсан юм. Өвсийг нийлүүлэн гурваар дарж сүлжээд бүтээлээ хийж байлаа. Энэ нь миний хувьд гадаадад очиж дэлхийг “сүлжих” анхны тохиолдол.
-Ирээдүйнхээ зорилгоо тодорхойлжээ. Ойрмогхон хийхээр зорьж байгаа ажлаасаа танилцуулж болох уу?
-Би бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөсөн. Дараа жил үзэгчдийн хүртээл болгох байх. “Агаар үндэс” нэртэй үзэсгэлэн байх бөгөөд ургамал тарьдаг хүмүүс агуулгыг нь сайн ойлгоно. Ургамал шороонд үндэслэх боломжгүй болдог. Энэ үед өөрөөсөө үндэс гаргадаг ургамлууд байдаг. Бидний мэддэг монстера, цахирмаа цэцэг агаарт үндсээ гаргадаг. Ийм төрлийн ургамлууд ихэвчлэн дулаан оронд их ургадаг. Амьдрахын төлөө тэмцэж байгаа байдал нь миний сэтгэлийг хөдөлгөж, надад их таалагдсан. Үүнээс сэдэвлэж байгаль хүн хоорондын холбоог харуулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөөд байна.
-Сонирхолтой сэдэв байна. Ургамал цэцэг тарих таны хобби юу?
-Би ургамал тарих дуртай. Монгол цөлжилтөд нэрвэгдэж байна. Манай нутгийн хувьд намайг хүүхэд байхад янз бүрийн цэцэг алагласан, өндөр халиурсан өвс ургамалтай байсан. Харин одоо тачирхан болсон. Тиймээс үүнтэй уран бүтээлч хүний хувьд хэрхэн тэмцэж болох вэ хэмээн бодсон. Улмаар урлагаараа дамжуулан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлье гэж бодож байгаа. Төслийн нэр “Агаарын үндэс” байх бөгөөд ургамлын үрийг олноор цуглуулж сумдынхаа малчдад тэдгээрийг өгнө. Малчид бэлчээрээ хамгаалахад гар бие оролцоно гэсэн үг юм. Энэ нь үйлдлийн урлаг учир эхлээд өөрийн биеэр үзүүлнэ. Ургамлаа тарьж ургуулна. Энэ төслийг маань хүмүүс дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
-Та Улаанбаатарт төрсөн үү?
-Улаанбаатарт төрсөн ч Төв аймгийн Баянцагаан, Баян суманд миний хүүхэд насны дурсамж үлдсэн. Зуны амралтаар эмээгийндээ очиж хөдөө нутагтаа ойр байх дуртай.
-Уран бүтээлчийн амьдрал өөрөө аялал шиг ямагт судалж, үзэж харж явна. Тиймээс олон улсын үзэсгэлэнгээс их зүйл сураад ирэхийг хүсье.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна