1999 онд Дэнжийн мянгад өссөн гурван хүү дуу хөгжимд татагдаж, хип хоп хөгжмийг судлан, хэд гурван үг холбож, өргөн өмд, томдсон гуталтай гудамжаар алхаж явна. Яг тэр үед Монголд хип хоп хөгжмийн урсгал залуусын дунд моод болж, өргөн өмд, юүдэнтэй цамцаар гангардаг байсан цаг үе. Сайн, муу дуутай 10 гаруй хамтлаг байгуулагдсан байв. Монголд хип хоп үүссэн тухай ярихын өмнө “Хар сарнай”, “Хар тас” хамтлагийг дурдахгүй өнгөрч огт болохгүй. Анхны реп өнгө аясыг гаргасан дээрх хоёр хамтлаг тухайн үедээ л хип хоп байлаа. Харин 1996 оноос жинхэнэ хип хоп хамтлагууд байгуулагдаж эхэлсэн нь “Дайн ба Энх”, “Эрх чөлөө”, “Люмино”, “Ice Top”, “Цагаан гавал”, “2 хүү”, “Мон Та Реп”, “BB Chain”, “1 хороолол” гээд л хөвөрнө. Эдний араас “Татар”-ынхан залуусыг байлдан дагуулж эхэлсэн. Хүсэл зорилго нэгдсэн залуус, дуу хөгжимд татагдан орж, анхны дуугаа гаргаж байжээ. Харин тэд өнөөдөр 20 жилийн ойн тоглолтоо хийх гээд догдлол дүүрэн завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Тийм ээ тэд бол “Татар”...
Он цагийн хэлхээс
2003 оноос хойш дуу хөгжмийн салбарын томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд Монгол Улсаас гаднын зах зээлд уран бүтээлээ олон улсын худалдааны тухай хуулийн дагуу (TATAR album, Second album нь оюуны өмчийн Jasrac-аар баталгаажиж Япон улс, цаашлаад дэлхийн зах зээлд борлуулагдаж байна) борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг юм. Монголдоо анхдагч фэн клуб, цомгийн өдөрлөг, гадаад зах зээлд чиглэсэн үйл ажиллагаа, тухайн үедээ дууг дүрсжүүлж клипжүүлэн илэрхийлэх, утга илэрхийлэл дууны шүлэг райм, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хамтлагаас эрхгүй ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан билээ. Тэдний түүх хөрш айлынхаа эвдэрсэн машин дотор бэлтгэлээ хийж, ангийнхаа самбар дээр “ТАТАР ХАМТЛАГ” гэж бичсэнээс эхэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө анхны дуугаа “Сонор” студид бичүүлж, албан ёсоор хамтлаг болсноо зарлаж байлаа. Түүнээс хойш тасралтгүй “Хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа”, “Хамтдаа”, “Эсрэг өдөр”, “Жаргалтай хос” тэргүүтэй 80 орчим уран бүтээлийг 20 жилийн хугацаанд сонсогч фэнүүдийнхээ хүртээл болгожээ. Үүнээс 90 хувь нь хит дуу бөгөөд фм, радиогийн хит парадад тогтмол дээгүүр жагсдаг юм. Мөн “TATAR”, “SECOND ALBUM”, “ГАНЦААРАА”, “FREEDOM” гэх дөрвөн цомог гаргаснаар олонд хүлээн зөвшөөрөгдсөн хип хоп хамтлаг болов. Тэд хамтлагаа байгуулаад жил ч болоогүй анхны “Татар” цомгоо гаргаж, фм, радиогийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж эхэлсэн. Тухайн жилдээ “Хайрыг хүндэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийж, заал дүүрэн үзэгчдийн алга ташилтад урамшин дуу хөгжмийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавив.
Тэдний гаргасан уран бүтээл бүхэн сонсогчдын дунд хит болж, 2005 онд “Lumino” хамтлагтай хамтран “To Night”, 2006 онд “Бороонд ганцаардах”, 2013 онд “Нөлөөллөөс дээгүүрт”, 2018 онд 15 жилийн ойн тоглолт зэрэг олон ч том тоглолтын ард гарчээ. Ингэхдээ “Татар”, “Second album” цомгоо дэлхийн хөгжмийн зах зээлд албан ёсны эрхтэйгээр борлуулж чадсан анхны хип хоп хамтлаг болж байлаа. Хип хоп хөгжим сонирхогчид тэднийг дэлхийн хамтлаг болоход нэг хуруу дутсан гэцгээдэг. Гэхдээ одоо ч тэдний дуу нэлээд хэдэн оронд эгшиглэсээр байгаа билээ.
Хамтлагийн уран бүтээлчид дуу хөгжмөөс гадна кино урлагийн салбарт хүч сорьж, 2006 “Аз жаргал The bad boy” уран сайхны киног бүтээсэн нь үзэгч, сонсогчдоос чамгүй өндөр үнэлгээ авсан. Тэдний өнгөрсөн 20 жилийн хугацаанд хийсэн бүхэн Монголд хип хоп хөгжмийн урсгал хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэхэд маргах хүн байхгүй биз ээ.
“Анхны тоглолтоо хийх үедээ супер дампуурч байлаа” гэж хөгжилдөх “Татар”-ынхны хамгийн ажил хэрэгчээр дуучин Д.Батзаяа /Заяа/, Ч.Жаргалсайханыг /Жагаа/ нэрлэж болох юм. “Татар” хамтлагийн гишүүдийн үнэ цэн юунд оршдог вэ гэх асуултад “20 жилийн турш оршин тогтносон шалтгаан бол сонсогчид минь байсан. Үүнд л манай хамтлагийн хамгийн том амжилт, үнэ цэн оршино” гэсэн юм. Тэдний дуулсан дуу бүхэн утга агуулгатай. Жишээ нь, “Хайрыг хүндэл”. Уг дууны утга санаа нь “Чи энэ дэлхий дээр ганцаараа амьдраагүй. Тиймээс бусдын хайрыг хүндэлж чадвал чи өөрөө аз жаргалтай болно. Төрсний утга учир нь энэ юм” гэх агуулгатай. Тэд дууныхаа шүлэг, аяыг өөрсдөө бичиж, хийдэг бөгөөд гол мастер нь Заяа. Шүлгээс жишээ авъя л даа. 2001 онд бий болсон “Ганц олдох насандаа” дууны шүлгийн эхний бадгийн үгийг сонирхуулъя.
Бид өөрсдийн амьдралын тодорхой нэг хэсгийг тууллаа
Тэгээд ч бид гурав бодсон санаснаа дууллаа
Энэ дууг дуулсан бидний нэр ТАТАР
Бидний дууг сонсоод үз, наашаа анхаар
Нэгдүгээр бадаг
Ганц олдох насандаа сайхан амьдраад ухьe дээ тавь жаран жилийн дараа бидний нуруу бөхийнө дөө
Биe биeдээ жаргал хүсч энэ хорвоог илээ гэлээ ч жам нь ирэхээр нүд амар хорвоог орхих билээ
Та бид хэзээ хорвоог орхин одохыг мэдэх аргагүй бүхнээсээ өөрийгөө хамгаалж сэргийлж явна гэдэг нь баараггүй
Гэнэтийн осолд орлоо гэж хар дарж зүүдлээд сэрдэг цаг бусын үхэл хагацал яг тэгээд ингээд ирдэг
Үхэх цагаа мэднэ гэдэг нь тэр нь түүний ид шид нь цааз авсан ялтан тэд нь үхэх цагаа мэднэ
Нэгэнт үхэл чам дээр ирсэн бол хүнд хар ачаа хөнгөрөө энэ хорвоод амьдарч сайн сайхныг үзэхээсээ өнгөрөө
Амьдарч чадахгүй нэг нь чадах нэгнээ доош нь зулгаана татна санаа муут яван хатна cарьсан багваахай наранд хатна
Хайрлаж хайрлуулж амьдарч явсан хүмүүс яaхав харин хөөрхий санаа муут үхэхийн цагт өмхий амаа барина.
“ТАТАР”ЫН ТУХАЙ СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ
1. MTV-гийн “Оддын гэрээр” нэвтрүүлэгт 50 cent-ийн гэрээр зочлоход баахан цомог дундаас “Татар”-ын цомгийг гаргаж ирээд “Энэ бол жинхэнэ хип хоп ази хамтлаг” гэсэн гэдэг. Үнэхээр бахархмаар.
2.“Татар”-ын Д.Батзаяа 1984 оны дөрөвдүгээр сарын 8-нд төрсөн бол Ч.Жаргалсайхан, Д.Мөнхчулуун нар 1984 оны тавдугаар сарын 8-нд төржээ. Үүнийгээ тэд “учрал” гэж бэлгэшээдэг.
3.“Бороо”, “Ганцаараа” гэсэн хоёр дуу нь цуврал бөгөөд эзэнтэй. Тухайн үед нэгэн охинд зориулж энэхүү дууг гаргасан аж.
4. “Хайрыг хүндэл” дууны зохиогчийн эрхийг “Якамото сан”-гаас “Татар” хамтлагийн нэр дээр 2005 онд 60 мянган ам.доллараар худалдан авч байлаа.
5.Хип хоп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа “Татар”-чууд хамтлагийнхаа 20 жилийн босгон дээр буюу наадмын өмнө Соёлын тэргүүний ажилтан болжээ.
6.Хамтлаг байгуулах тухай яриа анх 1999 онд гарчээ. Заяа, Жагаа, Мөөгий нар анх бүжгийн хамтлагт байсан юм. “Cypress Hill”, “House of pain” зэрэг хамтлагийн хөгжим дээр брейк бүжиглэж, толгойн дээрээ эргэж явжээ. Хамтлагийн гишүүн Б.Батзаяа анх энэ үзүүлбэрээрээ “Ирээдүйн мангас” гэсэн нэвтрүүлэгт орж байжээ.
7.Анхны тоглолтоо 2003 оны дөрөвдүгээр сарын 23,24-нд хийж байлаа. Тухайн үед залуучууд “Бусдын хайрыг хүндэл” дуугаар хамтлагийг мэддэг болоод байсан үе. Энэ дуу цацагдсан даруйдаа шуугиан тарьж чадсан юм.
8.Тэдний анхны “Татар” цомог 17 мянган ширхэг зарагдаж борлуулалтаараа тэргүүлж байжээ. Энэ цомогт “Бусдын хайрыг хүндэл”, “Бороо”, “Ганцаараа” зэрэг хит дуунууд нь багтсан байдаг.
9.“Татар”-чууд Японы алдарт реппер “AK-69”-тэй хамтарсан “Aint no stopping” дууг олны хүртээл болгосон.
10. Тэд 2006 оны зургадугаар сард “Улаанбаатар палас”-ын гадаа талбайд хийсэн “Бороонд ганцаараа” тоглолтоороо 25 мянган үзэгч цуглуулж, тухайн үедээ дээд амжилт тогтоож байлаа.
Б.Мөнхзул
Эх сурвалж: Монголын үнэн сонин №030/24561/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна