ТЭМДЭГЛЭЛ
Зууны манлайн хөшөөнөөс дууны манлай ундарна
Дуулим их говийн хаяанаас, дурдан хөх тэнгэрийн цээлнээс энэхэн дэлхий дахиныг, илхэн бүхий амьтан бүгдийг мөхдөлгүй ивээгч наран урган мандав. Их газрын чулуу хэмээх байгалийн хосгүй урлал, төгс гоо сайхан бүтээл нүд, сэтгэл баясган тодорлоо.
Зээ,
Уяхан замбуутивийн наран
Энэхэн бүхий дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандан мандсаар чиг билүү…
Уртын дуу ийн шуранхайлж, уяхан замбуутивийн нараа угтав. Монгол Улсын Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид, уртын дууч, морин хуурчид их дуучийнхаа нэрэмжит уртын дууны цогцолбор хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, “Уяхан замбуутивийн наран” уртын дуугаа шуранхайлуулан зуны адаг сарын 26-ны өдрийн өглөөний ургах нарыг угтав.
Эдүгээгээс 17 жилийн тэртээ 2006 онд Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуун хөшөөт цогцолборыг бүтээн сүндэрлүүлсэн түүхтэй. Уг хөшөөг Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмидийн зураг төслөөр бүтээн залжээ. Хөшөөг байгуулах газрыг Н.Норовбанзад дуучны охин Б.Дэлгэрмаа олж товлосон бөгөөд Шашны дээд сургуулийн захирал, гавж Ш.Сонинбаяр ламтан уг газрыг үзээд ихэд олзуурхан таалсан гэнэ. Үнэхээр их дуучийн нэрэмжит гэрэлт хөшөө сүндэрлэн боссон Их газрын чулууны баруун урд үзүүрт эргэн тойрон харууц сайтай энэхүү товцог толгой дээрээс эргэн тойрны бараа алган дээр тавьсан мэт илхэн харагдах ажгуу. Баруун урагш халиахад Н.Норовбанзад гуайн эхээс унасан бууц Сүүдэртийн улаан овоо хараа бараандаа торолзоно. Нутгийн зон олон бол энэ толгой дээрээс эргэн тойрны уулс толгодоо нэрлэн тоочин хэлэх ажээ. “Уяхан замбуутивийн наран” уртын дууны эхний бадгийг босоо монгол бичгээр, дундад эртний тигээр гоёмсог сийлсэн чулуу бүхий гэрэлт хөшөөнд газар газрын дуучид заавал ирж мөргөдөг болсон гэнэ. Тиймээс нар угтах ёслолд ч олон арван дуучин хүрэлцэн ирж “Уяхан замбуутивийн наран”-д түрлэг өргөсөн юм.
Их газрын чулуунд хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын нэгэн гайхамшигт агшин алдарт дуучин Намжилын Норовбанзадын нэрэмжит уртын дууны гэрэлт хөшөөнөө нар угтах ёслол байв. Их газрын чулуун дундаас говийн улаан наран алгуурхан цухуйх агшнаа гэрэлт хөшөөнөө хуран цугларсан дуучид мэндийн цэнхэр хадгаа дэлгэн “Уяхан замбуутивийн наран” дууг шуранхайлуулж, наадамчин олон түрлэг нэмэн хурайлах нь ер бусын мэдрэмж төрүүлнэ. Дараа нь Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид ая дууны хадаг өргөж, дууны овоогоо тойрон гороолж, хүндэтгэл үзүүлснээр ёслол бэлгэ дэмбэрэл дүүрэн сайхан жаргав.
Уртын дууны шуранхайд өлгийдүүлэн мандсан өглөөний нэр ер бусын гоо үзэсгэлэнтэй. Их газрын чулуу газраас ургасан чулуун цэцэг мэт, зүрхний соронзон бичлэг шиг, хөгжмийн хэмнэл заах долгион лугаа адил харагдана. Ерөөс энэ л газар нутаг яах аргагүй дуу хуурын авшиг, шүншигтэй орон хангай ажээ.
Байгалийн тайзнаа дэглэсэн “Их хүндэтгэл”
“Уяхан замбуутивийн наран” уртын дуу гурван өдөр эгшиглэж, уул тал, хангай, говио баясган шуранхайлав. Үзсэн хүмүүний нүд баясаж, сонссон хүмүүний сэтгэл сэргэх сайхан наадам Их газрын чулуунд болов.
Наадмын эхний өдөр Их газрын чулуун дахь задгай театрт Эрдэнэт хотын хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчдийн “Эрт урьдын цагт” хүүхдийн тоглолт болж, орой нь Н.Норовбанзадын нэрэмжит Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Их хүндэтгэл” тоглолт байгалийн задгай театрыг жинхэнэ доргиов. Хурсан олныг ёстой л огшоосон тоглолт бэлджээ. Яах аргагүй дуу хуурын өлгий Дундговь аймгийнхан гэдгээ харуулсан. Тоглолтын эхлэл хэсэг эртний баатарлаг түүх, эзэн Чингисийн суу алдрыг сануулсан зохиомжтой. Монголын эзэнт гүрний үед зохиогдсон хэмээдэг “Тэнгэрийн салхи” дуу энэ хэсгийн шигтгээ байв.
Тэнгэрийн салхи тэгш үгүй
Төрсөн бие минь мөнхөршгүй
Мөнхийн рашааныг хэн хүн уулаа даа?
Мөнөөхөн чөлөөнд жаргая биедээ
Огторгуйн салхи оосор үгүй
Олсон бие минь мөнхөршгүй
Мөнхийн рашааныг хэн хүн уулаа даа
Мөнөөхөн чөлөөнд жаргая биедээ хэмээн дуулах нь Их газрын чулууны задгай театрын тайз, чулуун дэлгэц, ханан хадны гэрэлтүүлэг сэлттэй хоршин найрсаж, монголчуудын баатарлаг эмгэнэлт түүхийг сануулна. “Их хүндэтгэл” тоглолт Төв халхын дуулалт жүжгийн театрынхны дуу, бүжгээр эхэлж, хоёр дахь хэсэгт нь уригдан ирсэн уран бүтээлчдийн тоглолтоор үргэлжилсэн. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Би монгол хүн”, “Монголын тал нутаг” хоёр дуугаа дуулж үзэгчдийн хөөрлийг дээд цэгт нь хүргэсэн бол Гавьяат жүжигчин, хийлч Ч.Дэлгэрцэцэг буюу Дээгий тоглолтын бас нэг шигтгээ байв. Тэрбээр Гавьяат цол хүртсэнийхээ дараа анх удаа аавынхаа нутагт ирж ийнхүү байгалийн задгай тайзнаа үзэгчидтэйгээ уулзаж байгаагаа хэлсэн юм. Чулуун тайзны акустик гайхамшигтай, чавхдаст хөгжмийн аялгуу уяралтай. Мөн Дундговь нутгийн хүү, дуучин Ө.Цэрэнчунт өрнийн сонгодгийг цангинуулахуй Их газрын чулуунд биш дуурийн театрт суугаа мэт мэдрэмж төрнө. Ийнхүү Монголын сонгодог урлаг, рок, поп урлагийнхан Их газрын чулуунд хуран чуулжээ гэмээр. Шөнө дүл хүртэл нижигнэсэн “Их хүндэтгэл” тоглолт DJ шоугаар үргэлжилж үүр цайлгасан билээ. Говь тал нутагт үүр манхайн цайж, мөхдөлгүй мандагч гараг эрхэс шижир туяагаа асгахуйд эхэнд өгүүлсэнчлэн “Уяхан замбуутивийн наран” шуранхай хадаасан нь тэр билээ.
Дээд амжилт тогтоосон дээж найрын дугараа
“Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын хоёр дахь өдөр 3000 морин хуурч, уртын дуучдын тоглолт үнэхээр гайхамшиг гэдгийг харуулав. Их дууч Ж.Дорждагва, Н.Норовбанзад нарын нэрэмжит байгалийн задгай театрт Дундговь аймгийн 15 сумын төлөөлөл уртын дуучин, морин хуурч, бүжигчин, ардын авьяастнууд зэрэг 3000 шахам уран бүтээлч “Нар нь нүүдэллэсэн тэнгэрийн аялгуу” уртын дуу, морин хуурчдын нэгдсэн тоглолт хийсэн нь энэ. Мөн Дундговь нутгийн уран бүтээлчид төдийгүй Монгол орны өнцөг булан бүрээс уртын дуучид, морин хуурчид Их газрын чулууг зорин ирж байгалийн задгай театрт ая эгшгээ өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Ардын жүжигчин А.Дашпэлжээ, А.Нэргүй, Гавьяат жүжигчин А.Дунжмаа нарын ах дүү гурван алдартан, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг, Соёлын тэргүүний ажилтан Ц.Отгонцэцэг нарын эгч дүүс, Гавьяат жүжигчин Ц.Өлзий-Орших, С.Цогтсайхан гээд дуу хуурын өлгий нутгийн бахархал болсон уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв. Их газрын чулууны задгай театрын тайз хийгээд тайзны ар, өвөр, хоёр жигүүрийг дүүргэсэн уртын дуучид, морин хуурчид дуулж, хуурдан, Төв халхын дуулалт жүжгийн театрын бүжигчид монгол бүжгийн гайхамшгийг үзүүлсэн нь бахархал омогшил төрүүлэв. Дундговьчууд ийнхүү Их газрын чулуундаа 3000 уртын дууч, морин хуурчийн тоглолт дэглэсэн нь анхных биш. Дөрвөн жилийн өмнө 2019 онд “Уяхан замбуутивийн наран” анхдугаар наадмыг амжилттай зохион байгуулж, мөн энэ тооны уртын дууч, морин хуурчдыг цуглуулж чадсан юм. Нэг аймаг 3000 уртын дуучтай, тэднийг нэг дор цуглуулан шуранхай хадаана гэдэг бас л нэгэн бахархал. Аргагүй л Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Д.Дорждагва нарын шуранхайг таслаагүй яваагаа дундговьчууд ийнхүү харуулав. Нөгөө талаар энэ бол үндэсний соёл, ёс заншлаа дээдлэн хадгалж, дэлгэрүүлэн хөгжүүлэх их үйлсэд хошуучлан яваагийн илрэл юм.
Шилдэг эвентийн шинэ жишиг тогтоов
Энэ жилийн “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмыг үзэхээр 40 гаруй мянган хүн Их газрын чулуунд хуран чуулсан ажээ. Бүхэл бүтэн нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны наадамчид Их газрын чулуунд гурван өдөр хуран цуглаж, дуу хуурын гайхамшгийг мэдэрч бахадсан гэсэн үг. Дээр дурдсанчлан Их газрын чулуу задгай тайзнаа гол том тоглолтууд болсноос гадна, “Их газар”, “Бага газар” асруудад урлаг, соёлын тоглолт болж, чөлөөт хөгжимтэй чилл орчныг бүрдүүлсэн байв. Тухайлбал Зууны манлай уртын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлчид “Нарны хүүхдүүд” нэгдсэн тоглолтоо хоёр өдөр дараалан толилуулсан. Мөн Эрдэнэтийн Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлчид “Эрт урьдын цагт” хүүхдийн тоглолтоо Их газрын чулуу задгай театрын тайзнаа амилуулсан юм. Ийнхүү аливаа наадам, фестиваль зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан урлагийн тоглолт, үзэсгэлэнгээр хязгаарлагдаг бол дундговьчууд “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадамдаа хүүхэд, багачуудад зориулсан хөтөлбөрийг багтаасан нь олзуурхууштай. Мөн залууст зориулан чөлөөт хөгжимтэй орчныг бүрдүүлсэн нь наадмын хоёр өдөр олны очих дуртай газар байсан юм.
“Айрагны амт” адуун соёлын үзүүлбэр, “Нүүдлийн өв соёл” дөрвөн улирлын гэр музей, үндэсний спорт наадгайн үзүүлбэр, “Говийн цагаан шувуу” гудамжны хоолны худалдаа, “Уран үгсийн чуулган” яруу найргийн цэнгүүн гээд бүхий л үйл ажиллагааг маш сайн төлөвлөн зохион байгуулжээ. Зөвхөн урлагийн тоглолтуудад л гэхэд Үндэсний урлагийн их театрын 300 уран бүтээлч оролцсон гэхээр хэр нүсэр, том наадам болсон нь ойлгогдоно. Ерөөсөө Соёлын яамны хийж чадаагүй, сэдэж сэтгэж амжаагүйг ийнхүү дундговьчууд хийлээ. Хийх хийхдээ үлгэр жишээ, жишиг загвар болохоор сайхан зохион байгууллаа. “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадам улам улмаа өргөжин тэлж, гадаадын жуулчдын үзэх дуртай эвент болох нь тодорхой. Уг наадмыг хамгийн олон хүн цуглардаг урлагийн наадам болох нь гэдгийг нэг бус хүн хэлж байв. Энэ жилийн наадмыг үзсэн олон хүн дараагийнхад нь заавал ирнэ гэсэн сэтгэгдэлтэй буцсан гэдэгт эргэлзэх юмгүй. Сайтар бодож, сайн төлөвлөсөн энэхүү урлагийн их наадмын зохион байгуулалтын зах зухаас дурдахад худалдаа, үйлчилгээний гудамж, хоолны асрууд, майхан барих чөлөөт бүс, отоглох цэг зэргийг хангалттай төлөвлөжээ. Майхан түрээслэх үйлчилгээ, хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь санаа авууштай шийдэл болж чадсан. Үүн дээр нэмж хэлэхэд уран бүтээлчдийн отог, зураачдын асрыг хүртэл мартаагүй аж. Автомашины зогсоол, нийтийн бие засах газруудыг төлөвлөж байршуулсан ч хүрэлцээ, хангамж талаасаа учир дутагдалтай байсан нь ийм олон хүн ирнэ гэж төлөвлөөгүйтэй нь холбоотой байх. Үүнийг дараа дараагийн наадамдаа бодолцох биз ээ. Юутай ч “Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмаараа дундговьчууд шилдэг эвентийн шинэ жишгийг тогтоов. Энэ наадам цаашид уламжлал болон зохиогдоно. Илүү олон хүн зорьж ирдэг болно. Гадаадын жуулчид ялангуяа Монголын говийг зорин ирэх нэг том шалтгаан нь Их газрын чулуу, “Уяхан замбуутивийн наран” хоёр болох байх аа.
Монголд зочлох жилүүдийн эхэнд ийм том урлаг, соёлын наадмыг хийж байгаа нь ингэж бодоход хүргэж байна. Их газрын чулуу их урлагийн тайз болсон өдрүүдэд “Уяхан замбуутивийн наран” түрлэг дүүрэн шуранхайлсаар байсан билээ.
Г.САНЧИР
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна