“Хуурай бетон” гэдэг монголчуудад одоохондоо цоо шинэ ойлголт. Ердөө хоёрхон жилийн өмнө анхны хэрэглэгчдэдээ хүрсэн энэ бүтээгдэхүүн тун удахгүй талх шиг зарагддаг болно. Ингэж хэлэх бүрэн үндэслэлтэй. Учир нь хуурай бетон бол шилдэг бүтээгдэхүүн буюу “Top product”. Чанар, стандарт, норм, нормативын хувьд шигшмэл, шинэлэг бөгөөд өвөрмөц, дээд технологиор бүтсэн учир зам, барилгын салбарт хувьсгал хийх бүтээгдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Энэ бүхэн бол хэтийдсэн магтаал, хөөргөн дөвийлгөсөн сурталчилгаа огт биш. Тэгж хөөсрүүлэн магтах шаардлага ч үгүй. Угаасаа хуурай бетоны хамгийн том сурталчилгаа нь чанар, стандарт юм. Хэрэглэж үзсэн хүн эргээд заавал ханддаг. Байнгын хэрэглэгч нь болдог тул ингэж ам бардам хэлж байгаа хэрэг. “Топ продакт” ХХК-ийнхан ч хуурай бетоноо зарж борлуулан ашиг олох эдийн засгийн утга агуулгаас илүүтэй нийгэмдээ, салбартаа шинэ, дэвшилтэт технологи, шинэ хандлага, соёл, зарчим, стандарт түгээхийг эрхэм зорилго болгодог байна.
“Топ продакт” ХХК 2015 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш энэхүү шинэ технологийн бүтээгдэхүүний туршилт, судалгааг хийжээ. Ингээд 2021 онд зориулалтын иж бүрэн дамжлага бүхий үйлдвэрийг ашиглалтад оруулж хаана ч, ямар ч хэмжээгээр тээвэрлэн авч явах боломжтой хуурай бетон гэдэг цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчдийн гар дээр хүргэж, барилгын материалын салбарт нэгэн шинэ хуудас нээгээд байгаа юм. Цар тахлын улмаас дэлхий нийтээрээ эрүүл мэнд, эдийн засгийн сорилт, бэрхшээлтэй нүүр тулаад байсан тэр хүнд үед эх орондоо цоо шинэ технологийн үйлдвэр байгуулахаар шаваа тавьж байсан залуус өнөөдөр зах зээлд цоо шинэ бүтээгдэхүүнийг бий болгож чаджээ.
Тэдний олон жилийн ажиглалт, олж авсан туршлага, судалгааны үр дүнгээс харахад бетон зуурмагийг нийлүүлж байгаа үйлдвэрүүд нь төвлөрлийг дагаж байгуулагдсанаас жижиглэн болон алслагдсан хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чадахгүй, зарим талаар бүр боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь шийдэх ёстой асуудал гэдэгт санал нэгджээ. Тиймээс “Топ продакт”-ынхан эдгээр хэрэглэгчийн асуудлыг шийдэх боломжийг олж харж, бетон зуурмагийг зөвхөн зуурмагийн үйлдвэрт зуурч, шингэнээр тээвэрлэдэг жишгийг эрс өөрчилжээ. Тухайлбал, жижиглэн хэрэглэгч зуурмагийн үйлдвэрээс бага хэмжээтэй захиалан авч чадахгүй учир ямар ч чанарын хяналтгүй хайрга, цементийг багцаалдан хольж байшингийн суурь цутгаж, маш аюултай, эрсдэлтэй хийц хийдэг. Мөн алслагдсан хэрэглэгч үйлдвэр түрээслэх, худалдан авч угсарч, суурилуулах, түүхий эд материалыг холоос өндөр зардлаар татан авах боломж хомс. Аль нэг алслагдсан аймаг, суманд төслийн ажил эхлүүллээ гэхэд Бетон зуурмагийн үйлдвэр, дагалдах тоног төхөөрөмж, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл, ойрхон цахилгаан шугам байгаа бол цахилгаан татаж дэд бүтэц бий болгох, хэрэв цахилгаан байхгүй бол генератори түрээслэх, худалдан авах, үүний дагалдах сэлбэг, шатах тослох материал гэх мэт маш олон зүйлийг түр зуурын төслийн ажилд зориулан бий болгодог. Төсөл дууслаа эдгээр нь яах вэ. Монгол Улс бол импортлогч орон. Тиймээс дээрх бүх зүйлийг зөвхөн импортоор л оруулж ирнэ. Үндсэндээ уг төслийн багагүй хэсэг нь гадагшаа урсчихдаг гэсэн үг.
