1980-аад оны дүрслэх урлагт салхи оруулагчдын нэг нэрт зураач Ганган Дармаа


1980-аад онд Монголын дүрслэх урлагт шинэчлэлийн салхи сэвэлзүүлсэн зургаан зураач бий. До.Болд, Ё.Өлзийхутаг, С.Элбэгдорж, Б.Пүрэвсүх, Д.Гунгаа Ж.Дүйнхоржав, О.Дарамбазар гэсэн хэдэн хүнийг ахмадууд болон залуу үеийнхэн тэгж дүгнэдэг. Тэдний нэг болох Монголын  урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, зураач О.Дарамбазарын урланд зочлох боломж тохиолоо. “Болор цом”-ын эзэн яруу найрагч, зураач М.Амархүү надад уг боломжийг олгосон хэрэг. 

Өглөө 10:00 цагт очиход мань эр тамхиа баагиулчихсан өрөөндөө хүлээж суулаа. Жижигхэн хэрнээ цэгцтэй өрөө. Мэнд мэдэхийн хажуугаар өрөөг нь тойруулж харлаа. Зарим бүтээлээс нь гадна нэг буланд шалнаас тааз хүртэлх тавиур дүүрэн ном байх юм. Хар багаасаа л ном их уншсан тухайгаа хүүрнэж гарав. Бас хоёр шатар байна. Тун сайн тоглодог болохыг М.Амархүү найрагч хачир болгож хэлээд “Монголын урчуудын эвлэлийн шатрын аварга болж байлаа шүү дээ” гэв. “Бүтээлч урлан”-гийн ээлжит зочин О.Дарамбазарын ярилцлагыг хүргэе.

-Таны бага наснаас яриагаа эхлүүлэх үү?

-Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн. Зургаан настайдаа хотод орж ирээд зураачидтай ойр өссөн хүн. Зураачдын хашаанд буучихгүй юу, манайх. Ингээд зургаан настайгаасаа хойш зураач, барималчдын дунд өслөө. Найман настайдаа сургуульд орж, долдугаар анги төгсөөд Хөгжим бүжгийн дунд сургуулийн зургийн ангид орсон. Энэ бол миний зураач болох эхлэл юм.

-Яагаад зураач болсон нь ойлгомжтой юм байна. Зураач, барималчдын дунд өсөхөөр нөлөөлөх нь тодорхой биз?

-Тийм байх. Яг дүрслэх урлагт хөл тавьсан нь дөрөвдүгээр ангиас юм даа. Ингээд бодохоор урлагийн ертөнцөд бараг 60 жил явжээ. Хөгжим бүжгийн  дунд сургуулийн зургийн ангид шалгалт өгтөл  тэнцсэнгүй. Уйлаад шатаар буугаад явж байтал  Ардын зураач О.Цэвэгжав багштай таарч, учраа хэлэв. Багш намайг дагуулж яваад нэг өрөөний  үүдэнд үлдээгээд орлоо. 

Хаалгаар нь сэм шагайтал О.Цэвэгжав багш шалгалт авч байсан  хүмүүст “Надад нэг хүний мэдэл байхгүй юм  уу” гэж хэлэхийг сонссон. Тэгээд намайг хагас жил хүртэл сайжрахгүй бол сургуулиас гаргана  гэсэн болзолтой авсан. Тиймээс би их азтай хүн  байгаа биз. Би чинь Ардын зураач цолтой гурван багшийн шавь шүү дээ. Ардын зураач О.Цэвэгжав, Д.Амгалан, Б.Чогсом гэдэг агуу хүмүүсээр хичээл заалгасан юм.

-Зураачаас өөр мэргэжил сонгох тухай бодох сөхөө байгаагүй бололтой шүү, тийм үү?

-Багад ном их уншуулна. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналтан болох гээд номыг сайн уншсан. Даанч болгоогүй. Би ер нь шагналаас хоцорч явдаг, шагналын тэнгэргүй хүн шиг байгаа юм. Болзлыг нь хангасан мөртлөө л надад өгөөгүй дээ. 10 ном унших ёстой байдаг бол би сард 17 ном уншдаг байлаа. Давхар тэмдэглэл хөтөлнө. Дөрөвдүгээр ангийн хүүхэд “Монте Кристо гүн”, “Шадар гурван цэрэг”, “Зоригт анчин бүсгүй”, “Усан доогуур 20 мянган бээр” гээд л уншина. 

Шүлэг бичиж “Пионерийн үнэн” сонинд ч хэвлүүлж явсан. Энэ бүхнийг хараад уран зохиолын багш намайг зохиолч болох магадлалтай гэсэн. Харин би кино үзэж, түүнийгээ найзууддаа ярьдаг байлаа. Дээд зэргийн дүрсэлж ярьж байгаа юм. Эндээс харвал найруулагч болох сонирхолтой байсан юм болов уу гэж боддог. Гэхдээ л дүрслэх урлагаас гарч чадахгүй гацсан даа. Их шартай учраас дүрслэх урлагтаа гацах гол шалтгаан байсан байх. Дээр хэлсэнчлэн тэнцээгүйдээ шаралхаж уйлаад, тэгээд О.Цэвэгжав багшаар яриулж орлоо шүү дээ. Энэ бүгдээ бодохоор шар хөдөлсөн биз. Дүрслэх урлагаар заавал академи төгсөнө, ингэхдээ улаан дипломыг нь авна гэж ярьж явлаа.

-Ярилцлагын эхэнд та таван хүний нэр хэлсэн дээ. Та бүхнийг 1980-аад онд дүрслэх урлагийн салбарт шинэ салхи сэвэлзүүлсэн гэж салбарынхан тань үздэг. Ялангуяа та зураасан зургийг шинэ шатанд гаргаж ирсэн. Энэ тухайгаа дурсвал?

-Намайг төгсөөд ирэхэд бүгд сургуулиа төгссөн байлаа. Бид чинь хоорондоо 1-2 насны зөрүүтэй үе тэнгийнхэн. Би энэ хэдийгээ дурсах дуртай, санагалздаг юм. Урлаг судлаач Д.Дашбалдан гэж хүн байлаа. Одоо манайд түүний зэрэгт хүрэх урлаг судлаач алга. Тэр хүн биднийг чиглүүлдэг байв шүү. Миний үеийнхэн дүрслэх урлагт өөр уур амьсгал оруулж ирсэн. Түүнийг ахмадууд хүлээн зөвшөөрч байлаа.


Энэ зуур М.Амархүү найрагч ярианд оролцож  “Хөндлөнгөөс харахад 1980 онд дүрслэх урлагийн өнгө аяс өөрчлөгдөж, шинэчлэлийн салхи сэвэлзэж, агаар орсон нь үнэн. Үүнийг дүрслэх урлагийн салбарт хэн ч хүлээн зөвшөөрнө, ярина. Энэ хүмүүсийн зураг үзэсгэлэнд тавигдаагүй бол үзэхгүй байх маягтай. Тэдэнд нөлөө үзүүлсэн хүн Б.Чогсом гуай юм.” хэмээн санаа бодлоо нэмэрлээд амжлаа.

-Таныг зураачдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх үнэтэй хувь нэмэр оруулсан гэж сонссон. Энэ тухай?

-Тухайн үед мөнгөний төлөө бус урлагийн, тэр дундаа дүрслэх урлагийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд зүтгэсэн. Нийгэм ч тийм байлаа. Одоо бол ихэнх нь мөнгөний төлөө явж байна. Ингэхээр урлагийн бүтээл хийх нь багасч, хүний таашаалд нийцүүлэх гэж гүйдэг болсон харагдана. Би Уран сайхны зөвлөлийг хуралдуулдаг даргаар нэлээд хэдэн ажил ажиллалаа.

1990 он гараад зах зээлд шилжсэн үед хуучин тогтоолоор уран зургийн хамгийн сайн бүтээл 5000 төгрөг байсан. Тухайн үед би үнийг нь өөрчлөхдөө 70, 80 мянга хүргэсэн. Миний оруулсан саналыг хороо зөвшөөрч огцом өсгөсөн тал бий. Гэхдээ ганцхан би хийгээгүй юм шүү. Санаачилсан нь би ч дэмжих хүмүүсгүй бол яаж чадах билээ. Тэгэхээр ганцхан хүний хийсэн ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Тэр үед “Би уран бүтээлийг гутал шиг үнэлмээргүй байна” гэж хэлж байлаа.

 Одооны үнэлгээ бол өөр. Би хувьдаа бүтээлдээ үнэ хэлэхээс зугтдаг хүн. Тойруулаад л байдаг. Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил дуудлага худалдаанаас миний “Чонын улиа” зургийг худалдаж авлаа. Тэгсэн нэг сурвалжлагчид миний зургийг “Удахгүй 20 мянган ам.доллар хүрэх зураг” гэж хэлсэн байгаа юм. Гайхсан гэж жигтэйхэн. Үнэ гэдэг ер нь хэцүү. Би бүтээлээ зарна гэж бодож хийдэггүй. Өөрийнхөөрөө л хийдэг хүн. Хааяа хүмүүсийн захиалгаар байгалийн зураг зурна.   


-Таны “Дуудлага” зураг их сонирхол  татлаа. Зурсан арга барил нь ч бусад бүтээлээс тань өөр юм?

-Энэ зургийг 1989 онд Японд болсон олон  улсын үзэсгэлэнд тавихаар зурсан. Эх хувь нь  Монголын уран зургийн галерейд байдаг. Цэрэг, цагдаагийнхан сургуулилалт хийхдээ хүн  дүрстэй бай ашигладаг. Зургийн зохиомжийг түүнтэй төстэй зурсан. Хүн төрөлхтөн эх  дэлхийгээ бай шиг буудаад байвал энэ ертөнц  хэзээ нэг өдөр биднээс хариугаа авна гэсэн  санаатай. 

Би “Томилолт дууслаа” зургандаа их хайртай. 1987 оны бүтээл л дээ. Гадаадад амьдарч байгаад ирэхийн өмнө миний цүнхний оосор тасарсан юм. Түүнээс санаа авч зурсан зураг л даа. Дотор нь нэг шил  архи, гэрэл зургийн хальс, Пушкины хөрөг  гэх мэт зүйл байна. Энэ зурганд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай их дуртай. “Төрийн шагнал хүртээмээр зураг шүү” гэж хэлсэн удаатай. Б.Лхагвасүрэн гуай өөрөө уран зургийг маш сайн уншдаг хүн юм билээ. Зураачид “Томилолт дууслаа” зургаас Пушкины баримлыг олж хараагүй байхад Б.Лхагвасүрэн гуай нарийн харж уншсан байгаа юм шүү.

-Бага наснаасаа хойш 60 жил дүрслэх урлагийн салбарт явжээ. Уг нь энэ салбарт таны оруулсан хувь нэмэр, гавьяа их бий. Хүмүүс хөдөлмөрөө үнэлүүлээд л байдаг. Та гадна нь үлдээд л... Үүнээс болж сэтгэлээр унах, болих хүсэл төрж байв уу?

-Урлагт үнэнчээр явсаар учраас холбирох дургүй. Миний зургуудыг зураач, зохиолч, хөгжмийн зохиолчид нэрийг нь асуухад л мэднэ. Ард түмнээс асуувал мэдэхгүй байж болно. “Гал ба шанхын нутаг”, “Дуудлага”, “Чонын улиа”, “Дэлхий ижий”, “Томилолт дууслаа” зэрэг зургийг их асуудаг. 

Одоо бол гэдэн хөдөлдөг. Улс яагаад хараагүй юм бол гэж. Салбар дундаа ч танигдаагүй зураачид гавьяа шагнал аваад байхаар  гайхдаг юм. Би төрийг муулахгүй. Өөрсдөө сонгосон хэрнээ муулна гэдэг байж болохгүй зүйл. Харин шагналыг бодож өгөх ёстой юм. Баяр болохоор л бөөнддөг байж боломгүй санагдаад байна. Гэхдээ Монголд намайг шагнаагүй ч гадаад орнуудын шагнал надад хэд хэд бий. Тэгсэн атлаа дотоодод миний морь давхидаггүй. Яагаад юм бүү мэд.


-Та бүтээлүүддээ нэр яаж оноодог юм бэ?

-Зураг зурахаас гадна нэр өгнө гэдэг хэцүү ажил. Асар их бодно. Азаар би зохиолчидтой ойр дотно байдаг болохоор надад зовлон биш юм шиг. “Гал ба шанхын нутаг” зургийн нэрийг агуу их найрагч Б.Явуухулангийн шүлгээс авсан. Харин “Дэлхий ижий” бүтээлийн нэрийг С.Дашдооров гуай хайрласан байдаг. “Дуудлага” зургийн эх хувь нь Фүкүокагийн үзэсгэлэнд бий. Нидерланд, Чех, Польш зэрэг улсад миний ажил бий.

-Та Польшийн суут хөгжмийн зохиолч Фредрих Шопены бүтээлд зориулж үзэсгэлэн гаргасан байдаг шүү дээ. Тэр ямар хувь тохиол байв аа?

-Тэгсэн. 23 цуврал этюд байдаг юм билээ. Түүнд зориулж зураг зураад үзэсгэлэнгээ гаргасан. Төрийн хошой шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров гуай хөгжмийн талаас нь зөвлөхөөр ажиллаж, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангаар зургууддаа шүлэг бичүүлж, “Урбаник”-ийн Б.Лхагважав ивээн тэтгэж байлаа. Нээлт дээр Н.Жанцанноров гуай “Шопений бүтээлүүдэд зориулж зураг зураад, яруу найрагч Ц.Хулан шүлэг бичиж үзэсгэлэн гаргасан тохиолдол дэлхийд бараг байхгүй байх” гэж хэлсэн юм. Үүнээс гадна 2017 онд би Н.Жанцанноров гуайн өөрийнх нь хөгжимд зураг зурж үзэсгэлэн гаргаж байв шүү.

Ийн ярилцах зуур М.Амархүү найрагч дахин ярианд оролцов. Тэрбээр “Би ганцхан үг хэлмээр санагдаад болдоггүй. Сэтгэлгээний зураач Б.Лхамжав гэж мундаг хүн байлаа. Чехэд сургууль төгссөн авангардист зураач хүн л дээ. Тэр “Зураасан зургийн хувьд би товчхон үг хэлье. Дарамбазарт Төрийн шагнал өгөөд миний уран бүтээлийг Монголын урчуудын эвлэлийн хороо ойлгодог болсон цагт та нар зураасан зургаас урам авна” гэж хэлдэг юм. Энэ бол үнэн юм” хэмээв. Энэ хүрээд бидний ярилцлага өндөрлөв. Түүнтэй ярилцаад суувал цаг, цаас хоёр хүрэлцэхгүй мэт.

Энэ дашрамд сонирхуулахад тэрээр төрсөн нутгийнхаа тухай “Өгий нуур” гэсэн шүлэг бичсэнийг хөгжмийнэ зохиолч Мөнхертөнц ая зохиож “Хурд” хамтлагийнхан удахгүй дуулах юм гэсэн шүү...

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22