Ш.Бадарч: Би Түдэв эрхлэгчийн эрхшээсэн нэгэн арваны гэрч


Зуун дамнасан дуун жигүүр

Сэрүүн Сэлбийн хөвөөн дэх зуслангийн байшингийнх нь сүүдэрт бид хоёр хуучлан сууна. Хашааных нь баруугаар бяцхан горхи хоржигнон урсаж, зүггүй хүүхэд шиг дэгдсээр чанх урагш цахилан одох аж. Мөнөөхөн горхин дээр жижигхэн хөөрхөн модон гүүртэй юм. Буурал найрагч үүгээр өглөө бүр алхаж, өвсөн дотроос зүү олох мэт шүлгийн содон мөрүүдээ тархиндаа олзолж, үе үеийн хүүхэд багачуудын дуулж өссөн дуунуудынхаа гэгээн цолгиун мөр, бадгийг тэрлэсэн болов уу. Зуслангийн байшингийнх нь ард улиас, хайлаас, хус, шинэс модтой бичил төгөл шуугиж, төглийн захаар чацарганын бут сагсайна. Энэ төглийн бүх моддыг өөрийн гараар тарьж ургуулсан гэнэ. Ийм орчинд шувуудын жиргээ анирдан бид хуучилсаар. Тэрбээр өөрийнхөө тухай огт ярихгүй. Ам нээвэл багш нарынхаа тухай, уран зохиолын ертөнцөд хөтөлж оруулсан шавь нар хийгээд үе тэнгийн найрагч нөхдийнхөө талаар хууч дэлгэнэ. Хэдэн зуугаар тоологдох хүүхдийн дуунууд, олны зүрх сэтгэлд хоногшсон уянгын дуунуудынх нь тухай асуухаар тэгсгээд л ярианыхаа үзүүрийг өөр тийш эргүүлчих юм.  
...Эрдэнийн тансаг юмдүүжин цэцгүүд
Ишин дээрээ найгавч элэгдэнэ шүү дээ
Энгэр зөөлөн хайрыг сэмрээх Оюунанаа бүсгүй
Элэг дэвтээм аашаараа эргэж дахин төрөхгүй шүү дээ
Сартай мөнгөрөх хонгорзул цэцгүүд
Салхиндаа ганхавчиг гандана шүү дээ
Унаган багын дурсамж задлах Оюунанаа бүсгүй
Уяхан зүрхний аалиараа ухаан бодлоос гарахгүй шүү дээ гэсэн яруу тансаг үгтэй, Ё.Сүхбаатарын аялгуу “Мартагдашгүй хайр” дуу нь Монголын радиогийн “Цагаан лавай” нэвтрүүлгийн уралдаанаас шагнал хүртэн ард түмэнд түгсэн билээ.

Монголын уран зохиолын их өргөөнд хөл тавиад бүтэн жаран илүүтэй хугацааг үдэж байгаа буурал найрагчийн “Тоогүй ч юм болов уу даа” дуу нь л гэхэд 50 гаруй жил дуулагдаж байгаа. Энэ дууг анх зохиогдоход дуулж байсан балчир хүүхдүүд эдүгээ 50 гарсан эмээ, өвөө нар болчихоод байгаа гэсэн үг. 
Ангирын зулзага 
Ангиртаа хөөрхөн
Ангаахай хүү нь 
Ижийдээ хөөрхөн... гэж эхэлдэг Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандахын аялгуу “Ижийдээ л хөөрхөн” дууг нь цэцэрлэгт байхдаа дуулж хэлд орсон багачууд дунд сургуульд дөнгөж ороод
Гарын аясыг дагаад
Галуун цуваанд үсрээрэй
Газраас өндөрт хөөрөөд
Баясалтайхан үсрээрэй ... гээд дуулж эхэлнэ. Монгол Улсын Гавьяат багш С.Батболдын аялгуу “Дээс дээс эргээрэй” дууг мэдэхгүй хүүхэд үгүй. Үе үеийн хүүхэд багачуудын сэтгэл зүрхийг эзэмдсэн энэ мэт дуун шувуухайнууд нь хэдэн зуугаар тоологдоно. Тиймээс эдүгээгээс арваад жилийн өмнө найрагч бээр хүүхдийн дуунуудаасаа шилж сонгон, эрхин тоогоор хэлхэн сондорлож “Нарны алтан жиргээн” ном бүтээжээ. Уг номын өмнөтгөлд Лодонгийн Түдэв багш нь “Хүүхдийн зохиолч Шаравын Бадарч XX зууны монгол хүүхдүүдийн дуулдаг олон сайхан дууг зохиож өгчээ. “Ботго”, “Тоогүй ч юм болов уу даа”, “Дээс дээс эргээрэй”, “Шагшаа хөөрхөн болжмор”, “Гэрэлт нарны хүүхдүүд” гээд олон арван дуу нь хоёр зууны турш дуулагдсаар байгаа юм. Цаашид ч улам ихээр дуулагдан алдарших болтугай” хэмээн урмын үгээ харамгүй хайрласан байдаг. Лодонгийн Түдэв гуайгаас энэ мэт магтаал сонсоно гэдэг баргийн хүнд олдохгүй завшаан, басхүү том үнэлэмж. Шаравын Бадарч найрагчийн даруухан өгүүлснээр Тү багш нь түүнийг хэд хэдэн удаа тоож, үнэлж байсан гэнэ. Ажил төрлийнх нь хувьд ч, уран бүтээлийнх нь тухайд ч тэр шүү дээ. Яруу найргийн “Задын чулуу” номынх нь өмнөтгөлд “Яруу найрагт эртний Монголын задын чулууны тухайд анхлан дуугарснаараа Ш.Бадарч яруу найрагчийнхаа эрхийг хамгаалав. Уламжлалыг шинэ нүдээр харж, шинэ чимэгтэйгээр өрнө гэдэг ховор чухаг олз мөн. Бадарчийн бичиж хэвлүүлсэн даруухан боловч учиртай хэдэн ном “Он жилүүдийн бодлын хэлхээ”, “Үүрийн зүүд”, “Задын чулуу”, “Нүүдлийн тогоруун цуваа”, “Мартагдашгүй хайрын уянга” зэргийг сайтар “онгичиж”, мөр шадаар нь бүртгэн үзвэл үе үе гялалзсан өнгөтэй, бадмаараг чулуун шигтгээ нэг бус удаа тааралдана” хэмээгээд элдэв цол гуншингүйгээр Л.Түдэв хэмээн дурайтал бичжээ. 


“Үнэн” сонин ба Түдэвийн школ
Ш.Бадарч найрагч Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв хэмээх Монголын оюун санааны ноён оргил болсон тэр их хүмүүний шавь болж, улмаар шадар туслахаар нь 10 жил ажиллах хувь тохиосон азтай нэгэн. Энэ бол түүний амьдрал, уран бүтээлийн алтан арван байжээ. Л.Түдэв гуайг “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр ажиллах хугацаанд 1986-1996 оны хооронд туслахаар нь ажилласан байна.        
Энэ тухайгаа тэрбээр “Би Түдэв эрхлэгчийн эрхшээсэн нэгэн арваны гэрч  болсон азтай хүн. Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхад маань Түдэв багш намайг авъя гэж дуудсан. Ингээд эхлээд “Үнэн” сонины Соёлын хэлтэст ажилласан. Алдарт шүүмжлэгч Г.Жамсранжав гуай манай хэлтсийн эрхлэгч. Тэдний хэлтэст эдүгээгийн Ардын уран зохиолч Ш.Дулмаа гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Лочин хоёр байсан. Өглөө ирээд шуурхайд орно. Манай хоёр гараад явчихна. Намайг асуувал ийшээ явсан гээрэй л гэнэ. Би шинэ сурвалжлагч. Гурав дөрвөн яам хариуцсан болохоор ачаалал  их. Долоо хоногийн төлөвлөгөөнд орсон ярилцлага, сурвалжилгаа бичнэ. Бас утсан дээр сууна. Цаастай зууралдаад сууж байтал Г.Жамсранжав гуай ороод ирнэ. Энэ хоёр хаачив гэж асуухаар нь “Өө тийшээ, тийшээ явсан” гэнэ. “Ерөөсөө ажил хийхгүй юм” л гэнэ. Тэндээ жил тойрон ажилласан” хэмээн өгүүлсэн. Ингээд “Үнэн” сонины Соёлын хэлтэст ажиллаад жил болсны дараа Ерөнхий эрхлэгчийн туслах болжээ. Л.Түдэв эрхлэгчийн үүдэнд сууна гэдэг том хариуцлага. Тэр үеийн “Үнэн” сониныхон дандаа нүдний шилтэй өвгөд байсан гэнэ. Магадгүй шинэ, залуу хүний нүдэнд тэгж харагдсан байх. Нормоор тавиад өгчихсөн юм шиг ижилхэн хүрэн эрээн хуванцар рамтай харааны шилтэй өвгөн сэтгүүлч нартай мэндлэхээр хариу дуугарах ч үгүй, “Эрхлэгч таныг дуудаж байна” гэхээр мөн хар цагаан дуугүй. Тэгээд цаас, үзгээ аваад Л.Түдэв эрхлэгчийн өрөө рүү ордог байсан гэнэ. 
Хөдөөний жирийн сэхээтэн тэр өндөр шаардлагатай хүний дэргэд ирээд өдөр тутмын хэмнэлийг нь гүйцэж ажиллана гэдэг чамгүй хичээл чармайлт шаарджээ. Ерөнхий эрхлэгчийн туслахаас гадна сонины Тамгын газрын даргын үүрэгт ажлыг хавсарч ажиллана. Тушаал, шийдвэр гаргана. Албан бичиг төлөвлөнө. Л.Түдэв эрхлэгч тэр рүү нэг бичиг явуулчихмаар байна гэнэ. Нөгөөхийг нь дөнгөж ноороглоод сууж байхад “За биччихсэн үү” гээд асуух жишээтэй. Маш хурдтай, сэтгэлгээ нь хүчтэй. Редакцын соёл, хандлага байтугай нийгмийн харилцаанд өөрчлөлт, шинэчлэлтийн салхи сэвэлзэж эхэлсэн 1980-аад оны сүүлийн хагаст Л.Түдэв эрхлэгч “Үнэн” сониныг эрс шинэчлэн, ардчиллын дуу хоолой болгосон гавьяатай. Тэр л он жилүүдэд Ш.Бадарч гуай туслахаар нь ажиллаж, олон арван үйл явдлын гэрч болжээ. Хамаг бүхэн хаалттай, хориотой байсан үед “Үнэн” сонин нийгэмд дуулиан тарьсан нийтлэлүүдээрээ олон ургальч байдал, ардчилсан үзэл санааг тунхаглаж байв. Тэр бүхнийг Л.Түдэв эрхлэгч оройлон манлайлж, удирдан чиглүүлжээ. Тэрбээр сонины нийтлэл, сурвалжилгуудыг уншиж, редакторлоно. Гарчигнаас авахуулаад бүгдийг нь танигдахгүй болтол засна. Улаан цоохор болгоно. Бүр зарим тохиолдолд тухайн нийтлэл, сурвалжилгын үндсэн санаа, баримт, эх сурвалжаас бусдыг нь дахин шинээр биччихдэг байсан гэнэ. Ингээд маргааш өглөөнийх нь шуурхай хурал дээр өөрийнхөө “бичсэн” юмыг магтан, мандуулна. Бүх хүнийг томилолтоор явуулна. Богд ууланд буга алаад байна. Тэрийг учрыг нь олж бичиж ир гээд Ш.Цэен-Ойдов гуайг явуулах жишээтэй. Сайд нарын Зөвлөлийн референт байсан хашир сэтгүүлч тийм юмны учир начрыг мэднэ. Ой хамгаалагчидтай уулзаж, газар дээрээс нь сурвалжилга бэлтгээд ирж. Тэр сурвалжилгаас зөвхөн баримтыг нь л үлдээгээд Түдэв эрхлэгч бүгдийг засаж, өөрөөр хэлбэл шинээр бичжээ. “Зарлигаар дархалсан ууланд зэрлэгээр халдах эрх олгожээ” гэдэг бол Тү эрхлэгчийн гарчиг гэнэ. Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” гэдэг алдарт нийтлэлийн гарчиг мөн л Түдэв эрхлэгчийнх. 
...Нэг өдөр “Үнэн” сонины Ерөнхий эрхлэгчийн туслах руу Богдын музейгээс ярьж байна гэнэ. “Танайд Дашбалбар гэж сурвалжлагч байдаг уу” гэж асууж. “Үгүй, тийм хүн байхгүй” л гэж. Дашбалбар гэдэг хүн Богдын музейн нууц архивт орж юм үзнэ гээд байна гэж музейнхэн хэлжээ. Энэ талаар Л.Түдэв эрхлэгчид танилцуулсанд учир нь олджээ. Л.Түдэв дарга О.Дашбалбар найрагчийг эхнээс нь тууштай дэмжиж, М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд явуулсан хүн. Тиймээс сургуулиа төгсөөд ирэхэд нь уулзаж, “Горькийд яваад ирсэн хүн чинь юу сурснаа үзүүлэх ёстой шүү дээ. Давай, үүнийг бич” гээд сэдэв хэлж өгчээ. “Номон дээр гишгэсэн алдас”, “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” зэрэг О.Дашбалбар найрагчийн гал цогтой нийтлэлүүд ийн мэндэлжээ. Богдын музей рүү баримт, материал үзэх гэж санал тавьсан нь ийм учиртай байж. 
Л.Түдэв эрхлэгч өөрөө гадагшаа томилолтоор явахдаа өөрийн туслах Ш.Бадарч гуайг дуудаж номын сангаасаа тодорхой эх сурвалж болсон номууд авчруулан тэндээс шаардлагатай эшлэл, баримт сэлтээ уйгагүй тэмдэглэж авдаг байж. Жишээ нь, “Болшой советский энциклопед”-ийн тэд дэх ботийг, дэлхийн энциклопедийн тэд дугаарыг аваад ир гэнэ. Ингэж бүх баримтыг өөрөө тэмдэглэж авч яваад, гадаадад очиж нүдээрээ үзэж, харж ирээд аян замын тэмдэглэл, эсээ нийтлэлээ бичнэ. “Нью-Йорк урт чацтай хот” аян замын тэмдэглэлээ тэгж бичсэн гэнэ. “Дорнодын салхи” гээд Хятадын тухай бичсэн нийтлэл нь ч тэгж л төржээ. Уг нийтлэлийг нь уншаад Ш.Бадарч гуай “Ингэж бичиж болдог юм байх даа” хэмээн сүрдэж, айж байсан гэнэ. 


Төрсөн бууцандаа очоогүй ч төрөлх Алтайдаа хоргодсон
Ш.Бадарч гуай Л.Түдэв эрхлэгчтэйгээ хамт төрсөн нутаг Говь-Алтай аймагт нь арваад удаа очжээ. Алтай нутгаар хөндлөн гулд олон явж. Тэгж явахдаа Тү эрхэгчийгээ төрсөн гэрийнх нь буурин дээр очуулах гээд чадаагүй аж. Хамгийн анх туслахаар нь ажиллаад удаагүй байхдаа 1987 онд Л.Түдэв эрхлэгч түүнийг дагуулан нутагтаа очжээ. Аймаг, орон нутгийн удирдлагууд ч сайхан хүлээж авч. Тухайн үед Говь-Алтай аймгийн даргаар Улс төрийн товчооны гишүүн, Улаанбаатар хотын Намын хорооны дарга байсан Л.Лантуу ажиллаж байв. Тэрбээр Л.Түдэв эрхлэгчээс баахан эмээнгүй байх юм гэнэ. Тиймээс туслахынх нь хувьд Ш.Бадарч гуай руу л ярина. Тэрбээр “Байр, хоол нь давгүй юу. Түдэв даргад юу хэрэгтэй байна. Ахдаа хэлээрэй. Бид бүгдийг нь зохицуулж өгнө шүү. Бид уг нь чацуу юм л даа. Гэхдээ цаадах чинь том хүн, номтой хүн, ухаантай хүн учраас би жаахан эмээгээд байдаг” гэж байжээ. Тэгж очихдоо Л.Түдэв эрхлэгчтэйгээ  хамт бага насаа өнгөрүүлсэн олон газраар нь хамт аялсан аж. Энэ тухай Ш.Бадарч найрагч сэтгэл хөдлөн дурссан юм. 

-Говь-Алтайд очоод хүний туслах байна даа, эрхлэгчийгээ төрсөн гэрийнх нь буурин дээр нь аваачъя гэж бодсон. Тэгээд эрхлэгчийг гуйгаад зөвшөөрүүлж чадаагүй. Бурхан Буудайн ар хормойд байдаг Мишигийн Цэдэндоржийн буурин дээр намайг дагуулж очсон. Өөрийнх нь төрсөн бууц Халиун сумаас хойшоо юм билээ. Тү эрхлэгч надад ойлгуулахдаа эхлээд машинаар явна. Тэгээд цаашаа намаг шалбаагтай, хад асгатай тул машин явах аргагүй. Тиймээс мориор явах ёстой гэж байв. Хоёулаа бууцан дээр чинь очъё. Аймгийнхан номхон морь гаргаж өгнө гэсэн шүү гэж хэлсэн чинь цааргалаад байсан. За хоёулаа явлаа гэж бодъё. Очсон хойноо буйраа олоо ч уу, үгүй ч үү гэсэн. Тэгвэл хоёулаа ингэж тохиръё. Таны ээжийг аваад очъё. Ээжээрээ та заалгачих л даа гэсэн чинь “За яах вэ, тэгж болох юм” гэж байсан. Тэр үед ээж нь сэрүүн тунгалаг байсан л даа. Түдэв эрхлэгчийн зарим намтар дээр хуучин нэгдэл байгаад тарсан тэр газарт төрсөн гэж байдаг. Тэр газраар оръё гэж аймгийн дарга нарт би хэлсэн юм. Тэнд нь очлоо л доо. Тэгсэн “За яах вэ, би энд багадаа ноос тушаах гэж ирдэг байлаа шүү дээ. Тэрнээс төрсөн газар маань биш” гэж байсан. 
-Багадаа хонь, хурга хариулж явсан нутаг нь л байж дээ? 
-Би энд хонь хариулж явсан гээд л надад ярина. Тэгээд яг тэр бэлчээр дээрээ очиж байсан. Говь-Алтай аймаг руу урд талаас нь ороход нэг жижиг гүвээ давдаг. Эрхлэгч “Манайх энэ гүвээний цаад талд өвөлжиж, хаварждаг байсан. Би энэ гүвээгээр давж сургуульдаа ирдэг байлаа. Тэрүүхэн доод талд хүн тавьдаг байсан юм. Тэрнээс их айдаг байсан” гээд л ярина. Гүвээний цаахан дор хүн чулуу байгаа гээд л. Өөрөө хүн чулуу их сонирхоно л доо. Би энд хонь хариулдаг байсан гээд машинаасаа буугаад намхан толгой дээгүүр намайг дагуулж алхаад л. 
-Нутагтаа очоод сэтгэл нь их хөдөлсөн байх даа? 
-Бид хоёр буцахдаа онгоцонд зэрэгцэж суугаад явж байгаа юм. Онгоц аймгийн төв дээгүүр баруун урдаас зүүн хойшоо нисэж өнгөрдөг. Мань хүн цонхон талд суучихсан, би наана нь. Түдэв эрхлэгч цонхоор аймгийн төвөө хараад л яваад байсан. Юу бодсон юм, яагаад ч тэгсэн юм. Нүдний шилэн доогуур нь нулимс мэлтрээд ирэхэд надад мэдэгдэхгүйгээр өндгөөрөө дээш нь сөргүүлж арчиж суусан. Тэгэхэд хүний нутаг гэдэг ямар агуу юм, ямар үнэ цэнтэй, ямар нандин юм бэ гэдгийг би мэдэрсэн. Тү эрхлэгч тийм ч уяхан хүн биш шүү дээ. Ер нь чанга талдаа хүн. Надад “Би арваад жил нутагтаа ирээгүй” гэж хэлж байсан л даа. Тийм агуу Түдэвийн нулимсыг унагана гэхээр нутаг гэдэг агуу. Сүүлд депутат болох гээд, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд гэх мэт эрхлэгчтэйгээ олон удаа Алтайд нь очсон доо.


Гавьяатуудад жигүүр ургуулсан буурал багш
Ш.Бадарч найрагч бид хоёр ийнхүү Лодонгийн Түдэв хэмээх их хүмүүний тухай дурсамж сөхөн хуучлав. Тэрбээр “Монгол Алтай” гэж шүлгээ Л.Түдэв эрхлэгчдээ зориулжээ. Уг шүлгийг Л.Түдэв гуай өөрийн номууддаа оруулж хэвлүүлсэн байдаг аж. Ш.Бадарч найрагч дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайтай багш, шавийн барилдлага тогтоон, ойр дотно явснаа бас дурсав. Мишигийн Цэдэндорж гуай тэр хоёрын тухай дурсамж хуучийг нь сийрүүлбэл үлэмжхэн цаг, цаас хэрэгтэй. 1954 оны есдүгээр сарын 1-нд Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орсноо тэрбээр дурсана. Тэгэхэд бага сургуулийн шинэ байрны нээлт болж, “Маршал Чойбалсангийн хоёр удаагийн шагналт яруу найрагч Дашзэгвийн Сэнгээ шүлгээ уншина” хэмээн зарлахад Д.Сэнгээ гуай “Цолмон” гэж шүлгээ баргил бүдүүн хоолойгоор уншиж байсан нь ой тойнд нь зураглагдан үлджээ. Яруу найрагт, уран зохиолд шунан дурлахын эхлэл нь тэндээс үүдэлтэй байж ч мэднэ. 
Хожим Ш.Бадарч найрагч Жаргалантын сургуульдаа багшилж байхдаа “Хөдөлмөр” сонинд анхны шүлгүүдээ хэвлүүлэн уран бүтээлийн замд оржээ. Тэрбээр 1980-аад оны эхээр Төв аймгийн утга зохиолын нэгдлийн эрхлэгчээр ажиллаж, олон арван залуусыг уран бүтээлийн замт хөтөлсөн гавьяатан. Түүний шавь нар өнөөдөр Монголын уран зохиол, сэтгүүл зүйн салбарын түүчээ нь болсон авьяас билигтнүүд. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан, “Өдрийн сонин”-ы ерөнхий эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Мягмарсүрэн, Төрийн шагналт зохиолч, нийтлэлч Б.Цэнддоо, хурдан морь судлаач, сэтгүүлч Ш.Ганхуяг, 1980-аад оны уран зохиолын ертөнцөд цахиур хагалсан “Гал” нэгдлийн түүчээ болсон нэрт яруу найрагч Д.Цогт, Монгол Улсын Гавьяат хуульч, яруу найрагч, сэтгүүлч Ш.Сүхбаатар гээд дурдахад хангалттай. Энэ олон алдар гавьяатнуудад найраг шүлэг, эрдэм номын жигүүр ургуулан, алган дээрээсээ нисгэсэн ачит багш нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч, хүүхдийн зохиолч Шаравын Бадарч билээ.  
Буурал найрагчийнд одод түгтэл хуучилж суугаад гарахад Сэлбийн голыг сэлбэдэг сэргэлэн бяцхан горхи харанхуйг сүлэн урсахуй, 
“Багш та
Амьдралд оч харвуулдаг хүчтэн
Ус мөрнийг
Далайд үдээд
Байрандаа үлддэг уулс юм” гэсэн Шаравын Сүрэнжав найрагчийн алдарт найраглалын мөрүүд санаад орно. 

Г.Сонинбаяр

Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/


0
angry
1
care
0
haha
5
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 3 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 3 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 4 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 4 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22