Харин хуурай бетон энэ бүх хүндрэлийг бүрэн шийдсэн юм. Яаж гэж үү. Уг бүтээгдэхүүн зөвхөн ус хийгээд хутгахад бэлэн учир хаана ч тээвэрлэн хүргэх боломжтой. Бүх төрлийн маркийн хуурай бетоныг “Топ продакт” ХХК-ийнхан үйлдвэрлэн гаргажээ. Старт-ап компаний нэг шинж бол одоо байгаа зах зээл, бүтээгдэхүүнээс ямар нэг шинж чанараараа дор хаяж 10 дахин шинэлэг байх гэж тодорхойлсон байдаг. Тэгвэл тус бүтээгдэхүүн одоо зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа бетоноос 10, 100 дахин, бүр шаардлагатай бол үүнээс ч хол тээвэрлэх давуу боломжтой. Удаан хугацаанд чанараа огт алдахгүй. Яагаад гэвэл нойтон зуурмаг биш хуурай бетон шүү дээ. Зах зээлд гараад удаагүй байгаа ч хэрэглэсэн байгууллага, аж ахуйн нэгж, хувь иргэн бүр үнэнч хэрэглэгч болж, дахин худалдан авч байгаа нь ийм чанар, технологитой, энэ төрлийн бүтээгдэхүүн үнэхээр үгүйлэгдэж байсныг нотолж байгаа юм.
Бетон зуурмаг бэлтгэх, үйлдвэрлэх үйл явц нь түүхий эд материалын бүрэн шинжилгээнд үндэслэн орцыг тааруулах иж бүрэн мэргэжлийн цогц үйл явц байдаг. Бодит байдал дээр иргэд зардлыг бага байлгахад хэт төвлөрснөөр ямар ч хяналтгүй, шинж чанарыг нь тодорхойлоогүй хайрга, дайрга, элсийг шууд цементтэй холин зуурч байшин барьж байна. Энэ нь жил хүрэхгүй хугацаанд суурь хагарснаас байшингийн хана цуурч хайран хөрөнгө, хүч хөдөлмөр үргүй зардал болдог. Ёстой л харамч хүн хоёр төлнө гэгч энэ. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ч мөн ихсээд байгаа. Тиймээс багцаалдан холих гэдэг бол маш аюултай арга барил юм. Барилга, байшингийн хамгийн бат бэх, чанартай байх ёстой зүйл бол бетон суурь юм. Чанарын хяналтгүй хайрга, цементийн холимгоор хийсэн бетон хийц маш аюултай. Тэгвэл хуурай бетон энэ эрсдэлийг бүрэн арилгаж чадна. Яагаад гэвэл хуурай бетоныг хэн ч, хаана ч, хэзээ ч зуурсан нэг л стандарттай. Увсад зуурсан хуурай бетон, Улаанбаатарт барилгын суурь цутгаж байгаа хуурай бетон яг адилхан. Заавраа л яг баримтлаад зуурах юм бол нэг стандарт, нэг чанарыг хаана ч мэдрэх болно.
Бетоны үйлдвэрт, тоног төхөөрөмжид, тусгай зориулалтын машинд, эсвэл захиалагч, инженерүүдийн тооцооны зөрүүнээс их, бага хэмжээгээр илүүдэл заавал гардаг. Үүнийг байгаль орчинд шууд асгаж байгаа нь нууц биш. Усаар байнга цэвэрлэгээ хийнэ, үүнийг ч шууд л асгана. Бетоны илүүдэл цэвэрлэх байгууламжтай төслүүд хэр олон билээ. Үүнийг байгуулна гэвэл мөн л дэд бүтэц бий болгох нүсэр хөрөнгө, цаг хугацаа, хүч хөдөлмөр, зардал гарч таарна. “Топ продакт”-ын хуурай бетон бол хэрэглээндээ тааруулах боломжтой учир ямар ч хаягдал, хорогдол байхгүй. Мэдээж зуурах болон тодрхой хэмжээний цэвэрлэгээний ус хэрэглэх боловч дээрх нөхцөл байдалтай харьцуулахад 90 хувиар бага ажээ.
Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт олон төрлийн хуурай хольц хийж бас импортоор орж ирж байна. Үүнийг дотооддоо хийсэн ч түүхий эд нь гаднаас орж ирдэг хэвээрээ. “Топ продакт” ХХК-ийнхны цаашдын судалгаа, алсын хараа бол үндэсний эрдэс, түүхий эд, материалыг ашиглан барилгын хуурай хольцуудыг 100 хувь эх орондоо үйлдвэрлэх зорилт юм. Ийнхүү шилдэг бүтээгдэхүүн хуурай бетон Монголын барилгын материал үйлдвэрлэлийн салбарт дуулиан тарьж эхэллээ. Энэ дуулиан бол чанар, стандартын хувьсгал авчрах уриа дуудлага юм. Зам, барилгын салбартаа бид хувьсгал хийж чадвал хөгжлийг сааруулж буй олон түгжээг тайлж чадна. Түгжээг тайлах түлхүүр старт-апуудын тархи, оюунд буцалж байдгийг “Топ продакт”-ынхан харуулж байна.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №033/24564/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна